| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2306055646244 |
| Дугаар | 2025/ДШМ/998 |
| Огноо | 2028-08-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Аззаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2028 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/998
2025 08 26 2025/ДШМ/998
Т.Т-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Аззаяа,
шүүгдэгч Т.Т-, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Б.Балжидмаа,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1695 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Т-т холбогдох эрүүгийн 2306055646244 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Чонос овгийн Түмэн-Өлзийгийн Т-, 1975 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны 29 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЙЮ75102400/,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 167 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 7 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Хан- уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 3 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;
Шүүгдэгч Т.Т- нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр "Г.Т-г Бүгд найрамдах Филиппин улс руу сурагч солилцоогоор 3 сарын хугацаагаар явуулна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Н.Г-өөс Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 хотхоны 103 дугаар байрны 40 тоотод гэртээ байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5070075228 тоот дансаар 4.176.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т-ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 6 сарын хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Т-ээс 536,000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Г- /РД:/-д олгож, шүүгдэгч Т.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Б.Балжидмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Т-ийн тухайд бусдад 4.176.000 төгрөгийн хохирол учруулж, хохирлоо бүрэн төлсөн. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний урьд хоёр удаа ял шийтгүүлж байсныг нь харгалзан үзэж орих ял оногдуулсан нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “шударга ёсны зарчим” нь хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байх ёстой бөгөөд түүний хохирлоо төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Иймд түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Р.Булгамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие анхан шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт миний үйлчлүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, тухайн цаг хугацаанд шийтгэх тогтоолд тусгагдсан 536,000 төгрөгийг бүрэн төлсөн байсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд “536,000 төгрөгийг одоо шилжүүлье” гэдэг асуудлыг тавьж, шүүх хуралдаан завсарлахад хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүх үүнийг тооцохгүйгээр 536,000 төгрөг төлөгдөөгүй гэж шийдвэрлэсэн. Өмгөөлөгч Б.Балжидмаагийн өнөөдөр гаргаж өгч байгаа баримтад тухайн цаг хугацаанаас 5-10 минутын зөрүүтэй хохирол төлсөн баримт нь байгаа. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан болохыг харгалзан үзнэ үү. Шүүгдэгч Т.Т- нь сурган хүмүүжүүлэгч, багш хүн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн нөхцөл байдлыг олон талаас нь шинжлэн судалсан уу гэдэг асуудлыг эргэж харвал, шүүгдэгч анхнаасаа залилан мэхлэх санаа зорилго байгаагүй талаараа мэдүүлдэг. Тухайн үед сургуулийн захирал, багш нар байнга солигдож, касс хаасантай холбоотойгоор гадагшаа сургалтад явуулахтай холбоотой төлбөрийг анги удирдсан багш нар өөрийнхөө дансаар аваарай гэдэг байдлаар ханддаг байсан. Захирлуудын өгсөн энэ чиглэлээс болж тухайн нөхцөл байдал үүссэн гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан боловч захирлуудын асуудал өөрт чинь хамаагүй гэдэг байдлаар хандсан. Шүүгдэгч хэдийгээр гэрлэлтийн баталгаатай, ам бүл 4 гэж явдаг боловч гэр бүлийнх нь хүн хамт амьдардаггүй, хоёр хүүхдийн асуудал орхигдож байгаа талаар дурдаж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэж удаа дараа хүсэлтээ илэрхийлж байсан. Т.Т- эх хүн учраас үр хүүхдээ халамжлах, асран хамгаалах үүргээ биелүүлэх учиртай. Тиймээс зорчих эрх хязгаарлах ялын санал гаргаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Т-ийн хувийн байдалтай холбоотой мэдээллийг аваагүй. Т.Т- нь маш сайн багш бөгөөд 200 гаруй хүүхдийг бэлтгэж, Англи хэлний IELTS-н оноо авхуулж, зохих түвшинд хүргэсэн. Сургуулийн удирдлага надтай байнга холбоо барьж, 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хичээл эхлэх гэж байгаа, Т.Т-ийг маш сайн боловсон хүчин гэдгийг илэрхийлсэн. Тиймээс хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, шүүгдэгчийг ажил хөдөлмөр эрхлэх, үр хүүхдээ асран халамжлах Монгол Улсын Үндсэн хуульд заасан журамт үүргээ биелүүлэхэд шүүх энэрэнгүй ёсны үүднээс хандана уу. ...” гэв.
Шүүгдэгч Т.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...надад итгэж, ар гэр, хоёр хүүхдийг маань харж өгч байгаа хамт олондоо баярлаж байна. Намайг залилан хийгээгүй, ажлаа хийж байгаад ийм нөхцөл байдалд орсныг ойлгож байгаа. Би ийм нөхцөл байдалтай байгаадаа харамсаж байна, дахин ийм нөхцөл байдалд орохгүйг хичээж байна. ...” гэв.
Прокурор Д.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогчид учруулсан 4,176,000 төгрөгөөс 2,640,000 төгрөгийг төлж, 536,000 төгрөгийг төлөөгүй байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч урьд хоёр удаа үйлдэж, хорих ялаар шийтгэгдэж байсан хувийн байдлыг нь харгалзан үзэж, прокуророос хорих ялын санал гаргаж шүүхээс түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч өнөөдрийн байдлаар үлдэгдэл 536,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахад тусгайлан гаргах санал байхгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Т.Т-т холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Т.Т- нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Г.Т-г Бүгд найрамдах Филиппин улс руу сурагч солилцоогоор 3 сарын хугацаагаар явуулна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Г.Т-гийн эцэг Н.Г-өөс Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 хотхоны 103 дугаар байрны 40 тоот гэртээ байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5070075228 тоот дансаар 4.176.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Г-ийн "...Т-гийн анги удирдсан багш Т- нь "Танай хүүхэд 3 сарын ахлах сургуулийн солилцооны хөтөлбөрт хөнгөлөлттэй хамрагдахаар 1 дүгээр шатандаа тэнцсэн байна, 2 дугаар шатанд гадаад паспортын хуулбар, иргэний үнэмлэх, бүртгэлийн хураамж 1,200 доллар төлж бүртгэлээ баталгаажуулна, хариугаа 2 дугаар сарын 1-5-ны өдрийн хооронд хэлээрэй" гэх утгатай чат бичсэн. ... маргааш нь "За танай хүүхэд яахаар болов" гээд асуугаад байхаар нь ...хүүхдээ явуулахаар болж 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Т- гэх хүний ***** тоот данс руу 1,200 долларыг монгол мөнгөөр 4.176,000 төгрөгөөр бодож шилжүүлсэн. ...Түүнээс хойш холбогдох болгонд "Мөнгийг чинь одоо удахгүй өглөө, өнөөдөр, маргааш" гэх зэргээр явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. ...” /1хх 19-20/,
насанд хүрээгүй гэрч Н.Т-гийн "...аав надаас Филиппин улс руу явах хөтөлбөрт тэнцсэн байна, чи явах юм уу" гэж асуухаар нь "явъя" гэж хэлсэн. ...манай багш аав руу дансаа явуулаад “1,200 доллар болно, шилжүүлчих” гэж хэлээд мөнгө авсан гэсэн. Яг гадаад улсад суралцах болон сурагч солилцоогоор явах шалгалт өгөөгүй, ямар шалгуураар тэнцсэн гэж хэлээгүй. Манай ангийнхны дунд ерөөсөө тийм зүйл хэлээгүй, гэнэт байж байснаа л аав руу залгаад хэлсэн. Надаас өөр манай ангид сурдаг байсан М, Э гэх 2 хүүхэд энэ байдлаар мөнгө өгсөн. Манай сургуулиар ч гэсэн гадаад улсад суралцах, сурагч солилцоогоор явах талаар мэдээлэл яваагүй. Энэ талаар зөвхөн М, Э бид 3-т л мэдээлэл өгсөн юм байна лээ. ..." /1хх 22-23/,
гэрч З.Ц "...манай сургууль 2021 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш надтай нийлээд 4 дэх захирлын удирдлагад явж байна. Энэ хугацаанд манай сургууль Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхий боловсролын сургуультай сурагч солилцооны гэрээ, хамтран ажиллах хөтөлбөр гаргаагүй, хамтарч байгаагүй. ..." /1хх 87-88/,
гэрч Б.А "... миний том охин болох А.М нь 2023 онд Ц- сургуулийн 11 дүгээр ангийн сурагч байсан үед Т.Т- анги удирдсан багш нь байсан. 2023 оны 01 дүгээр сард охин М--Ээ “багш намайг Филиппин Улс руу сурагч солилцоогоор явуулах болсон” гэхээр нь би очиж уулзаад Т.Т- багшийн данс руу 4,176,000 төгрөг хийсэн. ...Т.Т- багшаас мөнгөө асуухад “удахгүй буцаагаад өгнө” гэж хэлээд 1 жил гаруй хугацаа болоод ...би сургууль дээр нь очоод захиралтай нь уулзаад болсон асуудлын талаар хэлэхэд захирал нь нягтлан болон Т.Т- багшийг өрөөндөө дуудаад бид дөрөв уулзаад би “надад хүүхдийнхээ төлбөрийг төлөх мөнгө байхгүй, та миний мөнгийг өг” гэхэд Т.Т- багш “би М--Эийн төлбөрийг төлнө” гэж хэлээд энэ асуудал тухайн үед нэг тийш нь болсон. ...” /1хх 174/ гэсэн мэдүүлгүүд,
Т.Т-ийн Хаан банкны ****тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 141/, Т.Т-ийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар /1хх 73-84/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Т.Т-ийг “хүү Г.Т-г нь Бүгд найрамдах Филиппин улс руу сурагч солилцоогоор явуулж өгнө” гэж хуурч, хохирогч Н.Г-өөс 4.176.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Б.Балжидмаа “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн амин чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг.
Шүүхээс ял оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж зэргийг харгалзана.
Хэдийгээр шүүгдэгч Т.Т- нь гэм буруу дээр маргаагүй, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх боловч тэрээр урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон хорих ялаар шийтгүүлж хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан ба энэ үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр дахин залилах гэмт хэрэг үйлдэн бусдад хохирол учруулсан нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд тухайн зүйл заалтад заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 6 сарын хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Харин шүүгдэгч Т.Т- нь ам бүл 3, охин Б.Б, Б.Б нарын хамт амьдардаг талаар тайлбар гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч “Э-” ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, Т.Т-ийн төрсөн хүүхдүүд болох Б.Ба, Б.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах ажиллагаа хийгдээгүй, шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхдүүд хэний асрамж, хяналтад, хаана оршин суугаа эсэх нь тодорхойгүй байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй” гэж, түүнчлэн хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг Хүүхдийн эрхийн тунхаглалд заасан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг мөрдөгч, прокурор хангах ёстой.
Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар харьяалах дүүргийн Засаг даргаар, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Т- нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсон, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Н.Г-өд 536,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1695 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Б.Б /РД: /, Б /РД:/ нарын асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар харьяалах дүүргийн Засаг даргаар, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шүүгдэгч Т.Т- нь хохирогч Н.Г-өд 536,000 /таван зуун гучин зургаа мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 56 /тавин зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН