Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/954

 

 

 

    2025           08             12                                        2025/ДШМ/954

 

О.М, Т.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

цагаатгагдсан этгээд О.М-ын өмгөөлөгч О.Анхбаяр,

цагаатгагдсан этгээд Т.Б, түүний өмгөөлөгч Х.Мандах,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1111 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар эсэргүүцлээр О.М, Т.Б нарт холбогдох 2402005020297 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т.Б, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, экологийн цагдаагийн албаны эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа ажилтай, ам бүл 2 хамтран амьдрагчийн хамт, 00 гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор 00 дүүргийн 00 замын хойд талд гэр хороололд түр оршин суудаг, /РД:0000000000/,

2. О.М, 1998 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, кранчин, жолооч мэргэжилтэй, “00” ХХК-ийн автын засварчин ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт, 00 дүүргийн 0 дүгээр хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:0000000/,

Т.Б нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Гүнт дэх шалган нэвтрүүлэх цэгт 24 цагаар албан үүрэг гүйцэтгэхдээ Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн Цагдаагийн Албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1,7-т заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, Давуу эрх эдлэх” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна..”, 6.4-т “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5-д “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ”, Албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийн 2 дугаар зорилтын хүрээний 2.5-д “Улаанбаатар хот руу орох шалган нэвтрүүлэх цэгүүдийг гэмт хэрэг, зөрчил илрүүлэх, хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах”, 3 дугаар зорилтын хүрээний 1-д “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журмыг мөрдөж хариуцсан өмч, эд хөрөнгө, тусгай хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл ашиглалтын журам, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх” 4 дүгээр зорилтын хүрээний 2-д “Авлига хүнд суртлаас ангид байж хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зүрэм”-ийг чанд мөрдөх, 3-д “Явцуу эрх ашиг сонирхлоос татгалзаж, цагдаагийн байгууллага албаны нийтлэг эрх ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах” 4-д “Цагдаагийн байгууллагад хуулиар харьяалуулсан зөрчлийг шийдвэрлэх...”, мөн Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжээс зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг тус тус зөрчиж, “Subaru Forestor" Субару форестор загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй О.М-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон гэдгийг мэдсээр байж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс, зөрчлийг шийдвэрлээгүй, хариуцсан албан тушаалтанд шилжүүлэлгүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд О.М-аас 400,000 төгрөг бэлнээр хахуульд авсан,

О.М нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар гүнтийн даваа руу өгсдөг шороон замын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Субару пористер загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар зам тээврийн зөрчилд холбогдон шалгуулахгүй байж өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн Цагдаагийн Албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа буюу 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Гүнт дэх шалган нэвтрүүлэх цэгт 24 цагаар албан үүрэг гүйцэтгэж байсан Т.Б-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 400,000 төгрөгийг хахуульд өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, О.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Т.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч О.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлдэж буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Сод-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс “... Хэргийн тухайд шүүгдэгч О.М нь 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ар гүнтийн даваа руу өгсдөг шороон замын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар зам тээврийн зөрчилд холбогдон шалгуулахгүй байж өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхол байсан гэх хэргийн нөхцөл байдал нотлогдон тогтоогдохгүй ... хэрэгт гэрч П.С нь ... гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн, харин яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн ...” гэж мэдүүлж байх бөгөөд хавтаст хэрэгт хахууль өгсөн, авсан үйлдлийг нотолсон өөр нотлох баримт авагдаагүй ... Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно ...” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчсөн ... хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй тооцох”- оор тус тус заажээ ... хахууль авсан, өгсөн гэх үйлдлийг бүрэн дүүрэн нотолж чадаагүй, эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ ... ” гэж дүгнэжээ.

            Гэтэл шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж хуульчилсан

            Түүнчлэн Авлигын Эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын конвенцын 28 дугаар зүйлд “Энэхүү конвенцод заасан гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж заасан,

            Өөрөөр хэлбэл Авлигын гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгддэг тул хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгөх замаар хүний ухамсар, санаа зорилгыг тодорхойлж болохоор конвенцод тусгасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтуудыг мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлан дүгнэлт хийхэд  Т.Б нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Гүнт дэх шалган нэвтрүүлэх цэгт 24 цагаар албан үүрэг гүйцэтгэхдээ Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн Цагдаагийн Албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.7-т заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна..”, 6.4-т “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5-д “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ”, Албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийн 2 дугаар зорилтын хүрээний 2.5-д “Улаанбаатар хот руу орох шалган нэвтрүүлэх цэгүүдийг гэмт хэрэг, зөрчил илрүүлэх, хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах”, 3 дугаар зорилтын хүрээний 1-д “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журмыг мөрдөж хариуцсан өмч, эд хөрөнгө, тусгай хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл ашиглалтын журам, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх” 4 дүгээр зорилтын хүрээний 2-д “Авлига хүнд суртлаас ангил байж хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зүрэм”-ийг чанд мөрдөх, 3-д “Явцуу эрх ашиг сонирхлоос татгалзаж, цагдаагийн байгууллага албаны нийтлэг эрх ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах” 4-д “Цагдаагийн байгууллагад хуулиар харьяалуулсан зөрчлийг шийдвэрлэх...”

            мөн Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжээс зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг тус тус зөрчиж, “Subaru Forestor" Субару пористер загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй О.М-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон гэдгийг мэдсээр байж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс, зөрчлийг шийдвэрлээгүй, хариуцсан албан тушаалтанд шилжүүлэлгүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд О.М-с 400,000 төгрөг бэлнээр хахуульд авсан;

            - О.М нь 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар гүнтийн даваа руу өгсдөг шороон замын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Субару пористер загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож,

            Улмаар зам тээврийн зөрчилд холбогдон шалгуулахгүй байж өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн Цагдаагийн Албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа буюу 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Гүнт дэх шалган нэвтрүүлэх цэгт 24 цагаар албан үүрэг гүйцэтгэж байсан Т.Б-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 400,000 төгрөгийг хахуульд өгсөн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Мөн шүүх захирамжийн тодорхойлох хэсэгтээ ’’...шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүхээс хавтаст хэрэгт нотлох баримтуудыг үнэлж, гэрч нарыг оролцуулан шийдвэр гаргах боломжтой гэж үзсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй юм.

            Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

            Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/1111 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд О.М-ын өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүхийн шийдвэрийн гол цагаатгах болсон шалтгаан нь н.С гэх гэрч нь шууд бус буюу дамжмал гэрч байсантай холбоотой. Тухайн Цагдаагийн албан хаагчтай иргэн О.М хахууль өгсөн цаг хугацаа, орон зайд тухайн этгээд хамт байгаагүй. О.М-ын утсаар ярьж холбогдсон хүн нь н.С болж таарсан. Өөрөөр хэлбэл н.С мэдэхгүй зүйлээ утсаар сонсож, Авлигатай тэмцэх газар мэдээлэл өгсөн учраас энэ хэрэг үүссэн. Бусад гар утасны үзлэг, гэрч хэмээн тайлбарлаж байгаа тайлбарын тухайд н.С гэх шууд бус буюу дамжмал гэрчийн мэдүүлгийг нотлох гэж оролдсон үйл баримт бий. Гар утасны үзлэг н.С-ийн гар утасны яриаг баталж байгаа н.Т гэх дамжмалын дамжмал дараагийн гэрчийн гар утсанд хийгдсэн. Энэ мэтээр үйл баримтыг нотлох гэж оролдсон. Гэтэл үйл явдал болох үед О.М-тай хамт зорчиж байсан н.Мөнхжаргал гэх шууд гэрч бий. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч н.М-г маш бүрхэг буюу бүдэг асуугаад үлдээсэн. Уг этгээдийг шүүх хуралдаанд дуудаж, шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлгийг нь сонсоход “О.М биш, би машиныг барьж явсан” хэмээн мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд О.М машин барьж явж байх үедээ баригдсан ба хахууль өгсөн гэж ялласан байхад гэрч үүний эсрэг мэдүүлэг өгсөн. Ийм үйл баримт байсан учраас шүүхийн зүгээс эргэлзсэн. Ингэхдээ машин барьсан хүнээ тогтоогоогүй мөн өөртөө давуу байдал үүсгэх гэж байсан хүнээ тогтоогоогүй байна гэж үзсэн. Анхан шатны шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон. Үүний гол шалтгаан нь аль аль талаас н.С гэх этгээдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байсан. Гэтэл н.С гэх гэрч ирэхгүй байсаар шүүх хуралдаан болж, хэрэг шийдэгдсэн. Анхан шатны шүүхээс цагаатгахаас өөр аргагүй нөхцөл байдал байсан. Учир нь шууд бус гэрчийн ярианд үндэслэж хүнийг яллах гэж оролдсон. Гүйцэтгэх ажлын журмаар н.С-с мэдээлэл авчхаад энэ хэргийн холбогдогч нь О.М юм байна гэдгийг Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажилтан, мөрдөгч нар ойлгож, мэдсэн байх үедээ түүнийг дуудаж, гэрчийн мэдүүлэг хүчээр авсан. Энэ хэрэгт хэн нь холбогдолтой байгаа талаар мэдэхгүй байх үедээ гэрчээр мэдүүлэг авч болно. Гэтэл урьдчилаад мэдээллээ авсан мөртлөө өөрийнх нь эсрэг нотлуулах гэж мэдүүлэг авсан. Тиймээс анхан шатны шүүх О.М-ын хамгийн анх өгсөн гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Т.Б-ын өмгөөлөгч Х.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: “....Цагаатгагдсан этгээд О.М-ын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан тайлбартай санал нэг байна. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан н.Х гэх этгээд бий. Уг этгээд “би шөнө Налайхаас дуудагдсан, намайг авч яваад дэлгүүрээс архи авхуулсан, надаас мөнгө авсан, Ар гүнтийн хашаанд оруулсан ба үүний дараа намайг хөөж явуулсан” гэж мэдүүлсэн. Гэтэл эдгээр хүмүүс “үгүй, бид Ар гүнтийг даваагүй, Баруун туруунаар давсан” гэж тайлбарладаг. Баруун туруунаар 14 цагийн үед автомашинаар зорчсон талаарх камерын бичлэг байдаг. “н.С гэх этгээд огт яваагүй, бид нар Түнхэлийн амралтад очиж, эхнэр болон хүүхдүүдтэйгээ амарч байгаад ирсэн” гэж н.Х гэх этгээд анхнаасаа худал ярьсан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийг бодитой дүгнэсэн байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Гүнт гэх шалган нэвтрүүлэх цэгт үүрэг гүйцэтгэж байсан нь үнэн. Ямар нэгэн байдлаар бусдад давуу байдал олгох болон хээл хахууль авсан зүйлгүй. 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр энэ хэрэг үйлдэгдсэн гэж эрх бүхий байгууллагаас шалгасан. Тухайн газар гадна, дотно нийт 8 камертай. Тэдгээр хяналтын камеруудыг шалгаагүй. Тухайн үеийн бичлэгүүд надад бүгд байсан боловч эдгээрийг минь авч үзээгүй. Хамгийн сүүлд надаас 2024 оны 09 дүгээр сард мэдүүлэг авч дуудахдаа “бүх зүйл чинь тогтоогдсон, одоо чи хэргээ хүлээ” гэх байдлаар тулгаж мэдүүлэг авсан. Гэрчүүдийн мэдүүлэг болон оролцогч нарын мэдүүлгийн зөрүүтэй байгаа талаар нийслэлийн прокурор, хяналтын прокурор нарт удаа дараа санал, хүсэлт гаргаж байсан боловч ямар ч үйлдэл хийхгүйгээр “гэм бурууг шүүх дээр шийдүүлнэ” гэж хариулж байсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Би өөрийгөө гэм буруутай үйлдэл хийгээгүй гэдэгт итгэлтэй байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.М, Т.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

1. Прокуророос Т.Б-ыг  2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Гүнт дэх шалган нэвтрүүлэх цэгт 24 цагаар албан үүрэг гүйцэтгэхдээ Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн Цагдаагийн Албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа холбогдох хууль дүрмийг зөрчиж, “Subaru Forestor" Субару форестор загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй О.М-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон гэдгийг мэдсээр байж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс, зөрчлийг шийдвэрлээгүй, хариуцсан албан тушаалтанд шилжүүлэлгүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд О.М-аас 400,000 төгрөг бэлнээр хахуульд авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,

О.Мыг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар гүнтийн даваа руу өгсдөг шороон замын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Субару пористер загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар зам тээврийн зөрчилд холбогдон шалгуулахгүй байж өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн Цагдаагийн Албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа буюу 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Гүнт дэх шалган нэвтрүүлэх цэгт 24 цагаар албан үүрэг гүйцэтгэж байсан Т.Б-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 400,000 төгрөгийг хахуульд өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай.

3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж “...хэрэгт гэрч П.С нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ар гүнтийн даваа руу өгсдөг шороон замын орчимд шүүгдэгч, гэрч нартай хамт яваагүй, энэ талаарх мэдээллийг дам байдлаар сонссон гэрч байх бөгөөд улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-ыг яллагдагчаар татсан тогтоолд дурдагдсан О.М-ын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг нь шүүгдэгч Т.Б-ын үйлдлийг гэрчилсэн мэдүүлэг юм гэх боловч шүүгдэгч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн, харин яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн.” гэж мэдүүлж байх бөгөөд хавтаст хэрэгт хахууль өгсөн, авсан үйлдлийг нотолсон өөр нотлох баримт авагдаагүй. ...шүүгдэгчээс гэрчээс тайлбар, мэдүүлэг авах үед мэдэгдсэн зүйлийнх талаар мэдүүлэг авч, уг мэдүүлгээр тухайн эрүүгийн хэрэгт холбогдуулан гэм буруутайд тооцох нотлох баримт болгон ашиглаж болохгүй учир шүүгдэгч О.М-ын өөрийнхөө болон бусдын эсрэг гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. ...О.М-аас гэрчээр мэдүүлэг авсан нь түүнийг хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж тэднээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ. .. шүүгдэгч Т.Б, шүүгдэгч О.М нарын хахууль, өгөх авах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, албан тушаалын байдалтайгаа холбогдуулан хахууль авсан, өгсөн гэх үйлдлийг бүрэн дүүрэн нотолж чадаагүй. ...” гэж дүгнэн О.М, Т.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасан шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцсэн байна.

Тодруулбал, яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд болох:

Гэрч П.С: “...Би Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаар руу 2024.05.12-ны өдөр “Чингэлтэй дүүрэг Ар Гүнтийн замын цагдаагийн зохицуулагч ахлагч 0000 дугаартай Т.Б нэртэй цагдаагийн албан хаагч 2024.05.09-ний өдөр 15 цаг 44 минутад 000000000 регистрийн дугаартай согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийг 0.28 гарсан байхад бэлнээр 1 сая төгрөг өгөөд эрхээ хасуулаагүй өнгөрсөн тул шалгаж өгнө үү” гэх утгатай гомдол гаргасан. О.М 20224.05.09-ний өдөр над руу залгаад “машин барьж байгаад Т.Б /шүүгдэгч/ цагдаад баригдаад үлээлгэсэн чинь 1,28% гарчихлаа чи дугаарыг нь олоод өг би Бадмаараг ахын чинь найз шүү дээ” гэж хэлсэн. ..Би О.Маас цагдаагийнх нь энгэрийн дугаар, цолыг нь мессежээр явуулчих гэхэд миний утас руу “Т.Б 00000 ахлагч” гээд явуулахаар нь би танил цагдаа болох СХД-ийн эргүүлийн офицер Г.Т-с “ЧД-т Т.Б гэдэг цагдаа байдаг юм уу” гэхэд байхгүй гэж хэлсэн. ..Тэгээд би О.М руу залгахад “учраа олсон чи хэрэггүй гэж хэлсэн” би утсаа салгаагүй байхад О.М утсаар намайг сонсож байгааг мэдэлгүй цаанаа 2 найзтайгаа бэлэн 600.000 төгрөг байна АТМ яваад 1.000.000 төгрөг аваад ир” гэж ярьж байсан. .....О.М 2024.06.15, 25, 07.15, 31-ний өдрүүдэд над руу залгаад “чи Авлигатай тэмцэх газарт миний хэлснээр мэдүүлэг өгсөн үү би чамд итгээд өөрийгөө согтуу машин бариагүй, цагдаад үлээлгэхэд согтолттой гарч ирээгүй намайг гэрчлэх хүн С гээд найз маань байгаа юм гэж хэлээд мэдүүлэг өгсөн шүү” гэхээр нь би за гэж хэлсэн. ...” /1хх 22-23/,

гэрч Г.Т: “...С над руу залгаад “Чингэлтэй дүүргийн замын цагдаа Т.Б гэх цагдаагийн утасны дугаарыг олоод өгөөч” гэхээр нь би “яах гэж байгаа юм” гэхэд манай найз согтуу машин барьж байгаад Т.Б гэх цагдаад баригдчихаад 1.000.000 төгрөг өгөөд торгуулаагүй явсан юм манай найз бид 2-ыг АТГ-ээс дуудаад байгаа юм АТГ-т очихоос өмнө Т.Б гэх цагдаатай холбогдож үгээ нийлүүлэх хэрэгтэй байна яаралтай энэ цагдаагийн утсыг олоод өг” гэж надтай утсаар ярьсан. ..Тэгээд би С-т “энэ Т.Б гэх нэртэй цагаад ЧД-т ажилладаггүй юм байна” гэж хэлсэн. ...” /1хх 25-26/,

гэрч Б.Б: “..2024.05.08-ны өдөр хотоос бид нар Түнхэл тосгонд очоод амралтын газраа ороод би авч очсон вискигээ гаргаж О.М, М бид 3 хувааж уугаад унтсан. .Маргааш нь М-ын машиныг янзалчхаад хот руу явсан. ..явахдаа би Б-ийн машинд суугаад явсан ба машиныг Батхүү жолоодож явсан. ..нөгөө хэд машиныхаа юмыг янзлаад араас явсан. ...” /1хх 40/,

гэрч М.М: “...Миний эзэмшилд хар өнгийн “Субару форестер” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг ...Тухайн өдөр миний машинд О.М /шүүгдэгч/, Г бид 3 явж байсан. ...” гэх мэдүүлгүүд /1хх 42-43/,

Юнител ХХК-ний 2024.09.09-ний өдрийн 12-04/5731 дугаартай албан бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 51-52/, О.Мын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 91-96/ Г.Т-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 108-116/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 130-133, 137-139/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг бүхий л талаас нь харьцуулан судалж, дүн шинжилгээ хийхэд Т.Б нь хахууль авсан, О.М нь хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэ хэргийн О.М, Т.Б нарт холбогдох үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагджээ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох ба аль нэг шинж хангагдахгүй бол гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгох, гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнийг цагаатгах учиртай.

4. Хэргийн материалыг судлан үзэхэд дамжмал гэрч Г.С-ийн мэдээллсэнээр хэрэг бүртгэлтийн ажиллагааг нээж, гэрч Г.С нь: “...Би Авлигтай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаар руу 2024.05.12-ны өдөр “Чингэлтэй дүүрэг Ар Гүнтийн замын цагдаагийн зохицуулагч ахлагч 00000 дугаартай Т.Б нэртэй цагдаагийн албан хаагч 2024.05.09-ний өдөр 15 цаг 44 минутад 0000000 регистрийн дугаартай согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийг 0.28 гарсан байхад бэлнээр 1 сая төгрөг өгөөд эрхээ хасуулаагүй өнгөрсөн тул шалгаж өгнө үү” гэх утгатай гомдол гаргасан. О.М 20224.05.09-ний өдөр над руу залгаад “машин барьж байгаад Т.Б /шүүгдэгч/ цагдаад баригдаад үлээлгэсэн чинь 1,28% гарчихлаа чи дугаарыг нь олоод өг би Бадмаараг ахын чинь найз шүү дээ” гэж хэлсэн. ..Би О.Маас цагдаагийнх нь энгэрийн дугаар, цолыг нь мессежээр явуулчих гэхэд миний утас руу “Т.Б 00000 ахлагч” гээд явуулахаар нь би танил цагдаа болох СХД-ийн эргүүлийн офицер Г.Түвшинтөрөөс “ЧД-т Т.Б гэдэг цагдаа байдаг юм уу” гэхэд байхгүй гэж хэлсэн. ..Тэгээд би О.М руу залгахад “учраа олсон чи хэрэггүй гэж хэлсэн” би утсаа салгаагүй байхад О.М утсаар намайг сонсож байгааг мэдэлгүй цаанаа 2 найзтайгаа бэлэн 600.000 төгрөг байна АТМ яваад 1.000.000 төгрөг аваад ир” гэж ярьж байсан. .....О.М 2024.06.15, 25, 07.15, 31-ний өдрүүдэд над руу залгаад “чи АТГ-д миний хэлснээр мэдүүлэг өгсөн үү би чамд итгээд өөрийгөө согтуу машин бариагүй, цагдаад үлээлгэхэд согтолттой гарч ирээгүй намайг гэрчлэх хүн С гээд найз маань байгаа юм гэж хэлээд АТГ-д мэдүүлэг өгсөн шүү” гэхээр нь би за гэж хэлсэн. ..” гэх мэдүүлэг өгчээ. /1хх 22-23/

Хэргийн бодит байдлыг шууд харсан гэрч, хохирогчийн мэдүүлэг болон үндсэн эх баримт бичиг, хэргийн газраас олдсон эд мөрийн баримт зэрэг нь шууд нотлох баримт болдог. Харин хэрэгт ач холбогдол бүхий байдлыг шууд бус, дамжмал байдлаар хадгалж байгаа баримтат мэдээллийг дамжмал нотлох баримт хэмээн ойлгодог.

Тодруулбал, хэрэг учрал болсон цаг хугацаанд байгаагүй хоёрдмол гэрч П.С-ийн мэдээлснээр хэрэг бүртгэлтийн ажиллагааг нээж, улмаар П.С нь сонссон зүйлийнхээ талаар гэрчээр мэдүүлсэн нь хэргийг бүрэн дүүрэн нотолсон нотлох баримт болж чадахгүйд хүрсэн байх тул түүний өгсөн мэдүүлгийг хөдөлбөргүй туйлын үнэн зөв гэж үзэх, түүнчлэн О.М, Т.Б нарыг ашиг хонжоо олох зорилгоор, шунахай сэдэлтээр хээл, хахууль авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

5. Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын хэлтсийн 2024.07.16-ны өдрийн 91 тоот албан бичгийн “...нэрээ нууцалсан иргэнээс /П.С/ ирүүлсэн “Чингэлтэй дүүргийн Ар Гүнтийн замын цагдаагийн зохицуулагч, ахлагч 00000 дугаартай Т.Б нь 5 дугаар сарын 09-ний өдөр 15 цаг 53 минутад 00000000 регистрийн дугаартай согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан /86020243 гар утас нь/ жолоочийг 0.28 гарсан байхад бэлнээр 1 сая төгрөг, таньдаг дүүгийнх нь дансанд 1 сая төгрөг өгөөд эрхээ хасуулаагүй өнгөрсөн тул шалгаж өгнө үү.” гэж П.Сийн мэдээллснээр хэргийг шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Улмаар, мөрдөгч нь О.М-ыг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрчээр асуухдаа: “...Та цагдаагийн албан хаагчид ямар шалтгааны улмаас 400.000 төгрөг өгсөн юм бэ? Та өөрөө торгуулахгүйн тулд өгөөд байгаа юм уу? Албан хаагч танаас өгөхийг шаардаад авсан юм уу? гэж асуусан нь Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор тайлбарласан “1. Мэдүүлэг /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйл/, /1.1 “Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох....” гэж тогтоолд заасныг зөрчиж мэдүүлэг авсан байна.[1]

Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа нэр бүхий гэрчүүдийн өгсөн мэдүүлгийн дагуу О.М-ыг гэмт хэрэгт холбогдуулан сэжигтэн, эсхүл яллагдагчаар татаж шалгах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон байхад мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 4, мөн хуулийн 31.11 дүгээр зүйлд заасны дагуу О.М-аас сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагааг явуулахын оронд 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрчээр мэдүүлэг авсан /1хх 45-47/, улмаар түүний Т.Б-д хахууль өгсөн талаар өөрийнхөө эсрэг өгсөн гэрчийн мэдүүлгээр 400.000 төгрөгийн хээл хахууль өгсөн, авсан гэж прокурор яллах дүгнэлтэд тусгасан нь буруу байна.

Мөрдөгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нь гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй юм.

Учир нь мөрдөгч хэн нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэсэн заалтыг ноцтой зөрчих тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5, 31.11 дүгээр зүйлийн 1.1-д “Баривчлагдсан сэжигтэн өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн  7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчих бөгөөд ийнхүү гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс хууль сануулж өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцдог.

6. Албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж юм.

Мөн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь дээр дурдсан нийтлэг шинжээс гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй болон хөнгөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байх шаардлагатай болно.

Учир нь энэхүү гэмт хэрэг хувьдаа болон өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдэгддэг ба эдгээр нь үгүйсгэгдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.

Хэрэг учрал болсон гэх өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр О.М-ын дансанд 1.000.000 төгрөг АТМ-р орлого орж, 828.103 төгрөгийн зарлага гарсан байх хэдий ч дээрх мөнгөнөөс О.М нь замын цагдаагийн зохицуулагч Т.Б-д 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн эсэхийг шалгаж тогтоосон, түүнийг баталсан нотолсон баримт хэрэгт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Б-ыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа холбогдох хууль дүрмийг зөрчиж О.М-аас 400,000 төгрөг бэлнээр хахуульд авсан, О.М-ыг албан үүрэг гүйцэтгэж байсан Т.Б-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 400,000 төгрөгийг хахуульд өгсөн үйлдлийн гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул О.М, Т.Б нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

Иймд, О.М, Т.Б нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1111 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Сод-Эрдэнийн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцэл”-ийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1111 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

 

 

 

 

 

 

 

 

 

[1] https://www.supremecourt.mn/media/files/20238/0_1695113132.pdf