Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 160

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй,

СС-ад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:          Ч.Тунгалаг

Шүүгчид:                       Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

                                       Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:              П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: СС-ын Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/574 дүгээр албан бичгийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилох тушаал гаргахыг СС-ад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг СС-аас гаргуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0870 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 82 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Гүлжан нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0870 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.3, Засгийн газрын 183 дугаар зүйлийн 3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус заасныг баримтлан Н.Э-оос СС-ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим шаардлагыг хангаж, СС-ын Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/574 дүгээр албан бичгийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Н.Э-ыг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилох тушаал гаргахыг, Н.Э-ын 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртлэх нийт 17 сар, 4 хоногийн цалин 25,925,553 төгрөгөөс мөн хугацааны холбогдох татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг суутган тооцож нэхэмжлэгчид олгохыг СС- Ч.Хүрэлбаатарт даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 82 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 870 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Гаалийн тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.3, Засгийн газрын хуулийн 183 дугаар зүйлийн 3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т...” гэснийг “Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.4, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 61 дүгээр зүйлийн 61.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхболд, К.Гүлжан нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхболд, К.Гүлжан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт “Гаалийн ерөнхий газрын даргаас нэхэмжлэгчийг дэд даргад томилуулах саналыг 2018 оны 2 сард СС-ад хүргүүлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан ч анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед дээрх заалтуудыг өөрчлөн найруулсан буюу СС- агентлагийн дэд даргыг томилох зохицуулалт мөрдөгдсөн байна” гэсэн нь дараах үндэслэлээр хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

4. 2017 онд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /2017 оны 04 сарын 07/, давж заалдах шатны шүүхийн магадлал /2017 оны 7 сарын 6/ гарах үед Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэд даргын томилгоотой холбоотой асуудлыг Гаалийн тухай болон Засгийн газрын тухай хуулиар зохицуулж байсан. Гаалийн тухай 2671.4 дэх хэсгээр дэд даргыг “гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын санал”-ыг үндэслэн Засгийн газар томилохоор заасан бол Засгийн газрын тухай хуулийн 183.3 дахь хэсгээр “төрийн албаны төв байгууллагын дүгнэлт”-ийг харгалзан Монгол Улсын сайд томилохоор 2 өөр байдлаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, аль ч хуулийг баримталсан ч гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэд даргыг томилохын тулд урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой буюу “гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын санал” эсхүл “төрийн албаны төв байгууллагын дүгнэлт” гарсан байх шаардлагатай юм.

5. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Гаалийн тухай хуулийг баримтлан шийдвэр гарсан буюу “гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын саналыг үндэслэн дэд даргыг томилох” шийдвэр гарсан. Эдгээр 2 хуулийн дээрх хэсгүүдийг 82 дугаар магадлалд дурдсанчлан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гаргах үед бус харин шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулсан байх ба 2019 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Иймд, магадлалд “шүүхийн шийдвэр гарах үед СС- агентлагийн дэд даргыг томилох зохицуулалт мөрдөгдсөн байна” гэсэн нь үндэслэлгүй юм.

6. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 870 дугаар шийдвэрт “албан бичгийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож” гэсэн буюу томилоогүй нь хууль бус харин албан бичгийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоосон. Мөн 82 дугаар магадлалд СС-аас “ямар нэг шийдвэр гаргаагүй тул одоогийн хүчин төгөлдөр хуулиар түүний эс үйлдэхүйг хууль бус гэж үзнэ” гэжээ.

7. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэжээ. Иймд, СС- нь үйлдэхүй хийх үүрэгтэй боловч энэ нь тухайн этгээдийг заавал томилох үйлдэхүй хийх үүрэг биш гэж үзэж байна. Үүнийг магадлалд “Магадгүй 2019 оны 1 дүгээр сарын 1-ээс өмнө хариуцагчаас тухайн үед өмнөх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Гаалийн тухай хуулийн хүрээнд одоогийн давж заалдах гомдолд дурдсанчлан “эрх хэмжээгүй” гэдгээр томилох саналыг буцаах, эсхүл Засгийн газарт уламжлах боломжтой байсан ч энэ талаар ямар нэг шийдвэр гаргаагүй...” гэснээс харж болохоор байна.

8. Мөн магадлалд “Н.Э- 1957 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болох нь иргэний үнэмлэхээр тогтоогдох тул хуульд зааснаар түүнд тэтгэвэр тогтоолгох эрх хэдий үүсчээ” гэж дүгнэсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалтад тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болно гэж заасан. Харин хуулийн 46.3 дахь хэсэг буюу төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртэл ажиллах хүсэлт гаргах эрх нь нэгэнт төрийн албанд ажиллаж байгаа хүнд хамаарах заалт тул нэхэмжлэгчийг төрийн албанд дахин томилох боломжгүй юм. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтад “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс сул орон тоог нөхнө” гэж заасан. Мөн хуулийн 3.1.4 дэх заалтад “сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгоно” гэж тус тус заасан бөгөөд Төрийн албаны тухай хууль 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тухай үед гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэд даргаар Ё.Бат-Эрдэнэ ажиллаж байсан учраас тухай орон тоог сул орон тоо гэж үзэн дахин шалгаруулах боломжгүй байсан тул СС-аас эс үйлдэхүй гаргаагүй.

9. Иймд, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэгч Н.Э СС-ад холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/574 тоот албан бичгийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилох тушаал гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “шүүхийн шийдвэр гарсан байхад намайг ажилд томилохгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэж, хариуцагчаас “шүүхээс Гаалийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй байгааг тогтоосон болохоос СС-ын эс үйлдэхүйг тогтоогоогүй, албан тушаалд томилох бус санал болгохыг даалгасан, хууль зөрчсөн эс үйлдэхүй байхгүй” гэж тус тус маргажээ.

12. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0317 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0499 дүгээр магадлалаар Н.Э-ын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын дарга, СС-, Засгийн газарт тус тус холбогдох, “СС-ын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах санал хүргүүлээгүй Гаалийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Н.Э-ыг томилуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах, Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаал бууруулахгүйгээр дүйцэхүйц өөр ажил албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байжээ.

13. Улмаар Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/574 тоот албан бичгээр “шүүхийн шийдвэрээр Н.Э-ыг Гаалийн ерөнхий газрын дэд даргад санал болгохыг үүрэг болгосон” гэх үндэслэлээр Н.Э-ыг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах саналыг СС-ад хүргүүлсэн байна.

14. Гаалийн тухай хуулийн 267 дугаар зүйлийн 2671.4-т “Гаалийн удирдах төв байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байна. Агентлагийн дэд даргыг хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд Гаалийн ерөнхий газрын дэд даргыг Монгол Улсын сайд томилох ба эрхэлсэн асуудлын хүрээнд СС- томилох чиг үүрэгтэй байна. Иймээс хариуцагчийн “заавал томилох үүрэггүй” тухай гомдол үндэслэлгүй.

15. Гэвч нэхэмжлэгчийн “Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилохыг даалгах” шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол төрийн албанаас чөлөөлөгдөнө” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална” гэж заасан, нэхэмжлэгчийн тухайд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 60 нас хүрсэн байх тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн заалтаар маргаан бүхий албан тушаалд шууд томилохыг даалгах хууль зүйн боломжгүй юм.

16. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, нэхэмжлэгч Н.Э-ыг үргэлжлүүлж төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах эсэхийг томилох эрх бүхий этгээд шийдвэрлэх ба шүүх уг эрхэд халдан нэхэмжлэгчийг дэд даргаар томилохыг даалгах боломжгүй, захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал байна.

17. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 587 дугаар тогтоолын дагуу Гаалийн ерөнхий газрын даргын хууль бус эс үйлдэхүй хүртэлх цаг хугацааны буюу 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчид олгосон, энэ цаг хугацаанаас хойшхи нэхэмжлэгчийн “цалин гаргуулах” тухай шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй, учир нь нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр цалин олгох үүргийг захиргааны байгууллага хүлээхгүй юм.

18. Харин нэхэмжлэгчийн “өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зөрчигдсөн, ажилд томилсон, чөлөөлсөн тушаал өгөхгүй, 1 удаагийн тэтгэмжээ авч чадахгүй хохирч байгаа” тухай тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь шүүхийн шийдвэрийн дагуу захиргааны байгууллагаас цалин хөлс гаргуулснаар нэхэмжлэгчийг төрийн албанд ажиллаж байснаар тооцох ба өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсмэгц тус эрхийг эдлэх эрх сэргэх тул Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж зааснаар холбогдох шийдвэр гаргах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд хэрвээ холбогдох шийдвэрийг гаргахгүй бол шүүхэд хандах замаар эрхээ сэргээлгэх бүрэн боломжтой болохыг тэмдэглэв.

19. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0870 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 82 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2-т заасныг баримтлан “СС-ын Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/574 дүгээр албан бичгийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилох тушаал гаргахыг СС-ад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг СС-аас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ч.ТУНГАЛАГ

                      ШҮҮГЧ                                                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ