| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2206020260914 |
| Дугаар | 2025/ДШМ/994 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/994
2025 08 21 2025/ДШМ/994
Л.Т-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ганчимэг,
шүүгдэгч Л.Т-ын өмгөөлөгч Ж.Ганболд, О.Даваажаргал,
хохирогч Г.А-, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1529 дүгээр шийтгэх тогтоолыг зөвшөөрч хохирогч Г.А-ын өмгөөлөгч Э.Мягмардоржийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Т-т холбогдох 2206020260914 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т- овгийн Л-гийн Т-, ................, /РД:................/,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1490 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 724 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч Л.Т- нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**********” ХХК-ийн оффист байхдаа хохирогч А.Д-, Д.Ц-, Ч.О-, С.П-, М.А-, Ж.Ү-, Ц.М- нарт Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “******* хотхонд орон сууцыг худалдан борлуулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “Орон сууц худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулан, урьдчилгаа болгон шилжүүлсэн 189.600.000 төгрөгийг Богд банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч,
2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Богдын өндөр хотхоны 52 дугаар байрны *** тоотод байрлах 158.82 м.кв байрыг нийт 330.000.000 төгрөгөөр хохирогч Г.А-т худалдахаар “Орон сууц худалдах худалдан авах тухай” гэрээ байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан барьцааны зээлийн мөнгийг төлж барагдуулан, өмчлөх эрхийг шилжүүлж өгнө” гэж зохиомол байдпыг зориудаар бий болгон, 62.500.000 төгрөгийн үнэ бүхий “Мерседес бенз МЛ350” загварын тээврийн хэрэгсэл болон урьдчилгаа 140.000.000 төгрөгийг
Хаан банкны ************ тоот дансаар шилжүүлэн авч, бусдад нийт 392,100,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Л.Т-т холбогдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Г.А-ыг залилсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Л.Т-ыг “үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Т-ыг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.Т-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.А-т холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Г.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.
Хохирогч Г.А-ын өмгөөлөгч Э.Мягмардорж давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Шүүхийн тогтоолд заасан ундэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгуй ундэслэлийн тухайд:
Шүүхээс шүүгдэгч Л.Т-ын хохирогч Г.А-ыг хохироосон үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “…шүүгдэгчийн энэхүү үйлдлийг хохирогчийг залилах санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд анхнаасаа зохиомол байдлыг зориудаар бий болгосон, эсхүл бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулсан гэж дүгнэх үндэслэлгүй. Гэрээний талууд бодит нөхцөл байдлыг ил тодоор харилцан тохиролцсон тэгш эрхийн үндсэн дээр эрх үүргээ хуваарилан зөвшөөрсний үндсэн дээр хийсэн иргэний эрх зүйн хэлцэл гэж дүгнэх нь зүйтэй.” гэж бодит байдлаас зөрүүтэйгээр, нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас шүүгдэгчид ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Л.Т- анхнаасаа “уг байр банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа бөгөөд барьцааны мөнгөө өөрөө төлж барагдуулсны дараа өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө” гэж хууран мэхэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 140.000.000 төгрөгийг бэлнээр, 62.500.000 төгрөгийн үнэ бүхий “Мерседес бенз” загварын автомашины хамт авчихаад, зугтаж алга болсон бөгөөд өнөөг хүртэл банк бус санхүүгийн байгууллагын өрнөөс нэг ч төгрөг төлөөгүйн улмаас хохирогч Г.А- уг зээлийг бүрэн төлж барагдуулан нэмж 330.000.000 төгрөгөөр хохирсон байхад анхан шатны шүүх зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулаагүй гэж дүгнэж үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзэж гомдолтой байна. Г.А-ыг удаан хугацаанд их хэмжээгээр хохироосон байхад үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болголоо.
Түүнчлэн шүүх банк бус санхүүгийн байгууллагад холбогдох төлбөрийг О.У- 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлж, байрыг барьцаанаас чөлөөлж өмчлөх эрхийг Г.А-ын эгчийн нэр дээр шилжүүлсэн мэтээр дүгнэсэн нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэж шийдвэрлэсэн. Банк бус санхүүгийн байгууллагад 330.000.000 төгрөгийг Г.А- төлсөн баримтыг шүүхэд өгсөн, хэрэгт хавсаргагдсан байхад буруу дүгнэлт хийсэн.
2.Анхан шатны шуух Эруугийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцой зөрчсөн ундэслэлийн тухайд:
Анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Г.А-, Л.Т-ын компани хоёрын хооронд хийгдсэн хэлцэл нь эрүүгийн гэмт хэргийг гэрээний хэлбэрээр халхавчлах зорилгоор хийгдсэн гэмт хэргийн арга хэлбэр гэж дүгнэх үндэслэлгүй, иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрэлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.10 болон 1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4 заалтыг зөрчсөн төдийгүй илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас хохирсон Г.А-ын хохирлыг шүүгдэгч Л.Т- төлөлгүй үлдээсэн байхад шүүгдэгчид илт хууль бусаар давуу байдал олгохын тулд үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож бусдыг залилах гэмт хэргийг амьдралын хэв маяг болгосон хүнд хэт хөнгөн ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй шударга бус шийдвэр гэж үзэж байна.
Мөн шүүх “гэрээний хэлбэрээр халхавчлах зорилгоор хийгдсэн гэмт хэргийн арга хэлбэр гэж дүгнэх үндэслэлгүй” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дэх заалтыг зөрчин прокурорын шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнээс хальж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хохирогч Г.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Анх гэрээ байгуулахдаа 200.000.000 төгрөг өгсөн. Орон сууцыг нэр дээрээ шилжүүлж авсны дараа үлдэгдэл мөнгийг өгөхөөр тохиролцсон боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Одоогоор банк бус санхүүгийн байгууллагын хүү алдангид 200.000.000 төгрөг төлчихөөд байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг зохиомол байдлыг зориудаар үйлдсэн байхыг шаарддаг. Гэтэл Г.А-тай холбоотой хэргийн тухайд бүх зүйл ил тод, гэрээнд заасан эрх үүрэг, хугацаа зэргийг тодорхой зааж харилцан тохиролцсон учраас зохиомол байдал байхгүй. Гэрээний эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн гэх иргэний эрх зүйн асуудал хөндөгдсөн үүнийг хохирогч Г.А-, түүний өмгөөлөгч Э.Мягмардоржоос зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэх асуудлыг ярьж байна. Орон сууц банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан гэдгийг талууд мэдэж байсан. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ буюу Г.А-ын ашиг одоогийн байдлаар 400.000.000 төгрөг хүрчихээд байна. Г.А- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хүү алдангийн асуудал үүссэн учраас хохиролд тооцож байгаа нь хуулийн шаардлага хангагдахгүй байна. Бусад асуудал иргэний эрх зүйн харилцаа учраас иргэний эрх зүйн харилцаагаар шийдвэрлэгдэх учиртай.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.А-тай гэрээ байгуулахдаа орон сууц барьцаанд байгаа гэдгийг хэлсэн, хоорондоо тохиролцож банк бус санхүүгийн байгууллагын хүмүүстэй уулзаж гэрээ байгуулсан бөгөөд Г.А- 127.500.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд төлөөгүй нөхцөлд хүү алданги хариуцаж төлөх талаар гэрээнд заасан. Талуудын хооронд ямар маргаан үүссэн бэ гэвэл банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээний алданги өндөр гарсан учраас асуудал үүссэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд У- гэх хүн Т-аас “330.000.000 төгрөгийг би төлсөн” гэж өдөр, шөнөгүй дарамталдаг. Гэтэл Г.А- “330.000.000 төгрөгийг би төлсөн” гэж маргадаг. Шүүхийн шийдвэртэй танилцахад У- төлсөн байдаг. Энэ хэрэг анхнаасаа ээдрээтэй, эргэлзээтэй байсан. Иргэний эрх зүйн маргаан гэдэг нь туулийн тодорхой байсан. Одоо уг орон сууц тэр бум төгрөгөөр үнэлэгдэж байгаа, орон сууцаа 600.000.000 төгрөгөөр тооцоод өгчих гэхээр өгддөггүй. Дээр нь 500.000.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй учраас маргаж байгаа. Залилан мэхлэх гэмт хэрэг материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг, өөрөөр хэлбэл банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа гэдгийг хэлээгүй, орон сууц бидний эзэмшилд байгаагүй бол залилангийн гэмт хэрэг гэж үзэж болно. Гэтэл залилангийн гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй учраас анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Л.Т-т холбогдуулан дээрх нэр бүхий иргэдийг залилсан гэх агуулгаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн шийтгэх тогтоолын 30-33 дугаар талд шийтгэх тогтоолын үндэслэлийг дүгнэсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргийн оролцогчдын зүгээс тал бүрээс мэтгэлцэж оролцсон. Прокуророос Л.Т-, хохирогч Г.А- нарыг харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэж үзсэн. Гэрээ байгуулах явцдаа орон сууц банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байгаа эсэх талаар талууд харилцан байр сууриа солилцсон байдаг. Хохирогч Г.А- гэрээ байгуулсан цаг хугацаанаас эхлээд тухайн орон сууцанд амьдарсан. Орон сууцанд засвар үйлчилгээ хийсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тухайн орон сууцыг өөрийн хамаарал бүхий хүний нэрд шилжүүлсэн гэх асуудал яригддаг. Гэтэл залилах гэмт хэргийн үндсэн шинж нь тухайн эд хөрөнгийг хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох санаа зорилготой байхыг шаардаг. Гэтэл Л.Т-ын тухайд хохирогч Г.А-т орон сууцыг өгөхгүй гэх санаа зорилго байхгүй. Төлбөр тооцооны асуудалтай холбоотой удааширсан зүйл байдаг. Энэ талаараа шүүгдэгч Л.Т- зөвшөөрдөг. Энэ талаарх иргэний хэргийн шүүхийн шийдвэр байдаг. Гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлтэй холбоотой заалтуудыг үндэслэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учраас давж заалдах шатны шүүхэд прокурорын эсэргүүцлийг бичээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас хохирогч Г.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.А-ын өмгөөлөгч Э.Мягмардоржийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Шүүгдэгч Л.Т- нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**********” ХХК-ийн оффист байхдаа хохирогч А.Д-, Д.Ц-, Ч.О-, С.П-, М.А-, Ж.Ү-, Ц.М- нарт Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “******* хотхонд орон сууцыг худалдан борлуулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “Орон сууц худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулан, урьдчилгаа болгон шилжүүлсэн 189.600.000 төгрөгийг Богд банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч М.А-ын “… “******” ХХК-тай хамтран ажиллаж байгаа компанийн захирал болох Т- гэх хүн ирсэн ба тухайн хүн нь компаниа танилцуулаад "Манайх барилгын хуурай хольц үйлдвэрлэдэг, манай үйлдвэр Налайхад байдаг, олон айлыг байр, орон сууцаар хангасан, олон залуучуудад хүүгүй лизингээр байр өгч оруулсан, зарим бартераар авсан байрнууд нь ашиглалтад орохгүй байгаа залуу хосуудын байрны түрээсийн төлбөрийг төлдөг, янз бүрийн байдлаар бартер оруулж болдог, Хархорин зах дээр зогсдог хэдэн залуучууд байр авчихаад төлбөрөө төлж чадахгүй болохоор нь би бартерт нь бэлэн хувцас хүртэл авч байсан" гэх зэргээр маш олон зүйл ярьсан. Тэгээд би тухайн ******* хотхоны 7 дугаар блокны 1 дүгээр орц, 9 давхар, 50 тоот 43.21 м.кв бүхий 2 өрөө байрыг 1 м.кв-ийг нь 1.700.000 төгрөгөөр бодож, нийт 73.457.000 төгрөгөөр худалдан авахаар болж урьдчилгаа 25.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл 48.457.000 төгрөгийг байрандаа орсны дараа 1 сард 1.000.000 төгрөг өгөхөөр аман байдлаар тохиролцоод, урьдчилгаа мөнгөө тэр дор нь шилжүүлээд гэрээг Багшийн дээдийн UBH центрт байдаг “**********” ХХК-ийн оффист нь очиж байгуулсан. Тэгэхээр нь би “******” ХХК-ийн удирдлагуудтай холбогдоход "Манайх “*********” ХХК-д бол байр өгөхгүй ээ, уг нь бол манайхтай 2 байрны гэрээг хийсэн, гэвч 1 байрны үнэд хүрэх барилгын материал нийлүүлээгүй, гэрээ цуцлагдах шатандаа явж байгаа, манайх руу “*********” ХХК-тай гэрээ байгуулсан гэх олон хүмүүс холбогдож байна, тухайн гэрээгээ тухайн компанитайгаа ярь, манайд ямар ч хамаагүй, манайх тухайн компанид байр өгөхгүй” гэж хэлсэн. …” /1хх 13-15/,
хохирогч Д.Ц-ын “… Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ******* хотхоны 8 дугаар блок 12 давхар 142 тоот бүхий 47,48 мкв 2 өрөө байрыг 1 мкв-ийг нь 1,700,000 төгрөгөөр, нийт 81,226,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож тухайн газраа гэрээг тухайн компанийн захирал Т- гэх хүнтэй байгуулсан. Тэгээд урьдчилгаанд 20 сая төгрөгийг өгөхөөр болж Т- нь компанийнхаа эзэмшлийн Богд банкны ******* дугаартай дансыг өгсөн. … Түүнээс хойш 1 сар болгон тухайн компанийн нягтлан Ж-гийн Хаан банкны данс руу 700,000 төгрөгийг хийгээд явж байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын сүүлээр ******* хотхоны оршин суугчдын фэйсбүүк групп нээгдэхээр нь ортол, манай хаягт 1 давхардсан айл байсан. Тэгэхээр нь би Т-тай холбогдоод "Юу болж байна" гэж асуутал "Манайх энэ компаниас 7, 8 байр авахаар болсон, албан ёсны хариу ирэхээр та нарт хариу өгнө, хэрэв асуудал үүсвэл алданги бодоод 35 сая төгрөгийг өгнө” гэж хэлсэн. …” /1хх 167-168/,
хохирогч А.Д-ын “… 2021 оны 02 дугаар сарын үед орон сууц худалдан авахаар фэйсбүүкийн зар үзэж байтал М- гэх нэртэй фэйсбүүк хаягнаас "******” компанийн барьж байгаа 2021 оны 07 дугаар сард ашиглалтанд орох орон сууцанд урьдчилгаа авч ипотекийн зээлд хамруулж өгнө" гэх зар байршуулсан байсан. … Миний уулзсан хүн “*********” ХХК-ийн захирал Т-, болон ажилтан М- нар байсан ба тухайн хүмүүс "манай ********* ХХК байранд бараа материал нийлүүлж төлбөрт нь 2 өрөө байр 2 ширхэгийг авч байгаа, энэ байраа зарж байна" гэж хэлж байсан. …Тэгээд би барилгын явц байдал болон загварыг үзээд тухайн ******* хотхоны 8 дугаар блокны 2-р орц 6 давхар 107 тоотод байрлах 43,21 мкв бүхий 2 өрөө байрыг 1 мкв-ыг нь 1.700.000 төгрөгөнд бодож нийт 73.457.000 төгрөгөөр авахаар тохиролцож урьдчилгаанд 15.000.000 төгрөгийг би өөрийн Хаан банкны ****** дугаартай данснаас “*********” ХХК-ийн эзэмшлийн Богд банкны ******* дугаартай данс руу 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлж гэрээ байгуулсан Түүнээс хойш 2 билүү 3 сарын дараа. “*********” ХХК-ийн захирал Л.Т- нь манай Г-тай байгуулсан гэрээгээ шинэчилж байна, танай байрыг 12 давхар 142 тоот руу шилжүүллээ, орон сууцны хэмжээ томорч, үнэ нь багасч байгаа гэж хэлсэн. Тэгтэл 2021 оны 10 дугаар сараас Г-ын 8 дугаар блокны байр захиалагчдын фэйсбүүк групп чатнаас тухайн блокны 142 тоот нь давхцаж, өөр хүнд мөн борлуулагдсан болохыг мэдсэн. Тэгээд би тухайн давхцсан байрны хүн болох Ц- гэх хүнтэй фэйсбүүкийн чатаар холбогдоход яг минийхтэй ижилхэн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан байсан. Тэгээд би Т- гэх хүнтэй утсаар холбогдож болсон асуудлын талаар тодруулахад "Манайх Г-аас нэмж 7, 8-н орон сууц авахаар болсон. танай давхрыг доошлуулж өгнө" гэж хэлж байсан. …” /1хх 236-237/,
хохирогч З.П-ын “… “**********” ХХК-ийн менежер гэх М- гэх эмэгтэйтэй зараар танилцсан бөгөөд тухайн эмэгтэй нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 7 дугаар блок барилгад 47.5 м.кв 2 өрөө байрыг 1.750.000 төгрөгөөр буюу нийт 80.716.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон юм. Тэгээд орон сууцны захиалгын гэрээг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр … "**********" ХХК-ийн захирал Л.Т-тай байгуулж, урьдчилгаа 2021 оны 05 дугаар сард өөрийн төрийн банкны данснаас 5.000.000 төгрөгийг, өөрийн Хаан банкны ******** дугаарын данснаас 2021 оны 05 дугаар сарын 19-өөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ******* дугаарын дансанд шилжүүлж нийт 20.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн юм. … Тэгээд М-аас асуухаар материал муутай байгаа учраас удааширч байна гэж хэлдэг байсан юм. Хамгийн цаад хугацаа 2021 оны 12 дугаар сард ашиглалтад орчихно гэж хэлж байсан юм. 2022 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүрэгт баригдаж буй барилга дээр очиж Х- гэх хүнтэй холбогдоход "********** ХХК нь гэрээгээ цуцалж байгаа, байр байхгүй" гэж хэлж байсан юм. … Тэгээд “********** ХХК дээр очиж М-тай уулзахад "Ц.Х- худал яриад байгаа юм, манай байр тэнд байгаа" гэж хэлсэн бөгөөд би больё гэж хэлэхэд намайг 2-3 хоног хүлээчих гэж хэлсэн. Тэгээд би 2 хоногийн дараа очиход тус газар надтай ижил байр захиалсан 2-3 хүн байсан юм. …” /2хх 148/
хохирогч Ч.О-ын “… очиж уулзахад компанийх нь захирал Т- “Г- ХХК-ийн барьж байгаа ******* хорооллоос 2 ширхэг орон сууц бартераар авч байна. Манайхаас бартераар авч байгаа орон сууцны нэг нь 8 блокны 74,78 мк2 3 өрөө орон сууц юм. Одоо гэрээ байгуулахгүй бол өөр хүмүүс авах гээд байгаа юм” гэж хэлсэн, “манай компани урьдчилгаа аваад улдсэнийг нь 5 жилийн хугацаатай сард 1,000,000 төгрөг хийхээр гэрээ байгуулж болно" гэж хэлсний дагуу би итгээд Т- захиралтай Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ГХДТ төслийн 8 блокны 129 тоот 74,78 мк2 орон сууцны захиалгын гэрээ байгуулсан ба “********* технилоги ХХК-ийн Богд банкны ********* дугаартай данс руу нь өөрийн худалдаа хөгжлийн ******* дугаартай данснаасаа 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээнд заасны дагуу 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл сар болгон 1.000.000 төгрөг буюу 9.000.000 төгрөгийг шилжүүлсэн. …” /4хх 228/,
хохирогч Ж.Ү-ын “… Би 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр фейсбүүкт "Бартераар байр зарна" гэсэн зарын дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Юу Би Эйч төвийн 9-р давхарт байрлах "**********" ХХК-ийн оффис дээр очиж танилцахад төрөл бүрийн орон сууцнууд байсан бөгөөд тухайн орон сууцнуудыгаа танилцуулахдаа бол “******” ХХК-ийн "*******" хотхоны 2 дугаар ээлжийн орон сууцны хотхоноос бартерт авсан орон сууцнуудыг хямд зарна гэж тайлбарлаж байсан. Тэгэхдээ м.кв-ийг нь 1.700.000 төгрөгт тооцож зарахаар хэлж байсан. Тэгээд хэлэхдээ урьдчилгаа 30.000.000 төгрөг төлөөд үлдэгдэл мөнгийг нь орон сууц ашиглалтанд орсны дараа 6 хувийн хүүтэй зээлээр, эсвэл хувь лизингийн аль нэгээр нь шийдвэрлэж болно гэж хэлж байсан. Тэгээд би худалдан авахаар болж тухайн компанийн Богд банк дахь ******* дугаартай дансанд шилжүүлсэн. Ингэхдээ би 30.000.000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөгийг нь, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 9.000.000 төгрөгийг нь, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 15.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Тэгээд би ашиглалтанд орсон сургаар нь "**********" ХХК-ийн хүмүүсийн утсаар нь холбогдоход ямар ч холбоо барих боломжгүй, анх гэрээ байгуулсан оффис дээр нь очиход хүн байхгүй, цоожтой байсан. Тэгээд би “******” ХХК-ийн оффис дээр очиж уулзахад "Энэ компани нь хэд хэдэн хүнтэй давхар гэрээ хийсэн байна, түрүүлж ирсэн хүмүүс нь байрандаа орчихсон байгаа, чи яасан орой ирж байна вэ, …" гэж надад хэлсэн …” /5хх 18/,
хохирогч Ц.М-ын “… 2021 оны 09 дүгээр сард "**********" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Т- гэх хүнтэй танилцсан бөгөөд тус компаний ерөнхий захирал М- гэх эмэгтэй нь Баянзүрх дүүргийн 8-р хороо ГХДТ төслийн дагуу байранд мкв 1.650.000 төгрөгийн үнэтэйгээр орох боломжтой, барилгыг "*******" ХХК нь барьж байгаа гэсэн бөгөөд тэд надад 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр "*******" ХХК-ийг захирал Ц.Э- төлөөлж "**********" ХХК-ийг Т- төлөөлж байгуулсан "Бараа худалдах, худалдан авах гэрээ"-г үзүүлсэн бөгөөд тус гэрээ Л.Т-ын компани нь Ц.Э- гэх хүний компанид 8-р блок барилгад ашиглах замаск, цагаан замаск, плитан цавуу гэх барилгын материал нийлүүлж энэ нь 161.750.750 төгрөгийн төлөлттэй байсан. "*******" ХХК-иас дахин 7-р блокны барилгад обой нийлүүлж үүний хариуд байр авна гэж М- нь надад хэлсэн. Тэгээд би тус компанийн гүйцэтгэх захирал Т-тай 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сухбаатар дүүргийн 1-р хороо UBH центрийн 9 давхарт "Орон сууц захиалгын гэрээ" байгуулсан. Ингээд би өөрийн хаан банкны ******* дугаарын данснаас ******* дугаарын М-ын данс руу 1.000.000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлж, үүнээс хойш "**********" ХХК-ийн ******* дугаарын болон хаан банкны ******* дугаарын дансанд нийт 40.000.000 төгрөг бөгөөд нийт 41.000.000 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөр гэж 2021 оны 09 дугээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд шилжүүлсэн. Би 2022 оны 02 дугаар сард UBH оффис дээр ороход өөр хүмүүс ирчихсэн яг энэ байр дээр мөнгө өгчихсөн асуудал байсан. ..." /5хх 97/,
гэрч Ц.Ж-гийн “… Манайх 2021 онд “******” ХХК-тай гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд манайх “******” ХХК-д барилгын хар, цагаан замаск нийлүүлнэ, тооцоонд нь Г- манай компанид 47.48 м.кв. 69 м.кв орчим хэмжээтэй 2 байр авахаар тохиролцож, гэрээг хийсэн. Манайх тухайн авсан байрнуудаа бусдад зарж материалын мөнгө олох шаардлагатай болсон. Тэгээд манай компанийн борлуулалтын менежер М-т захирал Т- хэлж, “байр зарна” гэж зар оруулсан. Тэгээд авахаар ирсэн хумуустэй захирал Т- уулзаж манайх гэрээгээр 2 байр авч байгаа, аман гэрээгээр мөнгө хэдэн байр авна гэрээнд заавал байрны тоот болон м.кв, хэдэн өрөөнд тодорхой тусгагдсан байх шаардлагатай учир иргэдтэй хийсэн гэрээг ******тэй хийсэн гэрээнд заагдсан 2 байранд хийсэн. Тухайн хүмүүсээс шилжүүлсэн мөнгийг манай байгууллагын Богд банкны ******* дугаарын дансанд авч, дараа нь миний эзэмшлийн Хаан банкны ************ дансанд шилжүүлдэг байсан. Захирал Л.Т- нь өөрөө шүүхийн шийдвэрээр дансны шилжилт хөдөлгөөн хязгаарлагдсан байсан тул миний дансны интернет банкны нэвтрэх нэр, нууц үг болон картыг авч ашигласан. …” /1хх 17-18/,
гэрч Д.М-ын “… 2021 оны 3 дугаар сараас эхлэн захирал Т- тухайн 2 байранд зар тавьж худалдан борлуулах гэрээ хийж, урьдчилгаа мөнгө авч, бараа бүтээгдэхүүн худалдан ав гэх үүрэг өгсөн. Иймд би тухайн 2 байрыг “М- Д-” гэх хаягнаас фэйсбүүк зар оруулсан. Тэгээд тухайн зарын дагуу хүмүүс ирж уулзахад захирал Т- хүмүүсдээ 2 байр манайд байгаа гэж хэл тухайн 2 байранд урьдчилгаа авч гэрээ хийнэ, өөр байр ******ээс нэмж бараа өгөөд байр авна, тэгээд тэр нарыгаа зарна гэж хэл, шаардлагатай бол ****** төслийн менежер Х-аас асуу гэж хэлсэн. Тэгээд би ирсэн хүмүүс асуухаар Х-тай уулзуулдаг байсан. Тухайн үед манай “*********” ХХК санхүүгийн хувьд доголдолтой байсан. Би фейсбүүк цахим орчинд зар ороод ирсэн хүмүүст танилцуулж урьдчилгаа 15-30 сая төгрөгтэй хүмүүсийг захирал Т-тай уулзуулж өгдөг байсан. Гэрээг захирал өөрийн биеэр гардан хийдэг. Тухайн байрыг өдөрт 10 орчим хүн үздэг байсан. …” /1хх 51-52/,
гэрч Г.Х-ын “... 2021 онд манай барилгын компани ******* 2 ээлжийн барилгад барилгын ажил хийж байхад “*********” ХХК-тай хуурай хольц худалдан авч, 100 бартер хийхээр гэрээ хийсэн. Тэгээд 45 орчим м2-ын 2 байр тухайн компанид өгч оронд нь 160 сая орчим төгрөгний бараа материал авахаар тохиролцсон. Тэгээд тухайн “*********” ХХК-иас барилгын хуурай хольц нийлүүлэлт ковидоос болж хангалтгүй, хугацаанаас хэтэрдэг шаардлагатай хэмжээнд хүрэхгүйгээр нийлүүлж эхэлсэн. …” /1хх 54-55/,
гэрч Ц.Э-гийн “… Л.Т- нь манай бараа материалыг нийлүүлж эхэлсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сараас бараа материал доголдож эхэлсэн бөгөөд улмаар ажил зогссон учир бид 2021 оны 09 дүгээр сараас эхлэн өөр компаниудтай гэрээ байгуулахаар болж үүнийг “***********” ХХК нь нийлүүлж үүнээс хойш материал нийлүүлээгүй бөгөөд анх гэрээ байгуулсан 161.750.750 төгрөгийн материалын ойролцоогоор 40 хувь орчмыг нийлүүлсэн, энэ нь 1 ширхэг 2 өрөө байрны үнэд хүрэхгүй байгаа юм. 2021 оны 12 дугаар сараас эхлэн 7-8 орчим иргэн манай компани дээр ирж байрнуудаа авъя гэж хандаж эхэлсэн. …” /5хх 129/ гэсэн мэдүүлгүүд,
“**********” ХХК-ийн эзэмшлийн Богд банкны ******* тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 22, 207, /,
“***********” ХХК-ийн захирал Л.Т-, Д.Ц- нарын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Орон сууцны захиалгын гэрээ”-ний хуулбар /1хх 172-174/,
“***********” ХХК-ийн захирал Л.Т-, А.Д- нарын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Орон сууцны захиалгын гэрээ”-ний хуулбар /1хх 172-174/,
“***********” ХХК-ийн захирал Л.Т-, М.А- нарын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Орон сууцны захиалгын гэрээ”-ний хуулбар /1хх 26-27/,
“***********” ХХК-ийн захирал Л.Т-, З.П- нарын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Орон сууцны захиалгын гэрээ”-ний хуулбар /2хх 98/,
“***********” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Н-, Ч.О-, Б.Д- нарын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Орон сууцны захиалгын гэрээ”-ний хуулбар /4хх 212-214/,
“***********” ХХК-ийн захирал Л.Т-, Ж.Ү- нарын 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Орон сууцны захиалгын гэрээ”-ний хуулбар /5хх 10/,
“***********” ХХК-ийн захирал Л.Т-, Ц.М- нарын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Орон сууцны захиалгын гэрээ”-ний хуулбар /5хх 10/,
Хаан банкны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 29/10324 тоот албан бичиг, хавсралтаар ирүүлсэн Хаан банкны ************ тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 189, 203-206/,
А.Д-ын эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансны хуулга /2хх 13/
З.П-ийн эзэмшлийн Хаан банкны ******** тоот дансны хуулга /2хх 117-122/,
Ч.О-ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансны хуулга /4хх 220-224/,
Ж.Ү-ын эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансны хуулга /5хх 26-38/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Л.Т-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Т-ыг үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.Т-ын үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч А.Д-, Д.Ц-, Ч.О-, С.П-, М.А-, Ж.Ү-, Ц.М- нарт “******* хотхонд орон сууцыг худалдан борлуулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “Орон сууц худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулан, урьдчилгаа төлбөр болон 189.600.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
Харин анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн шүүгдэгч Л.Т-ын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Богдын өндөр хотхоны 52 дугаар байрны *** тоотод байрлах 158.82 м.кв байрыг нийт 330.000.000 төгрөгөөр хохирогч Г.А-т худалдахаар “Орон сууц худалдах худалдан авах тухай” гэрээ байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан барьцааны зээлийн мөнгийг төлж барагдуулан, өмчлөх эрхийг шилжүүлж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, 62.500.000 төгрөгийн үнэ бүхий “Мерседес бенз МЛ350” загварын тээврийн хэрэгсэл болон урьдчилгаа 140.000.000 төгрөгийг Хаан банкны ************ тоот дансаар шилжүүлэн авч, бусдад нийт 392,100,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг залилах гэмт хэргийн шинжгүй буюу иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдах гол шинж нь халхавч болсон гэрээ, хэлцлийг байгуулахдаа хуурч мэхлэх, итгэл эвдэх арга хэрэглэсэн, гэрээний нөгөө тал болох хохирогч уг гэрээ, хэлцлийг анхнаасаа биелэгдэх боломжгүй гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй нөхцөлд байгуулсан бол залилах гэмт хэрэг гэж үздэг нь хууль хэрэглээнд тогтсон ойлголт юм.
Мөн гэрээний харилцаа нь Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Л.Т- нь Г.А-т Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Богдын өндөр хотхоны 52 дугаар байрны *** тоотод байрлах 158.82 м.кв байрыг нийт 330.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, уг байр нь О.У-ын өмчлөлд болон Банк бус санхүүгийн байгууллагад 200.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа талаар мэдэгдэж, урьдчилгаа төлбөр болох 202.500.000 төгрөгийг төлж, мөн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Банк бус санхүүгийн байгууллагад үлдэгдэл төлбөр болох 127.500.000 төгрөгийг Г.А- нь төлөхөөр, зөрүү 72.500.000 төгрөгийг хүүгийн хамт Л.Т- нь төлж гэрчилгээг аван байрны өмчлөх эрхийг Г.А-т шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон байна.
Улмаар Г.А- нь гэрээнд заасан хугацаанд Л.Т-т урьдчилгаа төлбөр болох 202.500.000 төгрөгийг төлсөн бөгөөд харин гэрээнд заасан хугацаанд Г.А- нь үлдэгдэл төлбөр болох 127.500.000 төгрөгийг, Л.Т- нь зөрүү төлбөр болох 72.500.000 төгрөгийг Банк бус санхүүгийн байгууллагад төлөх үүргээ харилцан биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.
Түүнчлэн, “******* ББСБ” ХХК-иас О.У-т холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 454.025.000 төгрөгийг гаргуулах, сайн дураар биелүүлэхгүй бол зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан байх бөгөөд улмаар хариуцагч О.У-аас 330.000.000 төгрөгийг төлсөн гэдэг үндэслэлээр үлдэх 125.000.000 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас сайн дураараа татгалзаж байгаа гэх үндэслэлээр тус шүүхээс нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Улмаар “******* ББСБ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай тодорхойлолтоор “... Тус өдөр Г.А- нь Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу 330.000.000 төгрөгийг бэлнээр бүрэн төлж дуусгасан ...” талаар тодорхойлсон /6хх 244/, кассын орлогын ордер /6хх 243/ зэрэг авагдсан байх бөгөөд Г.А- нь маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байна.
Хэдийгээр Г.А- нь гэрээнд зааснаар Л.Т-ын Банк бус санхүүгийн байгууллагад төлөхөөр тохиролцсон төлбөрийг хүүгийн хамт төлж барагдуулсан гэх боловч хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар Г.А- болон О.У- хоёрын хэн нь уг төлбөрийг төлсөн нь тодорхой бус байгааг дурьдахын зэрэгцээ шүүгдэгч нь анхнаасаа уг байрыг хохирогчийн эзэмшилд шилжүүлж хохирогч уг байранд амьдарч ирсэн, мөн дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд Л.Т-ын үйлдэлд Г.А-ыг залилан мэхлэх санаа зорилго байсан эсэх нь тогтоогдохгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ хэн хэн нь биелүүлээгүйгээс үүссэн иргэн хоорондын гэрээнээс үүдэлтэй маргаан байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, Л.Т-ын үйлдэлд Г.А-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхгүй байх болон Банк бус санхүүгийн байгууллагад төлөх байсан төлбөрийг төлөхгүй байх санаа зорилготойгоор Г.А-ыг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Иймд хохирогч Г.А-ын өмгөөлөгч Э.Мягмардоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.
5. Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт Л.Т-, Г.А- нарын хооронд үүссэн маргааныг иргэний эрх зүйн харилцаа хэмээн үндэслэлтэй дүгнэж, хохирлын асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар дурдсан атлаа тогтоох хэсэгт энэ талаар оруулалгүй шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зохих зохицуулалтыг зөвтгөж оруулахаар шийдвэрлэлээ.
Мөн дээр дурдсан байдлаар дүгнэж Л.Т-ын үйлдлээс Г.А-ыг залилсан гэх үйлдлийг иргэний эрх зүйн харилцаа хэмээн дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Г.А-т холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэж буй нь ойлгомжгүй байх тул тус заалтыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Г.А-ын өмгөөлөгч Э.Мягмардоржийн “… Л.Т-ын хохирогч Г.А-ыг хохироосон үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй …” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1529 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.А- нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, 5 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Г.А-ын өмгөөлөгч Э.Мягмардоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ