| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/01566/И |
| Дугаар | 320/ШШ2025/01559 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 320/ШШ2025/01559
| 2025 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 320/ШШ2025/01559 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: А.Ө-Н хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Өв хүлээн авах хугацааг сэргээлгэх тухай, 320/2025/01566/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ө*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие А.Ө*** нь аав Г.А***ы ганц охин бөгөөд миний аав 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өвчний улмаас нас барсан. Миний аав Г.А*** нь Хөвсгөл аймгийн М*** сумын *** дугаар баг, *** тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний *** нэгж талбарын дугаартай, 402.4 кв.м газрын хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрчилгээ гарсан байдаг. Би аавыгаа алдаад нэг хэсэг учир зүйгээ ойлгохгүй хэсэг явж байсан бөгөөд ээж маань ч хорт хавдар тусаж энэ асуудлаар хөөцөлдөж явж чадахгүй байсаар өдийг хүрлээ. Мөн би төрөөд удаагүй одоо 1 сартай хүүхэдтэй бөгөөд Дархан-Уул аймагт түр амьдарч байгаагаас энэ асуудлаар хөөцөлдөж явж чадахгүй байсаар өдийг хүрлээ. Хөвсгөл аймгийн М*** сумын *** дугаар баг, *** тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний *** нэгж талбарын дугаартай, 402.4 кв.м газрын хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн *** дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг өвлөж авахаар нотариат ороход “хуулийн хугацаа өнгөрсөн тул өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй, шүүхийн байгууллагаар өв хүлээн авах хугацааг сэргээлгэж ирэх шаардлагатай” гэсэн хариу өгсөн. Би эцэг эхээс ганцаараа, аав ээж хоёр маань гэрлэлтийн батлахгүй байсан тул хууль ёсны ганц өвлөгч миний бие шүүхэд хандаж байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар хуульд заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй байна.
Иймд А.Ө*** миний өв /Хөвсгөл аймгийн М*** сумын *** дугаар баг, *** тоотод байрлах *** нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 402.4 кв.м хэмжээтэй, *** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар/ хүлээн авах хугацааг сэргээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч нь нас барагч А*** төрсөн ганц охин юм. Түүний ээж Л.Д*** нь А***тай гэр бүл болж ганц охин төрүүлсэн байдаг юм билээ. Ө*** нь аав нь нас бараад ээж нь бас хүнд өвчтэй байсны улмаас өвлөгдөх эд хөрөнгөө авах талаар сайн хөөцөлдөж чадахгүй хугацаа хэтрүүлсэн юм билээ. Иймд нас барагч Г.А***ы өмчлөлийн Хөвсгөл аймгийн М*** сумын *** дугаар баг, *** тоотод байрлах *** нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 402.4 кв.м хэмжээтэй, Г-*** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг өвлөн хүлээн авах хугацааг сунгах талаар хуульчилсан байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ... гэв.
Гуравдагч этгээд Л.Д*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Миний бие Л*** овогтой Д*** нь нэхэмжлэлийн хувийг гардан авч танилцлаа. Надад ямар нэгэн маргаан, санал хүсэлт байхгүй. Миний охин А.Ө***ийн өв нээлгэх, хугацаа сэргээлгэхэд маргах зүйл байхгүй тул Өвлөх эрхийн гэрчилгээг охин А*** овогтой Ө**ийн нэр дээр гэрээ гэрчилгээ гаргана. Учир нь миний бие өвчний улмаас өв нээлгэх хүсэлгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар, Г.А***ы нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Г.А***, Л.Д*** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, А.Ө***ийн төрснийн бүртгэлийн лавлагаа, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, А.Ө***ээс 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Э.У***т олгосон илгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, З.Н***ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Л.Д***гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэрэг баримт өгсөн.
Шүүхээс Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс А.Ө***ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Г.А***ы гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Мөрөн сумын 2 дугаар баг, 28 дугаар гудамж, 20 тоот байршилтай 210710588 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-*** гэрчилгээ бүхий өмчилсөн газрын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн болон өөр өмчлөгч бүртгэгдсэн, мөн тус газар дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн эсэх лавлагааг тус тус гаргуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Л.Д***г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А.Ө*** нь өөрийн төрсөн эцэг Г.А*** нас барсан ба түүний өмчлөх эрхтэй газрыг өвлөн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн тул өв хүлээн авах хугацааг сэргээлгэнэ гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Г***ийн А*** 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан болох нь Хөвсгөл аймгийн М*** сумын улсын бүртгэгчийн бүртгэсэн РД:***, иргэний харъяалал: Монгол, овог: Б***, эцэг /эх/-ийн нэр:***, нэр:А***, төрсөн он сар өдөр:***. Оршин сууж байсан хаяг: Хөвсгөл аймаг М*** сум *** дугаар баг, ***-р гудамж, *** тоот. Нас барсан газар: Хөвсгөл М***, нас барсан огноо: 2***. Нас барсан шалтгаан:J86.9, нас барсны бүртгэлд 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ***-рт бүртгэв гэх бичилттэй *** дугаар Нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Нас барагч Г.А***ы хууль ёсны өмчлөлд Хөвсгөл аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанаас 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр олгосон Монгол улсын иргэн Б** овгийн Г.А***, Р***, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг, *** дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай *** нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 402,7 кв.м газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаар бүртгэж гэрчилгээ олгов.” гэх бичилттэй *** дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлстийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 30/1643 дугаартай “ ...эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаарт бүртгэлтэй, Мөрөн сум *** дугаар баг *** дугаар гудамж, *** тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчилсөн газар нь хамтран өмчлөгч бүртгэлгүй байх бөгөөд тус хаягт үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байна. “ гэх албан бичиг зэрэг баримтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг, *** дугаар гудамж, *** тоотод байрлах газартай болох нь тогтоогдож байна.
4. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасан.
Нас барагч Г.А*** нь Л.Д***тэй 1996 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас охин Г.Ө*** 1996 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн болох нь
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр лавлагаагаар олгосон Нөхрийн: иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар:***, иргэний бүртгэлийн дугаар:***, овог: Б***, эцэг /эх/-ийн нэр:***, нэр: А***, бүртгэсэн газар: Хөвсгөл М***, бүртгэлийн дугаар: ***, бүртгэсэн он сар өдөр: ***. Эхнэрийн: иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: ***, иргэний бүртгэлийн дугаар: ***, овог: ***, эцэг /эх/-ийн нэр:***, нэр:*** гэх бичилттэй гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай 1996 оны 6 дугаар сарын 13-нд төрсөн *** А*** Ө***ийг 1996 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***-рт бүртгүүлсэн, Эцгийн: Овог: Б***, Эцэг (эх)-ийн нэр: ***, Өөрийн нэр: ***, Эхийн:Овог: Б***, Эцэг (эх)-ийн нэр:Л***, Өөрийн нэр:Д*** гэх бичилттэй Төрсний бүртгэлийн лавлагаа,
Гуравдагч этгээд Л.Д***ийн ... Миний охин А.Ө***ийн өв нээлгэх, хугацаа сэргээлгэхэд маргах зүйл байхгүй. Миний бие өвчний улмаас өв нээлгэх хүсэлгүй байна. ... гэх тайлбар зэрэг баримтууд байна.
Тодруулбал дээрх баримтыг дүгнэхэд нас барагч Г.А***ы өвлөгдөх эд хөрөнгөөс эхнэр Л.Д*** өвлөхөөс татгалзсан тул өвлөгч А.Ө***т нас барагчийн эд хөрөнгөөс өвлөх эрх нээгдэнэ.
Нэхэмжлэгч А.Ө***ийн нь өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд А.Ө*** нь хүүхэд төрүүлээд удаагүй өөрөө нялх биетэй байсан, мөн ээж Л.Д*** хорт хавдар оноштойгоор эрүүл мэндийн шалтгааны улмаас Улсын нэгдсэн төв эмнэлэг, Бриллант эмнэлэгт үзлэг, оношлогоо, эмчилгээнд хамрагддаг, мөн өөр нутаг оронд амьдарч байгаа гэж тайлбарлажээ.
Энэхүү байдал нь гуравдагч этгээд Л.Д***ийн Улсын нэгдсэн төв эмнэлгийн цөмийн онош зүйн тасгийн “Тс-99mmMDP бүх биеийн ясны сцинтиграфи” ясны зураг, Бриллант эмнэлэгийн Бага аарцагны Соронзон резонанст томографи MRI зураг, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон акт,
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн лавлагаагаар олгосон 2025 оны 9 дүгээр сарын 15-нд төрсөн Х*** З***ын Н***ийг 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Д*** аймгийн Д*** сумын 4***-рт бүртгүүлсэн, Эцгийн: Овог: Х***, Эцэг (эх)-ийн нэр:Ц***, Өөрийн нэр: З***, Эхийн:Овог: Б***, Эцэг (эх)-ийн нэр:А***, Өөрийн нэр:Ө*** гэх бичилттэй Төрсний бүртгэлийн лавлагаа нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын нэхэмжлэл, тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч А.Ө***ийн нярай хүүхэдтэй, эрүүл мэндийн улмаас байнгын эмчилгээ хийлгэдэг ээжийгээ асардаг байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-д Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно... гэж заасны дагуу тэрээр өв хүлээн авах хугацааг сунгуулахаар шаардах эрхтэй.
Түүнийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд нас барагч Г.А***ы өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг, 28 дугаар гудамж, 20 тоотод байрлах, *** нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-1723002276 дугаартай, 402,7 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өв хүлээн авах хугацааг сунгаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-д зааснаар нэхэмжлэгч А.Ө***ийн төрсөн эцэг Г.А***ы өмчлөлийн Хөвсгөл аймгийн М*** сумын *** дугаар баг, *** дугаар гудамж, *** тоотод байрлах, *** нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаартай, 402,7 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өв хүлээн авах хугацааг сунгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА