Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1345

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Ч.Батбаяр,

хохирогч Л.Гантунгалаг,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч А.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Т-ийн Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0203 11074 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ш овогт Т-гийн Б, 1969 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 6, Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарны 14 дүгээр гудамжны 518 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүйь /РД:УР69011213/,

Шүүгдэгч Т.Б нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2-13-657 тоот хашаанд байрлуулсан иргэн Л.Гантунгалагийн эзэмшлийн 51-42 УНЗ улсын дугаартай 23 тоннын “Хьюндай” маркийн ачааны автомашиныг залилан авч хохирогч Л.Гантунгалагт 22.500.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би зарын дагуу машин үзэж байгаад тэр машиныг зээлээр авахаар тохиролцоод гэрээ байгуулаад машиныг авсан. Гэтэл миний хийх гэж байсан ажил маань шинэ машин оруулж ирэх болоод больсон. Тэгээд би Заамар луу Цэцэгээ гэдэг хүний ажил хийх гээд очтол маргааш нь нөгөө газар нь зарагдчихсан. Өөр нэг ажил хийж байхад машиныг маань компанийн өрөнд барьцаалж лацадсан. Энэ машиныг авах сонирхол надад маш их байгаа. Би энэ машины мөнгийг нь төлнө гэж бодож байсан. Би хохирлыг 2018.11.15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Хохирогчид 1 сая төгрөгийг хүлээлгэн өглөө, үүнээс 500.000 төгрөгийг нь хохирогчид уучлал хүсч өгч байна. Үлдсэн 500.000 төгрөгийг хохирлоос хасч тооцуулах хүсэлтэй байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Л.Гантунгалаг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “51-42 УНЗ гэсэн машин миний машин. Би машинаа зарах гээд зар тавьсан байсан. Гэтэл энэ хүн зарын дагуу ирээд машиныг чинь унаж үзэх хэрэгтэй байна гэхээр нь тэг тэг гэтэл унаж үзэх гэж гараад тэгээд алга болчихсон. Наранбаатар гэдэг хүн бол манай ажлын газрын хүн байгаа юм. Манай машиныг хүлээлцэхэд цуг байсан. Энэ хүнийг алга болчихоор нь цагдаад өгөх гэхэд хүлээн авахгүй байсан. Тэгээд шүүхийн шийдвэрээс над руу залгаад машиныг чинь өөр хүнд нэрийг нь шилжүүлэх гэж байна гэхээр нь би очоод болиулсан. Би тэгээд машинаа 100 айлд одоо битүүмжлүүлсэн байгаа. Анхныхаасаа эвдэрсэн байна лээ, эвдэрсэн эд зүйлийн үнэлгээг гаргуулж өгнө үү” гэв.

Хохирогч Л.Гантунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 07 дугаар сард “Үнэгүй.мн”-д 51-42 УНЗ улсын дугаартай “Хьюндай” маркийн ачааны автомашинаа зарна гэж зар байрлуулсан. 2015 оны 07 дугаар сарын 20-ны хавьцаа танихгүй дугаараас залгаад хүн ирж машин үзэхээр болсон. Тэгээд 40 орчим насны махлаг шар эрэгтэй хүн ирээд машиныг үзэж харсан. Тэгээд манай машиныг “хэд хоног ачаа зөөж шалгах хэрэгтэй байна, манай гэр Цагаанхуаран хотхонд байдаг” гэж хэлсэн. Тэгээд миний машиныг авч яваад тухайн үед залгасан утас нь холбогдох боломжгүй болсон, зааж өгсөн хаягаар нь очиход “энэ хаягт тийм хүн байхгүй” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 03 дугаар сард “шийдвэр гүйцэтгэлээс ярьж байна, таны машин Оюунгэрэл гэж хүний барьцаанд байна, энэ хүний нэр дээр машинаа шилжүүлж өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд гайхаад Оюунгэрэл гэж хүнээс машин хаана байгаа талаар асуухад Налайхын хятадын хөрөнгө оруулалттай компанийн хашаанд миний машин байж байсан. Тэгээд шийдвэр гүйцэтгэлээр нь ороод Бямбасүрэнгийн гэрийн хаягыг олж байгаад барьж авсан. Машин худалдахдаа гэрээ хэлцэл огт хийгээгүй. Энэ хүн шалгачихаад буцаж ирээд мөнгийг нь өгнө гэж хэлээд сураггүй болсон. Машин өгч явуулахад цуг ажилладаг Наранбаатар байсан. Тухайн машиныг 27 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Би өөрөө машин мэдэхгүй болохоор Наранбаатарыг энэ машиныг үзэхэд нь хажууд нь байгаад өгөөч гэж гуйсан. Наранбаатар хэдэн төгрөгөөр машин тэрэг авч өгөлцөх талаар юу ч яриагүй. Одоо манай автомашины 2 ширхэг аккумлятор, дугуй нь хагараад цаашид ашиглах аргагүй болсон, кроп нь эвдэрсэн, стачир нь эвдэрсэн, аппатур нь бохирдсон, моторын тос масло нь асгарсан, клемний толгой байхгүй зэрэг эвдрэлүүд гарсан байна. Зарахаас өмнө хэвийн ажилладаг байсан. “Батбэх Рекимон” ХХК-д ажилд явдаг байсан...” гэх мэдүүлэг. /хх12-13/,

Яллагдагч Т.Б мэдүүлэхдээ: “...2015 оны 07 дугаар сард зар үзэж байгаад хьюндаагийн хүнд даацын машин зар дээр байхаар нь залгаж утсаар холбогдож байгаад хужирбуланд Эрдэнэбаяр гэж жолоочийн хамт очиж үзсэн. Тэгээд асаагаад үзье гэсэн чинь машин нь асахгүй аккумлятор нь суучихсан байсан. Тэгээд цэнэглэж байгаад маргааш нь асаагаад Эрка нь гудамжаар явж үзэж байгаад буцаагаад машиныг нь хашаанд нь оруулаад тавьсан. Тэгээд арав гаран хоногийн дараа тоосго зөөх ажил гараад хужирбуланд байх машин дээр очиход машины эзэн нь гэх Наранбаатар гэх залуутай уулзаад 27 сая төгрөгөөр авахаар тохиролцоод мөнгийг нь тохиролцоод мөнгийг нь дараа өгье гэж машиныг авч явсан. Тэгээд машинд нь засвар хийж татуургуудын бүх түлк, кабины амаржин, карлан, гидрийн насос зэргийг сольж ойр зуурын засварыг нь хийсэн. Тэгээд манай Бүбүка ХХК нь хуанлү компанитай тоосго зөөх гэрээ нь цуцлагдаад сар гарангийн дараа машиныг буцааж өгөхөөр нь Наранбаатар гэж хүнтэй утсаар яриад машины ажил бүтэхээ байсан. Би мөнгө төгрөг бэлдэж байгаад машиныг чинь авъя. Одоо машиныг чинь хашаанд чинь аваачаад тавья гэсэн чинь машин бол авахгүй гээд машинаа аваагүй. Тэгээд уг машиныг хашаандаа байлгаж байгаад тоосгоны үйлдвэрт 25 сая төгрөгийн өрөнд Хуалян компаниас хүмүүс хүрч ирээд ямар нэгэн юм барьцаанд тавь гээд байхаар нь энийг тавья гээд хашаандаа байсан хьюндай маркийн машиныг тоосгоны үйлдвэрийн хашаанд аваачиж тавьсан...” гэх мэдүүлэг. /хх68-69/,

Хохирогч Л.Гантунгалагийн мэдүүлэг /хх62-63/, гэрч Ш.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх21-22/, яллагдагч Т.Б-гийн мэдүүлэг /хх68-69/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Т.Б нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2-13-657 тоот хашаанд байрлуулсан иргэн Л.Гантунгалагын эзэмшлийн 51-42 УНЗ улсын дугаартай 23 тоннын “Хьюндай” маркийн ачааны автомашиныг залилан авч хохирогч Л.Гантунгалагт 22.500.000 төгрөгийн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

  1. Шүүгдэгч Т.Б-гийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Ч.Батбаяр нь шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэм буруутай болохыг нотолсон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан ба шүүгдэгч Т.Б нь гэм бурууд маргахгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний явцад цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтаар шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж шийдвэрлэв.

  1. Хохирлын талаар:

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн улмаас Гантунгалагт учруулсан хохирлын 500.000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 2.474.500 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Мөн шүүгдэгч нь 2018.11.15-ны өдрийн дотор хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгч Т.Б-г бусдыг хуурч мэхлэн залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул хуульд заасан ял шийтгэх нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3-т зааснаар шийдвэрлэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай талаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Т.Б-д хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэм буруутай этгээдийн хувийн байдал, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар дээрх гэмт хэргийн хор уршигыг арилгах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ш овогт Т-ийн Б-д бусдыг хуурч мэхлэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Т.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Т.Б-г гэмт хэргийн хор уршигийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор арилгах үүрэг хүлээлгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б нь тэнссэн хугацаанд дээрх хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Б-с нийт 2.474.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Гантунгалагт  олгосугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Б-д хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР