Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2018/0398

 

 “Э А Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0274 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З-ын давж заалдах гомдлоор, “Э А Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0274 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг баримтлан “Э А Э” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн “Э А Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Э А Э” ХХК-ийн NE-025459 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “Э А Э” ХХК нь Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн сумдын нутгийн Хүрмэн нэг нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З давж заалдах гомдолдоо:  “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0274 дугаартай шийдвэрийг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан  мэдэгдлийг хүлээн  авмагц тухайн  талбай байрших сум, дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөерсөн гэж үзнэ" гэж заасан. Манай компанийн гаргасан өргөдлийн дагуу Ашигт малтмалын газар 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргад санал авахаар албан бичиг явуулсан байдаг. Өмнөговь аймгийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 3 дугаартай саналыг гаргаж (ХХ-42) тухайн санал нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр (ХХ-40) Ашигт малтмалын газарт ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын санал хуульд заасан 30 хоногоор хоцорч ирсэн тохиолдолд зөвшөөрсөнд тооцож тусгай зөвшөөрлийг олгох зохицуулалттай. Гэтэл Ашигт малтмалын газар хуульд заасан хугацааг хэтрүүлж ирсэн саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зөрчсөн. Аймгийн Засаг даргын санал болон иргэдийн Төлөөлгчдийн Хурлын шийдвэрийг хянах бүрэн эрхийг хуулиар тусгайлан олгоогүй тул тухайн саналыг үндэслэн  захиргааны байгууллага шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн байна (шийдвэрийн 8 дах тал) гэж дүгнэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.16-д "цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх" гэж заасан. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газар буюу төрийн захиргааны байгууллага байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д зааса"хуульд үндэслэх", 4.2.5-д заасан "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчмууд үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл аливаа төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хуульд үндэслэсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Өөрөөр хэлбэл Кадастрын дарга манай өргөдөлд татгалзсан хариу өгч байгаа бол тэр татгалзал нь үнэхээр татгалзах нөхцөл байдал бүхий, үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл Дорнод аймгийн Засаг даргын санал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй санал байхад түүнийг шууд үндэслэн шийдвэр гаргах нь Кадастрын даргын өөрийнх нь шийдвэр "хуульд үндэслээгүй, бодит нөхцөл байдалтайгаа тохироогүй, үндэслэл бүхий биш" шийдвэр болж байна. Иймээс Кадастрын дарга өөрийнхөө шийдвэрийг хуульд үндэслэсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр байлгахын тулд аймгийн Засаг даргын шийдвэрийг заавал хянах үүрэгтэй. Энэхүү үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2-оор үүрэг болгосон. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар"-т Засаг даргын шийдвэр үндэслэл бүхий юу үгүй юу гэдгийг хянаж байхаар оруулсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2-д "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэж заасан. Өөрөөр хэлбэл өөрийнх нь шийдвэрийн үндэслэл болох Засаг даргын санал нь хуульд нийцэж байна уу үгүй юу гэдгийг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх эрх хэмжээг Захиргааны ерөнхий хууль олгосон. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар"-ын ''Дөрөв" дүгээр хэсгийн 4.5-д "Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй "Дэмжээгүй" санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, ...төслийг боловсруулж хяналтын хуудаст тэмдэглэгээ хийнэ" гэж заасан байдаг. Эдгээрээс харахад Төрийн захиргааны байгууллага эцсийн шийдвэр гаргадаг, тиймээс шийдвэр нь үндэслэл бүхий, бодит нөхцөл байдалд тохирсон, хуульд үндэслэсэн байхын тулд Засаг даргын санал хуульд нийцсэн эсэхийг мөн хянаж байж шийдвэрээ гаргах ёстой байсан. Шүүхийн шийдвэрийн 8-р талын хамгийн доод догол мөрнөөс шүүх Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-нд өөрчлөлт орж 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт байхгүй болсон тул шүүхээс даалгах, түрүүлж өргөдөл гаргасан эрх зүйн харилцаа байгааг тогтоох нь хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалттай нийцэхгүй гэж дүгнээд нэхэмжлэлийг хангахаас татгалзсан байна. Гэтэл манай "Э А Э" ХХК 2015 онд буюу хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох тухай Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр байх үед өргөдөл гаргасан. Энэхүү өргөдлийг шийдвэрлэх ажиллагаа төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдрийг хүрсэн бөгөөд Кадастрын даргын шийдвэр гарснаас хойш шат шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль тогтоогч хуульд өөрчлөлт оруулсан. Нэгэнт энэ нь нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, мөн шүүхээр хэргийг шийдэх явцад хуульд өөрчлөлт орсон нь иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хохироох үндэслэл болохгүй. Ер нь зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гэлтгүй ямар ч өргөдөл гаргасан бай шийдвэр эцэслэгдээгүй байхад эсхүл маргаад хүчингүй болох үед гэнэт хууль өөрчлөгдөөд тухайн иргэнд өргөдлийг нь шийдэхгүй гэж үзэх нь иргэн Монгол Улсын төрд итгэх ямар ч итгэлгүй болно. Ийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж орж ирсэн. Энэхүү зарчмын гол агуулга нь иргэний эрх зүйн байдал хожим сөрөг байдлаар өөрчлөгдсөн ч тухайн өөрчлөлт иргэнд нөлөөлөхгүй гэсэн утгатай. Иймд нэгэнт манай компанийн буруутай үйлдэл байхгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой гэж итгэж өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн "итгэлийг хамгаалж" нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ёстой бөгөөд Кадастрын хэлтэс өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх үүрэгтэй. Хайгуулын тусгай зөвшөөрөл нь хөрөнгө гэж тооцогдож, үнэлэгддэг тул итгэл хамгаалах зарчмыг хэрэглэх боломжтой. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0274 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Э А Э” ХХК нь Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн сумдын нутаг Хүрмэн нэг нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хүлээн авч, зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийсний үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас санал авахаар албан бичиг хүргүүлэхэд Өмнөговь аймгийн Засаг даргаас 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэж татгалзсан хариу ирүүлсэн тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, “...өргөдлийн талбай нь хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай давхцаагүй байхад Засаг дарга хуулийн үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд хариуцагчаас тухайн саналын хууль зүйн үндэслэлийг хянан шалгаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ёстой байсан, манай компани 2015 онд буюу хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгодог байсан Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр байх үед өргөдөл гаргасан ба төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хугацаа алдаж, улмаар энэ хугацаанд хуульд өөрчлөлт орсон, иймд тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах эрхтэй этгээд мөн, ...манай компанийн буруутай үйлдэл байхгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой гэж итгэж өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн "итгэлийг хамгаалж Кадастрын хэлтэс өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх үүрэгтэй. Хайгуулын тусгай зөвшөөрөл нь хөрөнгө гэж тооцогдож, үнэлэгддэг тул итгэл хамгаалах зарчмыг хэрэглэх боломжтой” гэж маргасан байх бөгөөд анхан шатны шүүхээс “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад Засаг даргын санал болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хянах бүрэн эрхийг хуулиар тухайлан олгоогүй тул тухайн саналыг үндэслэн захиргааны байгууллага татгалзсан шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн, ... нэхэмжлэгчийн 2015 оны өргөдлийг үндэслэж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг шүүхээс даалгах, түрүүлж өргөдөл гаргасан эрх зүйн харилцаа байгааг тогтоох нь хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтад нийцэхгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Учир нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...” гэснээс үзвэл хэрэв Засаг дарга “дэмжихгүй” санал өгвөл хариуцагч тусгай зөвшөөрөл олгох боломжгүй бөгөөд Засаг даргын татгалзсан санал нь хуульд нийцсэн эсэхийг тухайн аймгийн Засаг дарга өөрөө хариуцаж тайлбарлахаас бус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, үнэлж, дүгнэх эрхийг хуулиар олгоогүй.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 120/ШШ2018/0002 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3 тоот "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг хүчингүй болгож, “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 73 тоот саналын “Э А Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Хүрмэн нэг нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Аймгийн Засаг даргын “дэмжихгүй” санал хүчингүй болсон нь шууд “дэмжсэн” санал гаргасантай адил нөхцөл байдлыг үүсгэхгүй төдийгүй дээрх шүүхийн шийдвэрээр “дэмжсэн санал” гаргахыг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон тус аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрхийг сэргээх, нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохыг даалгах үр дагавар үүсгэхгүй юм.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад Засаг даргын саналыг хянах бүрэн эрхийг хуулиар тухайлан олгоогүй, Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...аймгийн Засаг даргын санал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй санал байхад түүнийг шууд үндэслэн шийдвэр гаргах нь Кадастрын хэлтсийн даргын өөрийнх нь шийдвэр "хуульд үндэслээгүй, бодит нөхцөл байдалтайгаа тохироогүй, үндэслэл бүхий биш шийдвэр болсон...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох, 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулагдаж, 19 дүгээр зүйл бүхэлдээ хүчингүй болж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд олгох хуулийн зохицуулалт хүчингүй болж, хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгох зарчим үйлчилж эхэлсэн учраас хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэх эрх зүйн харилцааг шүүхээс тогтоох боломжгүй, өргөдөл гаргасан этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хууль зүйн үндэслэлгүй болсон тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

4. Нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсон тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагавар үүсэх учиртай бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч “Э А Э” ХХК-д анхнаасаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй байсан тул хууль ёсны итгэл хамгаалагдсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...хайгуулын тусгай зөвшөөрөл нь хөрөнгө гэж тооцогдож, үнэлэгддэг тул итгэл хамгаалах зарчмыг хэрэглэх боломжтой” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0274 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                

             ШҮҮГЧ                                                                          Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН