| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0719/Э |
| Дугаар | 739 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 739
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Ц.Ариун....,
Шүүгдэгч Ч....., түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам /ҮД:0192/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангас овогт ....ийн ....д холбогдох 1708025170678 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам ....тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шангас овогт ....ийн .... /РД:..../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн товч агуулга:
Ч..... нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр мал тууврын зам ....тоотод иргэн М..... өөрийн нөхрөө асууж ирсний улмаас түүнтэй маргалдан улмаар хөл рүү нь өшиглөх, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцралт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч М.....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... .... /Ч...../ манай нөхрийн ажиллуулдаг граж руу яваад орохоор нь би нөхрийгөө граж дотор байгаа юм болов уу гээд яваад очтол намайг оруулахгүй байсан.Тэгснээ .... хөлөөрөө миний зүүн гуя руу 2-3 удаа өшиглөсөн тэгэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд цааш нь түлхтэл буцаж дөхөж ирээд миний үснээс зулгаагаад үсдээд намайг доош дарсан. ...өвдөхийн эрхэнд ....гийн үснээс нь доош татаж гарыг нь арай хийж тавиулсан. ...” гэх мэдүүлэг /хх 13-14 х/,
2.Шүүгдэгч Ч.....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн орой ажлынхаа эгчийн төрсөн өдөр тэмдэглээд Тахилтад найзынхаа гэрт ...., би хүүтэйгээ хамт очиж төрсөн өдөр тэмдэглэсэн. Тэндээс өглөө 5 цагийн орчимд гэртээ хариад хүүгээ оронд оруулчихаад галаа түлээд жоохон хэвтэж байтал хаалга учиргүй нүдээд байхаар нь нээх тоосонгүй, тэгсэн бүр аймаар нүдээд байхаар нь хэн бэ гэсэн чинь ....гийн эхнэр байна гэхээр нь хаалгаа тайлтал учиргүй хэл амаар доромжлоод .... хаана байна гээд дайраад намайг зодсон, тэгэхээр нь би гэрээс хөөсөн. Манай гэр лангуутай ойрхон байдаг, хүн юм авъя гэхээр нь лангуун дээр очтол .... зогсож байхаар нь би чи битгий ажил дээр хэрүүл хийгээд бай гээд гаргах гэтэл .... би “наад руу чинь ормоор байна” гэсэн. Тэгэхлээр нь би “энд чиний хэрэг байхгүй” гээд гаргах гэтэл дахиад дайраад намайг зодсон.. ...” гэх мэдүүлэг /хх 31-34 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3.Гэрч Б.....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би босоод гэртээ харилгүй ажил дээрээ ирсэн чинь .... эхнэртээ зөвөөр ойлгуулахгүй яасан юм бэ гээд над руу уурлахаар нь би яаж мэддийн гэж хэлээд гэрлүүгээ харьсан. ...Намайг гэртээ харьхад .... үс нь халцарсан, хөл нь хөхөрчихсөн байсан. ...Би ....тай нэг дор л ажилладаг хүмүүс. ...” гэх мэдүүлэг /хх 17-18 х/,
4.Шинжээчийн 14346 тоот дүгнэлт
1.М.....ийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
гэх дүгнэлт /хх 27 х/,
5.Ч.....гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 72 х/
6.Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 73 х/
7.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 74 х/
8.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 75 х/
9.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 76 х/
10.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77 х/
11.Хохирогч М.....ийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх 80 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Ч..... нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр мал тууврын зам ....тоотод иргэн М..... өөрийн нөхрөө асууж ирсний улмаас түүнтэй маргалдан улмаар хөл рүү нь өшиглөх, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцралт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч М.....ийн “...хөлөөрөө миний зүүн гуя руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд цааш нь түлхтэл буцаж дөхөж ирээд миний үснээс зулгаагаад үсдээд намайг доош дарсан. ...өвдөхийн эрхэнд ....гийн үснээс нь доош татаж гарыг нь арай хийж тавиулсан ...” гэх мэдүүлэг /хх 13-14 х/,
Гэрч Б.....ын “...Намайг гэртээ харьхад .... үс нь халцарсан, хөл нь хөхөрчихсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 17-18 х/,
Шинжээчийн 14346 тоот дүгнэлт
1.М.....ийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
гэх дүгнэлт /хх 27 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:
Ч..... нь М.....ийг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.
Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол М.....ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Ч..... түүний хөл рүү өшиглөх, үснээс нь зулгаах зэргээр зодсоноос үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 27 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.
Шүүгдэгч Ч..... өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Ч..... хуулиар тогтоосон насанд хүрсэн болно.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ч.....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч М.....ийн “...хөлөөрөө миний зүүн гуя руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд цааш нь түлхтэл буцаж дөхөж ирээд миний үснээс зулгаагаад үсдээд намайг доош дарсан ...” гэх мэдүүлэг нь шүүх эмнэлгийн дүгнэлт, гэрч Б.....ын мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдсон харин шүүгдэгчийн “... хохирогч М..... намайг зодсон” гэх тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгчийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг дангаар нь нотлох баримтаар тооцож үнэлэх боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хохирогч М..... хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй болох нь түүний гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх 80 х/-ээр тогтоогдсон тул Ч.....г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч..... нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг хөнгөрүүлж, 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү? гэснийг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.Үүнд:
Хохирогчийн хууль бус үйлдэл уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн мөн шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй гэж үзэх нөхцөл байдлууд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй.
Ч.....гийн үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн хор уршгийн хувьд их биш зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 750 нэгжтэй тэнцэх 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шангас овогт ....ийн ....г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.....г 750 нэгжтэй тэнцэх 750,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Ч.....д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ч.....д мэдэгдсүгэй.
5.Ч.....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ