Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00367

 

                                                   Б.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/01024 дүгээр шийдвэр,                                        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 285 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Б.Чулуунбаатар

Хариуцагч : С.Оюунчимэг

Нэхэмжлэлийн шаардлага : 13.734.000 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Баасанбат, хариуцагч С.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Н.Дашдулам, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Чулуунбаатар нь С.Оюунчимэгтэй 2015.9.08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан 7 сая төгрөг зээлдүүлсэн. 2016.3.08-ны өдрөөс хойшхи хүүг 6 хувиар тооцож 3.234.000 төгрөг, хариуцагч зээлийн төлбөрөө 2016.3.08-ны өдрөөс 2016.10.25-ны өдөр хүртэлх төлбөр төлөөгүй тул уг өдрөөс хойш гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцоход алданги хэт өндөр гарч байсан тул зээлийн үндсэн төлбөр 7 сая төгрөгийн 50 хувиар бодож алданги 3.500.000 төгрөг нийт 13.734.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие уг зээлийг Б.Чулуунбаатараас өөрөө аваагүй. 2014.10.07-ны өдөр миний хүү Нямдаваа нь Б.Чулуунбаатартай зээлийн гэрээ байгуулан 12 сая төгрөг зээлснээс үлдэгдэл төлбөр 7 сая төгрөг дээр С.Оюунчимэгтэй 2015.9.08-ны өдөр нөхөж зээлийн гэрээ байгуулан сар бүр 420.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Би Сандэй худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг бөгөөд эдийн засгийн хямралтай байгаа тул наймаа муу болсноор зээлийн гэрээний үүргээ төлөх боломжгүй болсон. Би лангуугаа өөр хүнд түрээслээд өөрөө Мишээл экспод лангуун дээр сууж байхад Б.Чулуунбаатар эхнэрийн хамт ирж надаас 480.000 төгрөгийн хөнжил, гудас авсан байхад нэхэмжлэлээс хасаагүй байна. Мөн 2016.7.03-ны өдөр би 800.000 төгрөгийн хүү шилжүүлснийг мөн тооцоогүй байна. Би зээлийн гэрээ байгуулснаас хойш Б.Чулуунбаатарын Хаан банкны данс руу 4.560.000 төгрөг, Капитрон банканд 8.590.000 төгрөг нийт 13.150.000 төгрөг төлснөөс 2015.7.01-ний өдөр төлсөн 800.000 төгрөгийг зээлийн гэрээний үүргээс хасаж тооцоогүй байна. Би Б.Чулуунбаатарт эгчийнх нь орлого муу байна түр хүлээгээд хүүгээ багасгах боломж байна уу гэж хэлж байсан боловч хариу өгөөгүй.Б.Чулуунбаатарт би нийт 14.430.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/01024 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан С.Оюунчимэгээс 9.045.000 төгрөгийг гаргуулан Б.Чулуунбаатарт олгож, нэхэмжлэлээс 4.633.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 249.950 төгрөг төлсөнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 159.670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 285 дугаартай магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ 2014 оны зээлийн гэрээг шилжүүлэн байгуулсан Иргэний хуулийн 282.4 заасныг зөрчөөгүй, шаардах эрхтэй байна. Давж заалдах шатны шүүх хянахдаа “шинэ гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна” гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд 2015.9.08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч надад 7 сая төгрөгийг бэлэн болон, дансаар хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Хууль зүйн үүднээсээ ч шинэ зээлийн гэрээ гэсэн ойлголт байхгүй, гэрээний сунгалт гэсэн ойлголт байх ба шүүхүүд намайг төлөх ёстой гэж үзэж байгааг би ойлгохгүй байна. 2.  Баримтын тухайд гэвэл хэрэгт миний гарын үсэгтэй зээлийн гэрээ болон төлбөр төлж байсан баримт байгаа боловч тухайн зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгч намайг хууль зүйн мэдлэгүйг далимдуулан, эх хүний нандин сэтгэлийг ашиглаж  өдөр шөнөгүй дарамтад оруулсан тул би гарын үсэг зурсан, гарын үсэг зурлаа гээд мөнгө хүлээн авсан гэсэн үг биш, мөн үүргийг хүлээн зөвшөөрсөн гэсэн ойлголт биш гэж би бодож байна. Тухайн үед би гарын үсэг зурахдаа миний хүү энэ хүнд ийм хэмжээний өглөгтэй юм байна энэ өглөгийг нь надаар төлүүлэх гэж байгаа юм байна, энэ саналтай нь танилцлаа, мэдлээ гэсэн утгаар гарын үсэг зурсан. Төлбөр төлж байсан баримтын хувьд би банканд очиж тушаасан учир миний гарын үсэг байгаа нь үнэн   боловч төлбөрийг хүлээн зөвшөөрөөд төлсөн гэсэн үг биш, тухайн үед миний хүү мөнгөө надад өгөөд би тушаадаг байсан. Хүү минь хэлэхдээ энэ хүний данс руу энэ мөнгийг хийчээрээ гэж хэлдэг байсан. Б.Чулуунбаатарт хангалттай мөнгө төлсөн. Одоо надад Б.Чулуунбаатарт төлөх мөнгө байхгүй. 3. Анхан шатны шүүх хурлын үед нэхэмжилсэн мөнгөө нэмсэн бөгөөд тухайн үед би тус мөнгийг аваагүй учраас шүүх үнэн зөвөөр нь тогтоогоод өгөх байх гэж бодоод хурлаа үргэлжлүүлсэн. Иймд тус хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Б.Чулуунбаатар нь С.Оюунчимэгээс 13.734.000 төгрөг гаргуулахыг шаардахдаа “...өмнө өгсөн зээлийн дүнг тооцоход 7 сая төгрөг үлдсэн тул 7 сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 0.5 хувиар алданги тооцох заалттай зээлийн гэрээг 2015.9.08-ны өдөр байгуулсан ...зээл төлөгдөөгүй ...иймд үндсэн зээл 7 сая төгрөг,  хүү 3.234.000 төгрөг, алданги 3.500.000 төгрөг болно...” гэсэн үндэслэл заасан байна.  Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-г баримтлан 9.045.000 төгрөг гаргуулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

 Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигчид нь 2014 оны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр дээр 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 7.000.000 төгрөг гэж тогтоон гэрээ байгуулсан нь нотлогдсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ  Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Б.Чулуунбаатар, С.Оюунчимэг нар зээлийн гэрээ байгуулсан мөн гэрээний үнийн дүн нь өмнөх зээлийн үндсэн төлбөр болохыг хариуцагч зөвшөөрсөн тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй.   

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.7-д зээлдэгч хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/01024 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 285 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 159.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ