Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1165

 

2018.08.14

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,                           

улсын яллагч Б.Чимгээ,

хохирогчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу,

шүүгдэгч Б.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас А овогт Б-н О-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0464 81226 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн А овогт Б. О, 1973 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Очир пресс ХХК-ны захирлаар ажилладаг, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Энканто таун хотхоны 207-74 тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй,

-Урьд 2015 оны 10 дугаар сарын 09-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ¹1202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, /РД:ХА73062870/,

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт орших “Энканто таун” хотхоны гадна С.Эрдэнэцогтыг согтуугаар хэрүүл маргаан үүсгэлээ гэж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сарын 19-нд манай байгууллага урдаас бараа материал татах ёстой болоод тэгээд ажлынхаа хүнтэй байрны гадаа юм яриад гэрийнхээ хувцастай тамхи татсан. Тухайн үед бид 2 ажлын талаар ярилцаад байж байтал нөгөө хохирогч залуу согтуу бид 2 дээр ирээд тамхи асуусан удалгүй, авилгалчин гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь маргалдаад би мангасдаад унагаасан. Түүнээс болж биед нь гэмтэл учирсан байхыг үгүйсгэхгүй, гэхдээ би түүнийг тэгж айхтар зодсон зүйлгүй. Тэгээд би тэр залууг гэр лүү нь оруулаад өгье гэхэд үгүй гээд байсан. Тэгээд манай найз машинаасаа хуурай салфетка авч өгсөн. Би тэр үед утасныхаа дугаарыг өгөөд өөрийнх нь утасны дугаарыг аваад би гэрлүүгээ орсон. Хохирогчийн яриад байгаа шиг зүйл бол огт болоогүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч 1 сая төгрөгийг шүүхийн дансанд тушаасан байгаа” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу шүүх хуралдаанд: “Хохирогч маань өөрөө өнөөдрийн шүүх хуралдаанд ажилтай болсон учраас ирж чадсангүй. Хохирогч нь гомдолтой байгаа. Хавтас хэрэгт байгаа баримтуудаар хохирлоо нэхэмжилнэ гэж дамжуулсан. Хавтаст хэрэгт нийт 5.617.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байгаа. Хохирогчийн зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай байгааг уламжилж байна” гэв.

Хохирогч С.Эрдэнэцогт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажлынхантайгаа явж байгаад шөнийн 03 цагийн үед Мөнхдоржоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Энканто таун”-д хүргүүлсэн. Тухайн үед би халамцуу байсан. Байрны гадаа 2 эрэгтэй хүнтэй тааралдаад тамхи асууж байгаад маргалдсан. Тэгтэл сүүлд нэрийг нь мэдэх болсон О гэгч нүүрэн тус газар 3 удаа гараараа цохисон. Нүүрээ дараад тонгойход ар дагз хэсэг рүү нэг цохисон, хэнийг нь мэдээгүй. Би цохиулаад газарт ухаан алдаж унасан. Нэг сэрэхэд байрны тоглоомын талбай дээр суулгачихсан маргааш цагдаа гэж новшрохгүй юм байгаа биз дээ гээд О утсаа өгсөн. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлтгүй. О уг гэмтлүүдийг учруулсан…” гэх мэдүүлэг. /хх10-11/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6474 дугаартай дүгнэлт:

  1. С.Эрдэнэцогтын  биед тархи доргилт, зүүн гарын эрхий хурууны мултрал, хамар ясны хугарал, таславч мурийлт, хамар, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, дух, зүүн хацар, зүүн өвдөг, дээд уруул, цээжинд зулгаралт, баруун шуунд өнгөц түлэгдсэн шарх  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн баруун шууны түлэгдсэн шарх нь хэсэг газрын өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой  гэмтэл байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-12/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
  4. Дээрх гэмтэл нь 2018 оны 05 сарын 18-нд үүссэн байх боломжтой.

          Яллагдагч Б.О мэдүүлэхдээ: “...Би Эрдэнэцогтын нүүр рүү нь мангасдаж түлхсэн. Тэгтэл Эрдэнэцогт цаашаа газар цементэн дээр нүүрээрээ унасан. Эрдэнэцогтыг өргөж дээшээ шат руу гаргаж саданд суулгасан. Эрдэнэцогтын хамраас нь цэс гарч байсан. Доржсүрэн машинтайгаа яваад нойтон салфетка авчирч хамрыг нь арчиж өгсөн. Тэгээд Эрдэнэцогт миний буруу уучлаарай гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэцогтын оруулж өгөх үү гэхэд би сууж байгаад оръё гэж хэлсэн. Удалгүй гэрээс эхнэр Энхцэцэг гарч ирсэн. Би Эрдэнэцогтын утас руу 2 удаа залгаж энэ миний утас шүү, би 207 дугаар байрны 13 давхарт 74 тоотод амьдардаг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх12-13/,

                 Хохирогч С.Эрдэнэцогтын хохирол болон гэмтлийг харуулсан фото зургууд /хх-41-58, 82-93/, Шүүгдэгч Б.О-ын хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-28-30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-71/, шийтгэх тогтоолын хуулбар зэргийг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт орших “Энканто таун” хотхоны гадна С.Эрдэнэцогтыг согтуугаар хэрүүл маргаан үүсгэлээ гэж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч С.Эрдэнэцогтын: “...шөнийн 03 цагийн үед …“Энканто таун”-д хүргүүлсэн. Байрны гадаа 2 эрэгтэй хүнтэй тааралдаад тамхи асууж байгаад маргалдсан. Тэгтэл сүүлд нэрийг нь мэдэх болсон О гэгч нүүрэн тус газар 3 удаа гараараа цохисон. Нүүрээ дараад тонгойход ар дагз хэсэг рүү нэг цохисон, хэнийг нь мэдээгүй. Би цохиулаад газарт ухаан алдаж унасан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч С.Эрдэнэцогт нь гэм буруутай этгээдээс нийт 5.617.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнд хамрын мэс засал хийлгэх хагалгааны зардал, өвчтэй байсан нэг сарын хугацааны цалин, эмчилгээний бусад зардал нэхэмжилсэн байна.

Шүүх хохирогчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн дээрх баримтыг авч үзвэл хавтаст хэргийн 86-87 дугаар талд “ЭМ БИ ЖИ МЭД” ХХК-ийн 3.200.000 төгрөгийн нэхэмжлэх байх бөгөөд дээрх баримтаар хохирогч нь эмчилгээг хийлгээгүй харин эмчилгээнд гарах зардал байна. Мөн хэргийн 88-89 дүгээр талд “Экбис” ХХК-ийн цалингийн тодорхойлолт болон нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар байх ба хохирогч С.Эрдэнэцогт нь нэг сарын 2 сая төгрөгийн цалинтай гэж тодорхойлолт ирүүлсэн боловч дээрх үнийн дүнгийн дагуу нийгмийн даатгал төлсөн талаарх баримтгүй тул шүүх дээрх зардлуудыг гэм буруутай этгээдээс гаргуулах боломжгүй байна.  

Хавтаст хэргийн 90-92 дугаар талд байх нийт 275.000 төгрөгийн эмчилгээний зардалд төлсөн талаарх баримт нь хуульд заасан шаардлага хангажээ.

Шүүгдэгч Б.О-аас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд хохирол төлбөрт олгохоор байршуулсан 1.000.000 төгрөгийг хохирогчид олгож, хохирогч С.Эрдэнэцогтод баримтаар учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.

Харин хохирогч С.Эрдэнэцогт нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал, гэм хорын нэхэмжлэлээ нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан, гэмт хэргийн улмаас учруулсан баримттай хохирлыг сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А овогт Б-ийн О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.О-ыг 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд хохирол төлбөрт олгохоор Б.О-ын байршуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хохирогч С.Эрдэнэцогтод олгосугай.

5. Хохирогч С.Эрдэнэцогт нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал, гэм хорын нэхэмжлэлээ нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР