| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2108023700035 |
| Дугаар | 2025/ДШМ/962 |
| Огноо | 2025-08-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Одхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/962
Э.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одхүү,
шүүгдэгч Э.Т-,
нарийн бичгийн дарга .Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1608 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Т-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2108023700035 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Э-ын Т-, ............., /РД:............../,
1. Октябрын районы ардын шүүхийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 235 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Өршөөлийн тухай хуулиар суллагдсан,
2. Сүхбаатар дүүргийн Ардын шүүхийн 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 51 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 213 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
4. Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 412 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
5. Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 480 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
6. Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 262 дугаар зүйлийн 262.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 9 сарын 11 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
7. Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 179 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
8. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 309 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 12 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
9. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1349 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт тус тус зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
10. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1349 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн 10 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 жил 19 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 16 жил, 19 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн.
Шүүгдэгч Э.Т- нь ****УБУ улсын дугаартай “Тоёота приүс 30” загварын авто машиныг учрах саадыг арилгах зорилгоор ашиглаж 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, **********ны 7 дугаар байрны 24 тоотод байрлах хохирогч С.Б-ийн гэрт хууль бусаар нэвтэрч 4 ширхэг монетон бөгж, 1 ширхэг монетон гинж, ээмэг, 4 хос ээмэг, 2 ширхэг хүзүүний зүүлт зэрэг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 6.870.000 төгрөгийн,
мөн ****УБУ улсын дугаартай “Тоёота приүс 30” загварын авто машиныг учрах саадыг арилгах зорилгоор ашиглаж 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” хотхоны 608 тоот байшинд хууль бусаар нэвтэрч, улмаар уг байшингаас алмаазан шигтгээтэй цагаан алтан ээмэг, мөнгөн хар хээтэй том бөөрөнхий хэлбэртэй ээмэг, бөгж, зүүлт гинжтэй хослол, Александер шигтгээтэй ээмэг бөгж, Хаш ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, дунд гарын хуучин цагийн Дарьганга хийцийн мөнгөн аяга, бага гарын хуучин цагийн Дарьганга хийцийн мөнгөн аяга, хуримын монетон бөгж, 11 ширхэгтэй шинэ цагийн мөнгөн аяга, бага гарын шинэ цагийн алтан суурьтай мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч О.Ц-д нийт 7.733.149 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Т-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 жил, 6 сар, 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 13 жил, 6 сар, 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Э.Т-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Э.Т-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 248 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-гээс нийт 10.383.000 төгрөг гаргуулж хохирогч С.Б-т 6.170.000 төгрөг, О.Ц-д 4.213.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины үнэ 21.000.000 төгрөгийг шүүгдэгч Э.Т-гээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Т- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… миний бие хулгайлах, залилах гэмт хэргүүдийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж гурван шийтгэх тогтоолоор нийт 19 жилийн хорих ял шийтгүүлээд байгаа билээ. Миний үйлдсэн гэмт хэргүүд нь үргэлжилсэн үйлдлүүдээр үйлдэгдсэн байтал цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын буруутай ажиллагаанаас миний эрх зүйн байдал дордож гурван шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.” гэж хуульчилсан байтал миний хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан зүйлчлэлүүд дээр нийт гурван шийтгэх тогтоолоор 19 жилийн хорих ял оногдуулсан нь учир дутагдалтай байна.
Мөн дээр дурдсанаас үзэхэд надад 12 жилээс дээшгүй хорих ял оногдуулах мэт эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж заасан байтал миний нэг гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлсэн. Мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан байтал хулгайлах, залилах гэмт хэргүүдийг үйлдсэн надад 3 шийтгэх тогтоолоор 19 жилийн хорих ял оногдуулсан нь өөрөө шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “… Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна.” гэж онцгойлон хуульчилсан байтал хүнлэг бус, хэрцгийгээр нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх хэргийг гурван шийтгэх тогтоолоор 19 жилийн хорих ял оногдуулж үйлдсэн гэмт хэргийн минь зүйлчлэлд заасан хорих ялын санкцаас хэтрүүлж үндэслэлгүй хэтэрхий өндрөөр ялласанд гомдолтой байна.
Иймд миний гаргасан гомдлыг холбогдох хуульд заасны дагуу эрх зүйн байдлыг минь дээрдүүлж гурван шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэг шийтгэх тогтоолоор нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. ... 2024 оноос хойш миний биечлэн эдлэх ялын хугацаан дээр будилаан орсон гэж үзэж байна. Би олон жилийн хорих ял эдлэх учраас ялын хугацаагаа зөв тогтоолгомоор байна.” гэв.
Прокурор Б.Одхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах талаар хуульчлан зохицуулсан буюу 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан. Шүүгдэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс шүүгдэгч Э.Т-д ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолуудаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу нэмж нэгтгэсэн тул шүүгдэгч Э.Т-д 13 жил 06 сар 04 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй, шүүгдэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхээс өмнө нь хулгайлах, залилах гэмт хэргийг хамтад нь үйлдэж байсан болохыг харгалзан үзэх нь зүйтэй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Шүүгдэгч Э.Т- нь ****УБУ улсын дугаартай “Тоёота приүс 30” загварын авто машиныг учрах саадыг арилгах зорилгоор ашиглаж 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, **********ны 7 дугаар байрны 24 тоотод байрлах хохирогч С.Б-ийн гэрт хууль бусаар нэвтэрч 4 ширхэг монетон бөгж, 1 ширхэг монетон гинж, ээмэг, 4 хос ээмэг, 2 ширхэг хүзүүний зүүлт зэрэг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 6.870.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч С.Б-ийн “… 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр … манай хашааны урд талын хаалга хаалттай арын хаалга онгорхой, байшингийн урагшаа харсан хоёр цонхны зүүн талын цонхны төмөр хаалтыг хөшиж цонх онгорхой байдалтай байхаар нь байшин дотроо ороод харахад гэрийн бүх эд зүйл эмх замбараагүй, манай гэрээс улаан өргөн шигтгээтэй 7 граммын монетон бөгж 1 ширхэг, 11 граммтай монетон гинж 1 ширхэг, 5 граммтай цагаан шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, 2.8 граммтай цагаан шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, улаан шигтгээтэй сваровский ээмэг 1 ширхэг, шар шигтгээтэй сваровский ээмэг 1 ширхэг, хар эрээн шигтгээтэй ээмэг 1 ширхэг, александр шигтгээтэй мөнгөн сваровский ээмэг 1 ширхэг, ногоон шигтгээтэй зүүлт 1 ширхэг, цагаан зуйван хэлбэртэй чулуун зүүлт 1 ширхэг, мөнгөлөг өнгөтэй энергийн ээмэг 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан ба уг эд зүйлүүдийг үнэлж мэдэхгүй байна. Мөнгөний гахайнд байсан ойролцоогоор 2.200.000 төгрөг, түрүүвчинд байсан 400.000 төгрөг алдагдсан. …” /1хх 73-74/,
гэрч А.Г-гийн “… тэгсэн ертөнцийн зүгээр баруун талынх нь хашаанд буюу 1 давхар байшинтай, урдаа монгол гэртэй айлын хашаан дотор шуудайтай юм барьчихсан танихгүй хоёр ах явж байсан. Тэгээд тэр хоёр ах хашааных нь хойд хаалгаар гараад цэнхэр өнгийн “Тоёота Приус 30” загварын машинд суугаад маш хурдтай манай гудамжнаас доош уруудаад яваад өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийн дугаарыг нь харахад **** гэсэн дугаартай байсан. …” /1хх 83-84/,
гэрч Б.Х-ын “… “Тоёота Приус30” загварын цэнхэр өнгийн ****УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Э-ын Т- гэх эрэгтэй хүнд хоногийн 80.000 төгрөгөөр 5 хоног түрээслүүлэх болсон. Э.Т- гэх залуу нь 5 хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр миний гар утас руу залгаад дахин 5 хоног сунгуулъя гээд миний хаан банкны ****** тоот данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Э.Т- миний гар утас руу дахин залгаад дахин 5 хоног сунгахаар боллоо гээд миний данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 87-88/,
Э.Т-гийн яллагдагчаар өгсөн “… 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Тоёота Приус 30” загварын автомашиныг түрээслэн унасан бөгөөд Х- гэх үнээс түрээслэн авсан. Уг түрээсийн машины өдрийн хөлс нь 80.000 төгрөг байсан. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр найз Бтай таарсан, улмаар бид хоёр айл ухахаар шийдсэн бөгөөд эхлээд Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, **********ны 7-24 тоотод очсон бөгөөд уг тоот хашаан дотор байшин байсан ба эзэнгүй, хүнгүй байсан. Тэгэхээр нь Б бид хоёр хашааны хаалгыг онгойлгон дотогш орсон бөгөөд байшингийн цонхыг Б бид хоёр хоёулаа хөшиж онгойлгосон ба бид хоёр хоёулаа нэвтэрч ороод би мөнгө хийдэг гахайтай шаазан эдлэл болон түүн дотор байсан 2.200.000 төгрөг болон хайрцагтай ээмэг бөгжийг авсан бөгөөд харин Б цуг байж байгаад юм авалгүй буцаад гарсан. …” /3хх 70-71/ гэсэн мэдүүлгүүд,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1165 дугаартай үнэлгээний /6.870.000 төгрөгөөр үнэлсэн/ тайлан /1хх 105-106/,
Эд зүйл хураан авч 700.000 төгрөгийг хохирогч С.Б-т хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 109-110/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 114-117/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 118-122/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 63-69/ зэрэг,
мөн шүүгдэгч Э.Т- нь ****УБУ улсын дугаартай “Тоёота приүс 30” загварын авто машиныг учрах саадыг арилгах зорилгоор ашиглаж 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” хотхоны 608 тоот байшинд хууль бусаар нэвтэрч, улмаар уг байшингаас алмаазан шигтгээтэй цагаан алтан ээмэг, мөнгөн хар хээтэй том бөөрөнхий хэлбэртэй ээмэг, бөгж, зүүлт гинжтэй хослол, Александер шигтгээтэй ээмэг бөгж, Хаш ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, дунд гарын хуучин цагийн Дарьганга хийцийн мөнгөн аяга, бага гарын хуучин цагийн Дарьганга хийцийн мөнгөн аяга, хуримын монетон бөгж, 11 ширхэгтэй шинэ цагийн мөнгөн аяга, бага гарын шинэ цагийн алтан суурьтай мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч О.Ц-д нийт 7.733.149 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч О.Ц-ын “… би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн амны “******” хотхоны 608 тоотод оршин суух хаягтай. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай гэрт хулгай орсон байсан. Тухайн үед нөхөр У- бид хоёр гэртээ ороод хартал бүх юм замбараагүй байдалтай байсан. Манай гэрт гал тогооны өрөөнд байсан мөнгөн аягануудыг бүгдийг нь өрөөд тавьсан байсан. Тэгээд гайхаад хартал манай гэрийн урагшаа харсан цонхыг хараад чи цонх онгойлгосон юм уу гэж надаас асуутал би тухайн өдөр гэрээсээ гарахдаа цонхоо онгойлгож гараагүй байсан бөгөөд манай гэрийн зүүн тийшээ харсан цонхоор тухайн хулгайч орсон юм шиг байсан, цонхны тавцан дээр байсан цэцгүүд унасан байсан. Манай нөхөр Улаан хоёр давхар руу гараад хартал манай хоёр давхрын өрөөний хөшигнүүдийг хаагаад замбараагүй байдалтай байсан. Тэгээд гайхаад хартал унтлагын өрөөнд байдаг миний үнэт эдлэлийн хайрцгуудыг бүгдийг нь эвдлээд үнэт эдлэлийг аваад явсан байсан. Манай нөхөр Улааны хуучин цагийн Дарьганга хийцийн мөнгөн аяга болон хүүхэд Н-ийн хуримын бэлэг болох мөнгөн аяганууд байхгүй байсан. …” /1хх 189/,
Э.Т-гийн яллагдагчаар өгсөн “… Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байгаа “*******” гэдэг хотхон дээр ирсэн бөгөөд 608 тоот байшин дээр очиход хүнгүй 2 давхар байшин байсан. Уг байшингийн ар талын 1 давхрын цонхыг би ганцаараа хөшсөн бөгөөд Б миний хажууд зогсож байсан. Тэгээд бид хоёр уг тоот байшин руу цуг орсон бөгөөд 2 давхар руу гарч унтлагын өрөөний ширээн дээр байсан шүүгээг би ухсан. Б доор байж байсан. Би шүүгээг ухаад нэгэн жижигхэн авдар байсан ба уг авдраас ээмэг бөгж зэргийг нь өөртөө авсан ба түүний дараа 1 давхараас олон тооны мөнгөн аягыг авсан. …” /3хх 70-71/ гэсэн мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний /7.733.149 төгрөгөөр үнэлсэн/ тайлан /1хх 204-206/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 172-177/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 172-177/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 212-213/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн ****УБУ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг 21.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 96-101/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Э.Т-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Т-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч Э.Т-гийн бусдын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч С.Б-, О.Ц- нарын эзэмшлийн үнэт эдлэлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Тоёота Приус 30” загварын ****УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөн бусдад нийт 14.603.149 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад тус тус зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх буюу хамгийн бага ялыг оногдуулжээ.
5. Шүүгдэгч Э.Т- нь “... хулгайлах, залилах гэмт хэргүүдийг үргэлжилсэн үйлдлүүдээр үйлдсэн байтал хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хэд хэдэн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулж, мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж миний үйлдсэн гэмт хэргийн хамгийн хүнд ял болох 12 жилээс хэтрүүлж ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэмээн үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, мөн цагдан хоригдсон хугацааг буруу тооцсон” гэх агуулгуудаар давж заалдах гомдол гаргажээ.
Урьд шүүгдэгч Э.Т-д Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1349 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг нэмж нэгтгэсэн 10 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 жил 19 хоногийн хорих ял дээр уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 16 жил 19 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэснээс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар түүний эдлээгүй үлдсэн ялыг 11 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар тогтоожээ.
Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1608 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Т-гийн нийт биечлэн эдлэх ялыг 13 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар тогтоож, түүний уг хэрэгт цагдан хоригдсон 248 хоногийг эдлэх ялаас хасч тооцохоор тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар, эсхүл бүх насаар нь хязгаарлаж нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг хорих ял гэнэ...” хорих ялын дээд хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн байна.
Мөн хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.”гэж, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин таван жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ.” /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөлтөөс өмнө “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ.”/ гэж тус тус хорих ялын дээд хэмжээг тогтоосон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээ” гэдгийг гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар буюу мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй байх тухай ойлголт.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Э.Т-д хэд хэдэн шийтгэх тогтоолуудаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 13 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь 25 жил /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөлтөөс өмнө 20 жил/-ээс бага байх тул Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Түүнчлэн, шүүгдэгч Э.Т- нь шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байх тул түүнд ял шийтгэл оногдуулж, ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар бус Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” хуулийн зохицуулалтыг хэрэглэх болохыг дурдав.
6. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Т-гийн “… үргэлжилсэн гэмт хэрэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, цагдан хоригдсон хугацааг буруу тооцсон нь тус тус үндэслэлгүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Э.Т-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1608 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-гийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ