Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 744

 

 Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

Улсын яллагч М.Амарзаяа,

Өсвөр насны шүүгдэгч Б...., түүний хууль ёсны төлөөлөгч Б...., өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1821/

Өсвөр насны шүүгдэгч О...., өмгөөлөгч Б.... /ҮД:0938/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Овор овогт ...ийн ..., Боржигон овогт ...ийн ... нарт холбогдох 1808025430661 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын 76 дугаар сургуулийн 9д ангид суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Овор овогт ...ийн ... /РД:.../.

Монгол Улсын иргэн, 2004 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын 76 дугаар сургуулийн 8а ангид суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ий ... /РД: .../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн товч агуулга:

Өсвөр насны шүүгдэгч Б...., О.... нар нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан үгсэн тохиролцож Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 8 дугаар гудамжны 54 тоотод байрлах Г....ийн байшингийн цонхоор нэвтрэн орж Самсунг эс-6 эдж маркийн гар утас, Самсунг таб-3 маркийн гар утас зэргийг хулгайлж, бусдад 443,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1.Хохирогч Г....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эхнэр хүүхдийн хамтаар гадагшаа гарчихаад хүрээд иртэл манай байшингийн цонхоор хулгайч ороод гэрээс Самсунг эс-6 эдж маркийн гар утас, Самсунг таб-3 маркийн гар утас алдагдсан байна лээ. ...харин миний хоёр ширхэг гар утсанд байсан юнителийн сим карт 1 ширхэг, жи-мобайлын 1 ширхэг сим карт байхгүй байсан бас хоёр ширхэг гар утасны шилэн наалтыг хуулж хаясан байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх 24-25 х/,

 

          2.Өсвөр насны шүүгдэгч О....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “......айлын цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ..., ... бид гурав тэр айл руу орж үзье гэж ярьсан. Тэр айлын үүдний хаалга нь гадна талдаа зүүдэг цоожтой байхаар нь хүнгүй байна гэдгийг мэдсэн. ...... намайг хашааны гадаа хүн хараад зогсож бай гээд үлдээсэн. Хүн харвал намайг шүгэлдээрэй гэсэн болохоор нь би “за хүн ирвэл шүгэлдье” гээд хашааны гадаа нь зогсож байсан. ..., ... хоёр хашааны хаалгаар ороод, ... байшингийн цонхоор үсэрч орсон. ...харин онгорхой цонхны гадаа зогсож байсан. ...миний урдаас гараараа даллаад дуудсан. ..., ...тай цуг зогсож байсан ба ...өмдөн дотроосоо том гар утас гаргаад ирсэн. Бид нар гудамж уруудаад тэр утсыг зарахаар явж байхад ... “би бас болоогүй ээ” гээд өмднийхөө баруун урд талын халааснаас өөр нэг гар утас гаргаж ирсэн. Бид нар том цагаан гар утсыг нь зарах гэж доошоо явсан. ...Бид гурав нөгөө гар утаснуудыг шар өнгийн станцын хажууд газар булж нуусан юм. ...” гэх мэдүүлэг /хх 197-198 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           3.Өсвөр насны шүүгдэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ..., ... нартай ...ын ахынх нь гэрт ус аваад явж байтал нэг айлын цонх онгорхой байхыг бид нар хараад “энэ айлын цонх онгорхой байна” гээд яриад байж байхад ... “та хоёр ороод зарчих юм байвал аваад гараад ирэх юм бол би хүзүүний зүүлтээ өгье” гэхээр нь би Соёл- Эрдэнийн хамт уг айл руу орохоор болоод ... хашааны гадаа хүн харж үлдээд хүн ирвэл шүгэлдэж мэдэгдэхээр болсон. Ингээд би ...хамт уг айлын хашаа руу онгорхой байсан хашааны хаалгаар нь ороод байшингийн цонхны хажууд хаалга нь онгорхой байсан тул хаалгаар нь ороод байшингийн цонхны хажууд буюу байшингийн гадна талд ...үлдээд би байшингийн онгорхой байсан цонхоор байшинд орсон. Тэгээд би уг байшинд хоёр ширхэг гар утас байсныг нь аваад гарсан. Тэгээд ... уг айлаас авсан гар утсыг харчихаад зарчихъя гэж хэлж байсан. Тэгээд бид гурав өндөр хүчдэлийн тэнд хоёр гар утсыг газарт булж нуусан. ...” гэх мэдүүлэг /хх 89-91 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

4.Гэрч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэр бүлийнхээ хамт 2018.05.20-ны өдрийн 13 цагт гэрээсээ гарсан. Тэгээд 15 цаг 30 минутын орчимд гэртээ ирсэн чинь өвлийн сууцны вакум цонх онгойсон байдалтай, гэр дотор байсан гар утаснууд алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 26-27 х/

 

            5.Гэрч Ж.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... нь муухай авир аашгүй, чанга загнах юм бол уйлаад байдаг гомдомхой зантай, гэртээ дүүгээ хараад л байж байдаг, хүний үгэнд сайн ордог, элдэв муу зуршил гэх зүйл байхгүй, өмнө нь цагдаад шалгагдаж байгаагүй, хичээлдээ сайн хүүхэд байгаа юм. Гэр бүлийнх нь хувьд бол элдэв муу ааш зантай хүн байхгүй. Аав ээж ээжийнх нь хувьд бусдад муу үлгэр дуурайлал үзүүлэх хүмүүс биш. ... нь хүмүүжлийн хувьд сайн хүүхэд байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х/

 

          6.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гурван хүүхэдтэй. ... миний том хүү байгаа юм. Би өмнөх нөхрөөсөө хоёр хүүхэдтэй болоод амьдарч байхад ...ын төрсөн эцэг нь элэгний евчнөөр нас барсан. Тэгээд ...тэй 2010 онд гэр бүл болсоноос хойш бага хүүгээ гаргасан. ... бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй болохоор бага хүү маань ч гэсэн миний нэрээр овоглодог. Манай нөхөр ...гийн зүгээс ямар нэг дарамт байхгүй зүгээр сайхан харьцаатай байдаг, манай нөхөр ...ыг өөрийн хүүхэд шигээ л хайрлаж өсгөж байгаа. Манай ... бага насаа 38 дугаар цэцэрлэгээр явж байгаад 1 дүгээр ангидаа 2009 онд 76 дугаар сургуульд орж суралцсан одоо миний хүү 76 дугаар сургуулийн 9д бүлэгт суралцаж байгаа. Миний хүү урьд өмнө нь хэрэг түвэгт холбогдож байгаагүй, ял шийтгэл эдлэж байгаагүй. Миний болон манай нөхөрийн зүгээс хүүдээ буруу үлгэр дууриалал үзүүлээд байсан асуудал байхгүй. Нөхөр бид хоёр архи дарс ууж хүүхдүүдээ зовоогоод байдаг асуудал байхгүй, гэр бүлийн хүчирхийллийн асуудал байхгүй, муу хүмүүжүүлсэн асуудал байхгүй, миний хүү сургууль завсардаж байгаагүй, би хүүдээ хараа хяналт сайн тавьдаг гэж боддог. Би дахин хүүгээ ингэж дураар нь явуулахгүй гэж бодож байгаа, миний хүү ааш гайгүй даруухан үгэнд сайн ордог зөөлөн зандай, элдэв муу зуршил байхгүй, биеэ зөв аваад л явдаг хүүхэд байгаа юм. Одоо бол миний хүү их л сайн байгаа хичээлдээ яваад хичээлээ хийгээд гэрээрээ байгаа. ..." гэх мэдүүлэг /хх 30-31 х/,

           7.Гэрч Х....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ...тэй гэр бүл болоод 8 жил болж байна, ... нь миний дагавар том хүү байгаа юмаа. Би ...ыг 2 дугаар ангид байхад нь буюу 8 настай байхад нь ирж байсан, Манай хүү бага насаа 38 дугаар цэцэрлэгээр хүмүүжээд залгуулаад Баянхошууны 76 дугаар сургуульд орж суралцлсан одоо миний хүү 9 дүгээр ангид сурч байгаа. Уг сургуульдаа сурч байгаа. Манай хүү ангийнхаа болон гэрийн ойролцоо хүүхдүүдтэй сагсан бөмбөг тоглоод байдаг юм. ..., ... нартай найзлаад байдаг юм, уг хоёр хүүхэд нь манай гэрийн ойролцоо л байдаг хүүхдүүд байгаа. Тэгээд л бие биенийгээ уруу татаад ийм хэрэгт холбогдсон юм болов уу гэж би бодож байна. Тэр энэ гэхэд хэцүү байна бүгдээрээ л нэг нэгэндээ нөлөөлж байна. Миний хүү томоогүй байдлаасаа болоод л ийм асуудалд орсон миний хүү хоолгүй өмсөх хувцасгүй дээ ашиг хонжоо олох гэж айлаас гар утас аваагүй байх гэж бодож байгаа. Найзуудтайгаа нийлээд л миний хүү ийм хэрэгт орсон байна. Бидний зүгээс хүүдээ цаашдаа сайн хараа хяналт тавина гэж бодож байгаа. ...” гэх мэдүүлэг /1 хх 123-124 х/,

                        8.Гэрч Ж....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гурван хүүхэд нөхрийн хамтаар амьдардаг. Нөхөр бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй болохоор ...ыг би өөрөөрөө овоглосон. ... уг нь манай нөхрийн төрсөн хүүхэд мөн. ... нь миний том хүү байгаа юм. Бага насаа Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байдаг Монтесирийн халамжийн цэцэрлэгт хүмүүжээд 7 настайдаа 76 дугаар сургуульд орсон, манай хүү одоо 7 дугаар ангид суралцдаг. Манай гэрийн зүгээс хүүдээ ямар нэг дарамт шахалт үзүүлээд байдаггүй аав нь хааяа архи уудаг ч агсам согтуу тавиад байдаггүй. Гэр бүлийн зүгээс хүүдээ ямар нэг хүчирхийлэл үйлддэггүй, манайх амьжиргааны түвшин дунд зэрэг ерөнхийдөө би ганцаараа ажил хийдэг манай нөхөр улирлын чанартай барилгын ажил хийдэг. Бид нар хүүдээ буруу үлгэр дууриалал үзүүлээд буруу хүмүүжүүлсэн асуудал байхгүй, миний хүү сургууль завсардаж байгаагүй, миний хүү уг хэрэгт холбогдохоос өмнө томоотой байсан одоо ч томоотой байгаа, миний хүү сургуульдаа уг нь салаан дарга байсан, одоо ангийн дарга хийдэг хүүхэд байгаа юм. Урлаг спорт гээд их нийгмийн идэвхитэй сургуулийн тэргүүний сурагч гэсэн хүндэт самбарт зураг нь байдаг яагаад ийм зүйлд орсон талаар мэдэхгүй байна. Нийлж байгаа найзуудаасаа болж ийм хэрэгт орчихлоо гэж бодож байна. Бид нарын зүгээс хүүдээ хараа хяналт сайн тавьдаг, ажилтай үедээ хараа хяналт сайн тавиагүй байж магадгүй. Хүү урьд өмнө нь хэрэг түвэгт холбогдож байгаагүй, миний хүү төлөв даруу зантай загнахаар жоохон уйлчихдаг л болохоос нэг хэдэрлээд уурлаад байдаггүй юм. ..." гэх мэдүүлэг /хх 38-39 х/,

 

          9.Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ...ын ангийг 6 дугаар ангиас нь эхлэн дааж авсан, одоо хоёр жил энэ ангийг дааж байна энэ хугацаанд ... ерөөсөө хэл ам татлаад байгаагүй, одоо л ийм хэрэгт орчихлоо, ар гэрийн зүгээс анхаарал халамж сайн тавьдаг, амьжиргааны түвшин дунд зэрэг, ... дүү нар болон ээж, эмээ, аавын нарын хамтаар амьдардаг гэсэн. Ар гэрийн зүгээс дарамт шахалт гэр бүлийн хүчхирхийлэл үйлдэгддэг зсуудал байхгүй, архи дарс уудаг хүн байхгүй, ар гэрийн зүгээс буруу үлгэр дууриалал үзүүлдэг асуудал байхгүй, анхаарал халамж сайн тавьдаг, сургууль завсардаж байгаагүй ... спортоор сайн хичээллэдэг, хичээлдээ дунд зэрэг, цаашдын хүмүүжил  төлөвшлийн асуудалд илүү анхаарч ажиллана гэж бодож байгаа. ..." гэх мэдүүлэг /хх 42-43 х/,

 

          10.Гэрч А....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... ээж, хойд эцэг, хоёр дүүгийн хамтаар амьдардаг, амьдралын боломж бололцоо дунд зэрэг ээж, аав хоёр нь ажилгүй байж байгаад ээж нь саяхан ажилд орсон, тэгээд ...т тавих хараа хяналт суларсан байх гэж бодож байгаа. ...ын төрсөн эцэг бүр бага байхад нь нас барсан гэсэн. ... өмнө нь хэрэгт түвэгт холбогдож байгаагүй. Гайгүй л байдаг. ... хичээлдээ тааруухан байдаг, би 9 дүгээр ангийг нь төгсгөөд мэргэжил үйлдвэрлэлийн сургалтанд хамруулчих санаатай байгаа. ...ын ээж аав хоёр нь архи дарс уудаггүй болохоор элдэв гэр бүлийн хүчирхийллийн асуудал байхгүй. Тэр тал дээрээ гайгүй юм шиг байна лээ, гэр бүлийн зугээс буруу үлгэр дууриалал үзүүлээд байдаг асуудал гайгүй юм шиг байдаг, сургууль завсардаж байгаагүй, эмээ нь гэх хүн сайн анхаарал тавьдаг ирж очиж уулздаг хүүхдийн талаар ярилцдаг зөвлөдөг. ... спорт урлагтаа тааруу, гоц гойд авъяас чадвар байхгүй хүүхэд байгаа юм. Би ангийнхаа хүүхдүүдийн цаашдын хүмүүжлийн асуудлаар 2018 оны 04-05 дугаар саруудад хорт зуршил, өсвөр насныханд сэрэмжлүүлэг талаас нь сэтгэл зүйн яриа гэж мэргэжлийн багшаар хичээл оруулсан, би ч өөрөө ...ын цаашдын хүмүүүжил ёс суртахууны тал дээр анхаарч хяналт тавьж ажиллаж байгаа, надад өөр ярих л байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 46-47 х/

 

        11.Шинжээчийн 3855 тоот дүгнэлт

         1.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №5, 6-д харуулсан гутлын мөрийн хэмжээг тогтоох боломжгүй харин хээний ерөнхий шинж тэмдгээр харьцуулан шинжлэх боломжтой. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн 2 хос пүүз шинжилгээнд тэнцэнэ.

         2.Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн хар гялгар уутанд ирүүлсэн гутлын улны хээтэй хээний ерөнхий болон өсгий хэсгийн элэгдэл зэрэг шинж тэмдгүүдээрээ ойролцоо байна.

         3.Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан гутлын улны мөр хөдөлгөөний ямар үед үүссэн, биеийн онцлог зэргийг тогтоох боломжгүй байна. гэх дүгнэлт /хх 57-61 х/,

 

          12.Шүүх сэтгэц эмгэг судлалын 629 тоот дүгнэлт

           1.О.... нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

2.О.... нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

3.О.... нь болсон явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.О.... нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.

5.О....ын сэтгэхүйн хөгжил нь байвал зохих насандаа байна. 6.О.... нь хэрэг хариуцах чадвартай байна. гэх дүгнэлт /хх 176-178 х/,

         

          13.Шүүх сэтгэц эмгэг судлалын 628 тоот дүгнэлт

         1.Б.... нь Р 70 оюуны хөнгөн хомсдол өвчтэй байна.

          2.Б....ын оюуны хөнгөн хомсдол нь төрөлхийн өвчин юм.

          3.Б.... нь болсон явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.

          4.Б.... нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай.

          5.Б....ын сэтгэхүйн хөгжил нь 12 настай хүүхдийн түвшинд байна.

          6.Б.... нь хэрэг хариуцах чадвартай байна. гэх дүгнэлт /хх 182- 184 х/,

          14.Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 9 х/,

          15.Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 10 х/,

          16.О....ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх 18 х/

          17.Нас тоолсон тухай тэмдэглэл /хх 19 х/

          18.Б....ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх 20 х/

           19.Нас тоолсон тэмдэглэл /хх 21 х/

           20.“Арвижих-эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 62-65 х/,

           21.Б....ын сургуулийн тодорхойлолт /хх 111 х/

           22.Б....ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 112 х/

           23.Б....ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 115 х/

           24.Б....ын сурагчийн хувийн хэрэг /хх 116-17 х/

           25.О....ын сургуулийн тодорхойлолт /хх 125 х/

           26.О....ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 126 х/

           27.О....ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 129 х/

           28.О....ын сурагчийн хувийн хэрэг /хх 130-133 х/

           29.Хохирол хүлээн авсан тэмдэглэл /хх 148 х/

           30.Шинжээч эмч Б.Энхтуяагийн мэдүүлэг /хх 185-186 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

Өсвөр насны шүүгдэгч  Б...., О.... нар нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 8 дугаар гудамжны 54 тоотод байрлах Г....ийн байшингийн цонхоор нь орж Самсунг эс-6 эдж маркийн гар утас, Самсунг таб-3 маркийн гар утас зэргийг хулгайлж, бусдад 443,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г....ийн: “...манай байшингийн цонхоор хулгайч ороод гэрээс Самсунг эс-6 эдж маркийн гар утас, Самсунг таб-3 маркийн гар утас алдагдсан байна лээ. ...харин миний хоёр ширхэг гар утсанд байсан юнителийн сим карт 1 ширхэг, жи-мобайлын 1 ширхэг сим карт байхгүй байсан бас хоёр ширхэг гар утасны шилэн наалтыг хуулж хаясан байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх 24-25 х/,

 

Өсвөр насны шүүгдэгч О....ын: “......... намайг хашааны гадаа хүн хараад зогсож бай гээд үлдээсэн. Хүн харвал намайг шүгэлдээрэй гэсэн болохоор нь би “за хүн ирвэл шүгэлдье” гээд хашааны гадаа нь зогсож байсан. ..., ... хоёр хашааны хаалгаар ороод, ... байшингийн цонхоор үсэрч орсон. ... ...өмдөн дотроосоо том гар утас гаргаад ирсэн. Бид нар гудамж уруудаад тэр утсыг зарахаар явж байхад ... “би бас болоогүй ээ” гээд өмднийхөө баруун урд талын халааснаас өөр нэг гар утас гаргаж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 197-198 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Өсвөр насны шүүгдэгч Б....ын: “...... хашааны гадаа хүн харж үлдээд хүн ирвэл шүгэлдэж мэдэгдэхээр болсон. ... би уг байшинд хоёр ширхэг гар утас байсныг нь аваад гарсан. Тэгээд ... уг айлаас авсан гар утсыг харчихаад зарчихъя гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 89-91 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

          Гэрч Н....ийн “...Би гэр бүлийнхээ хамт 2018.05.20-ны өдрийн 13 цагт гэрээсээ гарсан. Тэгээд 15 цаг 30 минутын орчимд гэртээ ирсэн чинь өвлийн сууцны вакум цонх онгойсон байдалтай, гэр дотор байсан гар утаснууд алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 26-27 х/

 

          Шинжээчийн 3855 тоот дүгнэлт

         1.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №5, 6-д харуулсан гутлын мөрийн хэмжээг тогтоох боломжгүй харин хээний ерөнхий шинж тэмдгээр харьцуулан шинжлэх боломжтой. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн 2 хос пүүз шинжилгээнд тэнцэнэ.

         2.Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн хар гялгар уутанд ирүүлсэн гутлын улны хээтэй хээний ерөнхий болон өсгий хэсгийн элэгдэл зэрэг шинж тэмдгүүдээрээ ойролцоо байна.

         3.Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан гутлын улны мөр хөдөлгөөний ямар үед үүссэн, биеийн онцлог зэргийг тогтоох боломжгүй байна. гэх дүгнэлт /хх 57-61 х/,

           Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 9 х/,

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 10 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлын талаарх хууль зүйн дүгнэлт:

Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол Г....ийн гэрээс Самсунг эс-6 эдж маркийн гар утас, Самсунг таб-3 маркийн гар утас зэрэг алдагдсан нь Б...., О.... нарын хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар уг айл руу нэвтэрч дээрх эд зүйлсийг авсан үйлдлээс үүдэлтэй бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б...., О.... нарын гэмт хэргийн шинжтэй үйлдэл түүний улмаас учирсан хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

 

Б...., О.... нар иргэн ...ийн байшин руу  нэвтрэхдээ эзэнгүй байгааг нь хараад хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эрх бүхий хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар орсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 

            Б...., О.... нарын нэвтэрсэн обьект нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах, ... зориулалттай орон байранд ... нэвтэрч” үйлдсэн гэж зүйлчлэн ирүүлсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

  

Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Б...., О.... нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 8 дугаар гудамжны 54 тоотод оршин суух хохирогч Г....ийн байшингийн цонхоор орж хулгай хийсэн үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь тэдгээрийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, , нас тоолсон тэмдэглэл, сэтгэцийн шинжээчийн  дүгнэлтүүд зэргээр хангалттай тогтоогдсон.   

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2.Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн ... 17.1 “хулгайлах ...” гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч  О....ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх 18 х/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх 19 х/, Б....ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх 20 х/, нас тоолсон тэмдэглэл /хх 21 х/ зэргээр шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх үедээ дээрх хуулиар тогтоосон насанд хүрсэн болно.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б...., О.... нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Шүүгдэгч Б....ын өмгөөлөгч Б.Батаа: Өсвөр насны шүүгдэгч Б.... нь 15 настай хэдий ч сэтгэхүйн хөгжлийн хувьд 12 настай хүүхдийн түвшинд байна гэж шинжээч дүгнэсэн байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү? гэх асуудлын талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.... нь төрөлхийн оюуны хөнгөн хомсдол өвчтэй, болсон явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 4. “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан өсвөр насны хүн сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадваргүй бол ял оногдуулахгүй байж болно” гэж зааснаас үзэхэд Б....ын сэтгэхүйн хөгжил нь 12 настай хүүхдийн түвшинд байгаа ч гэсэн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлэг, тайлбар, шүүх эмнэлгийн дүгнэлт, шинжээч эмч Б.Энхтуяагийн “... 12 настай хүүхэд буруу зөвийг ялгах бүрэн чадвартай болсон байдаг, ... хулгай хийх буруу гэдгийг ойлгож, үр дагаврыг мэдэж байсан ...” гэх мэдүүлэг /хх 186 х/ зэргээр өөрийн үйлдлийн хууль бус, түүний улмаас үүдэн гарах хор уршгийг ухамсарлах чадвартай болох нь тогтоогдож байгаа тул түүнийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

           Б...., О.... нар хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Г.Сандуйжавд 443,000 төгрөгийн хохирол учруулсан хэдий ч уг хулгайн эд зүйлсээ бүрэн бүтэн буцаан өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 9 х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 10 х/, хохирол хүлээн авсан тэмдэглэл /хх 148 х/ зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

Шүүгдэгч Б...., О.... нар нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ буцаан өгснийг хохирол нөхөн төлсөн гэж үзээд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нар гэнэн томоогүй зангаасаа болж гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа зэргийг харгалзан тэдэнд 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 “анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, ... өсвөр насны хүнд” шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно гэж заасны дагуу тэдгээрт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б...., О.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч О....ын Пүүзэн гутлыг түүнд буцаан олгохоор тус тус шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Овор овогт ...ийн ..., Боржигон овогт ...ийн ... нарыг Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б....ыг 02 жилийн хорих ялаар, О....ыг 02 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....ын эдлэх 02 жилийн хорих ялыг 01 жил, О....ын эдлэх 02 жилийн хорих ялыг 01 жилийн хорих ял болгон тус тус хоёр дахин багасган тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б...., О.... нарт оногдуулсан хорих ялуудыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б...., О.... нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэдгээрт зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

6.Б...., О.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан пүүзэн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  өмчлөгч О....д буцаан олгосугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б...., О.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.ДАШДОНДОВ