Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/933

 

 

 

 

 

 

    2025           08             07                                         2025/ДШМ/933

 

Ч.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

шүүгдэгч Ч.Х, түүний өмгөөлөгч Б.Энхболд,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1460 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Х-ы өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Х-д холбогдох 2503002170479 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч.Х, 1962 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт 00 дүүргийн 00 дүгээр хороо 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЧИ62022514/, урьд Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 169 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 188 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 390 дугаартай тогтоолоор Ч.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийн журамлан 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил, 06 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 1 жил, 6 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж эдлүүлэхээр шийдвэрлэсэн хувийн байдалтай.

Шүүгдэгч Ч.Х нь Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Хувьсгалын гудамж Тавт япон сэлбэгийн дэлгүүрийн баруун замд 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18 цаг 06 минутын орчимд “Тоёота королла фейлдер” маркийн 00-00 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16.1 “явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Э-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ч.Х-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Ч.Х-ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 06 (зургаа) сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Х-аас нийт 5.940.000 (таван сая есөн зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Э-д олгож, хохирогч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар асаргааны төлбөр, эмчилгээ үйлчилгээ авсан зардал зэрэг бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял болон 06 (зургаа) сарын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд тус тус хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцож, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ч.Х-ы өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Миний үйлчлүүлэгч Ч.Х нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэг дээр мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй юм. Ч.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдлыг дурдвал: Ч.Х нь зураач, барималч, судлаач бөгөөд 1981 оноос хойш 44 жилийн турш тасралтгүй, үнэнчээр уран бүтээлээ туурвиж байгаа уран бүтээлч хүн юм. Ч.Х нь Орчин үеийн Монголын дүрслэх урлагийг үндэслэн байгуулагч Балдоогийн "Марзан” Шаравын намтар уран бүтээлийг анхлан судалж эхэлсэн бөгөөд “Марзан Шарав Сан”-гийн тэргүүнээр ажиллаж түүний уран бүтээлийг ирээдүй хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор судалгааны ажлууд хийж уран бүтээлээ туурвидаг юм. Ч.Х нь 300 гаруй бүтээл туурвисан нь мэргэжлийн шүүмжлэгч нарт үнэлэгддэг бөгөөд түүний бүтээлүүдээр Франц, Япон, Герман зэрэг улсуудад болон Монгол улсдаа уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж байсан юм. Мөн “Сэцэн хан Навааннэрэн”, “Агсарга бүс, “Нүүдэлчдийн аяга”, “Модон урлал, авдар цуглуулгын дээжис” зэрэг ном бүтээлд ерөнхий зураач, зураачаар ажилласан юм. Түүнчлэн Ч.Х нь эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд олныг бичиж хэвлэн нийтлүүлж, эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлж байсан болно. Миний үйлчлүүлэгч Ч.Х нь өөрийн хийж бүтээж буй уран бүтээлийн ажил болон “Марзан Шарав Сан”-гийн үйл ажиллагаатай холбоотойгоор Монгол улсын олон аймаг орон нутгаар явах мөн гадаад улс оронд зорчих зайлшгүй шаардлага гарч байгаа учраас түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах торгуулийн ялаар сольж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ч.Х тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ч.Х нь Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Хувьсгалын гудамж Тавт япон сэлбэгийн дэлгүүрийн баруун замд 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18 цаг 06 минутын орчимд “Тоёота королла фейлдер” маркийн 00-00 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16.1 “явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, явган зорчигч Ц.Э-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Дуудлага лавлагааны хуудас /хх 04/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг,  ослын газрын гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 06-13/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-16/,

хохирогч Ц.Э: “...Явган хүний гарцаар зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гарч байтал намайг нэг машин ирээд мөргөчихсөн. ...Мөргүүлсний улмаас ухаан балартсан байсан учир би өөр зүйл санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 19/,

хохирогч Ц.Э-ын биед хийсэн 2025.03.07-ны өдийн ЕГ07253700 дугаартай: “...Ц.Эын биед баруун 2,3,4,6,7-р хавирганы хугарал, цээжний баруун хөндийн цус хуралдалт, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...” гэх дүгнэлт /хх 29-31/,

шүүгдэгч Ч.Х-ы унаж явсан автомашинд хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 38-40/,

мөрдөгчийн: “...Хохирогч Ц.Э нь замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Ч.Х нь замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 16.1 дэх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. ...” гэх магадлагаа /хх 43/,

шүүгдэгч Ч.Х яллагдагчаар: “...Би тухайн өдөр машинаа жолоодоод нүүрс авах гээд Баянхошууны замын 1 дүгээр эгнээгээр явж байхад явган хүний гарц таарсан өнгөрөх гэтэл гэнэт миний зүүн талаас эмэгтэй гүйгээд гараад ирсэн бөгөөд тас гээд дугарсан. ...Энэ үед миний салхины шил хагарсан. ...Би тэр эмэгтэйг тэвэрч өргөөд хажууд байсан шатан дээр суулгасан. ..Цагдаа  болон түргэн тусламж дуудах уу гэхэд “би саяхан бас гарцгүй газраар гарч байгаад машинд мөргүүлсэн миний буруу учраас цагдаа тоодоггүй юм байна лээ” гэж хэлсэн. ...Шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагааг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 54/,

хохирогч Ц.Э-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн 2025.05.09-ний өдрийн 1492 дугаартай: “...Ц.Э-ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 68-69/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Х гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийсэн байна.

3. Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ч.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 06 (зургаа) сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Ч.Х тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас тухайн үед явган хүний гарцаар гарч байсан Ц.Э-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4. Шүүгдэгч Ч.Х-ы өмгөөлөгч Б.Энхболд “...Миний үйлчлүүлэгч Ч.Х нь гэм буруугаа зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй. ...Ч.Х нь өөрийн хийж бүтээж буй уран бүтээлийн ажил болон “Марзан Шарав Сан”-гийн үйл ажиллагаатай холбоотойгоор Монгол улсын олон аймаг орон нутгаар явах мөн гадаад улс оронд зорчих зайлшгүй шаардлага гарч байгаа учраас түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах торгуулийн ялаар сольж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд, давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгдэгч Ч.Х-ы 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 760.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 740.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3.940.000 төгрөг, нийт 5.940.000 төгрөгийг хохирогч Ц.Э-ын Хаан банкны 00000000 тоот дансанд төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчлөх боломжтой гэж дүгнэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж энэ талаар зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1460 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 4.500 /дөрвөн мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.500.000 /гурван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,

тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, тогтоох хэсгийн 3, 6, 8 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ч.Х нь хохирогч Ц.Э-д 5.940.000 /таван сая есөн зуун дөчин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ