Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/944

 

2025             08             07                                                                                        2025/ДШМ/944

 

О.Г-, У.Э- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөнцэцэг,

шүүгдэгч О.Г-, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

шүүгдэгч У.Э-ын өмгөөлөгч Г.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1311 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Г- болон түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Г-, У.Э- нарт холбогдох 2309011881182 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц- овгийн О-ын Г-, ............., /РД:............./,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Г- овгийн У-ийн Э.............., /РД:............../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 629 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч О.Г- нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “100 айлын гудамж”-ны орчим насанд хүрээгүй хохирогч Ж.Ш-, Ж.А- нарын биед халдаж эгэмний ясанд хуруугаа чихэх, мөн цохиж зодох зэргээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, насанд хүрээгүй хохирогч Ж.А-аас удаа дараагийн үйлдлээр бэлэн мөнгө, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Ж.Ш-ын биед эгэмний ясанд хуруугаа чихэх, мөн цохиж зодох зэргээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж “Samsung Galaxy A90” загварын гар утсыг тус тус дээрэмдэн авсан,

мөн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны 7 дугаар гудамжинд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч, эргүүлийн офицер Д.Б-, эргүүлийн цагдаа Ш.Б-, эргүүлийн цагдаа Н.Г- нарын биед халдаж, хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн,

мөн 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Хангайн 6 дугаар гудамжинд хохирогч Б.С-ийг нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж түүний эрүүл мэндэд дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний хугарал, баруун зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Могойт дэнж гэх газарт байрлах “Шовгор” амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд хохирогч У.Э-тай хэрүүл маргаан хийж улмаар түүний биед нь халдаж, эрүүл мэндэд нь дээд уруулын шарх, зүүн хөмсөгний няцарсан шарх, зүүн нүдний доод зовхи, дотор булангийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч У.Э- нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Могойт дэнж” гэх газарт байрлах “Шовгор” амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд хохирогч О.Г-той хэрүүл маргаан хийж улмаар түүний бие зүүн шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн хохирогч Ч.Л-г тус зодооныг зогсоохоор заазуур авах гэхэд нь түүний гарыг зүсэж, эрүүл мэндэд нь баруун шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, У.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.Г-ыг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх” гэмт хэргийг, “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг, “хоёр болон түүнээс дээш хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У.Э-ыг “хоёр болон түүнээс дээш хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч У.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагаад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Г-оос 246.300 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгуулж, хохирогч Ч.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 1.700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Г- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдаанд хэт нэг талыг барьсан байр суурьтай явагдаж улсын яллагчийн яллах дүгнэлттэй холбоотой хэргийн зүйлчлэлийн саналыг үнэлээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байгаагаас гадна үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг давхар журамлаж байгаа нь ойлгомжгүй байна. Уг хэргийг дахин шинжлэн судлах, нотлох баримтыг дахин үнэлэх зэрэг нь илт алдаатай явагдаж дан ганц хохирогчийн үгээр зүйлчлэлийг хүндрүүлж байгаа нь шударга ёсны зарчимд нийцээгүй. Тус дээрэмдэх гэмт хэргийн объектив шинжийн үндсэн агуулга нь хүний амь нас, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн довтолгоон бүхий үйлдлээр илэрдэг. Гэвч тус гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэж довтолсон бол гэх байдлаар хүндрүүлдэг бөгөөд довтолгоон нь гэмт этгээд бусдын хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэсэн нь хохирогчийн эсэргүүцэл үзүүлэх боломжийг алдагдуулж шууд санаатай идэвхитэй үйлдлээр илэрдэг. Гэтэл уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд дээрх байдлыг бүрэн тогтоолгүйгээр үндэслэлгүй байдлаар хүний эрхийг ноцтой зөрчин хүнд ял шийтгэж байгаад гомдолтой байна

Иймд хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч О.Г-ын өмгөөлөгч Ж.Батбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бодитоор үнэлээгүй, хүндрүүлэн ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч нарын биед халдаж хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн хэрэгт О.Г- гэм буруугаа хүлээсэн, зүйлчлэлтэй маргаагүй, хохирогч нар хохирол төлбөргүй байхад шүүхээс ял оногдуулахдаа хүндрүүлж ял оногдуулжээ.

2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч Ж.Ш-, Ж.А- нарын биед халдаж цохиж, зодох зэргээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж удаа дараагийн үйлдлээр бэлэн мөнгө, гар утас тус тус дээрэмдэж авсан хэрэгт хохирогчийн мэдүүлгээр ял халдаасан. Өөр бусад баримтаар тогтоогдсон зүйл байхгүй.

О.Г- нь насанд хүрээгүй хохиргч нарыг таньдаг, оршин суугаа газрын ойролцоо амьдардаг бөгөөд хүч хэрэглэж зодсон дээрэмдсэн зүйл байхгүй, айлгах шаардлага байхгүй, гар утсыг Х- нь А-тай тохиролцоод ломбардад тавихаар болсон гэж мэдүүлдэг.

Иймд өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч У.Э-ын өмгөөлөгч Г.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх У.Э-т холбогдох хэргийн үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Давж заалдах гомдлын тухайд миний үйлчлүүлэгчтэй хамааралгүй агуулгаар гомдол гаргасан байх тул өмгөөлөгчийн зүгээс гаргах саналгүй.” гэв.

 

Прокурор Б.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна гэж үзэж байна. Давж заалдах гомдлыг гаргасан шүүгдэгч О.Г- болон түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар анхан шатны шүүх хуралдаан дээр мэтгэлцэж байсан бөгөөд өнөөдөр мөн гомдлын агуулгаас энэ байр суурь харагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг нь хохирогчид бие махбодод, сэтгэл санаанд ямар нэгэн хүч хэрэглэхгүй, заналхийлэхгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь авч, тэр даруйд хохирогчоос зугтах үйлдлээр илэрдэг бол, харин 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийг үгээр, үйлдлээр айлгах, сүрдүүлэх, хүч хэрэглэхээр дарамтлах, сэтгэл зүйн ямар нэгэн дарамт үзүүлэх байдлаар илэрдэг. Уг хэргийн хохирогч болох 15-16 настай хүүхдүүдээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гурван удаа мэдүүлэг авсан бөгөөд тэд О.Г-ын үг, үйлдэл ямар байдлаар дарамталж, сүрдүүлсэн талаар тогтвортой, зөрөөгүйгээр мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс хохирогч нарын зөвхөн мэдүүлгээр ял халдааж байгаа талаар гомдолдоо дурдсан боловч, дээрэмдэх гэмт хэрэг нь ихэвчлэн бусдын нүдэн дээр ил байдлаар үйлдэгддэггүй, бусдаас далд, тусламж авах боломжгүй нөхцөлд үйлдэгддэг тул хохирогчийн мэдүүлгийг үнэлэхгүй байх үндэслэл байхгүй. Хохирогч нар тогтвортой мэдүүлэг өгсөн бөгөөд хэрэгт тухайн үед тав, арван тав, гучин мянган төгрөгийг шүүгдэгчид өгч байсан талаар дурдсан ч энэ талаараа хохирлоо нэхэмжлээгүй байна. Энэ нь хохирогч нарын санаа зорилго нь хохирол төлбөр авах бус, харин ийм үйлдлийг таслан зогсоох хүсэл байсныг харуулж байна. Иймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч О.Г-ын гэмт хэрэг үйлдсэн байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Тухайлбал, цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэг буюу эд мөрийн баримтад түүний үг, үйлдэл тодорхой харагдаж байгаа бөгөөд гурван цагдаагийн албан хаагчийн биед халдсан нь тогтоогдсон. Энэ гэмт хэрэг нь зургаан сараас гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулах заалттай бөгөөд шүүхээс хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна. Ял, шийтгэлийг хөнгөвчлөх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

1. Шүүгдэгч О.Г- нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “100 айлын гудамж”-ны орчим насанд хүрээгүй хохирогч Ж.Ш-, Ж.А- нарын биед халдаж эгэмний ясанд хуруугаа чихэх, мөн цохиж зодох зэргээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, насанд хүрээгүй хохирогч Ж.А-аас удаа дараагийн үйлдлээр бэлэн мөнгө, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Ж.Ш-ын биед эгэмний ясанд хуруугаа чихэх, мөн цохиж зодох зэргээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж “Samsung Galaxy A90” загварын гар утсыг авч тус тус дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Ж.А-ын “... тэгээд 2022 оны 09 дүгээр сараас эхлэн мөнгө нэхээд “мөнгө өгөхгүй бол ална шүү, битгий шорон санаа гаргаад байгаарай” гэж гараа далайгаад цохих гээд байдаг. Заримдаа алгадаж, элэг рүү цохиж, амбаардаад байдаг. ... тэгээд байнга дуудаад миний гар утсыг тавина, мөнгө өг гээд дарамтлаад байдаг. Тэгээд утсаа тавихгүй болохоор дарамтлаад үгээр идээд зодоод байдаг. ... миний мэдэж байгаагаар 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд ихэвчлэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 9 дүгээр дэлгүүрийн ойролцоо байдаг миний ажилладаг байшингийн дээврийн төмөр худалдаалдаг газрын гадна хар өнгийн Vellfire загварын машинтайгаа ирээд эхэндээ “... ахын дүү ахад нь мөнгөний хэрэгцээ гараад ахдаа 10, 20 мянган төгрөг зохицуулаад өгөөч” гэж гуйдаг байсан. Тухайн үед би мөнгөтэй үедээ 10.000, 20.000 төгрөгөө өгдөг байсан, сүүлдээ найзуудтайгаа хамт явж байхдаа ажил дээр орж ирээд намайг дуудаж гаргаад машиндаа оруулаад “ахынх нь нуруу өвдөөд байна мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь би “мөнгөгүй байна” гэж хэлэхээр гар утсаа ломбардад тавь, эсвэл наад гар утсаа надад өгөөд миний хуучин муу гар утсыг ав” гээд шоронгийн хараалын үг хэрэглэж, айлган сүрдүүлж надаас дандаа бэлэн мөнгө авдаг байсан, ... надтай хамт ажиллаж байсан Ш-ыг дарамталж хажуудаа суулгаад Самсунг галакси А-90 Жи5 загварын гар утсыг нь авч кодыг нь тайлуулаад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд байдаг гар утасны ломбард руу Г- ганцаараа гар утсыг нь барьцаанд тавиад гарч ирээд бид хоёрыг машинаасаа буулгалгүй авч яваад л байсан. ...” /1хх 11, 13-15, 2хх 114/,

насанд хүрээгүй хохирогч Ж.Ш-ын “... сүүлдээ “мөнгө авчир, захирлаасаа цалингаа урьдчилж авч надад өг” гэж А- бид хоёрыг машиндаа болон хүн явдаггүй гудамж талбайд аваачиж байгаад ганцаараа зодож айлгаж дарамталдаг байсан. Тэгээд “энэ талаар гэрийнхэндээ хэлбэл гэрийнхэнтэй чинь цуг ална шүү” гэж айлгаад байдаг болохоор нь би гэрийнхэндээ хэлж чаддаггүй байсан. Тэгээд 2022 оны зуны нэг өдөр А- бид хоёр сагсны талбай руу явж байсан чинь худгийн ард Г- ах согтуу Приус30 загварын цагаан өнгийн машин дотроосоо А- бид хоёрыг дуудаад очсон чинь “машинд суу, хоёр пизда минь” гэхээр нь суусан чинь өөрөө арын суудал дээр, жолоон дээр нэг танихгүй ах, урд бас нэг танихгүй эгч сууж байсан. Тэгээд мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь “худлаа шаагаад байгаарай, мөнгөө өг” гээд байхаар нь байхгүй гээд байсан чинь миний баруун эгэм рүү гараа хийгээд татахаар нь “би өвдөж байна” гэсэн чинь “яадаг юм, чамайг өвтгөх гэж тэгж байна” гэж хэлээд ... намайг “утсаа ломбардад тавьчих” гэхээр нь би “үгүй” гэсэн чинь “өгчихөөч дээ пизда минь, сүртэй юм бэ” гээд гараа далайгаад айлгаад “ална, зодно” гээд байхаар нь нээрээ зодчих байх гэж айгаад утсаа өгтөл Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэр хавьд байдаг ломбардад миний утсыг “100.000 төгрөгөөр тавьсан шүү, А- пизда минь, чи мөнгийг нь олж утсыг нь авч өг, болохгүй бол чи өөрөө 50.000 төгрөг гарга, А- бас 50.000 төгрөг гаргаж утсаа ав лалрууд минь” гээд зодоод эхэлсэн. ...Г- өөрийнхөө машинд оруулж байгаад л зоддог ба зодохдоо хэвлий, гар хөл рүү цохиж эгэмний хажуугаар гараа хийгээд байдаг юм. Намайг 2-3 удаа зодсон, би хэзээ гэдгээ тодорхой хэлж мэдэхгүй байна. ...намайг зодохдоо гэмтэл учруулахгүйгээр эгэм рүү хуруугаа хийгээд байдаг юм. ...” /1хх 22-23, 25-26, 28-30, 2хх 117-118/,

насанд хүрээгүй гэрч Э.Э-ын “... О.Г- нь өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн манай ажил дээр ирдэг болсон. Учир нь, Ж.Ш-, Ж.А- нараас байнга 5-30 мянган төгрөгийг нэхээд авдаг ба буцааж өгч байсан талаар би мэдэхгүй. Бараг өгч байгаагүй байх. Ирээд мөнгө байна уу байхгүй бол хурдан зохицуул гээд л нэг нэгээр нь дуудаж уулзаад байдаг. Машинтай ирээд л машиндаа суулгаад энэ талаар хэлдэг. Тэгээд Ж.Ш-, Ж.А- нар мөнгөгүй үедээ буцаж ирээд бид нараас 5.000 төгрөг өгчих, зээлчих гээд л аваад Г-од өгөөд дараа нь бидэнд буцааж өгдөг. Мөн миний мэдэхээр Ж.Ш-ыг дээрэлхэж байгаад гар утсыг нь барьцаалан зээлдүүлэх газар тавиулж барьцаанд тавьсан, тэгээд тэр утсаа Ж.Ш- өөрөө дараа ажил хийж өөрийнхөө мөнгөөр авч байсан. ...” /1хх 33-34/,

гэрч Б.Х-ийн “... өнгөрсөн жил байсан байхаа Г- нь над руу залгаад Ш-, А- хоёрын ажилладаг төмрийн үйлдвэр дээр уулзъя гэж хэлэхээр нь би яваад очтол Г- өөрийнхөө Vellfire загварын машинтай ирчихсэн надаас урьд өмнө зээлдүүлсэн 100.000 төгрөгөө авъя гэж хэлсэн. Тухайн үед би мөнгөгүй байсан учраас надад 60.000 төгрөгийн өртэй байсан А-аас “өрөө өгөх үү” гэж асуутал “мөнгөний боломжгүй байна” гэж хэлсэн. Тэр үед А- бид хоёр тэдний ажлын байран дотор нь уулзаж байхад Ш-, Г- хоёр ажлын байрных нь гадна уулзаж байгаад бидэн дээр орж ирээд Ш- нь А-д гар утсаа ломбарданд тавиад өгчих, утсаа автал миний гар утсыг түр барьж бай гэж хэлэхээр нь Ш- “миний гар утсыг ломбард авахгүй шүү дээ, чи надад утсаа өгч байхаар өөрийнхөө утсыг тавьчихаар яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Ш- нь зөвшөөрөөд Г-од гар утсаа өгөөд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд байдаг гар утасны ломбардад тавиулахаар болсон. ...” /2хх 182/ гэсэн мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн СБ-2-23-640 дугаартай дүгнэлт /1хх 238-242/ зэрэг,

 

мөн шүүгдэгч О.Г- нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны 7 дугаар гудамжинд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч, эргүүлийн офицер Д.Б-, эргүүлийн цагдаа Ш.Б-, эргүүлийн цагдаа Н.Г- нарын биед халдаж, хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Б-гийн “... тэгэхээр нь тухайн залуучууд дээр очоод амрыг эрье, юу хийж сууж байгаа талаар тодруулахад цээж нүцгэн, биеийнхээ цээж хэсгээр шивээстэй махлаг залуу нь “пизда минь чамд ямар хамаатай юм, май лалар минь” гээд над руу салаавч гаргаад намайг танай хэлтсийнхэн бүгд мэднэ, би эрүүгийн элемент байна гэж хэлээд “чи зайл” гэсэн, тэгээд манай жолооч Б- машинаас бууж ирээд “чи юу яриад байгаа юм бэ, наашаа буугаад ир” гэхэд шууд шороон дээрээс бууж ирээд Б-ыг энгэрээс заамдаж аваад гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохисон, тэгээд бэлхүүсээр нь тэврээд авсан. Тэгээд би очих гэхэд хамт байсан залуучууд нь миний гараас бариад араас тэврээд хөдөлгөхгүй байсан. Тэр хооронд нөгөө цээж нүцгэн залуу орилж чарлаад бид хоёр луу гөлөгнүүд минь зайл муу, хувцасны голнууд минь дайраад байсан, тэгээд гэнэт тэр залуугийн ээж, эмэгтэй дүү гэх хоёр эмэгтэй мөн найзууд нь гэх 3-4 залуу нэмэгдээд гараад ирсэн. ... тэгээд цээж нүцгэн байсан залууг гудамжинд агсраад танхайраад байхаар нь би тэр залууд хандаж та цагдаагийн алба хаагчийн биед халдаж үг хэлээр доромжилж дайрахаа боль гэхэд шаардлага эсэргүүцээд улам дайраад байхаар нь үйлдлийг нь зогсоох гээд гавлах гэхэд эсэргүүцэл үзүүж миний баруун гуянаас хазаж албаны өмдийг шүдээрээ зууж байгаад татаад урсан тэгээд гавласны дараа бас орилж чарлаад байсан. ... наад гөлөгнүүд чинь намайг найз нартайгаа зүгээж сууж байхад ирж шиншлээд байна шдээ гэхээр нь Б- юу гэнээ гээд асуухад толгой руу нь толгойгоороо мөргөсөн. ...” /1хх 98-100/,

хохирогч Ш.Б-ы “... би машинаас бууж очоод “чи юу яриад байгаа юм бэ, наашаа буугаад ир” гэхэд шууд шороон дээрээс бууж ирээд миний энгэрээс заамдаж аваад гараараа нүүрэн тус газарт 1 удаа цохисон. ... Б-гийн баруун гуянаас хазаж албаны өмдийг нь шүдээрээ зууж байгаад татаад урсан. ...цээж нүцгэн залуугаас Б- юу болсон талаар асуухад “наад гөлөгнүүд чинь намайг найз нартайгаа зүгээр сууж байхад ирж шиншлээд байна шдээ” гэхээр нь би “юу гэнээ” гээд асуухад толгой руу мөргөсөн. Тэгэхээр нь машинд суулгах гэхэд машинд суухгүй гээд газар бөгсөөрөө суух гэж чарлаад байсан. ...” /1хх 103-105/,

хохирогч Н.Г-ын “... тэгсэн чинь Б- дэслэгчийн шар хантаазнаас нь зулгаачихсан байсан. Тэгэхээр нь “наад хувцаснаас нь тавь л даа” гэхэд “юу гээд байгаа пизда вэ” гээд цээж нүцгэн залуу миний толгой руу мөргөсөн. Тэгэхээр нь Б- бид хоёр тусгай хэрэгсэл хэрэглэж гавласан. Тэр үед Б-гийн өмднөөс нь хазчихаад шүдээрээ зуугаад тавихгүй байсаар байгаад өмдийг нь урсан. ...” /1хх 108-110/ гэсэн мэдүүлгүүд,

цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх 185-192/ зэрэг,

 

мөн шүүгдэгч О.Г- нь 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Хангайн 6 дугаар гудамжинд хохирогч Б.С-ийг нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж түүний эрүүл мэндэд дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний хугарал, баруун зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.С-ийн “... тэгээд машинаа зогсоогоод тухайн Д- гэх залуу буугаад намайг буугаад ир гээд байхаар нь буухад 9 дэлгүүрийн гудамжинд байсан, тэгээд намайг учиргүй цохиод эхлэхээр нь би зөрүүлж 2 цохиод татаж унагасан чинь шалбаагийн дээр унаад босч ирэхдээ чулуугаар миний толгой руу цохихоор нь би найз руу нь хэлээд “наад найзаа ав, зодолдож чадахгүй, чулуу бариад” гээд би машины хойно ороод толгойноос цус гараад байхаар нь бариад сууж байсан чинь чулуу барьж ирээд шүд рүү цохиод үүдэн нэг шүдний талыг хугалчихсан. ...” /1хх 220/,

гэрч Ш.М-гийн “... тэр хоёр Д-гийн гэрээс холдоогүй гудамжинд зодолдсон байсан. ... тэгээд хартал С- “шүд хугалаад хаячихлаа” гээд орилоод байсан. С-ээс хэн шүдийг нь хугалсан талаар асуухад “Д-г чулуугаар цохисон” гэж хэлж байсан. ...” /1хх 222/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10958 дугаартай “Б.С-ийн биед дээд үүдэн баруун 1-р шүдний хугарал, баруун зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /1хх 229-230/ дүгнэлт зэрэг,

 

мөн О.Г- нь үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Могойт дэнж гэх газарт байрлах “Шовгор” амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд хохирогч У.Э-тай хэрүүл маргаан хийж улмаар түүний биед нь халдаж, эрүүл мэндэд нь дээд уруулын шарх, зүүн хөмсөгний няцарсан шарх, зүүн нүдний доод зовхи, дотор булангийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч У.Э- нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Могойт дэнж” гэх газарт байрлах “Шовгор” амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд хохирогч О.Г-той хэрүүл маргаан хийж улмаар түүний бие зүүн шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн хохирогч Ч.Л-г тус зодооныг зогсоохоор заазуур авах гэхэд нь түүний гарыг зүсэж, эрүүл мэндэд нь баруун шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан болох нь:

хохирогч Ч.Л-гийн “... би 00 ороод гарч ирээд байшинд ороход Э- Г-ын дээр нь гараад суучихсан заазуур бариад “чамайг би яг одоо ална, нэг мөр дуусгана, хоолойг чинь хэрчинэ” гээд хүчтэй далайхаар нь “болохгүй, больцгоо” гээд Э-ын гараас нь татахад нэг мэдсэн миний баруун гарын шуу хэсгээс цус гараад цаанаас нь яс нь харагдаад байсан. Тэгээд би гараа бариад цус нь тогтохгүй байхаар нь “түргэн дуудаарай” гээд орилоод зогсож байхад Э- Г-ын дээрээс нь босоогүй намайг байгаа шинж байхгүй, заазуураа гартаа барьсан чигээрээ заазуурдаад байсан. ...” /3хх 30-31/,

У.Э-ын хохирогчоор өгсөн “... тухайн үед Г- миний зүүн хөмсөг хэсэг рүү цохисон, би доошоо нүүрээ хамгаалаад тонгойсон байдалтай байж байтал миний дээрээс Г- цохиод байсан. Тэгэхээр нь би газар нэг зүйл хэвтэж байхаар нь аваад Г-ыг цохих гэтэл дундуур нь Л- ах орж ирээд гараа зүсүүлсэн байсан, гараас нь цус гараад байсан. ...” /3хх 37/,

О.Г-ын хохирогчоор өгсөн “... Т- гэх Э-ын найз нь хүүхэд тэврээд яваад байхаар нь “чи согтуу байж хүүхэд унагалаа, тавиач” гэхэд “чамд ямар хамаатай юм, би өөрөө мэдэж байна” гээд хоорондоо маргалдаж барьцалдаж аваад байж байхад Э- хүрч ирээд миний зүүн шанаа тус газар гараа атгаж байгаад хүчтэй цохиод авахаар нь би “чи яагаад намайг цохиод байгаа юм бэ” гэхэд Э- “янхан охин дүүг чинь хайрлаж явсан шүү, одоо бол чамайг ална, чамайг янзална” гэсэн. Г- намайг чирээд байшин руу дагуулж ороход араас Э- гартаа заазуур барьсан “чамайг ална аа” гээд ороод ирсэн. Тэгсэн Л- ах гаднаас орж ирээд “юу болоод байгаа юм бэ, больцгоо” гээд Э- бид хоёрыг салгах гэхэд Л- ахын гарыг заазуураараа зүссэн. ...” /3хх 19-20/,

гэрч Н.А-ийн “... тэгээд байж байтал Х.Т- нэг хүүхэд тэврээд сууж байхад Г- ирээд цохисон. Тэгэхээр нь Х.Т- хүүхдээ өөр хүнд өгөөд Г-той зодолдсон. Тэгээд тэр хоёр зодолдож дуусаад хоорондоо гар бариад эвлэрээд байж байсан. Тэгтэл Г- манай найз Э-ыг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд гэнэт бөөн маргаан болж зодолдож эхэлсэн. Тэгээд байж байтал У.А- нэг залуугийн гарыг боож байсан. ...” /3хх 56-57/,

гэрч Х.Т-гийн “... Г- манай найз Э-тай маргалдаад байж байсан. Тэгтэл гэнэт бөөндөө зодолдоод эхэлсэн. ...гэнэт Л- ах орилоод байсан. Очоод хартал зүүн гарын шуу хэсэгт зүсүүлсэн байсан. Тухайн үед Г-ын гэдэс хавиар цус болсон байсан. Тэгээд Г- гэх залуу “та нар одоо явсан нь дээр” гэхээр нь бид дөрөв гараад алхсан. ...” /3хх 60-61/,

гэрч У.А-ын “... тэгтэл нэг охин “Э- хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би босоод харахад Л- ахын гарын шуунаас цус гарч байсан. Тэгэхээр нь би даавуу ураад гарыг нь боож өгсөн. Тэгээд би Х.Т-, Н.А-, Э- нарын хамт тухайн газраас гараас алхсан. Би замдаа Г-той утсаар ярихад “Э- намайг 3-4 удаа хутгалад хаячихлаа, чи яагаад аваад явчихав” гэж хэлсэн. ...” /3хх 64-65/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 9388 дугаартай шинжээчийн “У.Э-ын биед дээд уруулын шарх, зүүн хөмсөгний няцарсан шарх, зүүн нүдний доод зовхи, дотор булан, шууны цус хуралт, зулгаралт, эрүүний зулгаралт, зүүн гарын 1-р хурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх дээд уруулын шарх, зүүн хөмсөгний няцарсан шарх, зүүн нүдний доод зовхи, дотор булангийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад шууны цус хуралт зулгаралт эрүүний зулгаралт зүүн гарын 1-р хурууны зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. ...” /3хх 49-50/,

2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9413 дугаартай шинжээчийн “Ч.Л-гийн биед баруун шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” /3х 39-40/,

2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9415 дугаартай шинжээчийн “О.Г-ын биед цээж, хэвлий, нуруу, зүүн шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” /3хх 44-45/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд О.Г-, У.Э- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Тодруулбал, шүүгдэгч О.Г- болон түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын “... дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд А-тай тохиролцож түүний гар утсыг ломбарданд тавьсан ...” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, насанд хүрээгүй хохирогч нартай хамт ажиллаж байсан насанд хүрээгүй гэрч Э.Э-ын “... .Г- нь өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн манай ажил дээр ирдэг болсон. Учир нь, Ж.Ш-, Ж.А- нараас байнга 5-30 мянган төгрөгийг нэхээд авдаг ба буцааж өгч байсан талаар би мэдэхгүй. Бараг өгч байгаагүй байх. Ирээд мөнгө байна уу байхгүй бол хурдан зохицуул гээд л нэг нэгээр нь дуудаж уулзаад байдаг. Машинтай ирээд л машиндаа суулгаад энэ талаар хэлдэг. Тэгээд Ж.Ш-, Ж.А- нар мөнгөгүй үедээ буцаж ирээд бид нараас 5.000 төгрөг өгчих, зээлчих гээд л аваад Г-од өгөөд дараа нь бидэнд буцааж өгдөг. Мөн миний мэдэхээр Ж.Ш-ыг дээрэлхэж байгаад гар утсыг нь барьцаалан зээлдүүлэх газар тавиулж барьцаанд тавьсан, тэгээд тэр утсаа Ж.Ш- өөрөө дараа ажил хийж өөрийнхөө мөнгөөр авч байсан. ...” гэх мэдүүлэг болон насанд хүрээгүй хохирогч нарын О.Г-ын зүгээс удаа дараа тэдэнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхиийлж мөнгө, гар утсыг нь авсан талаар тогтвортой өгсөн мэдүүлгүүд зэргээр шүүгдэгч О.Г-ын насанд хүрээгүй хохирогч Ж.Ш-, Ж.А- нараас үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлэн мөнгө болон гар утсыг дээрэмдсэн болох нь нотлогдсон байх ба дээрх нотлох баримт нь хэрэгт хамааралтай байна.

 

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч О.Г-ыг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх”, “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн”, “хоёр болон түүнээс дээш хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн, шүүгдэгч У.Э-ыг “хоёр болон түүнээс дээш хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

Шүүгдэгч О.Г-, У.Э- нарын үйлдсэн гэмт хэргийн талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, О.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, У.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Г-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тус тус тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгч О.Г-ын өмгөөлөгч Ж.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-т 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хохирол учирсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тус тус тохирсон гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч О.Г- болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “ял хөнгөрүүлэх болон нотлох баримт хангалтгүй” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

 

Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул шүүгдэгч О.Г-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1311 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г- болон түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 80 /ная/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                          ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

                          ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ