| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03526/И |
| Дугаар | 312/ШШ2026/00086 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 312/ШШ2026/00086
2026 01 07 312/ШШ2026/00086
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***-р хороо, ******* гудамж, ***** тауэр **** давхар, **** тоотод байрлах, ******* ББСБ ХХК /РД: **********, утас: ************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ***** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:**********, утас:**********/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 13,184,197.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Н.******* нь манай компанитай 2024 оны 3 сарын 26-ны өдөр L100012097 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 7801001925 зээлийн дансны дугаартай 2,017,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5091231774 банкны тоот дансанд, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 7100185319 зээлийн дансны дугаартай 8,790,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5091231774 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийгхүрч, 2025 оны 10 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2025 оны 1 дүгээр сарын 21-ний зээлийн үлдэгдэл үндсэн зээл 1,815,299.77 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 427,511.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,673.35 төгрөг, нийт 2,281,484.91 төгрөг. 2024 оны 10 дугаар сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 8,531,511.39 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 2,292,148.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,552.72 төгрөг, нийт 10,895,212.41 төгрөг. Иймд зээлдэгч Н.*******ээс үндсэн зээлийн төлбөрт 10,346,811.16 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,719,660.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110,226.07 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 13,184,197.32 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.******* би ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 13,184,197.32 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,184,197.32 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 13,184,197.32 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,871 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 111,935.5 төгрөгийг, төрийн сангаас 111,935.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 13,184,197.32 төгрөгийг хариуцагч Н.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,871 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс 111,935.5 төгрөгийг, төрийн сангаас 111,935.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ