Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 312/шш2026/00276

 

 

 

 

 

 

 

 

 2026 01 19 312/ШШ2026/00276

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа *******лж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Захиргааны 2 дугаар байранд байрлах, Баян-Өндөр сумын ******* ******* Б.*******,утас:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* баг ******* тоотод байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар: *******, утас:/,

Нэхэмжлэлийн шаардлага: 120 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.

Хариуцагчийн төлөөлөгч Л.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баян-Өндөр сумын ******* ******* Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баян-Өндөр сумын гэр хорооллын айл өрхүүдийг түлшний модоор хангах ажлын хүрээнд иргэдэд хөнгөлөлттэй үнээр түлшний мод бэлтгэн нийлүүлэх зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Иргэдэд хөнгөлөлттэй үнээр түлшний мод бэлтгэн борлуулахад дэмжлэг үзүүлэх А-01 дугаар гэрээг ******* ******* ХХК-ийн захирал Л.тэй байгуулсан. Гэрээний дагуу 100,000,000 (нэг зуун сая) төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг буцаан төвлөрүүлэх нөхцөлтэйгээр олгосон. Гэвч гэрээний дагуу 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөх 33,333,340 (гучин гурван сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун дөчин төгрөг) эхний төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй. Хариуцагч Л. 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албан тоотоор 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл төлөлтийг хойшлуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд ******* даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Иймд гэрээний 9.2 дахь заалтын дагуу нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний алданги, нийт 120,000,000 (нэг зуун хорин сая) төгрөгийг хариуцагч Л.ээс гаргуулахыг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Орхон аймаг Баян-Өндөр сумын засаг даргын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Зуны саруудад Орхон аймгийн ойролцоох, мод бэлтгэх зөвшөөрөлтэй Сэлэнгэ суманд ойн түймэр гарсан. Түймэр гарсантай холбоотойгоор хуурайшилтын зэрэг өндөр байгаа зэргэлдээ сумдуудаас ойгоос мод бэлтгэх эрх хаагдсаны улмаас гарал үүслийн бичигтэй мод орж ирээгүй. Булган аймгийн засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/195 дугаар Ой, ойн санд аж ахуй үйл ажиллагаа явуулахыг түр хориглох тухай захирамжийн 1 дэх заалтад заалтад 09 сарын 20-ноос 11 сарын 10-ны өдөр хүртэл хориглосон учраас Бугат, Ингэт захууд нь гарал үүслийн бичиг харгалзахгүйгээр мод нөөцлөн бэлтгэдэг. Харин Буянт хангай модны зах нь гарал үүслийн бичигтэй мод авч, нөөцлөн худалдан борлуулдаг. Мод бэлтгэдэг хувь хүмүүст модны мөнгийг урьдчилан олгосон боловч тэд хугацаандаа модоо оруулж ирэхэд дээрх шалтгаанууд нөлөөлсөн тул эргэн төлөлтийн санхүүжилтыг бүрдүүлэхгүй байна. Надаас 20,0 сая төгрөгийн хүү нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин үндсэн санхүүжилт болох 100,0 сая төгрөгийн дээрх нөхцөл байдлууд арилсан буюу гэрээний хугацаа сунгасан тохиолдолд төлөх бололцоотой... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баян-Өндөр сумын ******* ******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 120 000 000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн бөгөөд эвлэрлийн гэрээндээ: ...Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* даргын нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох үндсэн зээл 100 000 000 төгрөг, торгууль 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид бид дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:

2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлийн 50 хувь болох 50 000 000 төгрөгийг, 2026 оны 06 сарын 01-ний өдөр гэхэд үлдэгдэл 50 хувь болох 50 000 000 төгрөгийг төлж барагдуулна. Харин алданги буюу торгууль 20 000 000 төгрөгийг төлөхгүйгээр эвлэрэн тохиролцлоо... гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 100 000 000 төгрөг болгож, хариуцагч ******* ******* ХХК нь 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлийн 50 хувь болох 50 000 000 төгрөгийг, 2026 оны 06 сарын 01-ний өдөр гэхэд үлдэгдэл 50 хувь болох 50 000 000 төгрөгийг төлж барагдуулах, алданги 20 000 000 төгрөгийг төлөхгүй гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.

Зохигчийн дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 657 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* даргын нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох 120 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь үндсэн зээл 100 000 000 төгрөгийн 50 хувь болох 50 000 000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх, үлдэх 50 000 000 төгрөгийг 2026 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлөх, нэхэмжлэгч нь алданги 20 000 000 төгрөгөөс татгалзаж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-зааснаар нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 657 950 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3. Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА