| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2026/00048/И |
| Дугаар | 141/ШШ2026/00049 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 141/ШШ2026/00049
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: .............хотын ..............дүүргийн .......-р хороо, ..........ын талбай 02, Ц....... тауэрын ....... давхарт байрлах “............ ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............аймгийн ............сумын ...........т багт оршин суугч Х овогт Э-гийн Н-д холбогдох 885,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн ирүүлсэн баримтыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “..........ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.Н-тэй 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ............тоот зээлийн гэрээг байгуулан 600,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай зээлсэн. Э.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн зээл 600,000 төгрөг, хүү 279,400 төгрөг, шимтгэл 6,000 төгрөг нийт 885,400 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Э.Н нь төлбөрийг шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “...........ББСБ” ХХК нь хариуцагч Э.Н-д холбогдуулан 885,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлага 885,400 төгрөгийг төлж барагдуулан баримтыг шүүхэд ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,799 төгрөгийн тал хувь болох 12,899 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 12,899 төгрөг, хариуцагч Э.Н-гээс 12,899 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “..........ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “.............ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Э.Н-д холбогдох 885,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,799 төгрөгийн тал хувь болох 12,899 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 12,899 төгрөг, хариуцагч Э.Н-гээс 12,899 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “............ ББСБ” ХХК-нд оруулсугай.
3. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ