Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1177

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч Б.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

шүүгдэгч А.П, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт А. П-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0090 80753 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М овогт А.П-д, 1966 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, ноосны технологич инженер мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 6 дугаар байрны 45 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

-Урьд 1998 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 659/а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3-т зааснаар 5 жил хорих ял,

-2005 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сар хорих ял,

-2005 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялыг оногдуулж, 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 жил хорих ял,

-2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 769 дугаартай тогтоолоор 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:ШВ66122361/,

Шүүгдэгч А.П нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын орчим иргэн Б.Ууганбаярт өөрийгөө Монгол банкинд ажилладаг, 15 тэрбум төгрөгийн тендэрийн зээл гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарыг хүртэл нийтдээ 34.500.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би мөнгө аваагүй гэж хэлэхгүй, 10 сая төгрөгийг буцаагаад өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Үлдсэн хохирлыг нөхөн төлнө” гэв.

Хохирогч Б.Ууганбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би П-тай уулзахад би Монгол банкинд зохион байгуулагчаар ажилладаг, тендэрт шалгарсан төслийн дагуу зээл олгогдож байгаа, хүү багатай хугацаа урттай зээл байна. Мөн банкин дээр тендерт шалгарсан төсөл байгаа, уг төслөөр барьцаагүй зээл гарна, төслийг та авбал би өөрөө дотор нь ажилладаг учраас бүх зүйлээ сайн мэдэж байгаа, мөн танай зүгээс эрсдлийн мөнгө төлөх шаардлагатай гэх мэтээр надад итгэл үнэмшил төрүүлсэн. Тухайн үед надад хэлэхдээ 15 тэрбум төгрөгийн төсөл байна танайх 50 хувь буюу 7.5 тэрбумын зээлийг авч болно тэгээд зээлийн төслөө 21 сая төгрөгөөр худалдаж ав гэж хэлсэн. Надад маш үнэмшилтэй итгэлтэй байсан учир би итгэж төслөө авахаар тохиролцож салсан. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байх П-тай уулзаад би 21 сая төгрөг гаргах боломж байна гол нь зээл болох юмуу гэж хэлэхэд болно оо та мөнгөө төл гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдрөө А.П-ын Голомт банкны 2405113448 тоот дансанд 4 сая төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш цувуулсаар байгаад 2017 оны 05 сарын эхэн хүртэл нийт 21.760.000 төгрөгийг А.П-д өгсөн. Уг мөнгөнөөс 13 сая 760 төгрөгийг П-д бэлнээр өгсөн. Тэгтэл П сүүлд надтай уулзаад танайх нэг мөсөн 15 тэрбум төслөө авахгүй бол багцаараа батлагдчихсан учраас хувааж болохгүй байна, та дахиад 24 сая гаран төгрөг нэмж өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2017 оны 06 сарын сүүл үеэс 2017 оны 07 сарын эхэн үе хүртэл цувуулаад П-д 24 сая 280 төгрөгийг нэмж өгсөн. Ингээд би нийт П-д 46.040.000 төгрөгийг өгсөн бөгөөд 2017 оны 11 сарын 08-ны өдөр 10 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Иймд би нийт 36.040.000 төгрөгөөр хохирсон учир хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. ” гэв.

Хохирогч Б.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн орчимд П гэх хүнтэй уулзсан. П-тай хэрхэн яаж уулзсан гэхээр П нь Баянмонгол хорооллын 416-р байранд оршин суудаг байсан бөгөөд тухайн үедээ дэлгүүрээр орж гарч хүмүүст зээл авах хүн байна уу гэж асууж сураглаж байсан юм билээ. Тэгээд манай хадам эгчийн охин Х.Норолхоосүрэн надад хэлэхдээ монгол банкинд ажилладаг эгч байна, та уулзаж үзэх юмуу гэхээр нь би уулзсан. Тэгээд би П уулзахад би Монгол банкинд зохион байгуулагчаар ажилладаг, тендерт шалгарсан төслийн дагуу зээл олгогдож байгаа, хүү багатай, хугацаа урттай зээл байна. Мөн банкин дээр тендерт шалгарсан төсөл байгаа, уг төслөөр барьцаагүй зээл гарна, төслийг та авбал би өөрөө дотор нь ажилладаг учраас бүх зүйлээ сайн мэдэж байгаа, мөн танай зүгээс эрсдлийн мөнгө төлөх шаардлагатай гэх мэтээр надад итгэл үнэмшил төрүүлсэн. Тухайн үед надад хэлэхдээ 15 тэрбум төгрөгийн төсөл байна, танайх 50 хувь буюу 7,5 тэрбумын зээлийг авч болно, тэгээд зээлийн төслөө 21 сая төгрөгөөр худалдаж ав гэж хэлсэн. Надад маш үнэмшилтэй итгэлтэй байсан учир би итгэж төслөө авахаар тохиролцож салсан. Тэгээд 2017 оны 03 сарын 12-ны өдөр байх /өдрийг нь сайн санахгүй байна гэх/ П-тай уулзаад би 21 сая төгрөг гаргах боломж байна, гол нь зээл болох юмуу гэж хэлэхэд болно оо, та мөнгөө төл гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдрөө А.П-ын Голомт банкны 2405113448 тоот дансанд 4 сая төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш цувуулсаар байгаад 2017 оны 05 сарын эхэн хүртэл нийт 21.760.000 төгрөгийг А.П-д өгсөн. Уг мөнгөнөөс 13 сая 760 мянган төгрөгийг П-д бэлнээр өгсөн. Тэгтэл П сүүлд надтай уулзаад танайх нэг мөсөн 15 тэрбумын төслөө авахгүй бол багцаараа батлагдчихсан учраас хувааж болохгүй байна, та дахиад 24 сая 280 мянган төгрөгийг нэмж өгсөн. Ингээд би нийт П-д 46 сая 40 мянган төгрөгийг өгсөн бөгөөд үүнээс 10 сая төгрөгийг 2017 оны 11 сарын 08-ны өдөр 10 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Иймд би нийт 36 сая 40000 төгрөгөөр хохирсон учир уг хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг. /хх19-20/,

Яллагдагч А.П мэдүүлэхдээ: “...би Монгол банкинд ажилладаггүй, өөрийгөө Монгол банкинд ажилладаг гэж хэлээгүй. Ууганбаяр надад хэлэхдээ манайх фермийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа, тийм зээл гарах боломж байгаа юу гэж надад хэлж байсан, тэгэхээр нь би өө тийм үү, хүнээс сураглаж үзье л гэж хэлж байсан. Тэрнээс өөрөөр би өөрийгөө банкинд ажилладаг зээл гаргаад өгье гэх мэтээр хэлээгүй. Ууганбаяр надад 10 сая төгрөгийг 2-3 удаа билүү дээ хувааж өгсөн, би тэрнээс өөр мөнгө төгрөг аваагүй. Үнэхээр надад 46 сая төгрөг өгсөн гэж байгаа бол гэрээ хийх байсан, Ууганбаяр намайг худал гүтгэж байна. Би Ууганбаярыг өмнө нь таньдаггүй байсан. Би 2016 оны 07 сараас байх БЗД-ийн 26-р хороо Баянмонгол хорооллын 416-52 тоотод байдаг байсан бөгөөд тухайн үед Норолхоосүрэн нь уг байрны дэлгүүрт ажилладаг байсан, тэгээд би тэр дэлгүүрээр орж гардаг байж байгаад зүс мэддэг болсон...” гэх мэдүүлэг. /хх24-25/,

Хохирогч Б.Ууганбаярын мэдүүлэг /хх19-20/, гэрч М.Ганболдын мэдүүлэг /хх21-22/, гэрч Х.Баярсайханы мэдүүлэг /хх23/, яллагдагч А.Пагамдуламын мэдүүлэг /хх24-25/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, Шийтгэх тогтоол, магадлалын хуулбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч А.П нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын орчим иргэн Б.Ууганбаярт өөрийгөө Монгол банкинд ажилладаг, 15 тэрбум төгрөгийн тендэрийн зээл гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарыг хүртэл нийтдээ 34.500.000 төгрөгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

  1. Шүүгдэгч А.Пын  гэм буруугийн талаар:

Улсын яллагч А.Сайнбаяр нь шүүгдэгч А.Пагамдуламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэм буруутай болохыг нотолсон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан ба шүүгдэгч А.П нь гэм бурууд маргахгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний явцад цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтаар шүүгдэгч А.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж шийдвэрлэв.

  1. Хохирлын талаар:

Шүүгдэгч А.П нь гэмт хэргийн улмаас Б.Ууганбаярт учруулсан хохирлын 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 36.040.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгч А.П-ыг бусдыг хуурч мэхлэн залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул хуульд заасан ял шийтгэх нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шийдвэрлэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай талаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгч А.П-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2017.11.27-ны өдрийн 769 дүгээр шийтгэх тогтоолоор А.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар А.П-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн бүгд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.15-ны өдрийн 163 дугаартай магадлалаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар А.П-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Шүүгдэгч А.П нь 2017.11.27-ны өдрөөс 2018.08.16-ны  өдрийг хүртэл нийт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял эдэлсэн байх тул үлдэх 9 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг шүүх тогтоосон болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. М овогт А П-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.П-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 769 дүгээр шийтгэх тогтоолоор А.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сарын хугацаагаар хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, А.П-д бүгд биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 9 /есөн/ сарын хугацаагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Пагамдуламд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.П-ын урьд цагдан хоригдсон 455 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хөх өнгийн тэмдэглэлийн дэвтрийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.П-аас нийт 36.040.000 /гучин зургаан сая дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ууганбаярт олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.П-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР