Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2026/00052

 

 

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2026/00052

Завхан аймаг

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Б-г оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ........ аймгийн ..........сумын ....... дугаар багийн Н-гийн ........ гудамжны ........тоотод оршин суух хаягтай Х овогт Х-ын А-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний бие 1969 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Тэлмэн сумын 8 жилийн сургуулийг 1976-1984 онд суралцаж бүрэн бус дунд, 1984-1986 онд Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуульд эчнээгээр суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс Т...... сумын Ж-ын зам нэгдлийн .......бригадад Н-оор ажилд орж байсан 1989 онд нөхөр Л.Б-гтай гэрлэж 3 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. Миний бие 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус Ж-ын зам нэгдлийн Н.......... бригадад н-ноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хандаж байна. Миний бие уг байдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх юм. Иймд ........аймгийн Т сумын Ж-ын зам нэгдлийн Н бригадад н-ноор 1986 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Миний бие .......... аймагт ажиллаж амьдардаг бөгөөд ойрын үед даралт ихдээд хол ойр явах боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү..” гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.А нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч Х.А нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

3. Нэхэмжлэгч Х.А нь .........аймгийн ........сумын Ж-ын зам нэгдлийн ...........бригадад ногоочноор 1986 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь:

........аймгийн Т сумын Ж+ зам нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай: “...Ерөнхий боловсролын сургуулийн 8, 10-р ангиас ХАА-н үйлдвэрлэлд илгээлтээр гарсан хүүхдүүдийг ажилд хуваарилах тухай ТУШААХ нь:  Б бригадад. Х-ын А малчнаар тус тус 7 дугаар сарын 10-ны эхлэн ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,

.........аймгийн Т сумын Ж-ын зам нэгдлийн 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаартай: “...Төмсний зоорины сахиулуудыг томилох тухай Тушаах нь: 1. Сумын төвийн Засварын зоорины сахиулаар Х.А-гийг 10 дугаар сарын 01-нээс эхлэн ажиллуулсугай...” гэсэн сахиул томилох тухай тушаалын хуулбар,

..............аймгийн Т сумын Ж-ын зам нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 81 дугаартай: “...Н-ын ээлжийн амралтыг олгох тухай тушаах нь: 1. Ногоочдын 1989 оны ээлжийн амралтыг 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажлын 15 хоногийн амралтыг олгосугай. Ногоочдын нэрсийг хавсаргав. 16. Х.А...” гэсэн ногоочдын амралт олгох тухай тушаалын хуулбар,

...........аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/336 дугаартай: “...1986-1990 онд Т сумын Ж-ын зам нэгдлийн туслах үйлдвэр бригадад ногоочин байсан Х.А-гийн цалингийн тодорхойлолтыг олгов гээд 1987 онд 1954,58 төгрөг, 3-4, 7, 9-12 сар, 1988 онд 2936,94 төгрөг, 1-11 сар, 1989 онд 118,56 төгрөг, 2-3 сар, 1990 онд 600,0 төгрөг, 3-7 сар...” гэсэн архивын лавлагаа

........аймгийн .........бүртгэлийн хэлтсийн “...Х-ын А, э........гтэй, ...........оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, ........аймгийн ........н сумын туслах үйлдвэр бригадад ажилчин, 1986 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан хаягын хуудасны 7 дугаар маягтын хуулбар,

.........аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Нөхөр Н-ын Бг, эхнэр Х-ын А нар нь ногоо бригадад ногоочин ажилтай, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрлэсэн, 1990 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бүртгэсэн...” гэсэн гэрлэснийг бүртгэх анкетын хуулбар

Гэрч Л.Д-ын “...Х.А нь ..........аймгийн Т сумын Ж-ын зам нэгдлийн ногоо бригадад ногоочин хийж байсан бөгөөд ногоон бригадад 1 га талбай хариуцаж ногоо тарьдаг байсан юм.  Манай ногоо бригад нь төмс, манжин, лууван, байцаа зэрэг ногоонуудыг тарьж ургуулдаг байсан. Х.А бид хоёр 1991 он хүртэл Ногоо бригадад хамт ажиллаж байгаад ажлаа гарцгаасан.  Манай ногоо бригадын даргаар О ажиллаж байсан. Манай бригад нь 6 хэсэгтэй байсан. Х.А нь сургуулиа төгсөөд илгээлтээр гараад манай ногоо бригадад ажилд орсон юм. Манай бригадын ажилчид нь зун нь ногоогоо тариад, өвөл нь ногоо ялгаж зараад байж байдаг байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

4. Иймд нэхэмжлэгч Х.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х овогт Х-ын А-гийг .........аймгийн .......сумын Ж-ын зам нэгдлийн ...........бригадад ногоочноор 1986 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ