Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 689

 

Ц.Дулмаад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнгөнсүх,

ялтан Ц.Дулмаа, түүний өмгөөлөгч Н.Саранчимэг, Ч.Энхбаяр, Г.Батбаяр,

хохирогч Т.Батцогт,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Дулмаа, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр, Г.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Дулмаад холбогдох 201625020567 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ончууд овгийн Цэднээгийн Дулмаа, 1966 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 41-2058 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УУ66011448/,

 

Ц.Дулмаа нь 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг ТВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Т.Батцогт нь “...миний хүүхдийг хүн зааж өгч зодуулдаг, шалгасан мөрдөн байцаагчаа шоголдог. Т.Батцогтын хийж чадах ажил энэ гэдгийг баттай хэлж чадна...” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Ц.Дулмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Ончууд овогт Цэндээгийн Дулмааг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар Ц.Дулмааг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солих болохыг анхааруулж,

шүүгдэгч Ц.Дулмаа нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг, 2 хуудас захиа зэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж шийдвэрлэжээ.

 

Ялтан Ц.Дулмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав гээд “байцаагчаа шоглосон гэж хэлсэн гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэгт “шоглоод байна” гэсэн үгийг оруулж гүтгэсэн гэжээ. Шоглоод байна гэдэг нь юу гэсэн үг вэ, “шоглоод” гэдэг нь шоолох юм уу , тоглох юм уу, эсхүл бага зэрэг танхайрах юм уу, эсхүл энд тэндээс нь хасан тайрах гэсэн үг юм уу... юу гэсэн утга санааг илэрхийлээд гүтгэсэн болгоод байгаа нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн бусдыг гүтгэх гэсэн зүйл заалтыг шалгахад хэлсэн үг нь өөрөө ойлгомжгүй, шууд утгаараа илэрхийлдэг боломжгүй, шууд утгаараа илэрхийлэгдэх боломжгүй бол хэл шинжлэлийн шинжээч томилох ёстой. Шоглох гэдэг үгний утга ойлгомжгүй байна. Бичлэгийг сайн сонсвол шоглоод биш “солиод” гэсэн үг сонсогдох юм. Анхан шатны хурал дээр ч тэгэж хэлсэн байдаг. Тэгэхээр шоглоод гэдэг нь шүүх гүтгэсэн гэж байгаа бол бичлэгийг сонсохоор “солиод” гэж сонсогдож байгаа ба “солиод” гэж хэлсэн бол энэ нь гүтгэлэгт орох эсэх нь эргэлзээтэй. Мөрдөн байцаагч, прокурор, шүүгч “шоглоод” гэдэг бол гүтгэсэн гэж тогтоосон байх ба “солиод” гэдэг үг гүтгэлэгт орох эсэхийг тогтоогоогүй байна. Зодуулсан гэж гүтгэсэн гэжээ. Гэрчүүд болох Алдараа, Лида, Энхмаа нар миний охин Цэрэнлхагвагийг зодуулж байхыг харснаа гэрчлэхээр цагдаагийн газар удаа дараа очиж байсан. Цэрэнлхагва ч гэсэн зодуулсан талаараа хэлэхээр очиж байсан. Мөрдөн байцаагч Санчир нь эдгээр гэрчийг асуух талаар арга хэмжээ аваагүй бөгөөд “...би завгүй байна” гэдэг байсан. Зодуулсан гэх хүнийг ямар зорилгоор асуугаагүй, нэр бүхий Алдараа, Лида, Энхмаа нарыг гэрчээр асуулгах хүсэлтэй байгааг прокурор хангаагүй, шүүх анзаараагүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэргийн оролцогч баримт сэлт гаргаж өгөх, хүсэлт гаргах эрхтэй ба үүнээс өөрөөр өөрийгөө хамгаалах боломж байхгүй юм байна. Шүүх хууль бус аргаар цуглуулсан нотлох баримтыг үнэлсэн. Шүүх хуулийн өмнө хэрэгтэй танилцахад намайг халсан гэх тушаал огт байгаагүй. Ийм тушаал хэрэгт авагдаагүй буюу мөрдөн байцаагч цуглуулаагүй гэсэн үг. Гэтэл шүүх хурал дээр улсын яллагч намайг ажлаас халсан тушаалыг уншсан бөгөөд би болон миний өмгөөлөгч гайхаж хэзээ хаанаас гарагсан, хэн хэрэгт хавсаргасан талаар асуугаад энэ нь тогтоогдоогүй. Би халагдсан тушаал гэж ийм юм байдаг гэдгийг шүүх хурал дээр л анх олж үзсэн ба одоо олж аваад захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах болно. Тушаал дээрхи гарын үсэг зурсан Баасансүрэнтэй ярихад “гарын үсэг зураагүй” гэсэн ба би баталгаажуулаад авчихсан байгаа. Шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлэн өгвөл харицалга тооцох хууль байдаг ба энэ хуурамч тушаалыг дахин шалгуулах шаардлага үүсч байна. Иймд зодуулсан гэх үйлдэл нь гэрчээр бүрэн нотлогдох боломжтой. “Шоглоод” гэдэг нь юу гэсэн болох нь тодорхойгүй, солиод гэдэг нь гүтгэлэг мөн эсэх нь эргэлзээтэй хууль бус аргаар цуглуулсан, хуурамч нотлох баримтыг үнэлсэн байх тул 89 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож мөрдөн байцаалтанд буцаалгаж дээрхи 4 зүйлийг шалгуулан тогтоож өгнө үү” гэв.

 

Ялтан Ц.Дулмаагийн өмгөөлөгч Ч.Энхбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дулмаа нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн хурлын даргын ажлыг эрхэлж байсан бөгөед өөрийн хариуцаж байсан ажлаа хуулийн дагуу явуулахыг эрмэлзэн ажиллаж байсан. Гэтэл түүний хорооны дүүргийн иргэдийн төлөөлөгч Батцогт нь өөрийн танил тал найз нөхдөө ажиллуулж төрийн ажлыг найз нөхдийн хүрээнд явуулах болсон. Дулмаа нь үүнийг эсэргүүцэн дүүргийн зохих албаны хүмүүс болон нийслэлийн засаг дарга, нийслэлийн иргэдийн хурлын дарга нарт гомдол гаргасан боловч түүний гомдлыг аль ч шатанд шийдвэрлэж өгөөгүй байдаг. Иймээс Дулмаа нь аргаа ядахдаа ТВ-9 телевизэд ярилцлага өгсөн байна. Ингэхдээ бусдын нэр хүндийг гутаан доромжилж гүтгэх санаа агуулаагүй байдаг. Өөрийн хийж гүйцэтгэх ажлыг хууль ёсны дагуу явуулахын тулд телевизэд ярилцлага өгсөн. Иймд Ц.Дулмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Ялтан Ц.Дулмаагийн өмгөөлөгч Г.Батбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн 89 тоот тогтоолыг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмыг зөрчсөн нотлох баримтыг дутуу үнэлсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд.

            1. Хэрэгт авагдсан гол нотлох баримт гэх бичлэгийн эхлэл, төгсгөл хэсгийг хооронд цэг тавин нэгтгэн холбож тайлбарласнаас өгүүлбэр зүйн утга алдагдсан байгааг шүүх анхаарч үзээгүй нь нотлох баримтыг дутуу үнэлсэн байгааг харуулж байна. Хүүхэд зодуулсан...энэ бүхний ард Батцогт байгаа гэх өгүүлбэрүүд нь хоорондоо ямар нэгэн уялдаа холбоогүй өөр өөр үйл явдлын утгыг агуулж байгааг шүүх анхаарч үзээгүй.

            2. Улсын дээд шүүхийн гүтгэх гэмт хэргийг тайлбарласан тайлбарт “...тухайн мэдээ нь хүний нэр төр алдар хүндийг гутаахаар боловч бодит байдлаар тухайн хүний зан төлөв, үйл ажиллагаанд илэрсэн бол гүтгэлэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй.” гэж заасан байхад үүнийг шүүх зөрчин хуулийг буруу хэрэглэн тайлбарласан.

            3. Мөн байцаагч яллагдагчаар татсан мэдүүлгийг авахдаа тухайн мэдүүлгийг өөрөө зохион бичсэн. Энэ тухай Дулмаа нь байцаагчид хэлэхэд “...та энэ мэдүүлэгт гарын үсэг зурчихаа. энэ хэрэг одоо дууссан. Хохирогч Батцогтоос уучлалт гуйгаад л бүх зүйл дуусаж хэрэг хаагдана." гэж хуурч мэхлэн яллагдагчаар байцаасан мэдүүлэгт гарын үсэг зуруулан дараа түүнийгээ Дулмаагийн эсрэг нотлох баримт болгон ашигласан. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 10.4, 16.2, 36.4, 92.4 дэхь хэсгийг зөрчсөн байгааг харуулж байна.

            4. Гүтгэлгийг андуу ташаа, алдаатай дүгнэлт хийснээс болж тараасан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж бусад хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээлгэж хохирогчоос уучлалт хүсэхийг үүрэг болгож болохыг хуулиар тайлбарлан Улсын Дээд шүүхээс шүүхэд үүрэг болгосон байхад шүүх анхаарч үзээгүй. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн 89 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

            Ялтан Ц.Дулмаагийн өмгөөлөгч Н.Саранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд зааснаар шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлэх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Ц.Дулмаа нь өөрөө бусдад зодуулж, хохирсон байхад цагдаагийн байгууллага үүнийг бүрэн шалгаагүй. Хохирогч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаад байхад прокурор хэт нэг талыг барьж хохирогчийн хүсэлтийг нь хангалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс анхан шатны шүүх Ц.Дулмаагийн хувийн байдал, гомдол гаргах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэлгүйгээр зөвхөн мэдээллийн хэрэгслэлээр ярилцлага өгсөн байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Ц.Дулмаа нь тус ярилцлагаар “солисон” гэж хэлсэн юм уу эсхүл “шоглосон” гэж хэлсэн үү гэдгийг хэл шинжээчийн дүгнэлтээр тогтоох хэрэгтэй. Хэрэг мөрдөн байцаалтад байхад энэ талаар дүгнэлт гаргуулахаар удаа дараа Хэл шинжлэлийн хүрээлэнд хандаж, албан тоот явуулж байсан боловч энэ талаар дүгнэлт гараагүй байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэт нэг талыг барьсан, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзэж байна” гэв.

 

            Хохирогч Т.Батцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр ТВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр миний нэр хүндэд халдсан. Тухайн нэвтрүүлгийг миний найз нөхөд, ажлын газрын хүмүүс, иргэд, төрсөн эх минь үзээд “чи яагаад эмэгтэй хүнийг ийм хүнд байдалд оруулсан юм бэ” гэж шүүмжлэх байдлаар хандсан. Би тухайн үед нэвтрүүлгийг үзээгүй байсан тул хүмүүсийн шүүмжлэлийг сонсоод нэврүүлгийг ухрааж үзэхэд Ц.Дулмаагийн ярьсан асуудлуудад миний гаргасан үйлдэл, оролцоо нэг ч байгаагүй. Тиймээс Ц.Дулмаа нь олон нийтийн хэрэгслэлээр миний нэр төрд халдсан гэж үзээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Мөрдөн байцаагчид “хэрвээ Ц.Дулмаа надаас уучлалт гуйвал би гомдлоосоо татгалзана” гэж хэлж байсан боловч Ц.Дулмаа нь надаас уучлалт гуйгаагүй” гэв.

 

            Прокурор С.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх саналтай байна. Давж заалдах гомдолд Ц.Дулмааг шоглосон эсхүл сольсон гэж хэлсэн эсэхийг хэл шинжлэлийн мэргэжилтнээр дүгнэлт гаргуулах ёстой байсан гэж байна. Мөрдөн байцаалтын шатанд Хэл шинжлэлийн хүрээлэнд энэ талаар хандаж, албан тоот явуулахад “манай байгууллага дүгнэлт гаргахаа больсон” гэх хариу ирүүлсэн. Шоглосон, сольсон гэх үгэнд ялгаа байгаа эсэхийг, Т.Батцогт нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг солих эрх бүхий субъект мөн эсэхийг анхаарах хэрэгтэй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дүрс бичлэгийг 2 удаа үзсэн. Эхний удаа сонсоод “шоглосон” гэж хэлсэн байна гэж яригдсан боловч шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “сольсон гэж хэлсэн юм биш үү? дахин сонсъё” гэж хүсэлт гаргаснаар дахин сонсоход “шоглосон” гэж хэлсэн болох нь тогтоогдсон. Мөн давж заалдах гомдолд “мөрдөн байцаагчид гэрч нараас мэдүүлэг авах хүсэлт гаргасан боловч хүсэлт хүлээж аваагүй, мөрдөн байцаагч надад худал хэлж, хуурч гарын үсэг зуруулсан” гэсэн байна. Ц.Дулмаа сэжигтэнээр өгсөн мэдүүлэгтээ “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн боловч яллагдагчаас мэдүүлэг өгөхдөө өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн. Мөрдөн байцаагч хуурч Ц.Дулмаагийн гарын үсгийг зуруулж авсан асуудал мөрдөн байцаалтын шат, прокурорын хяналтын шат болон анхан шатны шүүх хуралдаанд огт яригдаж байгаагүй. Сиди дээр бичлэг бүрэн эхээрээ байгаа. ТВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэгт Ц.Дулмаа захидал бичсэний дагуу сурвалжлагч ирж ярилцлага авахад “...эдгээр бүх ажлыг Т.Батцогт зохион байгуулж, намайг дарамталж, ажил хийх боломжгүй болгож байна. Үр хүүхдийг минь хүн явуулж зодуулж байна. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахаар мөрдөн байцаагчийг нь шоголчихоод байна. Үүнийг Т.Батцогт хийсэн гэдгийг би баттай хэлж байна” гэж хэлсэн байдаг. Сэтгүүлч С.Пүрэвжаргал гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Ц.Дулмаа гэх хүн эхлээд надтай уулзсан. Би хүсэлтээ өгчих гэж хэлээд хүсэлтийг нь авчихаад очиж амжихгүй нилээд хугацаа өнгөрүүлсэн. Гэтэл дахин манай нэвтрүүлэгт захидал явуулсан тул болсон үйл явдлыг сурвалжлах зорилгоор ярилцлага авсан. Ц.Дулмаатай ярилцлага хийхээд бичлэг дээр дурдагдсан асуудлуудыг л ярьсан” гэсэн байдаг. Тиймээс сэтгүүлчийг хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзэх үндэслэлгүй. Иргэдийн нийтийн хурал дээр иргэд “Ц.Дулмаа ажилаа хийхгүй байна, огцоруулъя” гэх санал гарч, маргаад зодоон болсон болох нь тогтоогдсон боловч Ц.Дулмаагийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Энэ талаар Ц.Дулмаа Нийслэлийн прокурор, Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй” гэх хариу өгсөн байдаг. Т.Батцогт нь хорооны Засаг даргын орлогч Ц.Дулмаатай ямар ч холбоогүй. Хорооны Засаг дарга нь Батдэлгэр гэх хүн байдаг. Ц.Дулмаа нь Батдэлгэртэй үл ойлголцолд хүрч, ажил нь бүтэхгүй байсан тул Батдэлгэр нь Ц.Дулмааг ажлаа хийх боломжгүй гэх дүгнэлт гаргаж Ц.Дулмааг үүрэгт ажилаас нь чөлөөлсөн. Энэ талаар Ц.Дулмаа зохих байгууллагад гомдол, хүсэлт гаргасан боловч хүсэлтийг нь хангаагүй байдаг. Ц.Дулмаа нь засаг дарга Батдэлгэрийг Т.Батцогтын хүн гэж хийсвэрээр сэтгэж бодоод Т.Батцогтыг гүтгэж ярилцлага өгсөн. Тиймээс давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Ц.Дулмаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу бөгөөд дараахь байдлуудыг мөрдөн байцаалтын шатанд дахин тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Үүнд:

           

            Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан СД бүхий 28 минут 15 секундын  дүрс бичлэг бүхий хохирогч Т.Батцогтыг гүтгэсэн гэх ярилцлагад шүүгдэгч Т.Дулмаа нь чухам юу гэж хэлсэн, түүний хэлсэн зүйлсээс чухам аль хэсэг нь хохирогч Т.Батцогттой холбоотой эсэх, Ц.Дулмаагийн ярьсан зүйл Т.Батцогтын нэр төр алдар хүндийг гутаах зорилготой байсан эсэх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд заасан “ бусдыг гүтгэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан сэдэлт, санаа зорилго, үйлдэл буй эсэхийг шалгах, ТВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн бичлэг нь телевизийн ямар сувгаар, хэдэн удаагийн давтамжтай, хэрхэн хаана цацагдсан болохыг тогтоож, тодруулах шаардлагатай байна.

            Иймээс ялтан Ц.Дулмаагийн гаргасан "...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөх"-ийг хүссэн давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Дулмаад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн шүүхээр дамжуулан тус дүүргийн прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Ц.Дулмаад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                             Ц.ОЧ