Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01227

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01227

 

 

 

Л.А -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/00750 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.А -гийн, хариуцагч О.М д холбогдуулан гэм хорын хохиролд 76 425 229 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.А -, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.А - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 онд Агь ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ О.М ын автомашинд мөргүүлж улмаар хөдөлмөрийн чадвараа алдаж, 2 хөлөө тайруулсан. Уг асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор О.М ыг бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, хохирогч өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

2019 оны 4 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад эмчилгээ хийлгэхэд 578 924 төгрөг, БНСУ руу явахад 2 202 305 төгрөг, БНСУ руу явах, буцах нислэгийн төлбөрт 2 619 400 төгрөг, зочид буудлын төлбөрт 3 729 600 төгрөг, хиймэл хөл хийлгэхэд 67 200 000 төгрөг, орчуулгын зардал 95 000 төгрөг нийт 76 425 229 төгрөгийн зардал гарч хохирол учирсан.

Хариуцагч О.М нь дээрх зардлыг сайн дураар барагдуулна гэсэн боловч мөнгө өгөөгүй өнөөдрийг хүртэл сэтгэл санаагаар тоглож байна.

Иймд хариуцагчаас 76 425 229 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэм буруугийн талаар маргаагүй. Гэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтаар шууд гэм хорын хохирлыг тооцох боломжгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч О.М аас 74 222 924 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.А -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 202 305 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар уг нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар О.М аас тэмдэгтийн хураамжид 529 064.62 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.М давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж шүүхэд гаргасан нотлох баримтууд нь учир дутагдалтай байхад шүүх бүхэлд нь үнэлж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

Л.А -гийн 2019 оны 4 дүгээр сараас нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд Монгол Улсад эмчилгээ хийлгэхэд зарцуулсан 578 924 төгрөгийн баримтууд нь нэхэмжлэгчийн эмчилгээнд зарцуулагдсан эм, тариа авахад зарцуулагдсан гэдгийг нотлох боломжгүй байна. О.М ын гэм хор учруулсан үйлдэлтэй хамааралтайгаар нэхэмжлэгчид зайлшгүй хэрэглэгдэх ёстой зүйл байсныг нотлох шаардлага нь нэхэмжлэгчид байсан боловч үүнийг нотлоогүй.

Онгоцны тийз захиалсан болон төлбөр төлсөн баримтаас үзвэл 2 хүний тасалбарыг захиалсан байдаг. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчоос бусад этгээдийн онгоцны төлбөрийг хариуцах үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч Л.Адьяа болон тийзний төлбөрт бичигдсэн Л.Басан гэдэг хүнийг БНСУ руу явсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байсан.

Нэхэмжлэгч нь БНСУ руу явсан гэдгээ зөвхөн онгоцны билетийн баримтаар нотолж байгаа боловч уг баримтад Монгол Улсад 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ирсэн байдаг. Гэтэл зочид буудалд мөн оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байсан гэж нэхэмжилж байгаа нь нотлох баримтын хувьд хоорондоо зөрүүтэй байсан. Мөн зочид буудлын төлбөрийн баримтад Л.А -г байрлаж байсан гэдгийг нотлох зүйл огт байхгүй байхад шүүх үнэлсэн.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн хиймэл хөл хийлгэсэн гэдгийг нотлох 2 баримтыг хавсаргасан байсан. Үүнээс 29 дүгээр талд авагдсан хиймэл хөлний үнийн санал гэсэн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт тул үнэлэх боломжгүй, мөн үнийн санал нь шууд уг үнийг төлсөн гэх байдлыг нотлох баримт болохгүй. Хэргийн 31 дүгээр талд авагдсан протезын төлбөрт 30 000 000 вон төлсөн гэх баримт байсан. Гэхдээ уг протезийн төлбөрт төлсөн гэсэн ганц баримтаар шууд хиймэл хөл хийлгүүлснийг нотлоход учир дутагдалтай бөгөөд ядахдаа БНСУ-ын эмнэлгээр хиймэл хөл хийлгэснийг тодорхойлсон өөр бусад баримтууд байх ёстой гэж үзэж байгаа.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэн ял оногдуулсан. Л.А - нь дээрх шийтгэх тогтоолд дурдсанаар зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан нь тогтоогддог ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн явган зорчигчийн биелүүлэх үүргийг биелүүлээгүй буюу зорчих хэсэг дээр зогсож байсан, мөн аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатахыг явган зорчигчид хориглосон заалтыг зөрчсөн нь хохирогч өөрөө хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл гаргасан, мөн үүнээс шалтгаалж гэм хороос үүдэн гарсан хохирлын хэмжээнд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл байдаг.

Иймээс О.М миний бие нэгэнт гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, өөрийн эдийн засгийн бүхий л бололцоог ашиглан, эд хөрөнгөө зарж хохиролд 11 500 000 төгрөгийг төлж барагдуулсан, мөн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнээс болж хохирол учруулсан, мөн хохирогчийн өөрийнх нь хэтэрхий болгоомжгүй үйлдэл буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж шөнийн 11 цагт замын нэгдүгээр эгнээнд зогсож байснаас шалтгаалан гэм хор учирсан зэргийг харгалзан үзэж, гэм хорын хэмжээг багасган шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Дээрх байдлаар нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай нотлохгүй байхад шүүх эргэлзээ бүхий нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Л.А - нь хариуцагч О.М д холбогдуулан гэм хорын хохиролд 76 425 229 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

О.М нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт 48-40 УБЭ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.2 дахь хэсэгт заасныг зөрчин зам тээврийн осол гаргаж, Л.А -гийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон дахин нотлох шаардлагагүй үйл баримт байна. /хх4-8, 116-117, 120-122/

Иймээс хариуцагч О.М д нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу үүсчээ.

Хариуцагч тал нэхэмжлэгч Л.А -гийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай үйлдэлдээ маргаагүй, харин эмчилгээний зардал болон бусад зардал нь бодитой эсэх талаар маргасан төдийгүй энэ нь давж заалдах гомдлын үндэслэл болжээ.

Хариуцагч О.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Л.А -д эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлс, бусад зардалд нийт 11 500 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 4-8, 123-129 дэх талд авагдсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон байна. Одоо нэхэмжлэгч нь уг хугацаанаас хойш 2019 оны 4 дүгээр сараас 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны эм, тарианы үнэ 578 924 төгрөг, Бүгд Найрамдах Солонгос Улс /цаашид БНСУ гэх/ руу явсан онгоцны тийзний үнэ 2 619 400 төгрөг, хиймэл хөл буюу гуяны хэрэгсэл, суурилуулах ажил гуя тус бүр 2 ширхэг 67 200 000 төгрөг, орчуулгын хөлс 95 000 төгрөг, зочид буудлын хөлс 3 729 600 төгрөг, нийт 76 425 229 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, эмийн төлбөрийн баримтууд, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, онгоцны тийз, зочид буудлын төлбөр төлсөн баримт, хиймэл эрхтэн худалдан авсан төлбөрийн баримт, орчуулга зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх20-63/

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Л.А -гийн биед хоёр талын дунд чөмөг, хоёр талын шаант, тахилзуур ясны ил хугарал, хоёр талын тахимны ард шарх, хоёр талын шилбэний арын судас мэдрэл шөрмөсний бүрэн тасрал, булчингийн няцрал гэмтэл авч, улмаар хоёр гуяны дунд хэсгээр тайрах мэс засал хийлгэсэн үйл баримт тогтоогдсон байна. Иймд хэрэгт авагдсан эм, тарианы төлбөрийн баримт, нэхэмжлэгч, түүний асран хамгаалагчийн хамт БНСУ руу явсан, ирсэн онгоцны зардал, хиймэл эрхтэн худалдан авсан үнэ, орчуулгын хөлс зэргийг бодитой бус гэж үзэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор нь харьцуулан үнэлээд хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. Харин нэхэмжлэгч нь зочид буудлын өрөө хөлсөлсөн зардлыг нэхэмжлэхдээ 5 хоногийн төлбөрийг илүү нэхэмжилснийг шүүх харьцуулан үнэлээгүй нь учир дутагдалтай байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

Нэхэмжлэгч Л.А - нь БНСУ-д 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зочид буудлын төлбөрт 1 680 000 вон буюу 3 729 600 төгрөг хариуцагчаас нэхэмжилж, үндэслэлээ ... би 9 дүгээр сарын 26-ны өдөр Монгол руу ниссэн, эмнэлгийн бичиг баримт дутуу байсан учир ах Л.Басан нь үлдэж, 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл байрласан гэж тайлбарлах боловч үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс хариуцагч талын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Монгол руу нисэх онгоцны тийз бичигдсэн байхад 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зочид буудлын зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн зочид буудлын өрөө хөлсөлсөн зардлаас 5 хоногийн төлбөр болох 666 000 /5 х 60 000 вон=300 000 вон х 2.22 төгрөг 2019.10.01-ний өдрийн Монгол банкны зарласан ханш/ төгрөгийг хасах нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/00750 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 74 222 924 гэснийг 73 556 924 гэж, 2 202 305 гэснийг 2 868 305 гэж, 2 дахь заалтын 529 064.62 гэснийг 525 735 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 530 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД