| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2513000000044 |
| Дугаар | 2025/ДШМ/28 |
| Огноо | 2025-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/28
Ж.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/343 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Ж.Б- нарт холбогдох эрүүгийн 2513000000044 дугаартай, 2 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, яллагдагч Ж.Б-, Б.Ш-, яллагдагч нарын өмгөөлөгч С.Алтай, хохирогчийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ердос, орчуулагч, хэлмэрч М.Нурасыл нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ********* төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ** хүнтэй, ********* хамт *********** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Ж.Б- /РД:БЗ***********/.
2. Монгол Улсын иргэн, яс үндэс *****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ******** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ** хүнтэй, ***** хамт *********** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Б.Ш- /РД:БЗ********/.
3. Холбогдсон хэргийн талаар:
3.1. Яллагдагч Ж.Б- 2024 оны 5 дугаар сарын 07-ны шөнийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар /Харасай/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Е-ын хашаан дотор түүнтэй урьд үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн хохирогч С.Е-ыг зодож, улмаар цээжний зүүн талд шалбарсан шарх, зүүн бугалгад цус хуралт, баруун эгэм орчим зулгаралттай гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
3.2. Яллагдагч Б.Ш-, Ж.Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр /Хөх хад/ багийн нутаг дэвсгэрт байх нүүрс зардаг газарт хохирогч С.Е-тай "... над руу дайрлаа..." гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа, түүний эрүүл мэндэд баруун гайморын хөндийд хана дагасан бага зэрэг агууламжтай, хамрын таславч мурийлт, баруун доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зүүн дээд зовхинд зулгаралттай гэмтлүүд болох хөнгөн хохирлыг бүлэглэж, санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
4. Прокурорын 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Ж.Б-ын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, Б.Ш-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/343 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалтыг удирдлага болгож, Ж.Б- нарт холбогдох эрүүгийн 2513000000044 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд:
5.1. Хохирогч С.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 05, 46 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 02, 98-99 дэх тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Ерболын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 362, 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 126 дугаартай дүгнэлт/1 дэх хавтаст хэргийн 12-13 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 14-15 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч С.Е- нь яллагдагч Ж.Б-, Б.Ш- нарт зодуулсан гэх үйл баримтын хүрээнд прокуророос яллагдагч Ж.Б-, Б.Ш- нарын үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх буюу бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн боловч яллагдагч Ж.Б-ын хохирогч С.Е-ыг хоёр удаа буюу 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, мөн 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус тус зодсон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “хоёр, түүнээс олон хүнийг” зодсон гэх хүндрүүлэх шинжийг агуулж байгаа эсэхийг нэмж шалгаж, хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох нь зүйтэй.
5.2. Мөн хохирогч С.Е- нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх болно” гэж мэдүүлсэн /2 дахь хавтаст хэргийн 98-99 дэх тал/ тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. “Шинжилгээний байгууллага ...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, ...-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж зааснаар хохирогч С.Е-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.
6. Прокурорын эсэргүүцэлд:
6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилж, эрх зүйн онолын ойлголт болон практикт уг гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний обьектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, халдлагын зүйлд хохирогчийн эрүүл мэндийг багтаасан ба тооны шинжээр зөвхөн нэг хохирогчтой байхаар зохицуулагдсан. Харин хоёр болон түүнээс дээш тооны хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт этгээдийн үйлдлийг уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг” гэж тус тус хуульчлан хохирогчийн тоо болон яллагдагчийн гэм буруутай үйлдлийг шинжийг тусгайлан зааж өгсөн.
6.2. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Ж.Б-ын хохирогч С.Е-ыг хоёр удаа буюу 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус тус зодсон гэх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийн “хоёр, түүнээс олон хүнийг” зодсон гэх хүндрүүлэх шинжийг агуулж байгаа эсэхийг нэмж шалгах шаардлагатай гэж анхан шатны шүүхээс үзэж, хуулийг буруу хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
6.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/343 дугаартай шүүгчийн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.
7. Яллагдагч нарын өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
7.1. Яллагдагч нарын хувьд Ногооннуур сумын 7 дугаар багт байдаг Хотгор уурхайд ажилладаг хүмүүс юм. Энэхүү хэрэг 2025 оны 01 дүгээр сард болсон. Хэрэг болсноос хойш ажил төрөл хийгээгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад хийхгүй байхыг хүссэн. Гэмт хэрэг гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн. Тэр хугацаанд сэтгэл санаанд учирсан хохиролд шинжээч томилуулах боломж байсан. Одоо яллагдагч нар ажил хийж хөдөлмөрлөөд ар гэрээ асран хамгаалахыг хүсэж байх тул хэргийг хурдан шийдвэрлэх сонирхолтой. Яллагдагч нарын эрх зүйн байдлыг доордуулж дахин нэмэлт ажиллагаа хийх шаардлага байхгүй. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байгаа.
8. Хохирогчийн өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
8.1. Миний хувьд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үгүйсгэх үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Олон хүнийг зодох эсвэл нэг хүнийг олон удаа зодохын нийгмийн хор аюулын хувьд ялгаагүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн болов уу гэж харж байна.
8.2. Гэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн хувьд ч гэсэн хэргийг хурдан хугацаанд шийдвэрлүүлэх сонирхолтой. Бид нарын зүгээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж нэмэлт ажиллагаа хийлгэх тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Тэгэхээр хууль хэрэглээний хувьд тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурьтай байгаа.
8.3. Сэтгэл санаанд учирсан хохирлыг шүүхийн шатанд ч гэсэн тохиролцож болно. Тэгэхээр яллагдагч нар хохиролтой холбоотой санал санаачилга гарган хохирогчтой эвлэрэх боломжтой. Гэхдээ одоогийн байдлаар тохиролцсон зүйл байхгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
9. Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид холбогдуулж гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хянаж үзээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй буюу Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарласан шүүгчийн захирамжийн 1 дэх үндэслэлийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг 3 үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж болох ба энэ нь (1) хэргийн бодит байдлыг тогтоох, (2) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим болон (3) мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг тус тус хангахад чиглэгдсэн байх шаардлагатай.
Гэтэл Ж.Б-, Б.Ш- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид тусгасан эхний үндэслэл нь хуулийн дээрх урьдчилсан нөхцөлүүдэд тохирохгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хуулийн зарим зохицуулалтыг шүүх буруу тайлбарласан нөхцөл байдал тогтоогдов.
11. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн эхний үндэслэлд “яллагдагч Ж.Б-, Б.Ш- нарт зодуулсан гэх үйл баримтын хүрээнд прокуророос яллагдагч Ж.Б-, Б.Ш- нарын үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх буюу бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн боловч яллагдагч Ж.Б-ын хохирогч С.Е-ыг хоёр удаа буюу 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, мөн 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус тус зодсон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн “хоёр, түүнээс олон хүнийг” зодсон гэх хүндрүүлэх шинжийг агуулж байгаа эсэхийг нэмж шалгаж, хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох нь зүйтэй” гэжээ.
12. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг” гэж хүндрүүлэх шинжийг хохирогчийн тоон үзүүлэлтээр тоочиж шууд, тодорхой заасан. Хоёр, түүнээс олон хүнийг гэдэгт нэгдмэл нэг санаа зорилгоор нэг цаг хугацаанд, эсхүл ямар нэг тодорхой цаг хугацааны дараа хоёр болон түүнээс олон хүнийг хохироосон байдлыг ойлгох бөгөөд шүүх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хуульд заасан нөхцөл шаардлагыг тодорхойлолгүйгээр яллагдагч Ж.Б-ын хохирогч С.Е-ыг тодорхой цаг хугацаанд 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ганцаараа, 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.Ш-тай бүлэглэж нэг хүнийг хоёр удаа зодож хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх шинжийг агуулж байгаа эсэхийг нэмж шалгах шаардлагатай гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул хүлээж авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцэх юм.
Иймд Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарласан буюу хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр заасан шүүгчийн захирамжийн нэг дэх үндэслэлийг хүчингүй болгож, бусад үндэслэлийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/343 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн хэргийг прокурорт буцаасан нэг дэх үндэслэл буюу захирамжийн Тодорхойлох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, бусад үндэслэлийг болон захирамжийн Захирамжлах хэсгийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.Отгонхишиг
ШҮҮГЧ Д.КӨБЕШ