| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03891/И |
| Дугаар | 312/ШШ2026/00030 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 312/ШШ2026/00030
| 2026 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 312/ШШ2026/00030 | ******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: ******* аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах ......../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг Баян-Өндөр сум Чандмань баг, Надежда хотхон, ..... тоотод оршин суух, .../-д холбогдох
Гэм хорын хохиролд 1,154,000 төгрөг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх тухай иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар ******* ******* Баян-Өндөр сум, Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Бозолло худалдааны төвийн урд талын засмал зам дээр ******* ******* улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам тээврийн осол гаргаж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч *******ыг мөргөж, *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдэж ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасанаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. *******ын гэм буруутай үйлдлийн улмаас *******ын эрүүл мэндэд тархины хажуугийн ховдлын цус хуралт, тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн тархины эдийн няцрал, баруун зүүн бугалга, баруун алга, зүүн гуя, бэлгийн их уруулд цус хуралт бүхий хүнд гэмтэл учирч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс ******* ******* БОЭТөвд хэвтэн эмчлүүлж эмийн эмчилгээ авсны улмаас 1,154,000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас ******* ******* БОЭТөврүү шилжүүлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж заасан нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд буюу төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг гаргуулахаар өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах эрх нь гагцхүү прокурорт олгогдсон байна. Прокурор Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах явцад төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн, тогтоосон тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан тул Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг гаргуулахаар прокурор өөрийн санаачилгаар даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна. Иймд *******аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,154,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгуулж өгнө үү. Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* газраас нэхэмжилж байгаа 1,154,000 төгрөг буюу эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан мөнгийг төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ******* ******* нь тус шүүхэд хариуцагч *******ад холбогдуулан Гэм хорын хохиролд 1,154,000 төгрөг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч ******* 1,154,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Тухайн нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 32,246 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* газрын Гэм хорын хохиролд 1,154,000 төгрөг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагы хариуцагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 32,246 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ