Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 988

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 7 дугаар байрны ******* тоотод оршин суух Д.Л*******,

Хариуцагч: Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/03, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Л*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, Д.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Л*******, түүний өмгөөлөгч Б.Г******* нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2013 онд Засгийн газраас захиргааны төв байгууллагын дэргэдэх Санхүү эдийн засгийн мэргэжилтэн төрийн сангийн зарим ажлыг гүйцэтгүүлэх 1/13 тогтоол гарсан. Үүний дагуу яам тус бүрт шинээр батлагдсан орон тоон дээр 2 орон тоо нэмэгдэж, Сангийн яамнаас үүнтэй холбогдуулан сургалт зохион байгуулж, миний бие сургалтад хамрагдан, шалгалтыг нь өгч тэнцээд, 2013 оны 03 дугаар сараас эхлэн Гадаад харилцааны яаманд санхүүгийн хэлтэст мэргэжилтнээр орсон. Миний бие үр дүнгийн гэрээнд тусгасны дагуу 2014 оны 12 дугаар сард мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхээр АНУ-д суралцахаар явсан. Энэ хугацаанд Засгийн газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, орон тоо хасагдсан гэх шалтгаанаар намайг ажлаас чөлөөлсөн байсан. 

Миний бие 2015 онд Монгол Улсад ирээд удирдлагуудтай уулзаж, асуудлаа танилцуулсан боловч асуудлыг шийдээгүй. Улмаар миний бие Төрийн албаны зөвлөлд хандахад “ажилд нь буцааж ав” гэсэн бичгийг хүргүүлсэн боловч шийдвэрлээгүй тул шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүх 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хэргийг хэлэлцээд миний биеийг ажил албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэрийг гаргасан. Шийдвэр гарснаас хойш 7 сарын хугацаанд хүлээлгэж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, Гадаад харилцааны яамны төрийн сангийн гүйлгээ баталгаажуулах мэргэжилтэн, дипломат байгууллага гадаад харилцааны цалин хөлс нийгмийн даатгал, татварын тооцоо хариуцсан нягтлан бодогчийн ажилдаа буцаж томилогдсон. 

Ажлаа хийж гүйцэтгэж байгахад 2016 оны 08 дугаар сард мөн л Засгийн газраас 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 3 дугаар тогтоол гарч, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Зохион байгуулалтын нэгжийн орон тооны хязгаар батлах тухай” Б/04 дүгээр тушаалаар Гадаад харилцааны яамны ажиллагсдын орон тоог шинэчлэн баталсан. Улмаар Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар яамны бүх ажилчдыг ажлаас чөлөөлөн, мөн өдрөө “Ажилд томилох тухай” 05 дугаар тушаалаар яамны алба хаагчдыг эгүүлэн ажил, албан тушаалд нь томилсон. 

Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаар тушаалаар Д.Л*******г чөлөөлж, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Д.Л*******д тэтгэлэг олгох тухай” Б/19 дүгээр тушаалыг гаргасан. Энэ талаар Д.Л*******д мэдэгдээгүй бөгөөд тушаал гарснаас хойш 10 хоногийн дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төрийн захиргаа, удирдлагын газрын дэд захирал Ц.А******* нь орон тооны цомхтголоор ажлаас халсан гэсэн “Мэдэгдэх хуудас”-ыг, тэтгэлэг олгох тушаалын хамт гардуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн.  

Миний бие төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд “Орон тоо хасагдсан” гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн хууль бус шийдвэрийг хянуулахаар 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөл Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоогоод “Д.Л*******г өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангаж ажиллах”-ыг Төрийн нарийн бичгийн даргад даалгасан боловч Гадаад харилцааны яам дээрх шийдвэрийг үл хүндэтгэн, асуудлыг шийдвэрлэхгүй, төрийн албан хаагч намайг хохироосон хэвээр байна. 

Гадаад хэргийн яамны нэгжийн орон тоог батлах тухай А/51 тушаалаар 134 орон тоотой байхаар баталж, Төрийн захиргааны удирдлагын газар нь 22 орон тоотой, Санхүү, эдийн засгийн хэлтэс, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Гадаад харилцааны төв архив гэсэн 3 хэлтэстэйгээр ажиллаж байсан. Харин 2016 оны “Зохион байгуулалтын нэгжийн орон тооны хязгаар батлах тухай” Б/04 дүгээр тушаалаар 140 орон тоотой байхаар баталж, Төрийн захиргааны удирдлагын газар нь 27 орон тоотой, Хуулийн хэлтэс шинээр нэмэгдсэн боловч өмнө нь байсан Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь газар болон өргөжиж 5 орон тоотойгоор батлагдсан Энэ орон тоо, ажлын байранд өөрчлөлт ороогүй, харин ч орон тоо 5-аар нэмэгдсэн байхад хасагдсан, цөөрсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Миний хийж гүйцэтгэж байсан ажил, албан тушаалын орон тоо хасагдаагүй, одоо ч хэвээр үргэлжлэн гүйцэтгэгдэж байгаа бөгөөд миний оронд  Х.А******* ажиллаж байгаа болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. 

Нөгөөтээгүүр хариуцагч нь тайлбарлахдаа ажилласан жил, ажлын гүйцэтгэл, үр дүнгийн гэрээ зэргийг үнэлж, дүгнэсний үндсэн дээр эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээний хүрээнд чөлөөлсөн гэж байгаа боловч тушаалдаа энэ талаар дурдаагүй, гагцхүү орон тоо хасагдсан гэх мэдэгдлийг өгсөн атлаа одоо ажилласан жил, ажлын гүйцэтгэл, үр дүнгийн гэрээ зэргийг харгалзсан гэж байгаа нь үндэслэлгүй. 

Миний бие 2009 онд Төрийн албан хаагчийн шалгалтад тэнцэж, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч болсон. Ажилласан жилийг тооцохдоо улсад ажилласан жил, төрийн албанд ажилласан жил гэж авч үздэг байхад заавал Гадаад харилцааны яаманд ажилласан хугацааг харгалзан ялгаварлах шаардлагагүй гэж үзэж байна. Миний хувьд 29 жил, тус яаманд 3,9 жил ажилласан байхад 2.6 жил гэж буруу тооцсон.  Яаманд ажилласан хугацаагаараа үзэх юм бол миний бие Д.У*******тэй хамт орж байсан. 

Мөн үр дүнгийн гэрээг дүгнүүлсэн байдлыг харгалзан үзсэн гэж байна. Миний бие 2014 онд үр дүнгийн гэрээ байгуулаад гэрээнд тусгасны дагуу мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхээр АНУ сурахаар 2014 оны 12 дугаар сарын 4-нд явсан байсан. Гэрээг дүгнэж байх хугацаанд буюу 2014 оны 12 дугаар сарын 17-нд Миний бие Монгол Улсад байгаагүй, миний өмнөөс гарын үсгийг дуурайлган зурж, дүгнүүлсэн мэт баримтыг гаргаж өгсөн байна. Тухайн үед Д.Л******* нь сургалтад сууж байхад ажлаас чөлөөлсөн, сургалтад хамруулах тухай тушаалыг хүчингүй болгосныг 2015 оны 01 дүгээр сарын 04-нд мэдээд, сургалтаа дуусгалгүй буцаж ирсэн. Муу ажилласан гэж үзэхгүй байна, харин ч 2014 онд намайг ажлаа сайн хийж гүйцэтгэсэн гэж үзэж, яамнаас Ерөнхийлөгчийн тамгын газарт тодорхойлолт явуулж, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан. Тэгэхээр би ажлын үр дүнгээ муу ажилласан гэж үзэхгүй байна. 2015 онд ажиллаагүй учраас үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Хэрэв 2015 онд ажилласан бол хэр ажиллах байсан гэдгээ сайн мэдэхгүй байна. Миний 2014 оны үр дүнгийн гэрээг бусад хүний 2015 оны үр дүнгийн гэрээтэй харьцуулж байгаа нь ойлгомжгүй.  

Миний хийж гүйцэтгээгүй, ажиллаагүй хугацааны асуудлыг надад хамаатуулж, зөрчил дутагдал гаргаж байсан гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй. Д.Л*******г бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн атлаа чөлөөлсөн үндэслэлээс тэс өөр буюу ажлын үзүүлэлт, үр дүнгийн гэрээ зэргийг ярьж байгаа нь үндэслэлгүй. 

Д.Л*******г Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар орон тоо нь хасагдсан гээд ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг өгсөн боловч шүүх хуралдааны явцад цөөрсөн гэж тайлбарлаж байгаа боловч Д.Л*******гийн ажил, албан тушаалын орон тоо нь хасагдаагүй, харин ч нэмэгдсэн болох нь тодорхой байх бөгөөд хариуцагч нь орон тоо хасагдсан, цөөрсөн болохыг нотолсон баримтыг гаргаж өгч чадахгүй байна. 

Миний бие төрийн албанд тангараг өргөсөн 1987 оноос өнөөг хүртэл тасралтгүй 29 жил ажилласан бөгөөд ажиллах явцдаа ямар нэг алдаа дутагдал, ажлын гологдол гаргаж байгаагүй, өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу Монгол Улсын анхны мэргэшсэн нягтлан бодогч болж, ерөнхий нягтлан бодогч, Санхүүгийн хэлтсийн дарга зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байсан. 

2010 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж “Монгол Улсын шилдэг санхүүч”-ээр шалгарсан, Төрөөс миний ажлын үр дүн, хөдөлмөрийг үнэлэн “Санхүү, банкны тэргүүний ажилтан”, “Эдийн засгийн тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одон медаль, цол тэмдгээр шагнаж байсан.

Мөн Гадаад харилцааны яаманд ажиллах 2013, 2014 онуудад төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /үр дүнгийн гэрээний биелэлт/ журамд заасны дагуу дүгнүүлж “Хангалттай” гэсэн үнэлгээг авч ажиллаж ирсэн.

Өнөөдөр би ам бүл долуулаа амьдарч байна. 1 нас 7 сартай хүүхэдтэй байхдаа өмнө нь энэ ажлаас халагдаж байсан одоо хүүхэд маань 3 настай. Танил талгүй жирийн нэг төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халж байгааг шүүх шалгаж, хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, Н.А******* нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар эмхлэн байгуулагдаж, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Яамдын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 03 дугаар тогтоолоор Гадаад харилцааны яамны зохион байгуулалтын бүтцийг 13 газартай, орон тооны дээд хязгаарыг 142 ажилтантай байхаар тогтоосон. Уг тогтоолоор тус яамны Төрийн захиргааны удирдлагын газарт Хуулийн хэлтсийг шинээр байгуулсан.

Яамны нэр, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д заасны дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар Гадаад харилцааны яамны нийт албан хаагчдыг ажлаас чөлөөлж, Гадаад харилцааны яамны зохион байгуулалтын нэгж буюу газруудын орон тооны дээд хязгаарыг тогтоож, ажилд томилох ажлыг зохион байгуулсан. 

Үүний дараа Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/51 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцож, Төрийн захиргааны удирдлагын газарт Санхүү, эдийн засгийн хэлтэс, Хяналт шинжилгээ, дотоод аудитын хэлтэс, Гадаад харилцааны төв архивыг багтаан нийт 22 орон тоо баталсан байсныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар шинэчилж, Төрийн захиргааны удирдлагын газарт Хуулийн хэлтэс, Санхүү, эдийн засгийн хэлтэс, Гадаад харилцааны төв архивыг багтаан нийт 27 орон тоотой байхаар нэмж тогтоосон, гэхдээ Төрийн захиргааны удирдлагын газрын доторх хэлтэс, нэгжүүдийн орон тоог тус тусад нь заагаагүй.

Учир нь өмнө нь тус газрын орон тоог 22 байхаар баталсан боловч 26 орон тоотойгоор ажиллаж байсан бөгөөд Санхүү, эдийн засгийн хэлтэс нь 8 ажилтантай байсан. Иймээс Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/03 дугаар тушаалаар Санхүү, эдийн засгийн хэлтэст ажиллаж байсан 8 ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/05 дугаар тушаалаар тус хэлтэст өмнө нь ажиллаж байсан 6 ажилтныг буцааж томилсон. Нягтлан бодогчийн орон тоо цөөрсөн ч ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөөгүй тул ажлын орон тоо байна гэж шууд хэлж болохгүй, одоо 4 нягтлан бодогч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл шинээр Хуулийн хэлтэстэй болсон учраас Санхүү, эдийн засгийн хэлтсийн орон тоог 2-оор цөөрүүлсэн. 

Гадаад харилцааны яамны зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдэж, орон тоо хасагдсан нь Д.Л*******гээс үл хамаарах шалтгаантай гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн түүнд тэтгэлэг олгох тухай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дүгээр тушаал гарсан. Ингэхдээ ганц Д.Л*******г чөлөөлөөгүй. Дипломат албаны шалгалт өгөөгүй болон шаардлага хангаагүй АСЕМ-ийн үеэр ажилласан залуу 15 дипломатчийг хүртэл энэ орон тооны цомхтголд оруулсан. 

Иймд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны А/03, “Д.Л*******д тэтгэлэг олгох тухай” 2016 оны Б/19 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар ажлын хэсэг байгуулж сонгон шалгаруулалт хийнэ гэсэн хуулийн шаардлага байхгүй учраас яамны удирдлага хуульд заасан эрхийн хүрээнд Гадаад харилцааны яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн орон тоо цөөрсөнтэй холбогдуулан сонгон шалгаруулалт хийсэн. Ингэхдээ ажилласан жил, ажлын байран дээрх үр дүнгийн гэрээний үнэлгээ, гаргасан алдаа дутагдал зэргийг шалгуур болгож үзэхэд нэхэмжлэгч Д.Л******* нь тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтэст ажиллах хугацаандаа төрийн сангийн хяналт, нийгмийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт бичилт хийх ажлыг хариуцаж байсан бөгөөд өөрийн хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж, хугацаанд нь гүйцэтгэдэггүй, орхигдуулдаг байсны улмаас үр дүнгийн гэрээ нь хамгийн бага буюу “С” үнэлгээтэй, ажилласан жилийн хувьд 2.6 жил буюу хамгийн бага байсан. Өөрөөр хэлбэл түүний ажлын үр дүнг хэлтсийн бусад ажилчидтай харьцуулахад хангалтгүй байсан тул ажлын байранд тавигдах шаардлага, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж, үнэлүүлж байсан ажилтнуудыг тогтоосон орон тоонд багтаан буцаан томилсон. Д.Л******* нь үр дүнгийн гэрээг дүгнэхэд өөрөө байсан бөгөөд гарын үсгээ зурсан атлаа зураагүй гэж үндэслэлгүй худал тайлбар гаргаж байна.  

Түүний ажлын үр дүнгээс дурдвал: Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” шийдвэр гарсны дагуу Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын адилтгах албан тушаалын цалинг шинэчлэн тогтоож хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, дипломат цолны нэмэгдлийг бодож олгох ажлыг орхигдуулсан. Тодруулбал, тус тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын цалинг шинэчлэн тогтоож, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нөхөн мөрдөхөөр заасан. Уг тушаалын дагуу 46 дипломат төлөөлөгчийн газрын 295 ажилтны 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэлх 12 сарын цалингийн зөрүүг нөхөн тооцсон 292.3 сая төгрөгийн цалингийн зөрүүнээс 61.5 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, 23.0 сая төгрөгийн Хувь хүний орлогын албан татварыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгал болон Татварын хэлтэст 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг тухайн сар бүр нөхөн тайлагнах боломжгүй тул 2015 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд нэмж тайлагнасан.

Дипломат цолны нэмэгдлийг бодож олгохдоо Вена, Токио дахь Элчин сайдын яамны дипломат цолтой ажилтнуудын цолны нэмэгдэл 2014 оны 7 дугаар сар, Вена, Женев дахь Элчин сайдын яамны 8 дугаар сар, Женев, Токио дахь Элчин сайдын яамны ажилтнуудын 9 дүгээр сарын дипломат цолны нэмэгдлийг тооцон олгоогүй. 

Гадаад харилцааны яамны 17 ажилтны 2013-2015 онуудын, Дипломат төлөөлөгчийн газрын 140 ажилтны 2013-2016 онуудын нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийгээгүй, 

2014 онд Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тайланд оруулахаар өгсөн 106 ажилтны өргөдлийг шийдвэрлээгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн 31 нөхөн тайланг нягтлан бодогч Д.У******* гүйцээж байсан. 

2016 онд Жакарта дахь Элчин сайдын яамны 1 дүгээр сарын нийгмийн даатгалын тайлан, Женев дэх Элчин сайдын яамны 5 дугаар сарын нийгмийн даатгалын тайланг орхисныг нягтлан бодогч Ч.Ц******* нөхөн оруулсан. 

Нягтлан бодогчийн гүйцэтгэж байсан чиг үүрэг нь хэвээрээ байгаа ч орон тоо нь цөөрсөн тул түүнийг ажилд томилох боломжгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Л******* нь Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/03, 2016 оны 08 дугаар сарын 09-ний Б/19 дүгээр тушаалыг тус тус  хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Л******* нэхэмжлэлийн үндэслэлээ “... Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолоор яамдын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан бөгөөд Гадаад харилцааны яамны бүтэц, орон тоо нэмэгдсэн байхад хасагдсан гэж надад мэдэгдэл өгч ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна. Миний хийж гүйцэтгэж байсан ажил, албан тушаал одоо ч байгаа, орон тоо хасагдсан гэсэн нэрийдлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус ... ”  гэж тодорхойлж, маргажээ. 

Нэг: “Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Д.Л*******д тэтгэлэг олгох тухай” Б/19 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 364 дүгээр шийдвэрээр  Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/11 дүгээр тушаалын Д.Л*******д холбогдох хэсэг, мөн даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Д.Л*******г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчид давж заалдах журмаар гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Д.Л*******г мөн өдрөөс Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогчоор томилжээ .

Улмаар маргаан бүхий Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар Гадаад харилцааны яамны зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, орон тоо хасагдсан /цөөрсөн/ гэх үндэслэлээр Д.Л*******г 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, энэ талаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн нь хууль бус болжээ. 

Учир нь Засгийн газрын 2014 оны 382  дугаар тогтоолоор Гадаад хэргийн яамны орон тооны хязгаарыг 142 байхаар баталж, улмаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар Гадаад хэргийн яамны нэгжийн орон тоог батлахдаа Төрийн захиргааны удирдлагын газар нь 22 орон тоотой байхаар баталсан. 

Мөн Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоол  /хавсралт/-оор Гадаад харилцааны яамны орон тооны хязгаарыг 142 байхаар баталж, улмаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Гадаад хэргийн яамны зохион байгуулалтын нэгжийн орон тооны хязгаарыг батлахдаа Төрийн захиргааны удирдлагын газар нь 27 орон тоотой байхаар тогтоосон байна. 

Дээрхээс үзвэл Гадаад харилцааны яам болон Төрийн захиргааны удирдлагын газрын орон тоо хасагдаагүй, харин ч 5 орон тоогоор нэмэгдсэн, Д.Л*******гийн эрхэлж байсан ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/51, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаал , Гадаад хэргийн яамны цалин, төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт , 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12/552 , 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 08/5715  тоот албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд хариуцагчийн “шинэ бүтэц зохион байгуулалтаар Төрийн захиргааны удирдлагын газарт Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбоотойгоор бүх яаманд хуулийн хэлтэс нэгжийг шинээр баталсан тул Санхүү, эдийн засгийн хэлтсийн орон тоог 2-оор цөөрүүлсэн...” гэх тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий тушаалынхаа нэг үндэслэлийг “Гадаад харилцааны яамны зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, орон тоо нь хасагдсан” гэж маргаж байх боловч маргаан бүхий тушаалыг гарахаас өмнө яамны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлаагүй, харин 2016 оны Б/03 дугаар тушаалаар алба хаагчид /Д.Л*******г/-ыг үүрэгт ажлаас чөлөөлсний дараа Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/04 дүгээр тушаалаар яамны зохион байгуулалтын нэгжийн орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан байх тул уг тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхгүй.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдах учиртай.

Түүнчлэн Захиргааны байгууллага нь Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлээр тогтоосон журам, үндэслэлийг баримтлах ёстой бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан “төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар чөлөөлөх, төрийн албанаас чөлөөлөгдөх” аль ч үндэслэл бүрдээгүй буюу орон тоо нь хасагдаагүй байхад түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “ ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2-т “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” 24.1.3-т “өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж заасныг болон төрийн жинхэнэ албан хаагчийн “төрийн албанаас халагдахгүй байх” нөхцөл баталгааг зөрчсөн байна. 

Хариуцагч маргаан бүхий Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Д.Л*******д тэтгэлэг олгох тухай” Б/19 дүгээр тушаалаар “орон тоо нь хасагдсан” гэх үндэслэлийг гол үндэслэлээ болгосон байх боловч албан тушаал /ажлын байрны орон тоо/ нь хасагдаагүй, цөөрөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг байгууллагаас олгохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар нэхэмжлэгчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах хуулийн зохицуулалттай байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч Д.Л*******г Гадаад харилцааны яамны Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогчийн ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон” төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа”-г зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн  нь тогтоогдож байх тул Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаар тушаалын Д.Л*******д холбогдох хэсэг, уг тушаалыг үндэслэн гарсан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Д.Л*******д тэтгэлэг олгох тухай” Б/19 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгон, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Хоёр: “Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь нэхэмжлэгч Д.Л*******г үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Л*******д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа хүртэл буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 3 сар 20 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.688.138 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Д.Л*******гийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй байна.  

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Л*******гийн нэхэмжлэлийг бүхэлд хангаж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаар тушаалын Д.Л*******д холбогдох хэсэг, мөн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Д.Л*******д тэтгэлэг олгох тухай” Б/19 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Л*******г Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Л*******гийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа хүртэл буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 3 сар 20 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.688.138 /дөрвөн сая зургаан зуун наян найман мянга нэг зуун гучин найм/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Л*******д олгож, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Д.Л*******гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн  орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Л*******д олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.БАТСҮРЭН