| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2206040830798 |
| Дугаар | 2025/ДШМ/945 |
| Огноо | 2025-08-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | М.Ханджав |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/945
Д.М-, Ц.Ч- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Ханджав,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-,
шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол,
шүүгдэгч Ц.Ч-,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1507 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М-, шүүгдэгч Ц.Ч- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.М-, Ц.Ч- нарт холбогдох 2206040830798 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Л- овгийн Д-ийн М-, .............., /РД:.............../,
Т- овгийн Ц-ийн Ч-, ................, /РД:.............../.
Шүүгдэгч Д.М- нь Ц.Ч-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж “**********” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто хотхонд байрлах “*****” хотпот ресторанд кассчинаар ажиллаж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд кассын орлогыг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******** тоот дансаар шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 18.690.500 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Ц.Ч- нь Д.М-тай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж “**********” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто хотхонд байрлах “*****” хотпот ресторанд зөөгчөөр ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд кассын орлогыг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******** тоот дансаар шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 4.193.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.М-, Ц.Ч- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.М-, Ц.Ч- нарыг “урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Ч-г 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Ц.Ч-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-аас 18.690.500 төгрөгийг, шүүгдэгч Ц.Ч-гээс 2.422.300 төгрөгийг тус тус гаргуулж, “**********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-т олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.М- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өөрийн үйлдсэн гэм буруу дээрээ ямар нэгэн маргаангүй хүлээн зөвшөөрч байна. Миний бие хохирол төлбөр болох 18.690.500 төгрөг бүрэн төлж барагдуулсан ба өөрийн хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшиж, харамсаж байна. Миний бие өсвөр насны 2 охин хүүхдийнхээ хамт ам бүл гурвуулаа амьдардаг, өрх толгойлсон эх бөгөөд миний өсвөр насны 2 охиныг надаас өөр харж хандах хүнгүй байх тул энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, намайг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй ба өөрийн өсвөр насны 2 охиныхоо сурлага хүмүүжилд нь анхаарч, тэднийгээ харж хандан сайн ээж байх болно гэдгээ амлаж байна.” гэв.
Шүүгдэгч Ц.Ч- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би өөрийн гэм буруутайг хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний бие хохирол төлбөр болох 4.193.800 төгрөгийн хохирлоос 1.700.000 төгрөгийг төлж үлдсэн хохирлын 2.422.300 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Мөн ар гэрийн минь байдлыг харгалзан үзэж 6 сарын хорих ялыг минь хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Г.Ичинхорол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Д.М-ын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Д.М- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлсөн байна. Тодруулбал, шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан 18,690,500 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч байгууллага болох “**********” ХХК -ийн дансанд шилжүүлсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх үлдэгдэл төлбөр байхгүй байна. Шүүгдэгч нь ам бүл гурвуулаа, хоёр хүүхэд нь насанд хүрсэн /19 болон 20 настай/ хэдий ч өрх толгойлсон эмэгтэй, гэрлэлтээ цуцлуулсан. Одоогоор “Саран бууз” цайны газарт тогоочоор ажиллаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 5.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай. Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчил гаргасан этгээдийг нийгэмд дахин төлөвшүүлэхэд чиглэдэг болно. Шүүгдэгч нь 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдлээ ухамсарлан хандсан байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу гарсан гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний төв, цагдаагийн байгууллагад хандсан гомдол мэдээлэлд үндэслэж, шүүгдэгч Д.М-ыг 20,772,400 төгрөгийн хохирол надад учруулсан байна гэж тогтоосон. Гэтэл анхан шатны шүүхээс андуурсан уу гэмээр үйлдэл гаргасан. Энэ нь 3 жилийн турш Д.М- ерөөсөө нэг төгрөгийн ч хохирол барагдуулаагүй байсаар байхад шүүх хурал дууссаны дараа 1 өдрийн дотор анхан шатны шүүхийн тогтоолд заасан 18.690.500 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэвч үлдэгдэл буюу 2.081.900 төгрөгийг М- надад гаргаж өгөөгүй байна. Ийм байхад яагаад ийм шийдвэр гаргасан талаар хэлмээр байна. Иймд дээрх үлдэгдэл 2,081,900 төгрөгийг М-аас гаргуулж өгнө үү гэж эрхэм шүүгчээс хүсэж байна. Мөн би энэ хоёр хүнээс болж олон сая төгрөгөөрөө хохирсон. Жишээлбэл, аудитын компанид дүгнэлт гаргуулахын тулд 1,500,000 төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд энэ зардлын баримт надад байгаа. Иймд энэхүү 1,500,000 төгрөгийн зардлыг мөн адил энэ хоёр хүнээс гаргуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Прокурор М.Ханджав шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч нарын гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн бүрэн эрхийн асуудал тул прокуророос тусгай санал гаргахгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх үеэр хавтаст хэрэгтэй танилцаж, яллах дүгнэлтэд дурдсан хохирлын дүнг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Иймд түүнийг хохирлын төлбөрийн хэмжээнд маргаангүй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн болно. Нэмэлт тайлбаргүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Д.М- нь Ц.Ч-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж “**********” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто хотхонд байрлах “*****” хотпот ресторанд кассчинаар ажиллаж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд кассын орлогыг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******** тоот дансаар шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 18.690.500 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Ц.Ч- нь Д.М-тай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж “**********” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто хотхонд байрлах “*****” хотпот ресторанд зөөгчөөр ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд кассын орлогыг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******** тоот дансаар шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 4.193.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн “... 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09 цагаас хойш кассын камер шүүж үзэхэд зааланд бүх үйлчлүүлэгч гарчихаад байхад 109.800 төгрөг, 189.700 төгрөгийн билл хэвлээд, өөрийнхөө утсыг бариад биллээ хараад 109.800 төгрөг, 189.700 төгрөгийг миний Хаан банкны ******** данс руу М- өөрийнхөө Хаан банкны ******** тоот данснаас шилжүүлсэн. Тэгэхээр нь би очоод “яагаад өөрийнхөө данснаас над руу шилжүүлсэн бэ” гэж асуухад баталгаатай болгохын тулд хүмүүсийн тооцоог өөрийнхөө данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. ...тэгээд цагдаа дуудсан чинь М- нь “би үнэнээ хэлье, өөрийнхөө дансаар авсан, өнөөдрийн хувьд 209.800 төгрөгөөр тооцоогоо шилжүүлэхэд 109.800 төгрөгийг таны данс руу шилжүүлж, 100.000 төгрөгийг нь өөртөө авсан юм” гэж хэлсэн. ... манай байгууллага 1 том хүний 49.900 төгрөгийн таксаар, 1 хүүхдийн 24.950 төгрөгийн таксаар 3 цаг үнэгүй хоол идэх такстай, цаанаас олгож байгаа цай, шүүснээс бусад уух төрлийн зүйлийг мөнгөн дээр нэмж боддог. М-ын дансаар орсон мөнгийг зүгээр наад захаас нь бодоод үзэхэд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “.” Гэх утгатай 99.800 төгрөг нь 2 хүний таксны мөнгө, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “ts” гэх утгатай 24.900 төгрөгийн гүйлгээ нь хоол их үлдээсэн тохиолдолд бичигддэг торгуулийн мөнгө, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “h” гэх утгатай 199.600 төгрөг нь 4 хүний таксны мөнгө гэх зэргээр харагдаад байгаа юм. Манайх пос машин эвдэрсэн тохиолдолд байгууллагын нэр дээрх Голомт банкны ******** дугаартай данс болон миний эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай дансууд руу шилжүүлэн авдаг. ...” /1хх 11, 2хх 23-24/,
гэрч З.М-ын “... зөөгч Ч-гээс мөнгө зээлэхээр асуутал “дансны дугаараа өгчих” гэсэн. Тэгтэл миний Хаан банкны ******* дугаарын дансанд зөөгчийн ******** дугаарын данснаас “49.900 төгрөгийг Chukka hair daagaaraui xaxa” гээд шилжүүлэхээр нь гүйлгээний 100 төгрөгөө хасаад 49.900 шилжүүлсэн байна гэж бодсон. ...” /1рр 20-21/,
гэрч Д.М-ын “... М- кассчин бөгөөд амарсан өдөр нь Ч- кассаар ажилладаг байсан. ... ” /1хх 23-24/,
гэрч Б.Х-ын “... намайг анх ажилд ороход Ч- зөөгчөөр ажиллаж байсан ба М- 5 сард кассчинаар ажилд орсон. Анх ажилд ороход зааланд 1 зөөгч, 2 касс байсан бөгөөд зөөгчөөр Ч-, кассчинаар Н-, нөгөө кассчины нарийг нь санахгүй байна, тэр нь ажлаасаа гараад Б- гэж хүн ороод удаагүй гараад М- гэх хүн орсон бөгөөд ганцаараа кассаар ажиллах болсон. ... манаайх бэлнээр, пос машинаар авдаг бөгөөд үйлчлүүлэгч дансаар шилжүүлэх тохиолдолд Э- захирлын дансанд авдаг юм. Үйлчлүүлэгч орж ирээд хүнийхээ тоогоор QR кодтой, карт авдаг. Том хүний 1 карт 49.000 төгрөг, 140 см-ээс 100 см өндөртэй хүүхэд 49.000 төгрөгний картын 50 хувийн хямдралтайгаар бодож үйлчлүүлсэн хүний тоогоор QR кодтой карт өгдөг ба үйлчлүүлэгч хоолоо иддэг бөгөөд ундаа, архи, согтууруулах ундаа нэмж авсан бол карт дээрээ нэмж бодоод касс дээр тооцоо хийдэг. Кассчин оройн ажил тарахаар картаа тоолж хүний тоогоо гаргаж, үйлчлүүлэгч нарын биллийг бодоод тухайн өдрийн орлогыг нэгтгээд 1 билл гаргаж тооцоо нийлдэг. ...” /1хх 32-33/,
гэрч Ц.О-ын “... хоолны зардал мөнгө тооцоог сарын эцэст нягтлангууд тулгаж хийдэг, өдөр бүрийн төлбөр тооцоог касс хариуцаж хийдэг. Бараа материалыг өөр хүмүүс хариуцан авчирч бид нарт хүлээлгэж өгдөг. ...” /1хх 35-36/,
гэрч Р.Н-ийн “... өчигдөр манай удирдлагын групп чат дээр ***** пот рестораны касс М- нь үйлчлүүлэгчээс өөрийнхөө данс руу орлого шилжүүлээд авсан байна гэж бичсэн. Э- захирал ***** пот рестораны кассны бэлэн мөнгөний орлого болон дансаар шилжүүлсэн орлогыг нэгтгээд санхүүд өгдөг ба 3 нягтлан санхүүгийн програмд оруулж нэгдсэн дүнг гаргадаг. Зуны улиралд рестораны орлого буурдаг бөгөөд одоогийн эдийн засгийн байдалтай уялдуулаад 2 касс ажиллуулж байгаад 1 касс ажиллуулах болсон. Тэгээд өнөөдөр ажилдаа ирэхэд М- ирээгүй байхаар нь юу болсон талаар зөөгч Ч-гээс асуухад “М- эгч рестораны орлогоноос өөрийнхөө дансанд мөнгө авсан гэнэ, М- эгч миний данс руу бас нэг удаа мөнгө шилжүүлсэн” гээд ярихаар нь зөөгч Ч-гийн Хаан банкны дансны хуулгыг ажилд орсон үеэс нь буюу 2022 оны 02 дугаар сараас эхлээд 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүгээд үзэхэд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын нэгний өдөр хүртэлх хугацаанд рестораны орлогоноос өөрийнхөө дансанд М- болон үйлчлүүлэгч нарын дансаар дамжуулан 4.578.250 төгрөгийг хувьдаа завшсан байсан. Энэ талаар асуухад Ч- ”М- эгч үйлчлүүлэгчээс тооцоо авахдаа миний данс руу 429.200 төгрөг шилжүүлчихээд захирлын данс руу 299.400 төгрөгийг шилжүүлчих, тэгээд үлдсэн мөнгө чинийх шүү гэж хэлсэн” гэсэн. Тэгээд үүнээс хойш 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд М- болон үйлчлүүлэгч нарын дансаар орлого шилжүүлж авч мөнгө завшсан байна. ... төлбөр тооцоог Голомт банкны пос машин болон бэлэн мөнгөөр авдаг бөгөөд үйлчлүүлэгч нар дансаар шилжүүлэхийг хүсвэл захирал Э-ийн данс руу шилжүүлдэг юм. Тэгтэл М-, Ч- нар хувь дансандаа орлого аваад заримдаа талыг нь шилжүүлээд, заримдаа огт шилжүүлэхгүй хувьдаа завшиж байсан байна. ...” /1хх 38-39/,
Д.М-ын яллагдагчаар өгсөн “... “***** хот пот” ресторанд 2022 оны 05 дугаар сард ажилд орсон тухайн үед буюу 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс өөрийнхөө Хаан банкны дансанд рестораны хоолны орлогын мөнгийг авч эхэлсэн. Тэгээд хоолны орлогыг үйлчлүүлэгчдээс шилжүүлж аваад заримдаа бүгдийг нь заримдаа талыг нь шилжүүлж үлдсэн мөнгийг нь өөртөө зарцуулсан байдаг. Энэ байдлаар хоолны орлогоос мөнгө авсаар байгаад 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 6.000.000-7.000.000 төгрөгийг хувьдаа авч зарцуулсан. Би хоолны орлогын мөнгийг үйлчлүүлэг нараас ******** дансаар авдаг байсан бөгөөд тухайн данснаас захирал руу гүйлгээний утга дээр хоол эсвэл ***** м гэж бичүүлээд шилжүүлдэг байсан. Би рестораны тооцоог Голомт банкны пос машин болон бэлэн мөнгөөр тооцоо хийдэг байасан бөгөөд эдгээр үйлчилгээгээр тооцоо хийх боломжгүй тохиолдолд Э- захирлын данс руу үйлчлүүлэгчийн данснаас шилжүүлэх ёстой байсан боловч мөнгөний хэрэг гараад байсан болохоор ашиг олох, мөнгө авах зорилгоор өөрийнхөө дансанд авдаг болсон. Тухайн үед Ч- бид хоёр рестораны орлогын мөнгөнөөс хувьдаа авч зарцуулдаг байсан. ... ямар ч байсан орлогын мөнгөн дүнгээс тодорхой хэмжээний хэдэн төгрөгийг аваад бусад мөнгийг нь кассанд бичигдсэн үнийн дүнгээр захирал Э- рүү шилжүүлдэг байсан. ...” /2хх 162-163/,
Ц.Ч-гийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 05 дугаар сард М- гэх шинэ кассчинтай болсон тухайн үед М- гэх кассчин “ чи сарын 700.000 төгрөгөөр яаж амьдардаг юм бэ, дүү нараа сургах гэж байж мөнгө хэрэгтэй байгаа биздээ” гээд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр миний ******** дугаарын данс руу 7 хүний хоолны тооцоо болох 443.367 төгрөгийг шилжүүлээд “үлдэгдлийг нь өөртөө авч үлдээрэй” гэсэн. Үүнээс хойш М- заримдаа өөрийнхөө дасннаас, заримдаа үйлчлүүлэгчийн данснаас орлого шилжүүлээд захирлын данс руу касс дээр бичигдсэн мөнгөн дүнгээр орлогыг шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь өөртөө авдаг болсон. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 4.578.250 төгрөгийг өөртөө зарцуулсан байдаг. Тухайн мөнгийг өөртөө болон аав, ээжийнхээ эм тарианы зардал, байрны түрээс зэрэгт зарцуулж байсан. Тухайн үед М- эгч хоол идсэн хүмүүсийн мөнгийг миний зөвшөөрөлгүйгээр миний данс руу шилжүүлээд кассанд бичигдсэн мөнгөн дүнгээр захирал руу шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь “өөртөө аваарай” гэж хэлдэг байсан. Би М- эгчийн хэлснээр кассанд бичигдсэн мөнгөн дүнгээр захирал руу мөнгө шилжүүлж үлдэгдэл мөнгийг нь өөртөө авдаг байсан. М- эгч миний данс руу мөнгө шилжүүлж аваад надаас өөрийнхөө янз бүрийн банкны данс руу тогтмол мөнгө шилжүүлүүлж авдаг байсан. ...” гэсэн мэдүүлгүүд,
Д.М-ын Хаан банк дахь ********, ********, ******** тоот, Голомт банк дахь ******** тоот дансны хуулгууд /1хх 95-119, 120-128, 133-134, 135/,
Т.Б-гийн /Д.М-ын охин/ Хаан банк дахь ******** тоот дансны хуулга /1хх 129-132/,
Ц.Ч-гийн Хаан банк дахь ********, Голомт банк дахь ******** тоот дансны хуулгууд /1хх 136-155, 156-165/,
“Ингүүмэл жаргалант аудит” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн В22/13 дугаартай “***** хот пот рестораны 2022.02.03-ны өдрөөс 2022.08.04-ний өдрийг хүртэл хугацааны үйлчилгээний орлогоос 22.884.300 төгрөгийн дутагдал гарсан гэж үзэхээр байна. ... Дээрх дутагдлын 20.772.400 төгрөгийг кассаар ажиллаж байсан Д.М-, 2.111.900 төгрөгийг кассаар ажиллаж байсан Ц.Ч- тус тус хариуцахаар байна. ...” /1хх 177-190/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 164 дугаартай “... иргэн Д.М-ын Хаан банк дахь ******** тоот дансаар нийт 45.997.350 төгрөг орж ирсэн бөгөөд үүнээс 14.484.800 төгрөгийн орлогыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Б.Э-ийн Хаан банк дахь ******** тоот данс руу 25.521.600 төгрөг шилжүүлж, 7.990.950 төгрөгийг дутуу шилжүүлсэн.
Дээрх дутуу шилжүүлсэн 7.990.950 төгрөг дээр пиво хагалсан 21.000 төгрөгийн дутагдал, 2022.07.25-ны 22.350 төгрөгийн дутагдал, 2022.08.04-ний 253.300 төгрөгийн дутагдлын тооцоог нэмээд нийт 8.287.600 төгрөгийг хариуцахаар байна. 12.484.800 төгрөгийг мөрдөн байцаалтаар “***** хот пот“ рестораны орлого гэж тогтоосон нөхцөлд дутагдлын дүн дээр нэмэгдэж тооцогдоно. ...” гэх дүгнэлтүүд,
“**********” ХХК-ийн захирлын тушаал /1хх 191-194/,
Д.М-, Ц.Ч- нарын ажлын байрны тодорхойлолт /1хх 202-216/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.М-, Ц.Ч- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.М-, Ц.Ч- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч нарыг “урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
“**********” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто хотхонд байрлах “*****” хотпот ресторанд шүүгдэгч Д.М-ын кассчинаар ажиллаж байхдаа Ц.Ч-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд кассын орлогыг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******** тоот дансаар шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 18.690.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг, мөн шүүгдэгч Ц.Ч-гийн зөөгчөөр ажиллаж байхдаа Д.М-тай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд кассын орлогыг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******** тоот дансаар шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 4.193.800 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Ч-д 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулжээ.
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаж, шүүгдэгч нараас хохирогчид учруулсан хохирол төлбөрөөс төлж барагдуулсан болон төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэд хэдэн төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах боломжтой гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.М-ын хохирогчид учруулсан хохирол төлбөр гэх анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 18.690.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, мөн шүүгдэгч Ц.Ч-гийн хохирол төлбөрөөс зарим хэсгийг төлж барагдуулсан бөгөөд үлдсэн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Ч-г 6 сарын хугацаагаар тэдгээрийн оршин суугаа газрын байршлаар нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-, Ц.Ч- нарын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс энэ өдрийг хүртэлх цагдан хоригдсон нийт 65 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон тэдэнд оногдуулсан ялаас хасч тооцох нь зүйтэй.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э- нь тус шүүх хуралдааны явцад “аудитын дүгнэлт гаргуулахад шаардагдсан 1.500.000 төгрөг болон анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлын дүнг буруу тооцсон” гэх агуулгаар тайлбар гаргасан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Ингүүмэл жаргалант аудит” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн В22/13 дугаартай “... Дээрх дутагдлын 20.772.400 төгрөгийг кассаар ажиллаж байсан Д.М-, 2.111.900 төгрөгийг кассаар ажиллаж байсан Ц.Ч- тус тус хариуцахаар байна.” болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 164 дугаартай “... иргэн Д.М-ын Хаан банк дахь ******** тоот дансаар нийт 45.997.350 төгрөг орж ирсэн бөгөөд үүнээс 14.484.800 төгрөгийн орлогыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Б.Э-ийн Хаан банк дахь ******** тоот данс руу 25.521.600 төгрөг шилжүүлж, 7.990.950 төгрөгийг дутуу шилжүүлсэн. . ...” гэх зөрүүтэй дүгнэлтүүд гарсан байх бөгөөд анхан шатны шүүхийн мөрдөгчийн баримтуудад хийсэн үзлэгээр тогтоосон хохирлын дүнг үнэлж, аудитын дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр нийт хохирлыг тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Г- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч аудитын зардалтай холбоотой нэхэмжлэлээ анхан шатны шүүх хуралдааны явцад гаргаж нэхэмжлээгүй байх тул уг нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн бусад зардалтай холбоотой асуудлаар иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэж байна.
6. Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Д.М-, Ц.Ч- нарыг нэн даруй суллахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1507 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...шүүгдэгч Д.М-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, ... шүүгдэгч Ц.Ч-г 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч Д.М-ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, ... шүүгдэгч Ц.Ч-г 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчлөлт оруулж,
3 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, шүүгдэгч Ц.Ч-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглохоор тус тус тогтоосугай.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.” гэсэн,
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э- нь гэмт хэргийн улмаас үүссэн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-, Ц.Ч- нарын цагдан хоригдсон 65 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон тэдэнд оногдуулсан ялаас хасч тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүгдэгч Д-ийн М- /РД:............./, Ц-ийн Ч- /РД:............../ нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийг нэн даруй сулласугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ