Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 312/ШШ2026/00074

 

 

 

 

2026 01 07 312/ШШ2026/00074

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, *** дүгээр хороо, ***** гудамж,****, ******* ББСБ ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг, 7-р гудамжны 15б тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******, утас:********/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 1,747,758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ББСБ ХХК нь хариуцагч З.*******тай 2023 оны 06 сарын 20-ны өдөр 140000929859 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу З.******* нь ******* ББСБ ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95121017 дугаарын Монпэй аппликейшн ашиглан 2023 оны 07 сарын 08-ны өдөр 930,000 төгрөгийг сарын 2,3% хүүтэй, 2023 оны 07 сарын 27-ны өдөр 490,000 төгрөгийг сарын 3,1% хүүтэй тус тус зээлээр авсан ба зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй. ******* ББСБ ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа сануулга мессеж илгээж, утсаар холбоо тогтоож зээлийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан зөвшилцсөн ба 2023 оны 07 сарын 27-ны өдөр 472,971 төгрөгийг -төлсөн хэдий ч харилцаа холбоо тасарч үүнээс хойш огт төлөлт хийгээгүй болно. 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар З.*******ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцвол 2023 оны 07 сарын 08-ны өдөр 930,000 төгрөгийн зээл авсан, уг зээлийн үлдэгдэл 470,386 төгрөг, зээлийн хүү 275,125 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,972 төгрөг, нийт 797,483 төгрөг. 2023 оны 07 сарын 27-ны өдөр 490,000 төгрөгийн зээл авсан, уг зээлийн үлдэгдэл 490,000 төгрөг, зээлийн хүү 386,725 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,550 төгрөг, нийт 950,275 төгрөг буюу нийт 1,420,000 төгрөгийн зээл авснаас үлдэгдэл 960,386 төгрөг, зээлийн хүү 661,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,522 төгрөг нийт 1,747,758 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд З.******* нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээний үүргийг зөрчин төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул зээлийн гэрээний үүргийн дагуу нийт 1,747,758 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч З.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие З.******* нь ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 1,747,758 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч З.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,747,758 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,747,758 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,914 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 21,457 төгрөгийг, төрийн сангаас 21,457 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,747,758 төгрөгийг хариуцагч З.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,914 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч З.*******аас 21,457 төгрөгийг, төрийн сангаас 21,457 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ