Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 740

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Т.Отгонтөгс /томилолтоор/,

Шүүгдэгч ...нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...-д холбогдох 1808025080809 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, монтёр мэргэжилтэй, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д монтёр ажилтай, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их наран ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн товч агуулга:

...нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо ...тоотод “хохирогч Т....цонх хагалсны мөнгөө өгөх гээд ирэхэд түүнийг нь авахгүй хэмээн” уурлаж улмааар хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр  зодож эрүүл мэндэд нь “баруун зулайн хуйханд цус хуралт, баруун бугалганы ар дээд хэсэгт, баруун гуяны баруун доод гадна хэсэгт, баруун шилбэний урд дунд хэсэгт, баруун шилбэний ар дунд хэсэгт, зүүн өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1.Хохирогч Т....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018.05.13-ны өглөө 09 цагийн орчимд ажилдаа явах замдаа ...ын гэрт очиж 100.000 төгрөг өгөх байсан тэр мөнгөнөөсөө жоохон доош нь татчихаач гэж гуйх гээд очтол үгийн зөрүүгүй чи яах гэж энүүгээр үзэгдээд байгаа юм гичий минь гээд намайг зодсон. Манай дүү Отгоо дундуур орж салгаад намайг аваад явсан. ...Шилбэрүү 2 удаа өшиглөж, цээж рүү 2 удаа цохисон. Түлхэж унагаасан. ...” гэх мэдүүлэг /хх 6-7 х/,

 

            2.Шүүгдэгч Г....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018.05.13-ны өглөө амарч байтал гэрийн хаалга нүдээд байхаар нь очоод тайлтал ...согтуу байсан. Манай гэрлүү орно гээд үүдний бариулаас чангаагаад байхаар нь үүдээ хүчтэй саваад хаатал ...довжоон дээрээс унасан. Тэгээд би өрөөндөө орж хувцсаа өмстөл ...гэрт ороод ирсэн. Тэгээд ...өмнө нь манай гэрийн цонхыг хагалаад хагалсан шилний мөнгө болох 60.000 төгрөг өгөөд салья гэхээр нь би наад мөнгө чинь надад одоо хэрэггүй гэтэл намайг хэл амаар доромжлоод байхаар нь 2 мөрнөөс нь бариад хашаанаасаа гаргасан. ...газраас чулуу аваад надруу шидтэл тэр чулуу нь шон оночихсон, тэгэхээр нь би машиных нь үүдийг онгойлгоод хүчээр суулгасан, машинд дүү нь явъя эгчээ гээд байсан. Тэр үед эхнэр хараад уурлаж гарч ирээд чи эмэгтэй хүн байж хар өглөөгүүр айл хэсээд ичих нүүр байна уу? гээд цагдаа дуудчихая гэсэн чинь яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 30-33 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3.Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...8 цагийн орчимд эгчтэйгээ хамтдаа ...ын гэрт нь очсон. Тэгтэл ...а гарч ирээд ...эгчийг зодсон, би машинаас буугаад салгаж аваад гэрт нь аваачсан. ...Шалтгааныг нь мэдээгүй. Эгч орж мөнгө өгчихөөд гараад ирье гээд орсон чинь зодоон болоод эхэлсэн. Намайг харж байхад эгчийг багалзуурдаад газар унагаад өшиглөөд байсан. Би гүйж очиж босгоод аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 12-13 х/,

 

4.Гэрч Р....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018.05.13-ны өдөр 06 цагийн орчимд гэртээ амарч байтал манай хаалгыг нүдээд байхаар нь цонхоор хартал ...ирчихсэн байсан. Хаалгаа онгойлгоод яах гэж байгаан гэтэл ...та нар одоо цагдаагаа дуудаад бариулаач ... хаана байна гээд орилохоор нь би чи зүгээр яваа гээд хашаандаа үлдээгээд гэрлүү орчихсон. ...хаалга нүдээд цонх нүдээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн, тэгсэн чинь ... таксинд суугаад яваад өгсөн. Тэгсэн удалгүй цагдаа залгаад очиж байна гэхээр нь би яваад өгчихлөө гээд цагдаад өгсөн дуудлагаа буцаасан. ...” гэх мэдүүлэг /хх 10-11 х/,

 

5.Шинжээчийн 6363 тоот дүгнэлт

            1.Т....ийн биед баруун зулайн хуйханд цус хуралт, баруун бугалганы ар дээд хэсэгт, баруун гуяны баруун доод гадна хэсэгт, баруун шилбэний урд дунд хэсэгт, баруун шилбэний ар дунд хэсэгт, зүүн өвдөгний доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 19 х/,

 

6.Г....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40 х/

7.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50 х/

8. Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 42 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

...нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо ...тоотод “хохирогч Т....цонх хагалсны мөнгөө өгөх гээд ирэхэд түүнийг нь авахгүй хэмээн” уурлаж улмааар хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр  зодож эрүүл мэндэд нь “баруун зулайн хуйханд цус хуралт, баруун бугалганы ар дээд хэсэгт, баруун гуяны баруун доод гадна хэсэгт, баруун шилбэний урд дунд хэсэгт, баруун шилбэний ар дунд хэсэгт, зүүн өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Т....ийн “......ын гэрт очиж 100.000 төгрөг өгөх байсан тэр мөнгөнөөсөө жоохон доош нь татчихаач гэж гуйх гэж очтол үгийн зөрүүгүй чи яах гэж энүүгээр үзэгдээд байгаа юм гичий минь гээд намайг зодсон. Манай дүү Отгоо дундуур орж салгаад намайг аваад явсан. ...Шилбэрүү 2 удаа өшиглөж, цээж рүү 2 удаа цохисон. Түлхэж унагаасан. ...” гэх мэдүүлэг /хх 6-7 х/,

Шүүгдэгч Г....ын “......өмнө нь манай гэрийн цонхыг хагалаад хагалсан шилний мөнгө болох 60.000 төгрөг өгөөд салья гэхээр нь би наад мөнгө чинь надад одоо хэрэггүй гэтэл намайг хэл амаар доромжлоод байхаар нь 2 мөрнөөс нь бариад хашаанаасаа гаргасан. ...” гэх мэдүүлэг /хх 30-33 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Д....ын “...8 цагийн орчимд эгчтэйгээ хамтдаа ...ын гэрт нь очсон. Тэгтэл ...а гарч ирээд ...эгчийг зодсон, би машинаас буугаад салгаад яваад гэрт нь аваачсан. ...Шалтгааныг нь мэдээгүй. Эгч орж мөнгө өгчихөөд гараад ирье гээд орсон чинь зодоон болоод эхэлсэн. Намайг харж байхад эгчийг багалзуурдаад газар унагаад өшиглөөд байсан. Би гүйж очиж босгоод аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 12-13 х/,

Шинжээчийн 6363 тоот дүгнэлт

            1.Т....ийн биед баруун зулайн хуйханд цус хуралт, баруун бугалганы ар дээд хэсэгт, баруун гуяны баруун доод гадна хэсэгт, баруун шилбэний урд дунд хэсэгт, баруун шилбэний ар дунд хэсэгт, зүүн өвдөгний доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 19 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:

...нь Т....ийг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол Т....ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Г....ыг зодсоноос үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 19 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

 

Шүүгдэгч ...өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. ...хуулиар тогтоосон насанд хүрсэн болно.    

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч Т....эмчилгээний зардал нэхэмжлэнэ гэсэн боловч баримт гаргаж өгөөгүй тул Г....аас энэ тогтоолоор гаргуулах хохирол, төлбөр байхгүй, харин хохирогч эмчилгээний зардлын нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

 

             Г....ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн хор уршгийн хувьд их биш зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Боржигон овогт Ганхүүгийн ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г....ыг 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Г....а-д үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г....а-д мэдэгдсүгэй.

  5.Г....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч эмчилгээний зардлын нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г....а-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ