Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 505

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

улсын яллагч Б.Батнасан /томилолтоор/,

өсвөр насны шүүгдэгч Ө.Э, хууль ёсны төлөөлөгч Д.Ө, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч __ овогт Ө-н Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___________ дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ө.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” нэртэй баарны гадна талд иргэн О.Хг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт баруун ухархайн дотор хана хугарал бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ө.Э мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ:

“...Цаашид хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулах болно...” гэв

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч Ө.Эийн өгсөн:

            “...2017 оны 11 сарын 25-ны ... 23 цаг болж байхад О, Х нар уулзаад намайг хүлээж байхад нь би Файр гэх баарны гадаа уулзаад бид гурав хамт баар луу орсон. Ингээд бид гурав 1 шил жимстэй пиво уугаад тэндээсээ 02-03 цагийн орчим Х, О бид гурав хамт гадаа гарсан. Тэгтэл Х О бид хоёрт та хоёр миний карт болон гар утсыг гаргаад ир гэж хэлсэн. Тэр үед нь би чиний карт утсаар бид хоёр яах юм бэ чиний картны кодыг мэдэхгүй би өөрөө утастай чиний утсаар яах юм билээ гэж хэлсэн. Тэгтэл О би үзээд ирье гээд баар луу орсон. Тэгтэл Х надад та хоёр угаасаа миний найзууд болж чадахгүй гээд хараалын үгээр над руу дайрч доромжлоод байхаар нь би баруун гараараа зүүн хацар луу нь алгадсан. Тэгтэл Х миний үснээс зулгаахаар нь би гарыг нь тавиулаад түлхэж газар унагаасан. Тэгээд би 2-3 удаа нүүр лүү нь гараараа цохисон. Х аймар хашгирч орилоод байхаар нь би холдоод зогссон. Тэр үед баарнаас О гарч ирсэн. Хг би Отай үлдээгээд баарны текэн дээр Хгийн гар утсыг үлдээсэн байж магадгүй гэж бодоод баар луу ороод эргээд гараад иртэл Х, О хоёр замын явган хүний гарцаар зам гараад О Хгийн цүнхийг үүрээд сугадсан явж байсан. Би араас нь яваад очтол Х Огийн гараас гараа татаж аваад огт танихгүй залуу дээр гүйж очоод намайг авраарай, намайг зодох гээд байна гээд орилоод байсан. Би тэр залуу дээр очоод би найзыгаа авъя гэхэд тэр залуу та хоёр хаачих гэж байгаа юм гээд байсан. Тэгээд Хг тайвширахыг хүлээгээд байж байтал шар машинтай 2 ах ирээд та нар хаачих гэж байгаа юм бэ хүргээд өгье гэхээр нь үгүй гэж хэлээд явж байтал. Манай найз машинтай явж байгаад тааралдсан би баарны гаднаас такси бариад Х, О хоёрыг машинаар нь дөхүүлж өгье гэж бодоод баар луу яваад очтол танай хоёр найз явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд яваад очтол Х машин дотор ороод суусан О машины гадна талд нь цонхыг нь тогшоод чи наад хүмүүсээ танихгүй шүү дээ наадуултайгаа явж яах гээд байгаа юм бэ гэсэн зогсож байсан. Би очоод гараад ир 3-лаа хамт явъя би өөр машинтай хүн олчихлоо О та хоёр тэр машинаар явчих наад танихгүй хүмүүс чинь яах ч юм билээ гэхэд Х үгүй та хоёртой явснаас дээр гээд машинаас бууж ирэхгүй байсан. Тэгээд буухгүй байхаар нь Хг үлдээгээд О бид хоёр манайд хонох гээд хамт явсан.

Маргаан болж байхад Хгийн зүүн хацар луу алгадсан. Намайг үсдэхээр нь би эргүүлж үснээс нь зулгаагаад доош нь дараад баруун нүд рүү нь өвдөглөсөн. Гараараа хацар луу нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх-н 37-40, 88-90/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Хгийн өгсөн:

“...2017 оны 11 сарын 25-26-нд шилжих шөнө О руу би караоке орж дуулах уу гэхэд одоохондоо бид хоёр мөнгөгүй байна харин мөнгөтэй болоод дуулъя, хамт харин баар оръё гэж хэлсэн. Тэгээд би Отай уулзахад Э ажилтай гээд Эийг хүлээх зуураа хамт баар болон нийтийн караокед орсон. Тэгээд Э ажлаа тарж ирээд бид нар хамт хорооллын Файр нэртэй бааранд орж бүжиглэсэн. Тэгээд би баарнаас гарч ирээд О, Э нараас миний карт алга байна гэхэд намайг Э зодсон. Гэтэл эртээд цагдаа дээр дуудагдаж ирсэн байхад О баар луу оръё гэж Х надад санал тавьсан гэж хэлсэн. Надтай уулзсан өдрөө О бид хоёр хамт байж байхад Нямка гэх сургуулийн эгч байдаг тэр эгч Солонгос улсаас ирсэн тэр эгчтэй 7 хоног шоудсан баарны байнгын үйлчлүүлэгч болсон гэж ярьж байсан.

Намайг баарны гадаа байх үед Э үснээс зулгаагаад доош дараад өвдгөөрөө өшиглөсөн. Тухайн үед би согтуу байсан ба доошоо дарсан байсан учир аль өвдгөөр гэдгийг мэдэхгүй байгаа. Намайг өвдгөөр өшиглөх үед миний нүд, нүүр өвдөөд эхэлсэн ба тэр даруй хөхөрч хавдсан. Би тухайн үед согтсон байсан тэгээд Э өвдгөөрөө өшиглөх үед би хальт ухаан орсон. Хамгийн сүүлд санаж байгаагаар би Эээс картаа нэхээд баарны гадаа зогсож байсан. Тэгээд би нэг сэрэхэд 2 эрэгтэй хүний машинд суусан надад туслаач ээжийг маань дуудаад өгөөч гэж гуйгаад уйлж байсан тэр үед ухаан орсон...” гэх мэдүүлэг /хх-н 16-18, 78-79/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Жын өгсөн:

“...2017 оны 11 сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Файр бааранд найз Аийн хамт орж би 2 шил пиво уугаад найз ундаа уусан. 01 цагийн үед гэрлүүгээ харих гээд А түрүүлж гараад машинаа халаасан. Би араас нь гараад бид 2 шорлог авах гээд очтол баарны урд 2 охин үсдэлцээд зодолдох гээд байхаар нь би салгах гэтэл өндөр хар өнгийн хүрэмтэй охин нь хар өнгийн эрэгтэй савхитай охиныхоо нүүрлүү өвдөглөчихсөн. Салгаад 2 тийш нь болготол зодуулдаг охин виза картаа 2 охиноос нэхээд байсан. А бид 2 салгачихаад холдоод зогсож байтал нөгөө зодуулсан охиныг нэг залуу аваад цааш явтал намхан улаан өнгийн хүрэмтэй охин найзыгаа авах гэж очсон. Нөгөө өндөр охинтой нь А бид 2 араас нь очтол найзыгаа тэр залуугаас салгаж аваад янхан гээд хэл амаар доромжлоод зодох гээд байхаар нь Аийн машинд суулгатал нөгөө охин намайг битгий буулгаач гээд гуйгаад ээжийнхээ дугаарыг хэлж өгөхөөр нь ээжрүү нь залгатал 20-30 минутын дараа ээж нь ирж авсан. Машиндаа суулгасан охины баруун талын нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. Хар хүрэмтэй охин нь өвдөглөхөд хөхөрсөн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Аийн өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Файр бааранд найз Эын хамт орж би ундаа ууж Э 2 шил пиво уусан. 01 цагийн үед гэрлүүгээ харих гээд би түрүүлж гараад машинаа халаасан. Араас Э гарч ирээд шорлог идье гээд би явж шорлог авчраад машиндаа идсэн. Дахиад нэмж идэхээр болсон. Би шорлог авах гээд зогсож байтал Э ирэхээр нь би машинаа дөхүүлж ирэх гээд яваад эргээд иртэл хар өнгийн эрэгтэй савхи өмссөн охин газар уначихсан нэг өндөр хар хүрэмтэй охиныг Э барьчихсан зогсож байсан. Э тэр охиныг тавьтал нөгөө найзыгаа дахиж зодох гэж дайраад байхаар нь би бариад авсан. Тэгтэл газар уначихсан охин та 2 арайчдээ найзыгаа зодлоо миний виза карт гээд хэлэхээр нөгөө хар хүрэмтэй охин найзыгаа хэлэх хэлэхгүй үгээр хэлээд намайг тавихаар л очиж цохьчих гээд байсан. Сүүлдээ намайг цохих гэж дайраад байхаар нь би тас тэврээд зогсож байтал нөгөө зодуулсан охин алга болчихсон. Тэр хавиар хайтал замын нөгөө талд нэг залуу болон улаан өнгийн хүрэмтэй найзтайгаа явж байхаар нь хөөе танай найзыг хүн аваад явчихлаа шүү дээ гэтэл хамт явъя гээд зам гараад яваад очтол нөгөө зодуулсан охин намайг 2 найз охинтой минь битгий үлдээгээрэй гээд нөгөө залууг зулгаагаад байсан. Тэгтэл 2 найз нь наад залууг чинь танихгүй шүү дээ гээд байхаар нь бид 2 аргалж байгаад нөгөө залууг явуултал зодуулсан охин хөл дээрээ тогтож чадахгүй надаас зууртал улаан хүрэмтэй охин нь чи эрэгтэй хүн дагаж явах гэлээ гээд үсдэж унагаад цохих гэж байтал өндөр, хар хүрэмтэй охин ирээд цохих гэхээр нь Э бид 2 нэг нэгээр нь барьж аваад цохиулахгүй хорьж байгаад зодуулсан охиныг машиндаа суулгатал ээжийгээ дуудаад өг гээд утасных нь дугаарыг хэлж өгөхөөр нь Э ээжрүү нь залгаж дуудсан. Ээжийг нь хүлээх зуур нөгөө 2 найз нь зодох гээд дайрч байхдаа машины салхины хаалтыг хар хүрэмтэй охин цохиж хагалсан. Машинд суулгасан охины баруун талын нүд нь хөхрөөд тагларчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 22/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ______ тоот:

1. О.Х-н биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун ухархайн дотор хана хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 24/

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 85/,

- Нас тоолсон тэмдэглэл /хх-н 97/

 

Өсвөр насны шүүгдэгч Ө.Эийн хувийн байдалтай холбоотой баримтууд

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 59, 94, 98/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 46/

- Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 92/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 96/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Өсвөр насны шүүгдэгч Ө.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө иргэн О.Хг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт баруун ухархайн дотор хана хугарал бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

өсвөр насны шүүгдэгч Ө.Эийн “...Х надад та хоёр угаасаа миний найзууд болж чадахгүй гээд хараалын үгээр над руу дайрч доромжлоод байхаар нь би баруун гараараа зүүн хацар руу нь алгадсан. Тэгтэл Х миний үснээс зулгаахаар нь би гарыг нь тавиулаад түлхэж газар унагаасан. Тэгээд би 2-3 удаа нүүр лүү нь гараараа цохисон. ... Маргаан болж байхад Хгийн зүүн хацар луу алгадсан. Намайг үсдэхээр нь би эргүүлж үснээс нь зулгаагаад доош нь дараад баруун нүд рүү нь өвдөглөсөн. Гараараа хацар луу нь алгадсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч О.Хгийн “...2017 оны 11 сарын 25-26-нд шилжих шөнө ... Намайг баарны гадаа байх үед Э үснээс зулгаагаад доош дараад өвдгөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Жын “...2017 оны 11 сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Файр бааранд найз Аийн хамт орж би 2 шил пиво уугаад найз ундаа уусан. 01 цагийн үед гэрлүүгээ харих гээд А түрүүлж гараад машинаа халаасан. Би араас нь гараад бид 2 шорлог авах гээд очтол баарны урд 2 охин үсдэлцээд зодолдох гээд байхаар нь би салгах гэтэл өндөр хар өнгийн хүрэмтэй охин нь хар өнгийн эрэгтэй савхитай охиныхоо нүүрлүү өвдөглөчихсөн. Салгаад 2 тийш нь болготол зодуулдаг охин виза картаа 2 охиноос нэхээд байсан. А бид 2 салгачихаад холдоод зогсож байтал нөгөө зодуулсан охиныг нэг залуу аваад цааш явтал намхан улаан өнгийн хүрэмтэй охин найзыгаа авах гэж очсон. Нөгөө өндөр охинтой нь А бид 2 араас нь очтол найзыгаа тэр залуугаас салгаж аваад янхан гээд хэл амаар доромжлоод зодох гээд байхаар нь Аийн машинд суулгатал нөгөө охин намайг битгий буулгаач гээд гуйгаад ээжийнхээ дугаарыг хэлж өгөхөөр нь ээжрүү нь залгатал 20-30 минутын дараа ээж ирж авсан. Машиндаа суулгасан охины баруун талын нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. Хар хүрэмтэй охин нь өвдөглөхөд хөхөрсөн байх...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Аийн “...2017 оны 11 сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Файр бааранд найз Эын хамт орж би ундаа ууж Э 2 шил пиво уусан. 01 цагийн үед гэрлүүгээ харих гээд би түрүүлж гараад машинаа халаасан. ...Машинд суулгасан охины баруун талын нүд нь хөхрөөд тагларчихсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 14726 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Ө.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч О.Х нь хавтаст хэрэгт баримтаар хохирол нэхэмжлээгүй байх ба хэргийн материал танилцуулсан баримтад хохирлын талаар бичсэн байх тул энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ө.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.     

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй өсвөр насны шүүгдэгч Ө.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

                        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Өсвөр насны шүүгдэгч ____ овогт Ө-н Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Эийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Эийг өдөрт 3 /гурав/ цагаас дээшгүй хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхийг дурдаж, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч О.Х нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ө.Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ