Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 141/ШШ2026/00028

 

 

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 141/ШШ2026/00028

Завхан аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: ......аймгийн ...........сумын ......... дугаар багийн ........дугаар гудамжны ...........тоотод оршин суугч Б овогт Д-гийн Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .........аймгийн Т....... сумын Ц багт оршин суух Б........ Овогт О-ын Х-т холбогдох “10,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н миний бие нь төрсөн хүү Т-аа авто ослын улмаас алдаж нөхөж барашгүй гарз хохирол учирсан билээ. Миний хүүгийн амь насыг хохироосон ..........аймгийн харъяат О.Х гэгчид .......аймгийн Т сум дахь Сум дундын шүүх 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулаад надад учирсан хохирол, хор уршигийг төлүүлэхгүйгээр гэм зэмгүй өнгөрөөсөнд туйлын харамсаж, өнөөдрийг хүртэл сэтгэл санааны гүн хямралтай, байнгын эмчилгээтэй байна. Миний бие нь З аймгийн Т сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ........ дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч .............аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч, Давж заалдах шатны шүүх миний гомдолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бид нарт учирсан хохирол, хор уршигийг анхан болон давж заалдах шатны шүүх яаж шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа нь хуульд заасан заалтууд хэрэгжээгүй байна гэж үзхээр байна. Хүү Т маань оюутан байсан бөгөөд сургуульдаа өөрийн эзэмшлийн .......маркийн автомашинаар .........р хот явж байхдаа осолд орсон. Тухайн осолд орсон .......маркийн автомашин нь 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 25/01-Техникийн дүгнэлтийн хоёрт: Тус суудлын автомашины эвдрэл нь Монгол Улсын стандарт авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS:4598:2020 Улсын стандартад тавигдах шаардлагуудыг хангахгүй байна гэх, гурав: ..........маркийн ...........Х улсын дугаартай суудлын авто машиныг ашиглах боломжгүй учир улсын бүртгэлээс хасуулж, актлуулахыг нэхэмжлэгч Д.Н-д зөвшөөрсүгэй гэх заалтуудтай техникийн дүгнэлт гарсан. Тэгтэл ......... аймгийн Т........ сум дахь Сум дундын шүүх О.Х-аас .........улсын дугаартай авто машины үнэ 10,000,000 төгрөгийг Иргэний журмаар нэмэхжлэх эрхийг нээлттэй үлдээсэн тул нэмэхжлэл гаргаж байна. Иймд амь хохирогч хүү Т-гийн ..........улсын дугаартай авто машины 10,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу О.Х-аас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Нэхэмжлэгч Д.Н......... миний бие нь хариуцагч О.Х-аас машины үнэ буюу эд хөрөнгөд учирсан хохирол 10 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Гэтэл хариуцагч О.Х-тай тохиролцож тухайн хохиролоос 7 сая төгрөг гаргуулахаар болсон. Харин 7,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн хугацааны хувьд 2026 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,  үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар болж хууль ёсны төлөөлөгч болон хохирогч Д.Н, О.Х бид хоёр хоорондоо тохиролцсоноор эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Н-гийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Х-т холбогдох 10,000,000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ.

Эвлэрлийн гэрээндээ “...Нэхэмжлэгч би хариуцагч О.Х-тай тохиролцож тухайн хохиролоос 7 сая төгрөг гаргуулахаар болсон. 7,000,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,  5,000,000 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулж шийдвэрлэж өгнө үү...” гэж бичиж тэмдэглээд гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрэх эрхтэй байна.

Иймд зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, ойлгомжтой, тодорхой байх тул эвлэрлийн гэрээг батлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу 7,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 63,475 төгрөгийг хариуцагч О.Х-аас гаргуулж төрийн сангийн ………….дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Д--гийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Х-т холбогдох 10,000,000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2. Эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч Д.Н нь 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 7,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч О.Х хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,  2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 63,475 төгрөгийг гаргуулж төрийн сангийн …………..  дансанд төлүүлсүгэй.

5. Энэхүү захирамжийг хариуцагч О.Хашбаатар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

6. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Б.ӨЛЗИЙХИШИГ