Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/29

 

Х.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/332 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Х.Н-, Х.Б-, Х.А-, С.К- нарт холбогдох эрүүгийн 2413000000387 дугаартай, 4 хавтастай хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, яллагдагч Х.Н-, Х.Б-, С.К-, Х.А-, яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Асланбек /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ****** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл-** хүнтэй, ******** хамт ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Х.Б-, /РД: БЭ*********/

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ******** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-** хүнтэй, ********* хамт ********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Х.Н-, /РД: БЭ**********/;

 

3. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********* төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, ****** ажилтай, ам бүл-** хүнтэй, ******* хамт ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овогт Х.А-, /РД: БЮ********/;

 

4. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр **** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ****** мэргэжилтэй, “Ш” ХХК-д менежер ажилтай, ам бүл-** хүнтэй, ********* хамт ****** тоотод оршин оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, И овогт С.К-, /РД: ПЭ************/

 

5. Холбогдсон хэргийн талаар:

5.1. Яллагдагч Х.Б- нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт Монгол Ардын намаас нэр дэвшихдээ Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” 47.1.1. “мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх” гэж заасныг зөрчиж, иргэн Х.А-, өөрийн төрсөн ах Х.Н- нартай хамтран оролцож, сонгуулийн сурталчилгаа хийж, сонгогчдын саналыг өөртөө авах зорилгоор “М” гэх нэртэй багт орж ажилласан гэх,

********* тоотод оршин суух хаягтай, иргэн С.Ж-т түүний хашааны гадна 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн орчимд,

*********** тоотод оршин суух хаягтай, иргэн Х.А-д түүний байшин дотор 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн орчимд,

************ тоотод оршин суух хаягтай, иргэн Б.Ж-ны байшин дотор түүнд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үеэр тус бүр бэлнээр 200,000 төгрөгийг өөрөө өгсөн,

Мөн *************** тоотод оршин суух хаягтай, иргэн А.Н-д тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын сонгуулийн штабын байранд 2024 оны 9 дүгээр сарын сүүлчээр бэлнээр 200,000 төгрөгийг,

**************** тоотод оршин суух хаягтай, иргэн Х.З-д тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын сонгуулийн штабын байранд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 200,000 төгрөгийг,

************** тоотод оршин суух хаягтай, иргэн     Б.Б-ийн байшин дотор түүнд 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд бэлнээр 200,000 төгрөгийг,

**************** тоотод оршин суух хаягтай, иргэн Б.А-д тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын сонгуулийн штабын байранд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үеэр бэлнээр 300,000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн ах Х.Н-аар дамжуулан өгсөн, түүнчлэн нэр бүхий 7 иргэнд бэлэн мөнгө тараасан, уг үйлдлийг сонгогчийн саналыг мөнгөөр татаж иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад учруулж үйлдсэн,

 

5.2. Яллагдагч Х.Н- нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт Монгол Ардын намаас нэр дэвшигч өөрийн төрсөн дүү Х.Б-ыг дэмжиж Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 47.1.1. “мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх” гэж заасныг зөрчиж, иргэн Х.А-, нэр дэвшигч өөрийн төрсөн дүү болох Х.Б- нартай хамтран оролцож, сонгуулийн сурталчилгаа хийж, сонгогчдын саналыг Х.Б-ад өгүүлэх зорилгоор “М” гэх нэртэй багт орж ажилласан гэх,

********** оршин суух хаягтай, иргэн А.Н-д тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын сонгуулийн штабын байранд 2024 оны 9 дүгээр сарын сүүлчээр бэлнээр 200,000 төгрөгийг,

********* тоотод оршин суух хаягтай, иргэн Х.З-д тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын сонгуулийн штабын байранд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 200,000 төгрөгийг,

***********тоотод оршин суух хаягтай, иргэн Б.Б-ийн байшин дотор түүнд 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд бэлнээр 200,000 төгрөгийг,

****************** тоотод оршин суух хаягтай, иргэн Б.А-д тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын сонгуулийн штабын байранд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үеэр бэлнээр 300,000 төгрөгийг тус тус өгсөн, түүнчлэн нэр бүхий 4 иргэнд бэлэн мөнгө тараасан, уг үйлдлийг сонгогчийн саналыг мөнгөөр татаж, иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад учруулж үйлдсэн,

 

5.3. Яллагдагч Х.А- нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт Монгол Ардын намаас нэр дэвшигч Х.Б-ыг дэмжиж Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 47.1.1. “мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх” гэж заасныг зөрчиж, сонгуулийн сурталчилгаа хийж, сонгогчдын саналыг нэр дэвшигч Х.Б-ад өгүүлэх зорилгоор “М” гэх нэртэй багт орж, мөнгө авч ажиллах саналыг нэр дэвшигч Х.Б-ын өмнөөс иргэн Х.З, А.Н нарт тавьж, “М” багт оруулан тухайн нэр бүхий 2 иргэнд бэлэн мөнгө тараахад нэр дэвшигч Х.Б-, иргэн Х.Н- нартай хамтран оролцсон, түүнчлэн уг үйлдлийг сонгогчийн саналыг мөнгөөр татаж, иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад учруулж үйлдсэн,

 

5.4. Яллагдагч С.К- нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр **********багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.А-ийн өмчлөлийн **** БӨТ улсын дугаартай “Ниссан Дуалис” загварын тээврийн хэрэгслийн цонхны шилийг чулуу шидэн хууль бусаар устгаж, гэмтээн хохирогч Т.А-т 400,000 төгрөгийн хохирол учруулан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

6. Прокурорын 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Х.Н-, Х.Б-, Х.А- нарын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтаар,  С.К-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

 

7. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн  2025/ШЗ/332 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалтыг удирдлага болгож, Х.Н- нарт холбогдох эрүүгийн 2413000000387 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд: 

7.1. Яллагдагч Х.Б-, Х.Н- нарын өмгөөлөгч С.Асланбекийн “...прокурор анхнаасаа гэмт хэргийн бүрэлдэхүүнийг ижил төсөөтэй зөрчлийн шинжээс ялгаагүй, хууль зүйн фактад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй буюу дараах нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх замаар зүйлчлэлийн асуудлыг тодруулах буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нотолбол зохих байдал” огт тодорхой биш байна. Учир нь аль, ямар гэмт хэргийг хэн үйлдсэн; гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр; гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ; гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг огт тодруулаагүй” гэх хүсэлт,

7.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Таньж олуулах, мөрдөгч хүн, мал, амьтан, цогцос, эд зүйл, тодорхой газар, орон байрыг гэрч, хохирогч, яллагдагчаар таньж олуулж болно” гэж заасан ажиллагааг хийх ёстой байсан. Яллагдагч буюу миний үйлчлүүлэгч Х.Б- мэдүүлэгтээ хэлсэнчлэн, түүнээс мөнгө авсан гэх гэрчүүд болох А, Ж, Жа гэх хүмүүсийг огт танихгүй, харж байгаагүй хүмүүс гэдэг. Өөрөөр хэлбэл, өөрийг нь надад ирээд биечлэн мөнгө өгсөн гэх гэрчүүдийг миний үйлчлүүлэгч амьдралдаа харж байгаагүй, огт мэдэхгүй, уулзаж байгаагүй хүмүүс байдаг. Тэгэхээр энэ байдлыг нотлуулах, зөрүүг арилгах зорилгоор үнэхээр эдгээр гэрчүүд Х.Б-аас мөнгө авсан эсэхийг таньж олуулах ажиллагаагаар нотлуулах боломжтой. Яагаад гэвэл 1-рт миний үйлчлүүлэгч эдгээр хүмүүсийг огт танихгүй гэдэг, 2-рт гэрчүүдийн хувийн байдлыг харахаар нэлээн настай хүмүүс ч байдаг, мөн сонгууль учир олон хүн сурталчилгаа хийж орж гардаг, хүн андуурч бас мэднэ. Иймээс таньж олуулах ажиллагаагаар эдгээр гэрчүүдэд мөнгө өгсөн гэх хүн Х.Б- мөн эсэхийг тодруулах шаардлагатай байна” гэх хүсэлт,

7.3. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нүүрэлдүүлж мэдүүлэг авах: Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж заасны дагуу мэдүүлэг авах ёстой байсан. Хэрвээ үнэхээр гэрчүүдийн мэдүүлгээр өөрт нь мөнгө өгсөн гэх хүмүүс Х.Б-ыг зааж, эргэлзэхгүй байвал нүүрэлдүүлж мэдүүлэг авхуулах ажиллагааг хийх ёстой” гэх хүсэлт,

7.4. “Хавтаст хэрэгт өгсөн гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах” гэх хүсэлт,

7.5. Яллагдагч Х.А-ын өмгөөлөгч А.Серикжаны “...хавтаст хэргийн 180 дугаар талд байгаа Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 98 дугаартай, Цагдаагийн газарт хаяглагдсан бичгийн хавсралтын 10 дугаар талд мөн Б- гэдэг нэр дурдагдсан боловч энэ нь Уатханы Б- нэртэй хүн байна. Харин Б.Б- гэх өөр нэг хүний мэдүүлэг хавтаст хэргийн 196 дугаар талд тэмдэглэгдсэн байна. Иймд иргэн Н яг аль Б-ийн талаар мэдүүлсэн нь тодорхойгүй тул түүнээс дахин мэдүүлэг авах” гэх,

7.6. Яллагдагч С.К-ын үйлдлийг тусгаарлаж шийдвэрлэх” гэх,

7.7. Яллах дүгнэлтийн бүтэц, агуулга нь ойлгомжгүй, нотлох баримтыг яллагдагч тус бүрээр хэрхэн холбосныг тодорхой бичээгүй, нэгтгэсэн байдлаар дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй тул, яллах дүгнэлтийг дахин үйлдэж, яллагдагч нарт танилцуулж ирүүлэх” гэх хүсэлтүүдийг тус тус хангаж шийдвэрлэлээ.

 

8. Прокурорын эсэргүүцэлд:  

8.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Тус хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ” мөн хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;”, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж тус тус заасан. Гэтэл шүүгчийн захирамжид дурдсан хоёр өмгөөлөгчөөс гаргасан гэх нийт 7 үндэслэл бүхий хүсэлтүүдээс “тодорхойлох” нь хэсгийн 13 /гэрч А.Н-ээс н.Б-ийн талаар дахин мэдүүлэг авах/, 14 /Яллагдагч С.К-ын хэргийг тусгаарлах/ дахь заалтад зааснаас бусад 5 үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй, тэдгээрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна. Учир нь хяналтын прокуророос хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэн яллагдагч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна хэмээн үзэж, хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх түүнийг үгүйсгэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хэд дэх хэсэгт заасан ямар ижил төсөөтэй зөрчлөөс яллагдагч нарын үйлдлийг ялгах ёстой гэж үзэж байгаа нь тодорхой бус байна.

8.2. Мөн шүүхээс өмгөөлөгч С.Асланбекийн яллагдагч гэрчүүдийг танихгүй, тэд нар нь нэлээн настай, сонгуульд олон хүн сурталчилгаа хийдэг гэх хийсвэр дүгнэлтээс өөр ямар үндэслэл бүхий эргэлзээ, нотлох баримтад тулгуурлан яллагдагч Х.Б-ыг таньж олуулах, гэрчүүдтэй нүүрэлдүүлж мэдүүлэг авах хэрэгцээ, шаардлага үүссэнийг захирамждаа тодорхой дурдаагүй, цаашид хэн хэний мэдүүлэг хэрхэн ямар байдлаар зөрсөн учир уг мэдүүлгүүдийн зөрүүг арилгах ёстой болох нь ойлгомжгүй байна. Хяналтын прокуророос үйлдсэн 73 дугаартай яллах дүгнэлтийг үзвэл хуулийн шаардлага хангасан байх бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт бас тодорхой бус, яллагдагч хэний үйлдлийг хэнтэй холболгүй орхигдуулсан нь ойлгомжгүй болжээ.

8.3. Шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ:” мөн хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол;” гэж тус тус заасан. Гэтэл шүүгчийн захирамжид дурдсан хэргийг прокурорт буцаах болсон үндэслэлүүдийг няцаасан дараах нотлох баримтуудыг шүүх анхаарч үзэлгүй, орхигдуулжээ. Тухайлбал:

- Иргэн Х.Х-ын Самсунг Галакси А22 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12/1084 дугаартай албан бичиг, хавсралт хаягийн бүртгэл бүхий нэрсийн жагсаалт,

-  Аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” тогтоол, хавсралт нэр дэвшигчийг бүртгэсэн жагсаалт,

-  Гэрч Х.Р-ийн “...мөнгө өгснийхөө дараагаар хүмүүсийн нэр бичсэн цаасан дээр надаар гарын үсэг зуруулаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

- Гэрч А.Н-ийн “...нэр дэвшигч Х.Б-ын төрсөн ах байна, чи М дотор байгаа юм байна гэж хэлээд надад бэлнээр 200,000 төгрөгийг миний гарт өгч, цаасанд гарын үсгийг зуруулж авсан. ...Манай бэр Б нь нэр дэвшигч Х.Б-ын ухуулагчаар ажилласан бөгөөд Б- надад хэлэхдээ “чамайг М багт бүртгүүлчихлээ дуудах байх” гэж хэлж байсан. Дараа нь дээрх байдлаар дуудагдаж очоод Н- гэх хүнтэй уулзсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Ж-ны “...Монгол Ардын намаас нэр дэвшигч Х-ын К- орж ирээд надад саналаа өгөөрэй гэж хэлээд бэлнээр 200,000 төгрөг өгөөд явсан. Би тус мөнгийг хүүдээ өгсөн, хүү маань тухайн мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг,

-  Гэрч С.Е-н “...ээж Ж надад нэр дэвшигч Х.Б- ирээд бэлнээр 200,000 төгрөг өгч, надад ажиллаад өгөөрэй гэж хэллээ гээд мөнгийг өгсөн. Уг мөнгөөр би машиндаа шатахуун хийж аваад хэрэгцээндээ зарцуулж, сонгуулийн санал авах өдөр хэдэн хамаатнуудаа гэрээс нь санал авах байрны хэсгийн хороонд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Х.А-ий “...Монгол Ардын намаас нэр дэвшигч Х-ын Б- нь манай гэрт орж ирээд надад та миний нэр дэвшиж буй баг дээр М багт ажиллаад өгөөрэй гэж хэлээд бэлнээр 200,000 төгрөг өгсөн. ... Би М гэх багт нь орж, Өлгий сумын 9 дүгээр багт амьдардаг, өөрийн таньдаг хөршийн холбоотой 60-аад айл өрхөөр орж, нэр дэвшигч Б-ад саналаа өгөөрэй гэж сурталчилгаа хийж өгсөн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.А-ийн “...Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд Өлгий сумын 9 дүгээр баг, 29 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Х-ын Б-ын М багт орж ажилласан бөгөөд надад энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр санал авах өдрөөс 2-3 хоногийн өмнө 9 дүгээр багийн МАН-ын сонгуулийн штабаас нэр дэвшигч Б-ын төрсөн ах Н- нь М-гийн цалин гээд бэлнээр 300,000 төгрөг өгсөн. ...Н- бор царайтай, биерхүү хүн байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Х.Х-ийн “...Б-ыг нэр дэвшигч гэдгээр нь анх сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс таньж мэддэг болсон...” гэх мэдүүлэг,

- Гэрч Х.З-ийн “...намын сонгуулийн штабд очиж, нэр дэвшигч Х.Б-ын ах нь гэх Н- гэх хүнээс бэлнээр 200,000 төгрөг авсан, тухайн үед би ганцаараа очсон...” гэх мэдүүлэг,

- Гэрч С.Жа-ын “...манай эхнэр болох Х ... 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой миний бие гадуур явж байгаад 19 цагийн үед очиход манай гэрийн гадаа нэр дэвшигч Х.Б- ирчихсэн намайг хүлээж зогсож байсан ба машинаасаа бууж ирээд надад танай эхнэр Мнд ажиллуулахаар болсон, тэрний цалин нь байгаа юм гэж хэлээд надад бэлнээр 200,000 төгрөг өгөөд нэг цаасан надаар гарын үсэг зуруулж авсан...” гэх мэдүүлэг,

-  Гэрч Б.Б-ийн “...нөхөр бид хоёр гэртээ байх үед өдөр 13 цагийн үед манай гэрт нэр дэвшигч Х-ын Б-ын төрсөн ах нь болох Х-ын Н- гэдэг хүн ирээд сурталчилгааны материал өгөөд надад нөхөр та хоёрын мөнгө гэж хэлээд бэлнээр 200,000 төгрөг өгсөн. ...Н- нь бордуу царайтай, өндөр нуруутай, махлагдуу хүн байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч А.С-ын “...өндөр нуруутай, бор царайтай, махлагдуу эрэгтэй хүн нь өөрийгөө би нэр дэвшигч Х-ын Б-ын төрсөн ах нь байгаа юм аа, та хоёр манай дүүг дэмжээд саналаа өгөөрэй, энэ Б-ын мэндчилгээ юм аа гэж хэлээд манай эхнэр Б-д бэлнээр 200,000 төгрөг өгөөд манай гэрээс гараад явчихсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Х.Б- нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшихдээ Х.А-, Х.Н- нартай хамтран сонгогч А.Н, Б.Ж, Х.А, Б.Ай, Х.З, С.Жа, Б.Б- нарын саналыг авах, өөртөө санал өгүүлэх зорилгоор тэдэнд мөнгө өгч хүсэл зоригийн илэрхийлэлд нөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

8.4. Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг мөрдөгч хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, харилцан хамааралтай, гэрч нарын зүгээс хүн андуурсан, зориуд худал мэдүүлсэн гэж үзэх эргэлзээтэй мэдүүлэг өгөөгүй. Харин ч яллагдагч нарыг хэрхэн таньж байгаа талаараа дүрслэн, дэлгэрэнгүй мэдүүлсэн тул хэргийн оролцогч нарыг нүүрэлдүүлэх, Х.Б-, Х.Н- нарыг таньж олуулах зэрэг ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

8.5. Мөн мөрдөгчөөс гэрч А.Н-гаас мэдүүлэг авах явцдаа “Та нэр дэвшигчийн албан ёсны ухуулагч, шадар туслах, менежерээр ажилласан асуудал байгаа юу?” гэж асуухад тэрээр “Манай бэр Б- нь нэр дэвшигч Х.Б-ын ухуулагчаар ажилласан бөгөөд Б- надад хэлэхдээ “чамайг М багт бүртгүүлчихлээ дуудах байх” гэж хэлж байсан. Дараа нь дээрх байдлаар дуудагдаж очоод Н- гэх хүнтэй уулзсан.” гэж хариулсан ба тухайн хүн нь Уатханы Б- гэх хүн болох нь сонгуулийн хорооны 98 дугаартай албан бичгээр нотлогддог. Өөрөөр хэлбэл Б.Б- гэх хүний хувьд “М” гэх гарчигтай иргэдийн нэрс дотор нэр нь байгаа гэрч бөгөөд У.Б-өөс өөр хүн юм. Гэтэл шүүхээс түүнийг анзаарч үзэлгүй өмгөөлөгч А.Серикжаны хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул гэрч А.Н-гаас дахин мэдүүлэг авах шаардлагагүй.

8.6. Харин хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд яллагдагч С.К-ад холбогдох хэрэгт тогтоогдсон нөхцөл байдал ач холбогдолтой, хэргүүдийг хамтад нь шийдвэрлэхэд саад болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Х.Б-, Х.Н-, Х.А-, С.К- нарт холбогдох хэрэгт “Нотолбол зохих байдал” хангалттай нотлогдон тогтоогдсон, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг бодитой биш гэж үзэж байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/ЗЭ2 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            9. Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид холбогдуулж гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянан үзэж, дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг 3 үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж болно.

Энэ тохиолдолд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь (1) хэргийн бодит байдлыг тогтоох, (2) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим болон (3) мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг тус тус хангахад чиглэгдсэн байх шаардлагатай. Үүнээс гадна анхан шатны шүүхийн дээрх шүүгчийн захирамжид шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдалд холбогдох хуулийн урьдчилсан нөхцөлүүд тохирч, нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгч, хуулийг тайлбарлаж хэрэглэх, энэ талаар тодорхой, ойлгомжтой бичих нь бүхий л төрлийн шийдвэрт тавигдах эрх зүйн нийтлэг зарчим юм.

 

11. Гэтэл Х.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид тусгагдсан үндэслэлүүдэд шүүх хууль зүйн ямар дүгнэлт өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн нь тодорхойгүй буюу хууль зүйн үндэслэлээ шүүгчийн захирамждаа тусгаагүй байна.

 

Тухайлбал, шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн 9-15 дахь заалтад өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг “хангаж шийдвэрлэлээ” гэж, 16-17 дахь заалтад өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг “хангаж шийдвэрлэх шаардлагагүй” гэж тус тус дүгнэхдээ тухайн хүсэлтүүдийн хууль зүйн болон бодит үндэслэлийг шүүгчийн захирамжид тодорхойлж бичээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед үүссэн, өмгөөлөгчдийн хүсэлтэд дурдсан нөхцөл байдлуудад хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр “хангаж шийдвэрлэлээ”, эсхүл “хангаж шийдвэрлэх шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт өгсөн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй, ойлгомжтой, тодорхой байх эрх зүйн нийтлэг зарчмаас гадна иргэдийн шүүхэд мэдүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх үндсэн эрхийг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтуудад заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс гарах, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид мөн хуулийн Гучин зургаадугаар бүлэгт заасан шүүхийн шийдвэрт тавигдах ерөнхий, зарчмын шаардлагууд нэгэн адил хамаардаг нь шүүхийн практикт хууль хэрэглээний хувьд нэг мөр тогтсон ойлголт бөгөөд мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “…шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.4 дэх заалтад “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” зэргийг тусгана гэж хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүхийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн 9-17 дахь заалтад заасан үндэслэлүүд нь яллагдагч нар болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг хуулж тусгаж, тухайн хүсэлтийн бодит үндэслэл, түүнд холбогдуулан хэргийн материалаас тогтоогдож буй нөхцөл байдал зэргийг тодорхойлохгүйгээр, мөн тэдгээр нөхцөл байдалд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр, хууль хэрэглэхгүйгээр “хангаж шийдвэрлэлээ”, “хангаж шийдвэрлэх шаардлагагүй байна” гэж үндэслэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг ноцтой алдагдуулсан гэж үзнэ.  

 

13. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан дээрх шүүгчийн захирамжид гарсан зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, … 36.7, … дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил”-д тооцогдох бөгөөд энэ нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтаар хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан бөгөөд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид оролцогчийн хүсэлтийг ямар үндэслэлээр шийдвэрлэсэн талаарх хууль зүйн дүгнэлтийг огт тусгаагүйгээс тухайн шийдвэрийг тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс энэ талаарх “анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээж авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцэх юм.

 

14. Тодруулбал, анхан шатны шүүх яллагдагч Х.Б-ын өмгөөлөгч С.Асланбекийн (1) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал огт хийгдээгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг ижил төсөөтэй зөрчлийн шинжээс ялгаагүй гэх хүсэлтийг, (2) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийх ёстой байсан гэх хүсэлтийг, (3) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  нүүрэлдүүлж мэдүүлэг авах гэх хүсэлтийг,  (4) гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах гэх хүсэлтийг,

яллагдагч Х.А-ын өмгөөлөгч А.Серикжаны (1) гэрч Н-ээс дахин мэдүүлэг авах гэх хүсэлтийг, (2) яллагдагч С.К-ын үйлдлийг тусгаарлаж шийдвэрлэх хүсэлтийг, (3) яллах дүгнэлтийн бүтэц, агуулга нь ойлгомжгүй, нотлох баримтыг яллагдагч тус бүрээр хэрхэн холбосныг тодорхой бичээгүй, нэгтгэсэн байдлаар дүгнэлт үйлдсэн гэх хүсэлтүүдийг тус тус хангаж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэлд тухайн хүсэлтүүдийг хангах болсон үндэслэлээ бичээгүй, дээрх хүсэлтүүдэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, хэн гэдэг гэрчийн ямар мэдүүлэг нь зөрүүтэй байгааг дүгнээгүй, яллагдагч С.К-ын үйлдлийг тусгаарлаж шийдвэрлэх үндэслэл, яллах дүгнэлтийг хуульд заасан шаардлагыг хангасан эсэх талаарх үндэслэл, дүгнэлтийг шүүгчийн захирамжид тусгахгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

 

15. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/332 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Х.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж, яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр нь хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/332 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Х.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Яллагдагч Х.Б-, Х.Н-, Х.А-, С.К- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                Ж.Отгонхишиг

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ