| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2210000001171 |
| Дугаар | 2025/ДШМ/999 |
| Огноо | 2025-08-26 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/999
2025 08 26 2025/ДШМ/999
Б.З-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Нансалмаа,
хохирогч А.Б-э,
шүүгдэгч Б.З-, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, О.Цэрэнпунцаг,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1431 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.З-, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.З-т холбогдох эрүүгийн 2210000001171 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
З-,
Шүүгдэгч Б.З- нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,
2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд 36 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 38 хохирогчид 2,464,273,070 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.З-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: шүүгдэгч З-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.З-ийн цагдан хоригдсон 435 /дөрвөн зуун гучин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-ээс нийт 1,214,845,760 төгрөгийг гаргуулан хохирогч нарт тус тус олгож, Г.У /РД:/-ын өмчлөлд бүртгэлтэй “Тоуоta Fourrunner” загварын ******* УНҮ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг хохирогч З.Э-ын өмчлөлд шилжүүлж, Б.З-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.З- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэр бүхий 9 хохирогчид арилжааны банкаар шилжүүлж, төлсөн 140-150 сая орчим гүйлгээний дүнг хохирлоос хасаагүйд, зарим хохирогч нарт өгсөн утас, машинд хохирлын бодит үнэлгээ хийлгүй зөвхөн хохирлын үнийн дүнг хохирогч нарын саналаар тооцож хохирлоос хассанд, хохирогч Б-г огт танихгүй, харилцаж үзээгүй хүнийг хохирогч Э-гийн мөнгөнд хохирогчоор татсанд, амьдралдаа, өөртөө огт зарцуулаагүй байхад тухайн мөнгөний зарцуулалтыг шалгалгүй амьдралын эх үүсвэр болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Хохирогч Э-д 4 ширхэг “harrier” автомашин зах зээлийн үнээс хямд тооцож өгсний дараа 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 97 сая төгрөг авсан бөгөөд 41 сая төгрөгийг буцаан төлсөн. Эхнэр Оэд нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 200,000, 07 дугаар сарын 25-ны өдөр 100,000, 10 дугаар сарын 19-ний өдөр 600,000 төгрөгийг төлж одоо 55,100,000 төгрөг байхад 60,000,000 төгрөгөөр хохирлыг тооцсон.
/Оэд шилжүүлсэн түүний Хаан банкны 5301621817 тоот данс/
Хохирогч Н.Н-т Хаан болон Хас банкны дансанд нь 70 удаагийн гүйлгээгээр 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 21,142,500 төгрөг төлснийг хохирлоос хасаагүй. Төлсөн хохирлыг хохирлын тооцооноос хасаж, зөрүүг иргэний журмаар нэхэмжлэхээр тооцуулж өгнө үү. Удаа дараа шүүхээс хохирогчийн хоёр банкны дансны хуулгыг шалгуулах хүсэлтийг прокурорт өгсөн боловч шалгаагүй, Хас банкны хуулгыг огт авалгүй Хаан банкны ганц 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх дутуу хуулга оруулснаар түүнээс хойших төлөлтүүдийг харах боломжгүй, хохирлын төлөлтийг хасалгүй шийдсэн. Миний бие энэ мөнгийг төлөхдөө өөр олон хүний болон худалдан авагч нарынхаа данснаас төлсөн, хохирогчийн данснаас тодорхой харагдана.
Хохирогч Ц.Э-д 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 25 удаагийн гүйлгээгээр 13,380,000 төгрөгийг, 2022 оны 03-06 дугаар сард төлсөн төлөлтүүдийг хасаагүй. Мөн миний өгсөн “I phone” загварын 4 ширхэг утсыг хохирлоос хасаагүйг шалгаж өгнө үү.
Хохирогч А.Б-эд өмнө 2022 онд төлсөн 4,400,000, 2023 онд 17 удаагийн гүйлгээгээр 10,530,000 төгрөг буюу нийт 14,930,000 төгрөг төлсөн. 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч төлсөн нь үнэн гэж хүлээн зөвшөөрсөн байхад 10,530,000 төгрөгийг хохирлоос хасаж тооцоогүй..
Хохирогч Б-аас 2022 онд 33,990,000 төгрөг авч, энэ мөнгөө 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулсан. Ингэхдээ түүний захиалсан утаснаас 2 ширхгийг өгч, үлдсэн мөнгийг өөрийн Хаан болон Хас банкнаас түүний данс руу шилжүүлсэн. Миний бие 2024 оны 10 дугаар сард цагдан хоригдож байх хугацаандаа анх яллах тогтоолтой танилцсан. Хохирогч гар утас авснаа хэлсэн боловч үлдсэн мөнгөө авч байснаа хэлээгүй. Ингээд цагдан хоригдох хугацаандаа дансны хуулга авч, баримтаар хохирол төлснөө гаргаж өгөх ямар ч боломжгүй байсан тул энэ тухай шалгаж өгөх хүсэлтийг прокурорт өгөхөд 11 дүгээр сарын 04-ний өдөр татгалзсан хариу албан бичгээр өгсөн. Миний Хаан банкны данснаас 2022 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд 1 саяас дээш шилжүүлэг хийсэн бүх гүйлгээг мөрдөгч шалган хэрэгт оруулсан. Мөрдөгчийн энэ тооцоонд Хаан банкны данснаас Б-т нийт 18,000,000 төгрөг төлсөн гэх тооцоо зураг, гар бичлэгтэйгээ 7хх 182 дугаар талд байдаг. Энэ бол миний хохирол төлөлт. Эдгээр бүхнийг болон бусад Хас банкнаас шилжүүлж байсан мөнгөн дүнг шалган хохирлын тооцоог данс шалган тогтоож өгнө үү.
Хохирогч Б.М-аас 3,000,000 төгрөг авч 1,500,000 төгрөг төлснийг хасаагүй учир дансны хуулгаар хавтас хэргээс харж хасаж өгнө үү.
Хохирогч Ө.М-аас 145,500,000 төгрөг аваад өгсөн 1 ширхэг утас бүрээс 500,000 төгрөгийн ашиг авахаар 1 ширхэг утсаа 2,000,000 төгрөгөөр тооцон 17 ширхэг “I phone 13 pro max” загварын гар утсыг өгсөн ч 500,000 төгрөгийн ашгаа аваагүй. Үлдсэн бүх хохирлоо төлж дуусгасан. Хохирогч 2022 оны “harrier” автомашиныг 35,000,000 төгрөгөөр тооцож авсан бөгөөд машин дээр бодит үнэлгээ хийлгэж зөрүү мөнгийг хохирогч Д-д өгөх хүсэлтэй байна. Би харилцан тохиролцсон мөнгөө ч авалгүй, зөвхөн үүрэг хүлээж 2022 онд 70-80 сая төгрөгт үнэлэгдэх байсан машинаа 35 саяар тооцуулан хууль бусаар өгч хохироод байгааг анхаарч үзнэ үү.
Хохирогч Б.О-аас анх 2021 онд 10 сая төгрөг авч гутал зарж өсгөж өгсөн. Үүнээс хойш 30 орчим саяыг зээлж авсан. Машинд авсан 22,300,000 төгрөгийг залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. 18 удаагийн гүйлгээгээр 7 сая төгрөг шилжүүлж өгсөн нь хохирлоос хасагдаагүй. О- эрүүгийн хэрэг үүсгэсэн мөнгөндөө тооцсон гэдэг бөгөөд би 2022 онд 30 сая төгрөг бэлнээр гэртээ өгсөн тул 7 сая төгрөгийг хохирлоос хасаж өгнө үү. 30 сая төгрөг өгснөө шүүх дээр нотолно.
Ж.Д- хохирогчоос авсан мөнгөний 49,500,000 төгрөгт гутал авч, хамт зарна гээд 49,500,000 төгрөгт гутлаа авч өгсөн. Үүнийг хохирогч лангуун дээрээ сууж байхад үл таних хүмүүс аваад явсан гэсэн мэдүүлэг нь ч байдаг. Уг мөнгийг хохирлоос хасуулах хүсэлтэй байна. Мөн хохирогч Ё.Б-гийн хохирлыг хохирогчоос асууж хуульд зааснаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Миний бие өөрөөсөө болж гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсдаг. Өнөөдрийн энэ үр дүн миний л буруу. Бусдын амьдралд хохирол учруулж, бүтэн амьдралаа хагас болгож бүх л буруугийн эзэн болохдоо хууль, хяналтын байгууллага тал бүрээс хэрсүү хандаж надаар дамжуулж мөнгө угаасан хүмүүсийг шүүнэ гэж найдсан. Би хохирлоо төлөхийг л хүсдэг. Одоогоор нийт хохирлын 60 хувийг төлсөн. Хүний үг, мэдүүлэг туйлын үнэн биш боловч мөрдөн байцаалтын явцад хэргийн холбогдогч нарыг энэ тэнцүү үзээд холбогдох журмаар шийднэ гэж итгэсэн. Гэвч 2024 оны 07 сараас хойш прокурор Сүрмандах хэрэг хянаснаас хойш миний хэрэгт оролцох бүх эрхийг зөрчиж, тэр ч бүү хэл өөрөө шууд дарамталж, сэтгэл зүйн хувьд би үргэлж тогтворгүй дарамтад байсан. Одоо миний амьдралын хувь тавиланг өөрчлөх, миний эрхийг хамгаалах сүүлийн найдвар хараат бус шүүх болоод байна. Надад өгсөн мөнгийг нэг ч төгрөг дутаалгүй тогтоожээ. Харин миний төлсөн төлөлтүүдийг хасаагүй, өгсөн зүйлүүд дээр хохирлын бодит үнэлгээ хийлгүй шийдлээ. Хохирогч төлөөгүй гэхэд би хэдэн, хэдний өдөр төлснөө тод хэлдэг, үүнийг л хохирогч нарын данснаас шалгаад өгөөч. Цагдан хоригдож байгаа нөхцөлд энэ ажиллагааг хийх боломжгүй байсан. Сүүлийн 13 жил би тасралтгүй бизнес хийж 2012-2016 оны хооронд улсын филармонид, 2018-2019 онд Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байхдаа ч өнөөдрийг хүртэл зогсоогоогүй. Үнэхээр амьдралдаа зарцуулсан эсэхийг шалгаад зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож өгнө үү. Би нэг жилийн дотор хохирлоо дуусгах зорилготой тасралтгүй төлдөг. Би өндөр настай эмээ дээрээ өссөн, эмээгээ ачилж, уулзахыг хүсэж байна. Хохирлоо төлөхийг урьтал болгож байна. Иймд хохирлын тооцоог бодит болгож, өгсөн олон тооны утаснууд болон машинууд дээр үнэлгээ хийж, төлсөн хохирлуудыг минь хасаж өгнө үү. Мөн надад холбогдох хэргийг тал бүрээс нь судлан эргэлзээгүй тогтоон, хувийн байдал болон хохирол төлсөн зэргийг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.З-ийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.З-ийн бусдад учруулсан хохирлын дүн болон хохирогч нарт хохирол төлсөн талаарх баримтууд, гэмт хэрэгт холбогдохоос өмнө хэдий хэмжээний орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байсан зэргийг нотлох баримтад үндэслэн тогтоох байсан боловч уг ажиллагааг хийгээгүй байхад зөвхөн хохирогч нарын мэдүүлэгт үндэслэн хохирлын хэмжээг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” нотолсон байх гэсэн заалтыг зөрчсөн. Б.З- нь Хаан банканд эзэмшдэг дансны хуулгуудаа авч хэрэгт хавсаргуулах, өөрийн өдөр бүр хөтөлдөг санхүүгийн дэвтэртээ үзлэг хийлгэж, нэр бүхий хохирогч нарт хохирол төлсөн тооцоогоо үнэн зөвөөр гаргуулах хүсэлтийг мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гаргасан боловч энэ ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байгаагаа тодорхойлоогүй нь онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд нь харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь хэрхэн үгүйсгэж байгаагаа тодорхойлоогүй .
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон" гэх хүндрүүлэх шинж нь тухайн гэмт хэргийг үйлдэхгүйгээр амьдрах боломжгүй, энэ гэмт хэргийг байнга үйлдсэний үр дүнд амьжиргаагаа залгуулах, амьдрал зан төлөвийнхөө хэвшил болгосон” байх нэгдмэл ойлголт юм. Гэтэл Б.З-ийг хэдэн төгрөгийн ашиг олсон, ашиг олсон болох нь тогтоогдвол олсон орлогоо өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж эсхүл бусад үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан эсэхийг шалгах тогтоох ажиллагааг мөн л хийгээгүй атлаа 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарын хооронд 7 сарын хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Гэтэл гэмт хэрэг үйлдэж эхэлсэн гэх 2021 оны 10 дугаар сараас өмнө Б.З-ийн дансанд 5,136,656,000 төгрөгийн бэлэн мөнгөний эргэлт байсан, бизнесийн үйл ажиллагаа, амьжиргааны эх үүсвэр нь тогтвортой байсан талаар өөрөө баримттай мэдүүлдэг бөгөөд түүнээс гаргаж өгсөн баримтыг нотлох баримтаар тооцоогүй, гэхдээ уг ажиллагааг мөрдөн байцаалтын явцад огт хийгээгүй нь нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзэхээр байна. Хохирогч нарын хувьд өөрийнхөө хүсэл зоригоор бизнесийн үйл ажиллагаанд хамтарч, олох байсан орлогоо бүрэн авсан, дахин орлого олох зорилгоор бизнест хамтарсан боловч валютын өсөлт, гадаад улсад захиалсан барааны захиалга ирээгүйгээс Б.З- нь санхүүгийн эрсдэлд орсон. Ашиг олохоор харилцан тохиролцсон бизнесийн хамтрагч нарыг хохирогчоор тогтоосон атлаа Б.З-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” байх хууль ёсны зарчим алдагдсан. Иймд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр орхигдуулж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн нь эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн байх тул анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.З-ийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зөв дүгнэсэн эсэх, хууль зүйн ямар дүгнэлт өгсөн, хэргийн оролцогч нарын гаргасан гомдолтой харьцуулж зөрүүтэй байдлыг анхаарч авч үзнэ үү. Өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн шүүгдэгч урьд дансандаа 5,000,000,000 гаруй төгрөгтэй байсан талаар хэлж байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд өмгөөлөгч миний зүгээс шүүгдэгчийн хувийн байдлыг “бага наснаасаа ээжийнхээ хамтаар бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байсан” гэж тодорхойлсон. Ийм хүн бусдыг залилж, амьдралын эх үүсвэр болгох боломжтой юу гэдэг дээр хуульд нийцсэн дүгнэлт хийж өгнө үү. Хохирол төлбөрийн зөрүүтэй асуудал байгаа. Шүүгдэгч иргэний шүүхийн шийдвэрээр дансны барилттай байсан учраас өөр хүний данснаас мөнгө шилжүүлсэн. Шүүгдэгчийн төлсөн төлбөрийг давхардуулж гаргуулж байна гэдэг агуулгаар гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа бол анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хохирогч нараас шүүгдэгчийн өөр хүний нэрээр мөнгө шилжүүлсэн байдлыг тодруулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв, бодитой гаргах нь зүйтэй. Хэргийг оролцогчийн гомдлын хүрээнд биш бүхэлд нь хянаж, нотолбол зохих байдлууд буюу хохирол төлбөртэй холбоотой асуудал, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн асуудал дээр хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. Бүх хохирогч нар давуу, нэмэгдүүлсэн байдлаар ашиг олсныг анхаарч үзнэ үү. ...” гэв.
Хохирогч А.Б-э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Б.З-ийн үеэлийн нөхрийнх нь хамаатан. Анх манай эхнэрийн ах утас захиалаад намайг ойрхон явж байгаа болохоор “тэр утсыг авчих” гэж хэлсэн. Тухайн үед шүүгдэгчийн гэрт очиход олон тооны утас байсан. Би утасны төрлийн бизнес хийдэг байсан учраас зарж байгаа, захиалж байгаа талаар танилцаж, утас захиалсан. Би 36,400,000 төгрөг нэхэмжилж байсан. ...” гэв.
Прокурор Т.Нансалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирлын талаар ярьж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тодорхой тогтоосон. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч төлсөн төлбөрийн талаар маргаантай гэж давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч, хохирогч нарт учирсан хохирол төлбөрөөс тодорхой хэмжээнд төлж барагдуулсан гэж мэдүүлсэн. Хохирол, төлбөрийн асуудал дээр 60 хоногийн завсарлага авч, хохирол төлбөртэй холбоотой асуудлыг нарийвчилж, хэдэн төгрөгийн хохирол төлөгдсөн, ямар байдлаар төлөгдсөн талаар тогтоосон. Шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдагдсан хохирогч нарыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулж, хохирол төлбөртэй холбоотой асуудлыг тодруулж, мэдүүлэг авч, хохирлыг тогтоосон учраас анхан шатны шүүх хохирол, төлбөрийн асуудлыг зөв тооцсон гэж үзэж байна. Шүүгдэгч хэргийн зүйлчлэл дээр мөн гомдол гаргаж байна. Тэрээр 2019 оноос хойш ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, 38 хүнийг залилж, харьцангуй тогтвортой хугацаанд энэ гэмт хэргийг үйлдэж, ашиг, орлого олж байсан. Өөрөөр хэлбэл, худалдаа, наймаа хийж байсан баримтууд хэрэгт авагдсан учраас шүүхээс амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.З-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Б.З-, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Прокуророос шүүгдэгч Б.З-ийг үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Австрали улсаас хямд машин оруулж ирнэ, захиалж өгнө”, “зах зээлийн үнээс хямд байр авах боломжтой”, “...“Iphone” загварын гар утас хямд захиалж өгнө”, “мөнгө зээлээд нэмж өгнө”, “гутал зарна” гэх зэргээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 36 удаагийн үйлдлээр, нэр бүхий 38 хохирогчоос 2,464,273,070 төгрөгийг залилан авч, уг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр бий болгосон хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.
Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байх учиртай.
Уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дутуу тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Тодруулбал, гэмт хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэрэгт холбогдсон шүүгдэгчийн үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг бодитойгоор тодорхойлоогүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзлээ.
Тухайлбал, прокурорын яллах дүгнэлтэд Б.З-ийг хохирогч Б.О-д 22,300,000 төгрөгийн, хохирогч Ж.Д-д 390,800,000 төгрөгийн, хохирогч Г.М-т 167,000,000 төгрөгийн, хохирогч Ж.У-д 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэж тус тус тусгажээ. /11хх-105/
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгдэгч Б.З-ийг хохирогч Б.О-д 50,940,000 төгрөгийн, хохирогч Ж.Д-д 393,000,000 төгрөгийн, хохирогч Г.М-т 156,937,310 төгрөгийн, хохирогч Ж.У-д 2,500,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээг заримыг нь ихэсгэж, заримыг нь багасган тогтоохдоо ямар ч дүгнэлт хийгээгүйгээс гадна хохирогч Б.О-д 22,300,000 төгрөг, Ж.Д-д 265,360,000 төгрөг, Г.М-т 54,000,000 төгрөг, Ж.У-д 3,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Б. З-ийг нэр бүхий хохирогч нарт нийт 2,464,273.070 төгрөгийн хохирол учруулснаас 1,214,845.760 төгрөгийг гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэхдээ шүүгдэгч нь хохирогч нарт хэзээ, хэдэн төгрөгийг хэрхэн, яаж төлж, хохирлоос хэдэн төгрөгийг хасаж, нэмж тооцож байгааг талаар огт дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал” шаардлагад нийцээгүй, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг бодитойгоор тодорхойлоогүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч Б.З- нь “...хохирогч Ц.Э-д миний өгсөн “I phone” загварын 4 ширхэг утсыг хохирлоос хасаагүй. ...” гэх гомдлыг гаргаж, яллагдагчаар “...2,000,000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг гар утсыг Э-д өгсөн. ...” /5хх 152/ гэж мэдүүлж байсан ба энэ талаар 5 дугаар хавтас хэргийн 124 талд авагдсан баримт болон шүүгдэгч Б.З-ийн Хаан банкны 5**** тоот данснаас хохирогч Б.Б-ын Хаан банкны 5*** тоот дансанд 18,000,000 төгрөг /7хх-113/, хохирогч Б.М-ын Хаан банкны 5**** тоот дансанд 2,400,000 төгрөг /7хх-41/ тус тус шилжүүлсэн баримтыг анхаарч үзэлгүйгээр шүүгдэгчийн шилжүүлсэн мөнгө болон эд зүйлийг хэрхэн, яаж тооцсон талаар огт дүгнээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг шүүх хуралдааны явцад нотолбол зохих бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын түвшинг ихэсгэх буюу багасгах, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байвал зохино.
Анхан шатны шүүх хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдгээрийн хоорондын дансны хуулга зэргийг харьцуулан хохирлын хэмжээг тооцох нь хэргийн шийдвэрлэлт болон шүүгдэгчийн эрх зүйн байдлын хувьд ач холбогдолтой гэж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан шаардлагад нийцээгүй байгаа нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан зөрчил бөгөөд 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотой шүүгдэгч Б.З-, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарын “...хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1431 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.З-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН