Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2026/00053

 

 

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2026/00053

Завхан айма

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Б оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ..........аймгийн Т сумын Ш багт оршин суух хаягтай Х овогт Ж-гийн Т-ын нэхэмжлэлтэй цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний бие 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Дотоодын цэргийн ........дугаар ангид 2 жилийн цэргийн алба хаасан. Цэрэгт явсан цэргийн алба хаасан лавлагаа авахад манай аавын нэрийг буруу бичсэний улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна. Иймд намайг 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Дотоодын цэргийн ...... дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү..” гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Т нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч Ж.Т нь цэргийн алба хаасан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

3. Нэхэмжлэгч Ж-гийн Т нь Дотоодын цэргийн ........ цэргийн ангид 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан болох нь:

Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 26-05/2091 дугаартай: “...Ж-ын Т-ыг Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/716 дугаар тушаалаар ...... аймгаас 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс Дотоодын цэргийн ..........дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдаж, тангараг өргөж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 1992 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 178 дугаар тушаалаар цэргийн жинхэнэ албаны хугацааг бүрэн хааж дуусгасан тул 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон бэлтгэлээр халагдсан байна...” гэсэн лавлагаа,

............аймгаас 1990 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын:  “...Ж-ын Т, 1971 оны 04 дүгээр сарын 10-нд төрсөн, цэрэгт татагдахаас өмнө 1987 онд .......аймгийн Ш-ын ТМС төгссөн, мэргэжил тракторчин...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар,

............аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Ж-ын Т эрэгтэй, 1971 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ...........аймгийн Т суманд төрснийг 1971 оны 05 дугаар сарын 4-ний өдөр бүртгэсэн, эцэг Б-ын Ж, эх Ч-ын Н...” гэж тэмдэглэсэн төрсний бүртгэлийн лавлагаа, төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар,

Гэрч Ж.О-ын “...Ж.Т, Д.С бид гурав 1990 оны 10 дугаар сарын 06-нд дотоодын цэрэгт татагдаж байсан бөгөөд Ж.Т нь ........дугаар ангид хуваарилагдаж, Сайхансанаа бид хоёр 05 дугаар цэргийн ангид хуваарилагдаж цэргийн алба хаасан хүмүүс. Ж.Т нь манай сумын Ш багийн Ж-гийн 2 дахь хүү байгаа юм. Аав, ээж нь малчин хүмүүс. Т-ыг аавыг Ж, ээжийг Н гэдэг хүмүүс байсан. Т-ын аавынх нэрийг буруу бичсэнээс болоод тэтгэвэрт орж чадахгүй байгаа. Аавынх нэрийг Ж гэдэг байсан бөгөөд хүмүүс өөрсдийн дуудлагаар янз янз бичсэн байдаг. Яагаад цэргийн албаны лавлагааны овог нь Ж гэж бичигдсэн болохыг би мэдэхгүй. Бид нэг нутгийн хүмүүс, нэг дор өсөж өндийсөн хүмүүс учир Т-ын аавынх нэрийг маш сайн мэдэж байна. Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн баримтууд болон цэргийн албанд татагдахдаа авхуулж байсан зургууд Ж-гийн Т-ын зураг мөн байна. Ж.Т нь 1990 оны 10 дугаар сараас 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан үнэн болно...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

4. Ж-ын Т-ын цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад наасан гэрэл зураг, шинээр паспорт авахдаа бөглөсөн ХААТР-1 маягтад наасан гэрэл зураг, тракторч машинчны үнэмлэхний хуулбар дахь гэрэл зураг, Иргэний үнэмлэх авахад гаргасан өргөдөлд наасан гэрэл зургууд нь нэг хүний гэрэл зураг байх боломжтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

 

5. Иймд нэхэмжлэгч Ж.Т-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгний 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х овогт Ж-гийн Т-ыг Дотоодын цэргийн ........ дугаар ангид Ж-ын Т нэрээр 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгний 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ