| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2506000000898 |
| Дугаар | 2025/ДШМ/995 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/995
2025 08 21 2025/ДШМ/995
Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Машлай,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/4407 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сайнхүүгийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар эсэргүүцлээр Д.Б-д холбогдох 2506000000898 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Д-гийн Б-, ..............., /РД:............../,
Яллагдагч Д.Б- нь 2025 оны 03 дугааар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 92 дугаар байрны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч О.А-ын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүгч, прокурор, өмгөөлөгч, шинжээч зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллааганы өөр ямар ч хэрэгжүүлэгч, оролцогч, бусад оролцогчид нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх эрх хэмжээ олгогдоогүй болно.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/232 тушаалаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиглэл” өгсөн байна. Уг тушаалаар цагдаагийн байгууллагын хэсгийн байцаагч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхийг олгосон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхийг олгоогүй байна.
Эрүүгийн 2506 00000 0898 дугаартай хэрэгт авагдсанаар цагдаагийн дэслэгч Д.Батболд нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч албан тушаалтайгаар энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрдэнэ” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоог цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Цагдаагийн төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсний 21.1.5.гэмт хэрэг, зөрчлийг шалгах цагдаагийн байгууллага, нэгжийн харьяалал, чиг үүргийг тогтоох; 21.1.16.цагдаагийн байгууллага, алба хаагчийн гүйцэтгэх чиг үүргийн хуваарийг тогтоох, зарим чиг үүргийг цагдаагийн төв байгууллага, харьяа алба, нэгж, түүний алба хаагчид гүйцэтгүүлэхээр даалгах; 21.3 дахь хэсэгт “Цагдаагийн төв байгууллагын дарга алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх, цагдаагийн бага цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах, ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэх, цагдаагийн байгууллагыг төлөөлөх, төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах бүрэн эрхээ харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, энэ хуулийн 20.3-т заасан албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно.” гэж, мөн Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Агентлагийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсний 8.3.5 дахь заалтанд хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах гэж хуульчилжээ.
Цагдаагийн байгууллага нь нэгдмэл төвлөрсөн удирдлага бүхий, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба, засгийн газрын агентлаг болохын хувьд тухайн албаны эрх зүйн байдлыг тодорхойлсон болоод засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлыг тодорхойлсон хууль, тогтоомжийн хүрээнд албан хаагчийг томилох, чөлөөлөх, сэлгэн ажиллуулах харилцааг зохицуулна.
Цагдаагийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай зааснаар цагдаагийн албан хаагчийг шилжүүлэн томилох харилцааг хуулиар зөвшөөрсөн бөгөөд энэхүү эрх хэмжээ нь цагдаагийн төв байгууллагын даргад хуулиар олгогдсон, шийдвэр гаргах бүрэн эрхээ харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, цагдаагийн төв байгууллагын тэргүүн дэд дарга болон хоёр дэд даргад шилжүүлэх эрхийг хуулиар олгожээ. Дүүрэг дэх цагдаагийн газрын хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагчийг мөрдөн байцаах тасагт мөрдөгчийн албан тушаалд шилжүүлэх эсхүл мөрдөгчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргийг дангаар болон хавсарган гүйцэтгүүлэх шийдвэр нь цагдаагийн албан хаагчийг шилжүүлэн томилох зохицуулалттай хууль эрх зүйн хувьд зохицуулалт ижил байна.
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Дашцэрэнгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгах тухай тогтоолоор “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг илрүүлж, шийдвэрлэх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулах мөрдөгчийн ажлын хэсгийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Батболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулсугай.” гэх шийдвэрийг гаргасан нь хуулиар олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл бүхий байна. Тодруулбал, өөр өөр чиг үүргийг хариуцсан дүүргийн цагдаагийн газрын хэлтсийн тасгийн албан хаагчийг нэг тасгаас нөгөө тасагт шилжүүлэх эрх хэмжээг олгосон дээд удирдах шатны албан тушаалтны зөвшөөрлийг ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/232 “Эрх олгох тухай” тушаал нь гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөгчийн эрхийг олгосоор атал мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэв. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/162 тоот тушаалаар хэрэг бүртгэх албаны нэгжийн чиг үүргийг тодорхойлсон нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч албан тушаалтан Д.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх олгоогүй, мөн энэ хэрэгт 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө ажиллагаа явуулж нотлох баримтууд цуглуулсан нь шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж цуглуулсан нотлох баримтыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шалгуураар үнэлж шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байх тул нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Сайнхүү бичсэн эсэргүүцэлдээ: “… Дээрх шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д "мөрдөгч" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг энэ хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явуулна” гэж, 4 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэд явуулахын тулд гэмт хэрэг илэрсэн болон оролцогч, гэрч, хохирогчийн олонх байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтоож болно” гэж, 6.1 дүгээр зүйлд Тагнуулын байгууллага, Авлигатай тэмцэх газар,Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулах зүйл хэсгийг дурдсан байна.
Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/73 дугаартай “гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяаллыг шинэчлэн тогтоох тухай” журмаар Авлигатай тэмцэх газар, Мөрдөн байцаах газар, Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн алба, Экологийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газраас шалгах хэргийг харьяаллыг тогтоож, үүнээс бусад гэмт хэргийн талаарх гомдол, эрүүгийн хэрэгт Цагдаагийн байгууллагаас шалгахаар нарийвчлан зохицуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх, үүргийн дагуу, эсхүл прокурорын даалгавраар энэ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэж заасан байна. Яллагдагч Д.Б-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлд хамаарч, нутаг дэвсгэрийн харьяаллаар Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутагт хамаарч байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлд заасан нутаг дэвсгэрийн харьяалал, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Тагнуул, Авлигатай тэмцэх газраас шалгахаас бусад гэмт хэрэгт Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байна. Дээрх хэргийг шалгасан дэслэгч Д.Батболдод Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/232 дугаартай тушаалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасан мөрдөгчийн эрхийг олгож, улмаар хэрэг бүртгэх мөрдөн байцаалт явуулах эрх бүхий этгээд болсон байна.
Цагдаагийн албан тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт гэмт хэрэг, зөрчлийг шалгах цагдаагийн байгууллага, нэгжийн харьяалал, чиг үүргийг тогтоох; 21.1.16 дахь хэсэгт цагдаагийн байгууллага, алба хаагчийн гүйцэтгэх чиг үүргийн хуваарийг тогтоох, зарим чиг үүргийг цагдаагийн төв байгууллага, харьяа алба, нэгж, түүний алба хаагчид гүйцэтгүүлэхээр даалгах гэж тус тус заажээ. Дээрх заалтын дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга нь А/232 дугаартай тушаалаар хэсгийн байцаагч нарт мөрдөгчийн эрхийг олгосон байна. Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Б.Дашцэрэн нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлгийн хэргүүдийг шийдвэрлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгах тухай тогтоол гаргаж, уг тогтоолд хэсгийн байцаагч нарыг оруулсан байна. Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/162 дугаартай тушаалаар зарим төрлийн хөнгөн хэргүүдийг /тухайлбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-1, 11.5-1, 11.6-1, 11.6-2, 11.7-1, 11.7-1.2 гэх мэт/ хэрэг бүртгэх албаны харьяа нэгжийн мөрдөгч нарт шалгах харьяалал, чиг үүргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс тогтоосон. Өөрөөр хэлбэл, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2024 оны А/141 дугаартай тушаалаар Зөрчлийн хэрэг бүртгэх албаны нэршлийг Хэрэг бүртгэх алба болгосонтой холбоотойгоор Эрүүгийн хуулийн зарим хэргүүдийг Хэрэг бүртгэх албанд шалгахаар харьяалуулсан байна. Зөрчлийн хэрэг бүртгэх албанд хэсгийн байцаагч нар хамаарч байсан ба дээрх тушаалаар хэрэг бүртгэх алба хамаарч, улмаар дээрх хэргүүдийг шалгах нөхцөл боломж үүссэн байна. Яллагдагч Д.Б-д холбогдох хэрэг нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд А/162 дугаартай тушаалд хамаарч, хэсгийн байцаагч нь хэрэг бүртгэх албанд орж, хэрэг шалгасан нь үндэслэл бүхий байна. Эцэст нь хэсгийн байцаагчаар дээрх хэргийг шалгах хууль зүйн орчинд бүрдсэн байх бөгөөд энэ үйлдэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, уг хуулиар харьяалуулсан хэргийг цагдаагийн байгууллагын төв газраас мөрдөгчийн эрхийг олгосон тушаалын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна гэж дүгнэж байна.
Нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байхгүй, хэргийг буруу тусгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Прокурор Р.Машлай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбоотой прокурорын эсэргүүцлийг бичсэн. Нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн байцаагч эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд явуулсан гэх үндэслэлээр хэргийн прокурорт буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д "мөрдөгч" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг; 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг энэ хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явуулна” гэж, 4 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэд явуулахын тулд гэмт хэрэг илэрсэн болон оролцогч, гэрч, хохирогчийн олонх байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтоож болно” гэж, 6.1 дүгээр зүйлд Тагнуулын байгууллага, Авлигатай тэмцэх газар,Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулах зүйл хэсгийг дурдсан байна. Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/73 дугаартай “гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяаллыг шинэчлэн тогтоох тухай” журмаар Авлигатай тэмцэх газар, Мөрдөн байцаах газар, Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн алба, Экологийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газраас шалгах хэргийг харьяаллыг тогтоож, үүнээс бусад гэмт хэргийн талаарх гомдол, эрүүгийн хэрэгт Цагдаагийн байгууллагаас шалгахаар нарийвчлан зохицуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх, үүргийн дагуу, эсхүл прокурорын даалгавраар энэ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэж заасан байна. Яллагдагч Д.Б-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлд хамаарч, нутаг дэвсгэрийн харьяаллаар Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутагт хамаарч байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлд заасан нутаг дэвсгэрийн харьяалал, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Тагнуул, Авлигатай тэмцэх газраас шалгахаас бусад гэмт хэрэгт Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байна. Дээрх хэргийг шалгасан дэслэгч Д.Батболдод Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/232 дугаартай тушаалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасан мөрдөгчийн эрхийг олгож, улмаар хэрэг бүртгэх мөрдөн байцаалт явуулах эрх бүхий этгээд болсон байна. Цагдаагийн албан тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт гэмт хэрэг, зөрчлийг шалгах цагдаагийн байгууллага, нэгжийн харьяалал, чиг үүргийг тогтоох; 21.1.16 дахь хэсэгт цагдаагийн байгууллага, алба хаагчийн гүйцэтгэх чиг үүргийн хуваарийг тогтоох, зарим чиг үүргийг цагдаагийн төв байгууллага, харьяа алба, нэгж, түүний алба хаагчид гүйцэтгүүлэхээр даалгах гэж тус тус заажээ. Дээрх заалтын дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга нь А/232 дугаартай тушаалаар хэсгийн байцаагч нарт мөрдөгчийн эрхийг олгосон байна. Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Б.Дашцэрэн нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлгийн хэргүүдийг шийдвэрлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгах тухай тогтоол гаргаж, уг тогтоолд хэсгийн байцаагч нарыг оруулсан байна. Мөрдөгчийн эрхтэй мөрдөх чиг үүрэг бүхий этгээд хуульд заасан ажиллагаа явуулсан учраас анхан шатны шүүхээр шийдүүлэх үндэслэлтэй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурор эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Яллагдагч Д.Б-г 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 92 дугаар байрны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч О.А-ын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн прокуророос дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүрэлдүүлэгч үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн нэгдүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.” гэж, 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаас хойш эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэлх хугацааны бүх ажиллагааг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч мөрдөн шалгах ажиллагааг явуулан гүйцэтгэсэн нь хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхгүй албан тушаалтан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/232 дугаар тушаалаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиглэл” өгсөн байх атал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт цагдаагийн байгууллагын хэсгийн байцаагч нар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь тэднийг хуулиар олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/162 дугаар тушаалаар Хэрэг бүртгэх албаны нэгжийн чиг үүргийг тодорхойлсон нь хэсгийн байцаагч нарт бус тус албаны нэгжийн мөрдөгч нарт үүрэг болгосон хэм хэмжээ байхаас гадна тус тушаалыг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс тогтоож шийдвэрлэжээ.
Иймд яллагдагч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулсан нотлох баримтууд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул уг хэргийг шийдвэрлэх боломжгүй талаар дүгнэж, дээрх ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ