Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/963

 

2025             08             14                                                                                   2025/ДШМ/963

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төвхүү,

шүүгдэгч Б.Б-,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1443 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2409013220557 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г- овгийн Б-ын Б................, /РД:............../,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 03 сар 29 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжэний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23/185 дугаар тогтоолоор дуусгавар болсон.

Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй үйлчилгээний газарт төлбөр тооцооны асуудлаас болж маргалдан зөөгч Ж.П-ийн нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… надад оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийн тулд өөрийн үндсэн ажил болох дизайнер чиглэлийн ажлаа орхиж нэг мөр халагдах хэмжээнд хүрээд байна. Миний эхнэр болон З.Х- нь одоо 7 сартай жирэмсэн бөгөөд ажил хийх боломжгүй байгаа тул өрхийн нийт хэрэгцээг миний бие ганцаар ажиллаж бүрдүүлдэг юм. Мөн би банк бус санхүүгийн байгууллагад маш их хэмжээний зээлийн хүүний алдангид орж зээлээ төлж чадахгүй байх хэмжээнд хүрэх тул надад оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэв.

 

Прокурор Л.Төвхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Б- өмнө нь 2019 онд хүнийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, 2021 онд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, худалдаалах, бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн, мөн 2023 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх тус тус 3 удаа ял шийтгэл эдэлж байсан. Иймээс тухайн үйлдлүүддээ дүгнэлт хийлгүйгээр дахин гэмт хэрэг үйлдсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тохирсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй үйлчилгээний газарт төлбөр тооцооны асуудлаас болж маргалдан зөөгч Ж.П-ийн нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Ж.П-ийн “... Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “****” хоолны газарт зөөгч хийдэг ба 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 02 цаг 15 минутын орчимд манайхаар 6 залуу нэг хүүхэнтэй үйлчлүүлсэн ба 162.500 төгрөгийн тооцоогоо хийлгүй гарсан ба би тооцоогоо төлөөрэй гээд араас нь гарах үед тухайн 3 залуугийн нэг залуу нь намайг түрүүлээд миний зүүн нүдний доод хэсэгт толгойгоороо мөргөж гэмтэл учруулсан ...” /хх 16/,

Б.Б-ын яллагдагчаар өгсөн “... тэгээд би босч ирээд юу болж байгааг мэдээгүй, тухайн залуу харагдахаар нь шууд мөргөсөн. ...” /хх 81-82/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5074 дүгээр “Ж.П-ийн биед зүүн нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 21-22/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... **** лоунжийн дотор шатан дээр 170-175 см орчим өндөртэй, 22-25 настай, хар өнгийн куртик өмссөн, куртик дотуураа цагаан өнгийн футболктой, цайван өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй толгойгоороо хохирогч Ж.П-ийн нүүрэн тус газар мөргөж байгааг харуулав. Ж.П- нь нүүрээ дараад доошоо тонгойж байгааг харуулав.” гэсэн тэмдэглэл /хх 38-40/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 49-53/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б-ын хохирогч Ж.П-той төлбөр тооцооны асуудлаас болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тус тус тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах” агуулга бүхий шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1443 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                          ШҮҮГЧ                                                            Н.БААСАНБАТ

                          ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ