Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/01500

 

 

 

 

 

2017 07 03

1500

 

 

 

Д.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/01180 дугаар шийдвэртэй Д.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

 

Хамтын амьдралтай байсан мөн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл талийгаач Ш.Ганбаатарын асрамжид байсан болохыг тогтоолгох тухай хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Байгалмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Байгалмаагийн тайлбарт: Миний бие 1996 оны 02 сард Ш.Ганбаатартай танилцаад 1997 онд нэг гэрт орж хамтран амьдрах болсон. Тухайн үед Ш.Ганбаатар Дуламсүрэн гэдэг 4 настай охинтой байсан. Бид хоёр зарим нэг шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бидний дундаас 1998 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүү Намсрай төрсөн. Бид хоёр хүүхдүүдтэйгээ сайхан амьдарч байсан бөгөөд би умайн хүзүүний хавдар өвчний улмаас 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж, ажил хийх боломжгүй болж талийгаач Ш.Ганбаатарын асрамжид байх болсон. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүү маань золгүй байдлаар нас барсан. Хүүгээ нас барснаас хойш миний хань сэтгэлдээ их шаналах болсон бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өвчний улмаас нас барсан. Иймд 1997 оноос 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ш.Ганбаатартай хамтын амьдралтай байсан болон 2014 оны 07 дугаар сарын 02-ноос 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ханийхаа асрамжид байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Д.Байгалмаа, Ш.Ганбаатар нарыг 1997 оноос 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож,

Хөдөлмөрийн чадваргүй Д.Байгалмааг 2014 оны 07 дугаар сарын 02-ноос 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ш.Ганбаатарын асрамжид байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Д.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Байгалмаа давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилго нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т заасны дагуу талийгаач Ш.Ганбаатарын хууль ёсны өвлөгчид өөрийгөө тооцуулах явдал болно.

Анхан шатны шүүх намайг талийгаач Ш.Ганбаатартай 1997 оноос эхлэн түүнийг нас бартал нь буюу 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд хамтран амьдарсныг тогтоосон боловч, шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "... хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байх тул хөдөлмөрийн чадваргүй Д.Байгалмааг 2014 оны 07 сарын 02-ноос 2016 оны 05 сарын 09-ний өдрийг хүртэл Ш.Ганбаатарын асрамжид байсан болохыг тогтоох шаардлагагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв" гэсэн нь ойлгомжгүй, үндэслэл муутай болжээ.

Нөгөө талаар миний бие хөдөлмөрийн чадваргүй байхдаа талийгаач Ш.Ганбаатарын асрамжинд тодорхой хугацаанд байсан үйл явдал нь бидний хамтын амьдралтай байсан үйл явдлаас агуулга, эрх зүйн үр дагаврын хувьд ялгаатай ойлголт гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Учир нь зөвхөн талийгаач Ш.Ганбаатар бид хоёрын хамтын амьдралтай байсныг тогтоосноор миний бие талийгаачийн хууль ёсны өвлөгчөөр тооцогдох боломжгүй юм. Яг энэ үндэслэлээр хэд хэдэн нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээг надад олгохоос татгалзсан болно. Миний бие талийгаач Ш.Ганбаатартай хамтран амьдрах хугацаанд буюу 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өвчний учир хөдөлмөрийн чадваргүй болж, зөвхөн талийгаачийн олсон орлого л амьдарлын үндсэн, байнгын эх үүсвэр болж ирсэн. Иймд анхан шатны шүүхийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын "... хөдөлмөрийн чадваргүй Д.Байгалмааг 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ш.Ганбаатарын асрамжид байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэснийг хүчингүй болгож, Д.Байгалмаа намайг 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд талийгаач Ш.Ганбаатарын асрамжид байсан болохыг тогтоох тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Байгалмаа нь 1997 оноос 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Ш.Ганбаатартай хамтын амьдралтай байсан болон 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл талийгаач Ш.Ганбаатарын асрамжид байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл талийгаач Ш.Ганбаатарын асрамжид байсан болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт зааснаар нас барагчийн хууль ёсны өвлөгчид тооцогдох гэж тайлбарлажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан нас барагчийн хууль ёсны өвлөгч нарын эрх ашиг хөндөгдөх эсэхийг анхаарч үзээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийг гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай.

Хэргийн 10 дугаар талд авагдсан баримтад нэхэмжлэгч Д.Байгалмааг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн чадварын 60 хувийн алдалттай гэж тогтоосон байхад Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Д.Байгалмааг 251 000 төгрөгийн тахир дутуугийн тэтгэвэр авдаг гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн байна. Дээрх 2 баримтад нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын талаар зөрүүтэй мэдээлэл авагдсан байхад шүүх энэ талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ .

Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/01180 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Байгалмаагийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ