Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/27

 

 

 

 

                                                                                 Т.Б-ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/354 дүгээр шүүгчийн захирамжтай, яллагдагч Т.Б-ад холбогдох эрүүгийн 2513000000095 дугаартай, 1 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, яллагдагчийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ердос нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ****** төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, ********** мэргэжилтэй, ******** галч ажилтай, ам бүл ** хүнтэй, ********** хамт **************** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Т.Б- /РД:БЛ*************/.

 

2. Яллагдагч Т.Б- нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***********багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаа хүн болох эхнэр Ш.С-тэй “малд тэжээл өгөхөд тусалсангүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг өшиглөж, төмөр хайчаар араас нь нуруу хэсэгт нь хатгаж биед сээр нурууны дунд баруун хэсэгт 3 ширхэг оёдолтой шарх, баруун суганы доод хэсэгт 1 ширхэг оёдолтой шарх, баруун уушгины пневмоторакс, баруун плеврит араараа шингэнтэй /гемоторакс/, баруун уушгины доод дэлбэнд няцралтай, баруун талд 10-р хавирга хугаралттай гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр, зэвсгийн чанартай зүйлээр учруулан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.   

 

3. Прокурорын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 100 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Т.Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн  2025/ШЗ/354 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалтыг удирдлага болгож, Т.Б-ад холбогдох эрүүгийн 2513000000095 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд: 

4.1. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хохирогч Ш.С-ийн эрүүл мэндэд (1) сээр нурууны дунд баруун хэсэгт 3 ширхэг оёдолтой шарх, (2) баруун суганы доод хэсэгт 1 ширхэг оёдолтой шарх, (3) баруун уушгины пневмоторакс, (4) баруун уушгины доод дэлбэнд няцралтай, (5) баруун талд 10-р хавирга хугаралтай гэмтэл тогтоогдсон ба “дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байх боломжтой” гэж дүгнэсэн нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан дээрх хохирлууд нь дан ганц хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэх нь тодорхой бус, мөн хохирогчийн эрүүл мэндэд сээр нурууны дунд баруун хэсэгт 3 ширхэг оёдолтой шарх, баруун суганы доод хэсэгт 1 ширхэг оёдолтой шарх, баруун талд 10-р хавирга хугаралтай гэмтэл нь тус тус ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хохирогчийн дотор эрхтнийг гэмтээсэн шарх аль нь, тэр шарх нь ямар хүчин зүйлийн улмаас үүссэн, хохирлын зэрэгтэй шалтгаант холбоотой нь эргэлзээгүй тогтоогоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1. “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2. “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан хуулийн шаардлагыг хангах шаардлагатай байна.

4.2. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1. “Цагдаагийн алба хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээ хийнэ ”, 31.2. “Цагдаагийн алба хаагч аюулын зэргийн үнэлгээг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдсэн байж болох орчинд, эсхүл хохирогчийн байгаа газарт очиж хийнэ.” гэж зааснаар хохирогч Ш.С-ээс гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээг холбогдох хууль тогтоомжид зааснаар хийж, эрүүгийн хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

5. Прокурорын эсэргүүцэлд:

5.1. “...хохирогчийн дотор эрхтнийг гэмтээсэн шарх аль нь, тэр шарх нь ямар хүчин зүйлийн улмаас үүссэн, хохирлын зэрэгтэй шалтгаант холбоотой эргэлзээгүй тогтоогоогүй. Тодруулбал хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлууд нь дан ганц хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэх нь тодорхой бус, мөн хохирогчийн эрүүл мэндэд сээр нурууны дунд баруун хэсэгт 3 ширхэг оёдолтой шарх, баруун суганы доод хэсэгт 1 ширхэг оёдолтой шарх, баруун талд 10-р хавирга хугаралтай гэмтэл нь тус тус ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэх...” асуудал нь дараах нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдож байгаа. Үүнд:

- Хохирогчид мэс ажилбар хийж, эмчилсэн эмч А.Еркебек “Ш.С-ийг томографт оруулахад "Баруун талын 10 дугаар хавирга бяцарсан хугаралтай, баруун уушги гемотракстай, хийтэй гэж оношлогдсон тул яаралтай гуурс байрлуулж, мэс ажилбар хийж уушгинаас 200 гр шингэн авсан. Дээрх иргэн нь аймгийн Томографт уушги цоорсон гэж оношлогдсон байсан тул гэмтсэн гэсэн үг. Гадна биет буюу /хайчны үзүүр/ уушгинд гэмтэл учруулсан. Ш.С-ийн хавирганы хугарал нь уушгийг гэмтээх хэмжээний хугаралтай байгаагүй болно.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 39 дүгээр хуудас/,

- Хохирогч Ш.С-ийн тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай 58 дугаартай өвчний түүх /ХХ-ийн 40-51 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаартай “...иргэн Ш.С-ийн биед сээр нурууны дунд баруун хэсэгт 3 ширхэг оёдолтой шарх, баруун суганы доод хэсэгт 1 ширхэг оёдолтой шарх, баруун уушгины пневмоторакс, баруун плеврит араараа шингэнтэй /гемоторакс/, баруун уушгины доод дэлбэнд няцралтай, баруун талд 10-р хавирга хугаралтай, шархны ойролцоо зөөлөн эдэд хавантай, нурууны ойролцоо баруун талд зөөлөн эдэд үргэлжилсэн урт нарийн хийтэй гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /ХХ-ийн 55-56 дугаар хуудас/,

- Шинжээчийн 220 дугаартай дүгнэлт гаргаж шинжээч эмч Х.Ерболын “...иргэн Ш.С-ийн баруун талын 10-р хавирга бяцарч, цөмөрч хугарсан хохирол нь дангаараа хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Ш.С-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын хүнд зэргээр дээрх дүгнэлтийг гаргасан. Иргэн Ш.С-ийн цээжний арын ханаар нэвтэрсэн шарх нь дотор эрхтэн болох уушгийг гэмтээж пневмоторакс /уушгины гялтангийн хөндийд хий хуримтлагдах/, плеврит /уушгины гялтангийн хөндийд шингэн хуримтлагдах/, гемоторакс /цус хуралдах/ гэмтэл учруулсан. Хүний биеийн цээжний арын хэсгээс уушги хүртэл ойролцоогоор 3-5 см зайтай байдаг” гэх мэдүүлэг /ХХ-ийн 93 дугаар хуудас/,

- Хохирогч Ш.С-ийн “...Т.Б- нь над руу үглэж дайраад миний нуруу тус газарт нэг удаа өшиглөсөн тэр үед би газарт унасан ба тухайн үед ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд гал дээр байсан тогоог авч байхад хойноос ирээд миний нуруу хэсэгт нэг зүйл чичиж дүрсэн тэгээд би эргээд харахад тэрээр гартаа гэрт байсан төмөр хайчийг барьчихсан байсан бөгөөд буцаагаад гал тогооны шүүгээн дээр ил тавьсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/,

- Яллагдагч Т.Б-ын “...тэр үед эхнэр маань хоол цай, хийгээгүй, хүүхдүүдэд хоол цай хийгээгүй байхаар нь эхнэрээ яагаад гал түлээгүй хоол, хийгээгүй юм гэж хэлээд гэрт байсан хайчаар нуруу хэсэгт нь нэг удаа хатгасан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /XX-ийн 90-91 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд цугларсан.

Дээрх нотлох баримтуудаар яллагдагч Т.Б-ын хохирогч Ш.С-ийн баруун уушги руу хайчаар хатгасны улмаас уушгины гялтангийн хөндийд хий болон шингэн хуримтлагдаж улмаар мэс ажил хийгдэж хий болон 200 грамм шингэн соруулж авч, тухайн газарт 1 ширхэг оёдол тавигдсан бол яллагдагч Т.Б-ын хохирогч Ш.С-ийн баруун уушги руу хайчаар хатгасан хэсэгт 3 ширхэг оёдол тавигдсан үйл баримт тогтоогдсон.

5.2. Харин яллагдагч Т.Б- хохирогч Ш.С-ийн ар нуруу хэсэг рүү нь өшиглөсний улмаас хохирогчийн биед үүссэн байх боломжтой боловч энэ нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах тул хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл хохирогч Ш.С-ийн дотор эрхтэнг гэмтээсэн шарх нь яллагдагч Т.Б-ын хохирогч Ш.С-ийн баруун уушги руу хайчаар хатгасан үйлдлийн улмаас үүссэн шарх бөгөөд энэ нь хохирлын зэрэгтэй шалтгаант холбоо тогтоогдож байна. Шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд эмч болон шинжээчийг оролцуулж захирамжид дурдсан 4 оёдол, шарх, хавирганы хугарал нь юунаас болж үүссэн талаар асууж тодруулан, хэргийг шийдвэрлэх боломжтой.

5.3. “...хохирогч Ш.С-ээс гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээг холбогдох хууль тогтоомжид зааснаар хийж, эрүүгийн хэрэгт хавсаргах...” гэх асуудлын хувьд Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2020 оны 5 дугаар 18-ны өдрийн А/83 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Аюулын зэргийн үнэлгээ хийх журам”-ын 1.5 дугаар зүйлд “Аюулын зэргийн үнэлгээг нотлох баримтаар тооцох, үнэлэх эсэхийг эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ” гэж, 2.7 дугаар зүйлд “Аюулын зэргийн үнэлгээг учирч болох эрсдэлийг таслан зогсоож, аюулгүй байдлыг хангаж, хүчирхийлэл үйлдэгчийг хохирогч, хамаарал бүхий этгээдээс тусгаарласны дараа хийнэ” гэж, 2.14 дүгээр зүйлд “Гэр бүлийн хүчирхийллийн гомдол, мэдээлэл, дуудлагын дагуу ажилласан цагдаагийн албан хаагч аюулын зэргийн үнэлгээг холбогдох материалын хамт эрх бүхий албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр хүлээлгэж өгнө” гэж тус тус журамласан. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Цагдаагийн байгууллагын эрх эрх бүхий албан тушаалтан нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг хүлээн авч, хүчирхийлэл үйлдэгдсэн газарт очсон даруйдаа “Аюулын зэргийн үнэлгээ”-г хийхээр зохицуулсан. Тус хэрэг гарах хэмжээнд хохирогч зүй бус үйлдэл гаргаагүйгээс гадна “Аюулын зэргийн үнэлгээ”-г нөхөн хийснээр хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, нотлох баримтын үнэлгээний хувьд ач холбогдолгүй.

5.4. Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/354 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

6. Яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Миний хувьд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар аюулын зэргийн үнэлгээ үйлдээгүйтэй холбогдуулан тайлбар хэлье. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үндэслэл болгодог гол нөхцөл байдлыг дутуу тогтоосон ажиллагааг хийгээгүй орхигдуулсан гэж шүүгч хэргийг буцаах захирамж гаргаж байгаа нь үндэслэлтэй. Учир нь энэ талаар хохирогч өөрөө мэдүүлэг өсгөн. Яллагдагчийн хувьд урьд өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Яллагдагч архидан согтуурсан үедээ ухаан санаагаа мэдэхгүйгээр эхнэрээ зодож биед нь гэмтэл учруулсан асуудал гарсан. Гэхдээ яллагдагч болон хохирогч нар одоо хамт амьдарч байгаа. Цаашид ч гэсэн хамт амьдрах болно.

6.2. Хохирогч яллагдагчид санаа зовоод байнга над дээр хамт ирдэг байсан. Гэхдээ нэг нь хохирогч нэг нь яллагдагч байсан учраас би хохирогчтой уулзаж чаддаггүй. Тэгэхээр аюулын зэргийн үнэлгээг зайлшгүй хийх шаардлагатай, гэр бүлийн хүчирхийлэл анх удаа үйлдэгдэх явцад хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан асуудал байгаа. Гэмт хэрэг үйлдэгдсэн бодит байдлыг тогтоохын тулд аюулын зэргийн үнэлгээ хийх шаардлагатай. Уг үйлдэгдсэн аюулын  зэргийн үнэлгээнээс шалтгаалж эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөл үзүүлдэг. Хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдож байгаа. Үүнд бид ямар нэгэн байдлаар маргахгүй байна.

6.3. Харин тухайн гэмтэл нь яллагдагч хайчаар биед нь гэмтэл учруулахаар довтолсон үед бий болсон уу эсвэл хоол бэлдэж өгөөгүй гэж араас нь өшиглөхөд хавирга нь хугараад улмаар хугарсан хавирганаасаа энэ гэмтлийг авсан уу гэдэг нь эргэлзээтэй. Нэг ёсондоо зэвсгийн чанартай зүйл хэрэглэсний улмаас бий болсон гэмтэл уу эсвэл зэвсэг хэрэглэхгүйгээр хүний биед хүнд гэмтэл учруулсан уу гэдгийг тогтоох үүднээс нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай байсан. Тэгэхээр нэмэлт шинжилгээ хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэлтэй. Шүүх эргэлзээгүй байдлаар хэргийг шийдвэрлэхийн тулд ажиллагаа хийх шаардлагатай гэж буцааж байгаа. 

6.4. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж өгнө үү. Учир нь хэрэгт эмчилгээний түүхийн хуулбар авагдсан. Үүнээс харвал хавирганы хугарлын улмаас уушги гэмтэж, шалчийж  шингэн хуримтлагдсан гэдэг нөхцөл байдал тогтоогдож байгаа гэж үзэж байна. Тийм учраас шүүгчийн захирамж үндэслэлтэй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            7. Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид холбогдуулж гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзээд, хууль ёсны зарчмыг хангаагүй буюу хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дараах үндэслэлүүдээр хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг 3 үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж болох ба энэ нь (1) хэргийн бодит байдлыг тогтоох, (2) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим болон (3) мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг тус тус хангахад чиглэгдсэн байх шаардлагатай.

            Гэтэл Т.Б-ад холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид тусгасан үндэслэлүүд нь хуулийн дээрх урьдчилсан нөхцөлүүдэд тохироогүй учраас шүүгчийн захирамжийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, хүчингүй болгов.

 

            9. Шүүгчийн захирамжийн эхний үндэслэлд “Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хохирогч Ш.С-ийн эрүүл мэндэд (1) сээр нурууны дунд баруун хэсэгт 3 ширхэг оёдолтой шарх, (2) баруун суганы доод хэсэгт 1 ширхэг оёдолтой шарх, (3) баруун уушгины пневмоторакс, (4) баруун уушгины доод дэлбэнд няцралтай, (5) баруун талд 10-р хавирга хугаралтай гэмтэл тогтоогдсон ба “дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байх боломжтой” гэж дүгнэсэн нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан дээрх хохирлууд нь дан ганц хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэх нь тодорхой бус, мөн хохирогчийн эрүүл мэндэд сээр нурууны дунд баруун хэсэгт 3 ширхэг оёдолтой шарх, баруун суганы доод хэсэгт 1 ширхэг оёдолтой шарх, баруун талд 10-р хавирга хугаралтай гэмтэл нь тус тус ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хохирогчийн дотор эрхтнийг гэмтээсэн шарх аль нь, тэр шарх нь ямар хүчин зүйлийн улмаас үүссэн, хохирлын зэрэгтэй шалтгаант холбоотой нь эргэлзээгүй тогтоогоогүй” гэжээ.  

Гэтэл шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ерболын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн  220 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт”-ийн 2-д “дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байх боломжтой” гэж дүгнэсэн, шинжээч эмч Х.Ерболын “…иргэн Ш.С-ийн баруун талын 10-р хавирга бяцарч, цөмөрч хугарсан хохирол нь дангаараа хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Ш.С-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын хүнд зэргээр дээрх дүгнэлтийг гаргасан. Ш.С-ийн цээжний арын ханаар нэвтэрсэн шарх нь дотор эрхтэн болох уушгийг гэмтээж  пневмоторакс /уушгины гялтангийн хөндийд хий хуримтлагдах/,  плеврит /уушгины гялтангийн хөндийд шингэн хуримтлагдах/, гемоторакс /цус хуралдах/ гэмтэл учруулсан. Хүний биеийн цээжний арын хэсгээс уушги хүртэл ойролцоогоор 3-5 см зайтай байдаг.” /хэргийн 96 дахь тал/ гэх мэдүүлэг зэргээр хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр яаж үүссэн талаарх баримтат мэдээлэл хангалттай тусгагдсан, харилцан зөрүүгүй байх тул “...хохирогчийн эрүүл мэндэд учирсан дээрх хохирлууд нь дан ганц хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэх нь тодорхой бус, мөн хохирогчийн эрүүл мэндэд сээр нурууны дунд баруун хэсэгт 3 ширхэг оёдолтой шарх, баруун суганы доод хэсэгт 1 ширхэг оёдолтой шарх, баруун талд 10-р хавирга хугаралтай гэмтэл нь тус тус ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хохирогчийн дотор эрхтнийг гэмтээсэн шарх аль нь, тэр шарх нь ямар хүчин зүйлийн улмаас үүссэн” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

 

            10. Хэрэгт хохирогч Ш.С-ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар мэдээллүүд хэд хэдэн нотолгооны хэрэгсэлд тусгагдсан бөгөөд энэ талаар хохирогчийн мэдүүлэг /хэргийн 25 дахь тал/, өвчний түүх /хэргийн 43-54 дэх тал/, шинжээч эмчийн мэдүүлэг /хэргийн 96 дахь тал/ шинжээчийн дүгнэлт /хэргийн 55-56 дахь тал/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ. Түүнчлэн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн  220 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хохирогч Ш.С-ийн биед учирсан хүнд зэргийн гэмтлийн талаар яллагдагч маргаагүй,  хэрвээ шаардлагатай гэж үзвэл “хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар” тодруулах ажиллагааг шинжээчийг оролцуулан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байх тул “хохирогчийн биед учирсан гэмтэл нь тус тус ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хохирогчийн дотор эрхтнийг гэмтээсэн шарх аль нь, тэр шарх нь ямар хүчин зүйлийн улмаас үүссэн, хохирлын зэрэгтэй шалтгаант холбоотой эргэлзээгүй тогтоогоогүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

            Өөрөөр хэлбэл, тухайн  хавтаст хэргийн хувьд хохирогч Ш.С-ийн эрүүл мэндэд учирсан хохирол хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шинжээчийн дүгнэлт болон түүний мэдүүлгийн хүрээнд, мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

            11.  Шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаартай дүгнэлтээр  “1. Иргэн Ш.С-ийн биед сээр нурууны дунд баруун хэсэгт 3 ширхэг оёдолтой шарх, баруун суганы доод хэсэгт 1 ширхэг оёдолтой шарх, баруун уушгины пневмоторакс, баруун плеврит араараа шингэнтэй /гемоторакс/, баруун уушгины доод дэлбэнд няцралтай, баруун талд 10-р хавирга хугаралтай, шархны ойролцоо зөөлөн эдэд хавантай, нурууны ойролцоо баруун талд зөөлөн эдэд үргэлжилсэн урт нарийн хийтэй гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байх боломжтой. 3. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарах талаар мэдээлэл тусгагдсан,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрлэсний бүртгэлийн лавлагаар яллагдагч Т.Б-, хохирогч Ш.С- нар 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн талаар мэдээлэл тусгагдсан,

- хохирогч болон гэрч нарын мэдүүлгүүд зэрэг нотолгооны баримтуудаас  үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад хамаарах “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийн талаарх баримтат мэдээлэл тухайн хэргийн хувьд хангалттай бүрдсэн байхад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хохирогч Ш.С-ээс гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээг холбогдох хууль тогтоомжид зааснаар хийж, хэрэгт хавсаргахын тулд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль нэг заалтад нийцээгүй.

 

12. Иймд дээр дурдсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг зөрчсөн, хуульд заасан урьдчилсан нөхцөлүүдийг хангаагүй “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүргүүлж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.  

Яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, түүний хувийн байдлыг харгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн явагдах нөхцөлийг хангах, саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2, 14.5 дугаар зүйлд зааснаар урьд авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр нь хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/354 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүргүүлж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Яллагдагч Т.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                Ж.Отгонхишиг

 

                                   ШҮҮГЧ                                                 Д.КӨБЕШ