| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 1905021271665 |
| Дугаар | 2025/ДШМ/955 |
| Огноо | 2025-08-12 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/955
2025 08 12 2025/ДШМ/955
Х.У-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энхбат,
шүүгдэгч Х.У, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Дэлгэрцэцэг,
хохирогч Ж.С, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Л.Цэндсүрэн, А.Энхгэрэл, С.Ганзул, Ж.Оюунболд,
хохирогч Г.Н-ийн өмгөөлөгч Т.Баярцэцэг,
иргэний нэхэмжлэгч Ё.Э-ийн өмгөөлөгч А.Энхбаатар,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ЦТ/1395 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Энхбатын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар эсэргүүцэл болон хохирогч Ж.С, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан, С.Ганзул, хохирогч Г.Н-ийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, хохирогч А.Т, хохирогч Ж.С, А.Т нарын өмгөөлөгч Ж.Оюунболд, Л.Цэндсүрэн, А.Энхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.У-т холбогдох 1905021271665 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х.У, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Увс аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “00000” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт 00 дүүргийн 0 дүгээр хороо, Нүхтийн зам гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,
Х.У үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Миста” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.С, А.Т нараас Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миста” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, 2,011 метр квадрат талбайтай, мал нядлах, махны анхан шатны боловсруулалт хийх болон хадгалах зоорьтой үйлдвэрийн зориулалттай 2 давхар байгууламж, 12,699 метр квадрат талбайтай газрыг компанийн хамт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,500,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцон худалдан авсан боловч хуурч, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төлбөрийг бүрэн төлөлгүй, 1,597,118,064 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
-хохирогч Г.Нт “өөрийгөө Бүгд Найрамдах Хятад Ард улсаас барилгын арматур төмөр оруулж ирдэг, түүнд 717,240,000 төгрөгийн үнэ бүхий 417 тонн барилгын арматур төмөр худалдан борлуулна” гэж итгэл төрүүлэн хуурч, Г.Н-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянгол ам, 7 дугаар хэсэг гудамжны 242/19 тоотод байрлах 317,639,400 төгрөгийн үнэ бүхий 154.4 метр квадрат талбайтай 2 давхар амины орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөртөө шилжүүлэн авсан,
мөн Г.Ноос 75,107,889 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 29, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус тус дансаар шилжүүлэн авч түүнд 111,471,480 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг хүлээлгэн өгч, үлдэгдэл арматур төмрийг нийлүүлээгүй, уг амины орон сууцыг бусдаас авсан зээлийн төлбөрт шилжүүлэн өгч, бодит байдлыг нуух замаар, гэрээгээр халхавчлан бусдыг төөрөгдөлд оруулан, 281,275,809 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
-“Глори кинг инвестмэнт групп” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон махан бүтээгдэхүүн экспортлох тусгай зөвшөөрөлгүй атлаа “Бүгд Найрамдах Хятад Ард улс руу адууны мах экспортолно” гэж Ө.Д-д ойлгуулан, түүгээр дамжуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аз Очир импекс групп” ХХК-ийн захирал Ж.О-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 25, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ө.Д-р дамжуулан 75,000,000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газар: Х.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас Х.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор Б.Энхбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1.Прокуророос хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хэргийн дараах үйл баримт тогтоогдсон гэж үзсэн. Тодруулбал,
-2017 онд хохирогч нар үйлдвэрээ бүрэн чөлөөлж, шүүгдэгч Х.У үйл ажиллагаа явуулж байсан (Энэ нь прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан буруутгаж буй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэсэн шинжийг хангасан),
-шүүгдэгч Х.У нь “бүх асуудал болсон компанийн хувьцааг 100 хувь над руу шилжүүлчих, 7 хоногийн дотор банкнаас зээл авах боломжтой боллоо” гэж хуурч, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Миста” ХХК-ийн хувьцааг 100 хувь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, үүнээс 2-3 хоногийн дараа “Новел лизинг” ХХК-д “Миста” ХХК-ийг 1,300,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Энэ талаар хохирогч нарт мэдэгдээгүй (Энэ нь банканд барьцаанд тавьж зээл авах гэсэн гэж мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгүүд үгүйсгэгдэж байх ба мөн хохирогч нарт буцааж төлөхгүй байх гэсэн гэмт хэргийн сэдэлт санаа зорилго нь батлагдсан).
Гэтэл гэрээний дагуу бүх төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болох заалттай, хохирогчдын зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гэрээг сунгасан, улмаар залилуулсан талаараа 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
Шүүгдэгчийн зүгээс 2 жилийн хугацаанд 100,000,000 төгрөг хүрэхгүй төлбөрийг шилжүүлсэн, мөн төлөх ямар ч оролдлого хийж байгаагүй. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Х.Уийн эзэмшлийн дансаар 2,000,000,000-3,000,000,000 төгрөг удаа дараа орж ирсэн байдаг. Дээрх үйл баримтуудад үндэслэн хуурч, гэрээгээр халхавчлан буцаан төлөхгүй байх гэмт хэргийн сэдэлт санаа зорилго нь батлагдаж байна гэж прокуророос дүгнэсэн.
Шүүх улсын яллагчийн дүгнэлтийг анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн уг дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд дурдалгүйгээр шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасан үндэслэлд тус тус хамаарч байна.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлсон.
Энэ хэрэгт эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүн нь Г.Н юм. Түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянгол ам, 7 дугаар хэсэг гудамжны 242/19 тоотод байрлах 317,639,400 төгрөгийн үнэлгээ бүхий 154.4 метр квадрат талбайтай 2 давхар амины орон сууцыг залилсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн.
Прокуророос шүүгдэгч Х.У нь хохирогчид арматур төмрийг нийлүүлээгүй атлаа үл хөдлөх амины орон сууцыг бусдад өөрийн зээлийн төлбөрт шилжүүлснээр залилах гэмт хэрэг төгссөн гэж дүгнэж, гэм буруугийн дүгнэлтийг хийсэн.
Шүүх улсын яллагчийн дүгнэлтийг анхаарч үзэлгүй орхигдуулсан, гэмт хэргийн халдлагын зүйл буюу хохирогч Г.Нийн өмчлөлийн амины орон сууцыг залилсан гэсэн байхад хэрэгт хамааралгүй орон сууцыг хамаатуулан “хэргийн оролцогчийг зөв тодорхойлоогүй” гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасан үндэслэлд хамаарахаар заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлийг бий болгож байна.
Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогч Ж.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгч Х.Уийн баримт нотолгоогүй мэдүүлгийг туйлын үнэн хэмээн үнэлж шийдвэрлэсэн.
Би “Миста” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч юм. 2009 онд найз Наранбаатартай хамтарч Налайх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах компанийн нэр дээрх 1.2 га хэмжээтэй газар дээр 2011 метр квадрат хэмжээтэй, доороо зоорины 1 давхартай, махны зориулалтаар ашиглах, иж бүрэн тоноглол бүхий байгууламжийг барьж байгуулсан.
Миний өөрийн эзэмшлийн үйлдвэрийг зарах зарыг Н тавиулсны дагуу Х.У тус зарыг харж, улмаар Наранбаттай холбогдож, үйлдвэрийг нөхрийн хамт биечлэн үзээд явсан байсан. Үүний дараа Н нь хохирогч намайг Х.У-тэй холбож өгсөн бөгөөд 2017 оны 08 дугаар сард Х.У, Хосбаяр нар уулзъя гэж санал тавьсны дагуу тэдний оффис Гранд плаза 905 тоотод очиж уулзсан. Х.У жирэмсэн байсан ба “төмрийн худалдаа, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө зуучлал, автомашины түрээс махны бизнес зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Англи Япон улсад сургууль төгссөн, “Глори кинг инвестмен”-д компаниараа мах бэлтгээд “Алибаба” худалдааны сайт дээр тавьж гаргахаар гэрээ хийсэн, ярьсан байгаа” зэргээр тайлбарласан.
Ингээд үйлдвэрийг худалдах үнэ ярилцахад 1,800,000,000 төгрөг гэсэн үнэ хэлсэн, гэтэл Х.У, түүний нөхөр Хосбаяр нарын зүгээс үнийн дүнг буулгах санал гаргасан, Х.Уийн зүгээс 1,500,000,000 төгрөгөөр авмаар байна гэсэн санал гаргасныг бид хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед Х.У “50 хувийн төлбөрийг бэлэн болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд тавьж төлнө, үлдэх 50 хувийг зээл авч төлнө” гэж хэлээд үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримтууд үзүүлсэн. Үйл ажиллагааны орлогууд байна гэх мэтчилэн ярьсан учраас энэ 2 хүн их итгэлтэй, мөнгө төгрөгөө асуудалгүй өгчих юм байна гэсэн итгэл төрсөн.
Энэ яриаг хийсний дараа Х.Уийн зүгээс “...Бид А.Т-т мөнгө өгсөн байгаа, мөн хөрөнгө оруулалт татахын тулд үйлдвэртээ оръё, засвараа эхлүүлээд явж баймаар байна. Танай үйлдвэрийг авах нь тодорхой болсон. Хятадуудаас хөрөнгө оруулалт татахын тулд өөрийн юм шиг харагдуулмаар байна...” гэсэн санал тавьсан. Ингээд гуйгаад байхаар нь “Миста” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч А.Т-т хэлсэн, тэгээд Х.У үйлдвэрт орсон.
Үйлдвэрт орсны дараа Х.У-ээс төлбөрийн талаар асуухад “зээл бүтээгүй байна” гэдэг байсан. 2018 оны 01 дүгээр сард Х.У-ийн нөхөр Х ажил дээр ирж “баримт дээр гарын үсэг зурж өгөөч” гэхэд нь “юуны баримт билээ” гэхэд “үйлдвэрээ зөвхөн бидэнд зарна биз дээ, өөр хүмүүст худалдахгүй гэсэн баталгаа юм” гэсэн. Мөн энэ үед А.Т нь гадаад улсад байгаа гээд холбогдох боломжгүй байсан. Компанийн тамга тэмдэг А.Тт байсан. 2018 оны 07 дугаар сард А.Т ирсэн. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “үйлдвэрээ нэр дээр 100 хувь шилжүүлээд өгчих, тэгвэл банкны зээл бүтэх гээд байна, үйлдвэрийг барьцаанд тавьж зээлээ аваад гэрээний төлбөрөө төлье” гэсэнд итгэж, гэрээ байгуулан бүх эрхээ шилжүүлж өгсөн.
Ингээд мөнгө өгөхгүй удаад байхаар нь удаа дараа Х.Утэй уулзаж, нэхэж байсан ба “наймаагаа буцаая, өөр хүмүүс 2,000,000,000 төгрөгөөр худалдаж авах гээд байна” гэж хэлж байсан. Мөн банк бус санхүүгийн байгууллагын захиралтай хүртэл уулзуулж бага хүүтэй зээлд зуучилж байсан боловч барьцаа хөрөнгө буюу Дархан-Уул аймагт байх спорт комплексын байгууламж нь маргаантай байсан тул бүтээгүй.
Анхан болон давж заалдах шатны хурлууд дээр А.Т бид Х.У-ийг “мах боловсруулах АА зөвшөөрөлгүй байж зөвшөөрөлтэй мэт төөрөгдүүлж үйлдвэрийг худалдсан, гол нь энэ зөвшөөрөл байсан” гэх мэтээр ярьж мэдүүлж байснаа АА зөвшөөрөл байсныг нотлоход 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн анхан шатны шүүх хурал дээр энэ талаар ярихгүй болж, өөр баримтгүй зүйлсийг ярьж эхэлсэн нь шүүх хурлын тэмдэглэлээс харагдана. Банканд тавьж зээл аваад бидний төлбөрийг өгнө гэж хэлж компанийн эрх шилжүүлж авчихаад шүүх хурал дээр “эргэлтийн хөрөнгийн зээл авсан” гэж өөрөө мэдүүлсэн /энэ нь Ангар гэх хүний мэдүүлгээр давхар нотлогддог/ байхад энэ хүнийг залилаагүй гэж дүгнэсэнд гайхаж байна.
Би “Миста” ХХК-ийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахад өөрийн хурааж хуримтлуулсан бүх мөнгөө оруулсан. Гэтэл өнөөдөр махны үйлдвэр ч үгүй, мөнгө ч үгүй хохирч байна. Х.Уээс би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 111,000,000 төгрөг авсан.
Үйлдвэрээ бүхэлд нь биш юм аа гэхэд хэсэгчлэн түрээслүүлсэн бол дор хаяж өнгөрсөн хугацаанд 500,000,000 гаруй төгрөгийн зөвхөн түрээсийн ашиг олох байсан.
Би эд хөрөнгө, сэтгэл санааны хувьд их хэмжээгээр хохирсон. Х.Ут гомдолтой байна. Хэрэгт авагдсан баримтуудыг шударга, үнэнээр үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хохирогч миний Х.У-т шилжүүлсэн “Миста” ХХК-ийн хувьцаа, махны үйлдвэрийн барилга байгууламж, газар эзэмших эрхийг буцааж хохирогч надад болон А.Т бидэнд олгуулж, бидний зөрчигдсөн эрхийг бодитой сэргээн эдлүүлж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Хохирогч А.Т давж заалдах гомдолдоо: “...Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ..
Хохирогч Г.Н-ийн өмгөөлөгч Т.Баярцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасны дагуу цагаатгах тогтоол гаргахдаа ямар үндэслэлээр гаргасан талаараа дурдаагүй. 3-4 өдрийн турш өмгөөлөгч нар цагаатгах үндэслэлгүй хэмээн хавтаст хэргүүдээс өөрт хамаарал бүхий нотлох баримтуудыг дурдаж байхад эдгээр нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа дурдаагүй. Манай хувьд хэрэв энэ хэрэгтэй цуг шийдэгдээгүй бол хэрхэн явж байсныг мэдэхгүй. Шүүгдэгч Х.У-т манай “Чингис хаан” банк ХК-нд их хэмжээний актив гаргах гэж байна, арматур төмрийн Бүгд найрамдах Хятад ард улсаас оруулж ирдэг гэж итгүүлсэн. Сонгинохайрхан дүүрэгт барилга барьж байсан учраас манайд арматур хэрэгтэй байсан. Гэтэл арматур төмрийг бартерын нөхцөлтэй өгөх санал тавихад бид баярлаж хүлээн авч байсан. Хохирогч А.Т, Ж.С нарын хэрэгтэй шийдвэрлүүлж байх явцад бусад өмгөөлөгч нарын тайлбарласан маргаантай байх үедээ их хөрөнгөтэй мэт, залилах гэмт хэргийн гол шинж болох зохиомол байдлыг зориудаар бий болгосон үйл баримт бий. Ийм байдлаар хөрөнгө шилжүүлж авсан. Мөн шүүгдэгч талаас “манайх компанитай ярьсан, Г.Н-той яриагүй” гэж тайлбарладаг. Шүүх хуралдааны явцад буюу 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр миний үйлчлүүлэгч оролцоход “үнэхээр арга барж, цагдаад өгөөд танай хөрөнгийг зараад явсан” гэж хэлдэг. Гэтэл нөгөө талд төлбөрөө төлөхийн тулд манай хөрөнгийг худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар авсан нь харагдаж байгаа. Манайх бартерын мөнгөнөөсөө 36,600,000 төгрөгийг хасуулсан байж байгаад 27,700,000 төгрөгийн хэмжээнд маргаж, шүүгдэгч Х.Уээс нэхэж авч байсан. Энэ үед уг 27,700,000 төгрөгөө 4 удаа шилжүүлэхдээ Г.Н-т төлбөр гэх утгатайгаар шилжүүлсэн. Энэ нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл шилжүүлсэн дүн. Мөн шүүгдэгч манай талыг 53,000,000 төгрөг өгөх байж байгаад 20,000,000 төгрөгийг өгсөн учраас арматур шилжигдээгүй учраас асуудал үүссэн гэж тайлбарлаж байгаа. Арматурт зориулсан 20,000,000 төгрөгийг минь авсан өдрөө шууд цалинд шилжүүлсэн үйл баримт бий. Гэтэл нийлүүлэх боломжтой гэж 20,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэх боломжтой байсан. Энэ талаар шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлэгт байгаа. Манай талаас мөнгө шилжүүлснээс 18 хоногийн дараа 20,000,000 төгрөгийг шилжүүлдэг. Нэгэнт манайх зөрчсөн гэж үзэж байсан юм бол буцаагаад шилжүүлэх боломжтой байсан. Гэтэл цаашаа өөр төлбөртөө шилжүүлсэн. Шүүгдэгч талтай холбоотой нягтлангуудын өгсөн мэдүүлэг болон бусад этгээдүүдтэй холбоотой мэдүүлгээс харахад компанийн үйл ажиллагаа доголдсон байсан, өр төлбөр их байсан гэх агуулга тодорхой харагддаг. Цагаатгах тогтоол хууль ёсны шаардлага хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу хуулийн зүйл заалтыг буруу тайлбарласан талаар бусад өмгөөлөгч нар үндэслэлтэй тайлбар хэлсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасны дагуу илт үндэслэлгүйгээр цагаатгасан. Өмгөөлөгч нарын зүгээс залилах гэмт хэргийг үйлдсэн байна гэх баримтуудыг дурдсаар байхад эдгээрийг үнэлээгүй. Шүүгдэгч Х.У анхан шатны шүүх хуралдаанд оролцсоноос хойш түүний үг арга, хэлж байгаа тайлбар өөр болж, сайжирч байгаа. Мөн хэрэгт байхгүй баримтаар би залилаагүй гэж хэлсээр байхад шүүх түүнийг нь цагаатгах тогтоолдоо дурдсан. Гэтэл нотлох баримт болон талуудын мэтгэлцээний хүрээнд хэргийг шийдэх ёстой шүү дээ. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хуулийн шаардлага хангаагүй хэмээн үзэж байна.
Шүүх хохирогч Г.Н-ийн хамааралтай үйл баримтыг буруу тодорхойлсон. “Эн Ти Эм” ХХК болон “Юу Эл Энд Эн Ти” ХХК нарын хооронд хийгдсэн гэрээ миний үйлчлүүлэгчтэй хамааралгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгсэхгүй болсон өөр тусдаа хэрэг байдаг.
Х.У нь анх Чингис Хаан банканд 2019 оны 02 дугаар сард Г.Н-той танилцаж “БНХАУ-аас их хэмжээний арматур төмөр оруулж ирдэг, мах экспортолдог, Чингис хаан банканд хүнд мөнгөний баталгаа гаргаж өгөх гэж байна” гэх мэтээр өөрийгөө их хэмжээний хөрөнгө орлоготой мэтээр ойлгуулж, итгэл төрүүлсэн тул Г.Н хөрөнгөө шилжүүлж, өнөөдрийг хүртэл хохирсон. Гэтэл үнэн хэрэгтээ төлбөрийн чадваргүй болсон хохирогч А.Т, Ж.С нар болон бусдад их хэмжээний өртэй бусдын эд хөрөнгийг багахан хэсгийг өгч өөрийн өмчлөлд шилжүүлэн авч мөнгө босгодог, өр төлбөрөө дардаг байсан нь тогтоогддог. НӨАТ-ийн баримт авах учир компаниар гэрээ байгуулуулсан.
Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсгийн 9 дэх талд шүүгдэгчийн мэдүүлэг авагдсан. Өөрөөр хэлбэл, Г.Н-той биш “Дарцагт Ноёд” ХХК-тай анх харьцсан, гэрээний харилцаа мэт мэдүүлдэг. Гэтэл Х.У нь Г.Нт нийт 4 удаагийн шилжүүлгээр 27,700,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 сарын 18-ны өдөр хүртэл шилжүүлсэн. 53,000,000 төгрөгийг шилжүүлэх байсан боловч 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн, нийлүүлэх боломжгүй гээд 20,000,000 төгрөгийг нь буцааж шилжүүлсэн гэх агуулгатай мэдүүлдэг. Гэтэл 5 дугаар хавтаст хэргийн 220 дугаар талд байх Х.У-ийн гаргаж өгсөн баримтаар 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр арматурын урьдчилгаа 20,000,000 төгрөг орж ирмэгц 06 дугаар сарын 20, 21-ний өдөр ажилчдын цалин өөрийн холбоотой компани руу “зээл” гэх мэтээр зарлагаддаг. Г.Н-ийн хувьд, “шилжүүлсэн мөнгөнийхөө хэмжээнд арматур авъя” гэхэд “Хятад улсад байна, Хятад улсаас арматур ирж байгаа” мэтээр худал ярьж, алга болсон тул ажлын байранд нь очиж, 20,000,000 төгрөг шилжүүлснээс хойш хэл ам хийж, 2019 оны 07 дугаар сарын 8-ны өдөр буюу 18 хоногийн дараа мөнгөө буцааж авдаг. Шүүгдэгч өмнөх хуралдааны явцад ч “манай ажлын байран дээр Г.Н-ийн ажилчид ирж мөнгөө нэхэж хэл ам хийгээд байна гэж ажилчид маань над руу ярьсан” гэж мэдүүлж байсан. Цаашид арматур авахгүй, өгөх ч боломжгүй болсон атлаа үл хөдлөх хөрөнгийг буцааж өгөх ёстой атал бусдад өөрийн зээлийн төлбөрт шилжүүлснээр залилах гэмт хэрэг төгссөн байхад гэмт хэргийн шинжгүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны явцад А.Т, Ж.С нар мөнгөө нэхээд цагдаад өгсөн байсан тул барьцаанд тавьж, зээл авч өгсөн. Г.Ноос авсан үл хөдлөх хөрөнгийг тус зээлийн өрөнд шилжүүлсэн гэдэг.
Хэрэг шүүхэд шилжин ирж, шүүхээр хэрэг хэлэлцэх явцад, Х.У-ийн хэргийн үйл баримттай танилцахад, бусдад их хэмжээний өртэй, бусдын эд хөрөнгийг багахан мөнгийг өгч өөртөө шилжүүлэн авч залилж, бусад өр төлбөрөө төлдөг, хохироодог үйлдэл арга нь тодорхой харагддаг.
Хохирогч А.Т, Ж.С нараас шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгийнхөө төлбөрийг төлж чадахгүй төлбөрийн чадваргүй атлаа Г.Н-т өөрийгөө их хэмжээний хөрөнгөтэй мэт ойлголт төрүүлж, арматур импортоор оруулж ирдэг гэж ойлгуулж байгаа нь зохиомол байдлыг зориуд бий болгож, гэрээгээр халхавчлан залилах гэмт хэргийг үйлдсэн байхад шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгаж байгаа нь үндэслэлгүй болсон. Шүүх хуралдааны явцад А.Т, Ж.С нар цагдаад өгсөн учраас Г.Н-ийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авсан, улмаар зээлээ төлж чадахгүй өрөндөө өгсөн гэж мэдүүлсээр атал гэмт хэргийн шинжгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэж заасан.
Х.Уээс гэрээг өөрөө бэлдэж ирсэн, НӨАТ авах тухай ярьж байсан тул Г.Н нь өөрийн үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшдэг хуулийн этгээдээр гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, “Дарцагт Ноёд групп” ХХК-ийн хувьд эцсийн өмчлөгч нь Г.Н бөгөөд өөрийн хувийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж, хохирол хүлээсэн.
Яллах дүгнэлтэд “Г.Н-ийн өмчлөлийн орон сууцыг залилсан” гэсэн байхад хэрэгт хамааралгүй “Эн ти Эм” ХХК-ийн орон сууцыг дурдаж, хэргийн оролцогчийг зөв тодорхойлоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, ноцтой зөрчсөн. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ж.С, А.Т нарын өмгөөлөгч М.Дэлгэрнасан, С.Ганзул нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч С.Ганзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн бодит байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй атлаа Х.Уийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр буюу гэм буруугүйд тооцох зарчимд үндэслэн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүйн дээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан хуулийн шаардлага, дарааллын дагуу бичигдээгүй буюу хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн.
Анхан шатны шүүх Х.У-ийн үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бодит байдлаар нь бүрэн гүйцэд үнэлж чадаагүй, яллах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүйн улмаас шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гарсан. Үүнд:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд тулгуурлан, тэдний танилцуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх ёстой.
Гэтэл анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогчийн өмгөөлөгчдийн шинжлэн судлуулсан хэргийн бодит байдлыг тогтоох буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох хохирогч Ж.С (цагаатгах тогтоолын 11-13), гэрч Б.Х (1хх 105-107), Х.У (1хх 111-113, 116), Н.Н (1хх 120-122), А.Т (1хх 102-104), Ө.Д (2хх 105), Ж.Д (3хх 142), Ш.Л (3хх 152-153), Э.О (3хх 157-159), Г.Т, Ё.Э, З.У (5хх 35-36), Э.Б (2хх 94), Ц.З (2хх 98), Т.Э (2хх 102) нарын мэдүүлгүүд, “Юу Эл Энд Эн Ти” ХХК-ийн 5028584986 дансны дэлгэрэнгүй хуулга (1хх 78-82), Б.Х, Х.У нарын Хаан банкны дансны хуулга (2хх 155-167, 167-185), дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2хх 223-236), “Глори кинг истемент групп” ХХК-ийн 0000000 дугаартай дансны хуулга (2хх 207-216), Гаалийн ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн албан тоот хавсралтууд (Зхх 173-181), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан тоот (Зхх 189-190), Х.Уийн мөнгө хүлээн авсан баримт (3хх 231-235), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (3хх 79-109), 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Миста” ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ (1хх 179-181), 2018/02/20-102, 2019/02/20/-102 дугаартай зээлийн гэрээнүүд (2хх 77), “Миста” ХХК-ийн 60 хувийн хувьцааг Ё.Э-д шилжүүлсэн мэдээллийг бүртгэсэн улсын бүртгэлийн лавлагаа (1хх 153), Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас (10хх 23), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл (шүүгдэгч Х.У гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тэмдэглэл), Зөрчлийн бүртгэл (2хх 52-55) зэрэг баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан судалж, нягтлан шалгах, үнэлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг ноцтой зөрчсөний улмаас шүүх хэргийн бодит байдлыг буруу тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Дээрх нотлох баримтуудаар хэргийн бодит болсон нөхцөл байдал буюу хохирогч Ж.С нь тухайн үед үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Наранбаатар “Миста” ХХК-ийн махны үйлдвэрийг зарах зарыг “Үнэгүй.мн” сайтад тавиулсан байсныг Х.У олж харж зар дээрх утсаар Н-тай холбогдож, нөхөр Б.Х-ын хамт үйлдвэрийг очиж үзсэн. Үүний дараа Н-тай дахин холбогдож, үнийг буулгавал худалдан авах тухайгаа илэрхийлсэн. Улмаар Наранбат энэ мэдээллийг хохирогч Ж.Сд хэлснээр тэрээр Б.Н-ын хамт Х.У, Б.Хосбаяр нартай очиж уулзсан. Уулзалтаар 1,500,000,000 төгрөгөөр авмаар байгаагаа хэлж илэрхийлээд “одоо бэлнээр урьдчилгаа 50 хувийг нь өгч чадна, бидэнд 300,000,000 төгрөг бэлэн, 400,000,000 орчим төгрөгийн авлага байгаа, үлдэгдлийг нь банкнаас зээл аваад төлөх, эсхүл Хятад улсаас хөрөнгө оруулалт орж ирэхээр өгөх, бусад бизнесийн орлогоор төлнө” хэмээн амаар яриа хэлцэл хийж, өөрийгөө урьдчилгаа 700,000,000 төгрөгийг төлөх чадвартай, мөнгөтэй гэж итгүүлж, “Миста” ХХК-ийн махны үйлдвэрийн эзэмшлийг авч, 1 жил 2 сарын хугацаанд ашигласан нотолгоо нь хохирогч нарын мэдүүлгээс гадна Б.Хосбаяр, Х.У нарын мэдүүлэг давхар нотлогддог.
Гэтэл бодит байдал дээр Х.Ут 2017 оны 07 дугаар сард үйлдвэрийг худалдан авахаар ирэхэд 700,000,000 төгрөг байхгүй байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагддаг. Мөн үл хөдлөх болон банкнаас зээл аваад төлж барагдуулна гэж хэлж үзүүлсэн үл хөдлөх хөрөнгүүд нь үнэ өртөг нь төлөгдөөгүй, бусдаас залилж авч өөрийн нэр дээр болгосон байдал хэрэгт авагдсан дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог төдийгүй Хаан банкаар дамжуулан 2016 онд “Таван богд” ХХК-аас 10 ширхэг “Land Cruiser-200” загварын машин авсан буюу тус банканд 1,800,000,000 төгрөгийн зээлийн өртэй байсан (3хх 157-159, 2хх 223-236) бодит үнийг нууж, ашиг олсон атлаа хохирогч нартай анхны тохиролцсон үнээс энэ хугацаанд А.Тт 30,000,000 төгрөг өгснөөс өөрөөр мөнгө өгөөгүй үйлдэл нь төлбөрийн хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр, бодит байдлыг нуух замаар хохирогч нарыг төөрөгдүүлсэн тодорхой үйлдэл, үйл баримт тогтоогддог.
Түүнчлэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээг байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөс өмнө иргэний хэргийн шүүх дээр А.Т-тай хувьцааны маргаантай байгаа асуудлыг Х.Ут хэлсэн. Тэрээр энэ байдлыг мэдэж байсан атлаа түүнийг тоохгүйгээр 1 жил 2 cap үйлдвэрийг эзэмшилдээ байлган ашиглаж, хохирогч А.Т-т итгэл төрүүлж, хэдэн төгрөг өгч явсаар 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр болоход Х.У нь 1 жил 2 сарын хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, Ж.Стэй холбогдон “та нар компанийн хувьцааг 100 хувь шилжүүлээд өгчихвөл 7 хоногийн дотор мөнгийг чинь өгөх боломж гарсан” гэж итгүүлэн, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Миста” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон өмчлөлийн үйлдвэр, эзэмшлийн газрын хамт 1,500,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба “гэрээ байгуулснаар А.Тт 50,000,000 төгрөг, Ж.С-д 140,000,000 төгрөг өгнө, үлдэгдэл 1,350,000,000 төгрөгийг банкнаас зээл авч төлнө” гэж худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг хохирогч нартай байгуулан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.
Х.У нь компанийг өөрийн нэр дээр авсны 6 хоногийн дараа “Миста” ХХК-ийг барьцаалан “Новел лизинг” ХХК-аар Х.Уийн хэлдгээр бонд босгуулсан гэх нэр бүхий 24 иргэнтэй 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд зээлийн гэрээ байгуулж, иргэдээс нийт 1,000,000,000 төгрөгийг, “Новел лизинг” ХХК-аас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 150,000,000 төгрөг, 2019 оны 09 дугаар сарын 06-ны өдөр 150,000,000 төгрөгийг тус тус “Глори кинг инвестмент групп” ХХК-ийн 00000000 дансанд шилжүүлж авсан буюу хохирогч нартай байгуулсан гэрээний үүргийг бүрэн биелүүлэх боломжтой атлаа хохирогч А.Тт 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 30,000,000 төгрөг, Ж.С-д 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг өгч, үлдэгдэл мөнгийг Х.У нь өөрийн хамаарал бүхий компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, Хаан банкны зээлийн эргэн төлөлт хийсэн, ажилчдын цалин, арматур төмрийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөр, мөн бусдаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх байдлаар дуусгасан бодит үйл баримтын нотолгоо хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.
Гэтэл анхан шатны шүүх “...Хэрэгт авагдсан баримтууд нь өөр хоорондоо үгүйсгэгдэж байх тул үргэлжилсэн үйлдлээр гэрээгээр халхавчлан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Ж.С, А.Т, Г.Н нарыг залилсан, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэж таамаглах боломжгүй, шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэхэд эргэлзээ бүхий байна” хэмээн дүгнэсэн шүүхийн дүгнэлтийн үндэслэл тодорхой бус бөгөөд шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй ба шүүх шүүгдэгчийн эх сурвалжаар давхар нотлогдоогүй шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчтэй нэгдмэл сонирхол бүхий гэрч, нөхөр Б.Х-ын мэдүүлгийг нотолгооны ач холбогдолтойд тооцож, гэм буруугийн талаар үндэслэл бүхий эргэлзээ үүссэн хэмээн дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй болсон.
Нөгөөтээгүүр, цагаатгах тогтоолын 38-41 дэх талд дүгнэсэн дүгнэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн төдийгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хэмээн үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг шүүх зөрчиж, улмаар хуулийн энэ хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Яллагдагч, шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэрэг гэдэг нь яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэгдсэн гэмт хэргийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны хэмжээ хязгаар нь прокурорын яллах дүгнэлтийн агуулгаар хязгаарлагдахгүй буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээний үндсэн дээр буюу оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг шийдвэрлэх хуулийн энэ хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж байна.
Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.7 дугаар зүйлийн 3, 16.2 дугаар зүйлийн 1.4, 1.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5, 2.2 дугаар зүйлийн 3, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус хэрэглээгүй.
Шүүхийн цагаатгах тогтоолд ямар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, энэ нь улсын яллагч болон хохирогч нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан нотлох баримтыг болон улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгчдийн саналыг тус тус хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй, мөн шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгүүд болон иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрхэх талаар дурдаагүй цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2, 2.3, 2.4, 36.3 дугаар зүйлийн 2.2, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй.
Дээрх байдлаар хуулийн шаардлагыг хангаагүй байдлаар шийдвэрлэсэн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.10 дахь заалттай нийцэж буюу мөн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд бүрэн хамаарч байна.
Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинж хангагдахаар хуульчилсан.
Шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг хийх гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийг тайлбарлан ойлгохыг Улсын дээд шүүх тайлбарласан ( Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаар тогтоол).
Шүүгдэгч Х.Уийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч баримт бичиг буюу гэрээгээр халхавчлан хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авч буцааж өгөхгүй, хариу төлбөрийн хагасыг өгнө гэсэн санаа, зорилго сэдэлттэй гэмт хэргийн шинжтэй хэмээн дүгнэж шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн Х.Ут ял завших боломжийг олгож буюу хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан аргаар шударгаар үнэн зөв үнэлээгүй.
Иймд цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хохирогч Ж.С, А.Т нарын зөрчигдсөн эрхийг бодитойгоор сэргээж буюу улсын бүртгэлийн Ү-2207003276 дугаартай Налайх дүүрэг, 1-р хороо, уурхайчин/12750/, Цайз гудамжны 44 тоот хаягт байрлах 2011.2 метр квадрат талбайтай үйлдвэрлэл, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 18668297908286 нэгж талбарын дугаартай 12,699 метр квадрат газар эзэмших эрх, “Миста” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг тус тус хохирогч нарт буцаан олгуулах байдлаар өмчлөх эрхийг бодитоор эдлүүлж өгнө үү. ...
Гомдолд тодорхой дурдаж бичсэн гэрчүүдийн мэдүүлэг, бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үнэлж шийдээгүйгээс хэргийн бодит байдал буруу тогтоогдсон хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Гомдолд дурдсан бичгийн нотлох баримтуудаар хэргийн бодит байдал болох 2017 оны 06 дугаар сард н.Наранбат гэх хүнээр Үнэгүй.мн гэх сайт дээр зар байршуулж, зарыг хараад шүүгдэгч н.Наранбаттай анх холбогдож, уг этгээд холбогдсон үйл баримтыг хохирогч Ж.Сд хэлснээр Х.У болон түүний нөхөр н.Хосбаяр нартай уулзаж, үйлдвэрийн үнийг тохирохдоо 1,800,000,000 төгрөгөөс 300,000,000 төгрөгийн засварт зарцуулъя хэмээн тохирч, 1,500,000,000 төгрөгд худалдахаар болсон үйл баримт тогтоогддог. Шүүгдэгч Х.У тухайн үед 1,500,000,000 төгрөгийн 50 хувь болох 750,000,000 төгрөгийг бэлэн, бэлэн бус эсхүл банкны барьцаанд тавих байдлаар өгөх боломжтой гэж хэлж ярьсан үйл баримт тогтоогддог. Энэ нь зөвхөн хохирогч нарын мэдүүлгээр бус шүүгдэгч Х.У болон түүний нөхөр н.Хосбаяр нарын мэдүүлгээр давхар нотлогддог.
Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хэлэх нь зүйтэй. Өмчлөх эрхийг Иргэний хуульд заасан аргаар шилжүүлж аваад 1 жил, 2 сарын дараа Х.У 6 хоногийн дараа “Миста” XXК-ийг барьцаалж, “Новель лизинг” ХХК-аас буюу Х.У-ийн хэлснээр бонд босгуулсан гэх 24 иргэнээс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд зээлийн гэрээ байгуулж, иргэдээс нийт 1,000,000,000 төгрөг шилжүүлэн авсан. Энэ үйл баримт нь “Глори кинг эстимэйт” ХХК-ийн 00000000 дугаар дансны хуулгаас харагддаг. Мөн “Новель лизинг” ХХК-аас 150,000,000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр мөн тоот байгууллагын дансаар 1,300,000,000 шилжүүлж авсан атлаа хохирогч нарт 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, төлөх ёстой байсан төлбөрөө өгөөгүй. Залилсан, хуурч мэхэлсэн үйлдэл байдаг. Гомдлын хоёрдугаар үндэслэл болох Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх агуулгатай холбоотой тайлбараа хэлье. Шүүх цагаатгах тогтоолын 38 дугаар талаас 41 дүгээр талд байх дүгнэлтдээ “яллах дүгнэлт нь урьдын ямар харилцаа хамаарал байсан талаар хууль зүйн дүгнэлт хийж, тусгаагүй” хэмээн дүгнэсэн. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн төдийгүй шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хэмээн үзэж байгаа. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Өөрөөр хэлбэл ингэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг хуульчилсан. Үүнийг анхан шатны шүүхээс зөрчиж, энэ хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны хэмжээ хязгаар нь прокурорын яллах дүгнэлтийн агуулгаар хязгаарлагдахгүй буюу прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээн, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг шийдвэрлэх хуулийн уг хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч, бодит нөхцөл байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцаанд үүссэн итгэлийг урвуулан ашиглах гэх мэт шинжийг агуулдаг. Шүүгдэгч Х.Уийн хувьд 2017 оны 07 дугаар сард “Миста” XXК-ийн хувьцааг биет байдлаар очиж үзсэн. Тухайн үед 750,000,000 төгрөгийг бэлэн эсхүл бэлэн бусаар өгөх боломжтой хэмээн хуурсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар бэлэн 300,000,000 төгрөг болон үл хөдлөх хөрөнгүүд нь бусдаас залилах байдлаар авч эргэж төлөөгүй, өр төлбөртэй нөхцөл байдлууд тогтоогддог. Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Мөн шүүгдэгч Х.Уийн 1 жил, 2 сарын хугацаанд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, компанийн хувьцааг 7 хоногийн дотор банкнаас зээл авч гаргаж өгнө гэж хэлээд иргэний эрх зүйн харилцаанд орсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийн “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” гэдэгт хамаарна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхээс энэ мэт нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заалтыг тус тус хэрэглээгүй гэж үзэж давж заалдах гомдлоо гаргасан. Гомдлын гуравдугаар үндэслэл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөнтэй холбоотой тайлбар хэлье. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагч болон хохирогчийн зүгээс шүүгдэгчийн гэм бурууг нотолж байхад шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нотлох баримтыг болон улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нарын саналыг хэрхэн няцаасан талаараа дүгнэлтдээ тусгаагүй. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг тус тус хангаагүй. Дээрх байдлаар хуулийн шаардлага хангаагүй шийдвэрлэсэн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.10-т заалттай нийцэж байгаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд бүрэн хамаарсан гэж үзэж байна. Мөн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд тус тус заасан хуулийн шаардлага буюу дарааллын дагуу бичигдээгүй, хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1,3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан анхан шатны цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч А.Т, Ж.С нарын өмгөөлөгч М.Дэлгэрнасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаагүй. Шүүхийн шийдвэр, тогтоол тодорхой, ойлгомжтой, биелүүлэхэд эргэлзээгүй гарсан байх ёстой. Гэтэл хэргийн улмаас хор уршиг учирсан гэж хэд хэдэн хохирогч нар гомдол гаргасан байхад тэр тухай заалт ороогүй. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож прокурорт буцаана гэсэн байгаа. Энэ нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийг шалгаад нотлогдоогүй бол хэргийг буцаана, буцаахдаа хэргийг прокурорт буцаана гэсэн ойлголт байхгүй талаарх тайлбар хуульд бий. Нөгөө талаас иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хурааж болзошгүй үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор хэд хэдэн эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Гэтэл энэ тухай тогтоолд огт дурдаагүй. Тогтоолд дурдаагүй учраас яах ёстой юм бэ гэх асуудал гарч ирнэ. Цагаатгаж байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй. Мэдлэггүй шүүгчийн туслах үйлдсэн мэт тогтоол байна гэж миний зүгээс харж байгаа. Энд хүрэлцэн ирсэн олон өмгөөлөгч нар хэдэн өдрийн турш эрүүгийн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэх талаар тайлбарласан. Түүнийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Тогтоолын гол үндэслэл нь шүүгдэгч Х.У болон түүний өмгөөлөгч нарын зүгээс ямар нэгэн баримтгүйгээр ярьсан, хамааралгүй зүйлийг хамааруулж ярьсан бүхэн байсан. Цагаатгах тогтоолд энэ мэтээр тусгасан нь хэтэрхий нэг талыг барьсан. Шүүгдэгч Х.Уийн зүгээс уг үл хөдлөх хөрөнгө миний өмч гэж маргадаг. Залилсан үйлдлээ хэвийн зүйл гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн зөвшөөрсөн. Үүнийг нь өмгөөлөгчийн зүгээс ойлгохгүй байна. Шүүгдэгч Х.У н.Наранбат гэх хүнтэй наймаа хийсэн мэтээр тайлбарладаг. Гэтэл уг этгээд зөвхөн зар оруулсан байдаг. Мөн А.Т болон Ж.С нар хоорондоо хувьцааны маргаантай байсан талаараа нуусан гэж тайлбарладаг. Гэтэл тэрийг мэдсэн талаарх баримт хавтаст хэрэгт байдаг. Энэ талаар нөгөө өмгөөлөгч хангалттай тайлбарласан. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө 1 жил, 2 сарын хугацаанд шүүгдэгч тухайн барилгыг эзэмшиж, үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж, түүндээ засвар хийж байсан. 300,000,000 төгрөгөөр засвар хийсэн гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримтаа гаргаж өгдөггүй. Шүүгдэгчээс өөрөөс нь энэ талаар асуухад “мөрдөгч баримтуудыг аваад үгүй хийсэн” хэмээн тайлбарладаг. Энэ мэтээр баримтгүй, мөрдөгчөө шалгуул гэхэд шалгуулдаггүй үйл баримт бий. Бүх зүйл хуурамч болох нь харагдаж байхад үүнд анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Шүүгдэгч тухайн үл хөдлөх хөрөнгийн бусдад үзүүлж, мөнгө олох хэрэгсэл болгож байсан үйл баримт хавтаст хэргээс харагддаг. 3-4 хоногийн дараа хүмүүст үзүүлж, мөнгө босгож, тухайн мөнгөө цаашаа зарцуулсан үйлдэл байгаа. Түүнийгээ шүүгдэгчийн зүгээс “эд нар эрхээ шилжүүлж өгөхгүй байсаар ийм байдал хүрсэн” хэмээн тайлбарладаг. Шүүгдэгч Х.Уийн зүгээс “барилгын зураг байхгүй байсан” гэж тайлбарладаг. Гэтэл тэр нь гараад ирсэн үйл баримт бий. Хохирогч нарт итгэл төрүүлж, цөөхөн хэдэн төгрөг өгөөд бусдыг нь өгөхгүй байх аргатай байсан гэдэг нь харагдаж байгаа талаах хэлэх нь зүйтэй. Нөгөө талаар шүүгдэгчийн зүгээс уг хэргийг иргэний журмаар шийдвэрлэх ёстой, иргэд хоорондын маргаан хэмээн тайлбарладаг. Эдгээр маргаж байгаа зүйлүүд нь хэргийг цагаатгах үндэслэл болохгүй. Хохирогч А.Т тухайн үл хөдлөх хөрөнгийн 50 хувийг эзэмшдэг. Тодруулбал 40 хувийн мөнгийг Ж.Сд өгөөд 50 хувийн эзэмшигч болсон бөгөөд энэ нь Х.Ут үл хөдлөх хөрөнгийг зарахаас өмнө болсон үйл баримт. А.Т “тэдгээр хүмүүст мөнгийг нь өгч чадаагүйн улмаас тухайн үл хөдлөх хөрөнгийг зарж, тэдгээр хүмүүстэйгээ тооцоогоо дуусгах санаатай байсан” гэж тайлбарладаг. Гэтэл Х.У “А.Т нь намайг болон тэр хүнийг залилсан” гэж тайлбар хэлдэг. Хүний үл хөдлөх хөрөнгийг залилж авчхаад намайг залилсан гэж ойлгомжгүй тайлбар хэлдэг. Энэ бүхнийгээ цагаатгах үндэслэл хэмээн тайлбарласныг нь анхан шатны шүүх хүлээж авч цагаатгах тогтоол гаргасанд харамсаж байна. Мөн шүүгдэгч Х.Уийн зүгээс баримтгүй худал зүйлс ихээр ярьдаг гэдгийг дурдах нь зүйтэй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ж.С, А.Т нарын өмгөөлөгч Ж.Оюунболд, Л.Цэндсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Л.Цэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг прокурор тодорхойлж чадаагүй, урьдын хохирогч болон шүүгдэгч нар ямар харилцаатай байсан талаар хууль зүйн дүгнэлт хийж тусгаагүй нь шүүгдэгчид холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн дүгнэсэн. Ингэж дүгнэж, хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан.
Энэ хэрэг 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл 6 жил болж байна. Эцэст нь анхан шатны шүүхээс улсын яллагчийн яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж чадаагүй гэх прокурорын үйл ажиллагааны улмаас шүүгдэгчид ашигтай байдлаар гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэлээс харахад шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн прокурорын яллах дүгнэлтээр хязгаарласан. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно хэмээн хуульд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн шүүх хууль зүйн дүгнэлт хийх үүргээ зөрчсөн гэж үзэж байна.
Гэтэл хохирогч Ж.С, А.Т нар шүүгдэгч Х.Ут өөрийн хөрөнгийг залилуулсан үйлдэл, холбогдлыг 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл шуурхай шийдвэрлүүлээгүй, зөрчигдсөн эрхээ сэргээлгэж чадахгүй олон жил хохирч байгаа ба харин шүүгдэгч Х.У нь эсрэгээрээ хохирогчийн дүр эсгэж, 6 жилийн хугацаанд залилж авсан үйлдвэрийг өөрийн эзэмшил, ашиглалтдаа байлган, үйл ажиллагаа явуулж ашигласан, өдийг хүртэл 1,500,000,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй атлаа би “эд хөрөнгийн эзэн”, “миний хөрөнгө”, “би үнийг нь төлсөн” “би шударга эзэмшигч” гэж, шүүхэд хэрэг шилжсэний дараа залилж авсан хөрөнгийг бусдад 3,100,000,000 төгрөгөөр худалдаж, бусдад төлөх өр төлбөрөө төлөхөөр улайрч буй хууль бус үйлдлийг нэр бүхий шүүгчид таслан зогсоох нь битгий хэл гэмт этгээдийг өөгшүүлэн хамгаалж буйд харамсаж байна.
Үүнээс 3 жил хагасын хугацаа нь зөвхөн анхан шатны шүүх дээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр 20 гаруй удаа шүүх хурлыг хойшлуулсан болон яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа шүүгдэгч талын удаа дараагийн нотлох баримт цуглуулах хүсэлтийг шүүгч ханган шийдвэрлэж, нотлох баримт цуглуулах мөрдөгчийн үүргийг анхан шатны шүүх хэрэгжүүлсэн хугацаа мөн үүнд хамаарна.
Эцэст нь, анхан шатны шүүхээс улсын яллагчийн яллах дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй буюу гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж чадаагүй гэж прокурорын үйл ажиллагааны улмаас хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, ял завшуулах боломж олгож буйд, түүгээр зогсохгүй хохирогч нарыг хохирсон дээр нь улам хохироож хохирогч нарын залилуулсан хөрөнгө, түүний өмчлөх эрхийг цааш бусдад бүрэн шилжүүлэх, үрэн таран хийх нөхцөл боломжийг олгож буйд их гомдолтой байна.
1.Цагаатгах тогтоолд заасан үндэслэлээс харахад, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн прокурорын яллах дүгнэлтээр хязгаарласан ба прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох хуульд заасан үүрэг, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийх үүргээ тус тус хэрэгжүүлээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн.
2.Улсын дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 76 дугаар тогтоолоор “Залилах” гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж /хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж/, өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм” гэж,
Мөн залилах гэмт хэргийн субъектив талын шинжийн талаар Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 534 дүгээр тогтоолоор “Залилах” гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл ... эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай” гэж,
Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 178 дугаар тогтоолд “... гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ... гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ” гэж тус тус тайлбарласан.
Шүүгдэгч Х.У нь анх үйлдвэрийг худалдаж авахаар хохирогч нартай уулзахдаа бэлэн 700,000,000 төгрөг байгаа, эсхүл бэлэн 300,000,000 төгрөг байна, заримыг үл хөдлөх хөрөнгөөр төлнө, үлдэгдэл мөнгийг банкны зээлээр төлнө гэж хэлдэг байсан ба тухайн үед буюу 2017 оны 07 дугаар сард Х.У болон түүний хамаарал бүхий компаниудын дансанд 700,000,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгө байгаагүй, нэр дээрх бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүд нь захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн, бусдад барьцаалсан байх ба мөн 2018 онд нэр бүхий хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө, түүний эрхийг шилжүүлж аваад үнийг нь төлөөгүй өр төлбөр, хохирол 2,000,000,000 гаруй төгрөг, мөн Хаан банканд 1,800,000,000 төгрөгийн өртэй байсан нь тогтоогдсон.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Х.У нь 2017 оны 09 дүгээр сард хохирогч Ж.С, А.Т нарын хөрөнгө, түүний өмчлөх эрхийг шилжүүлэн авах зорилгоор хохирогч нарт урьдчилгаа мөнгө өгч худалдан авах итгэл төрүүлэн үйлдвэрийн объектыг өөрийн эзэмшилд авч үйл ажиллагаа явуулан ашиглаж эхэлснээр хохирогч нартай 2018 оны 09 дүгээр cap хүртэл 1 жилийн хугацаанд харилцаа холбоотой байсан ба улмаар 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Х.У нь хохирогч Ж.С, А.Т нараас махны үйлдвэр болон “Миста” ХХК-ийг 100 хувь өөрийн нэр дээр шилжүүлбэл банканд барьцаалж зээл аваад үлдэгдэл төлбөрийг төлнө гэж итгэл төрүүлэн хуурч мэхэлж, “Миста” XXК-ийн 100 хувийн хувьцааг гэрээний үндсэн дээр өөрийн нэр дээр шилжүүлэн авмагцаа “Новел лизинг” ХХК-д барьцаалан нийт 1,300,000,000 төгрөгийн зээл авсан атлаа бодит байдлыг зориуд нуун далдалж, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх санаа зорилгоор өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.
1.Х.У нь хохирогч нарын хөрөнгө, түүний эрхийг “Новел лизинг” ХХК-д барьцаанд тавьж зээл авахын тулд өөрийн нэр дээр шилжүүлж авах зорилгоор хохирогч Ж.С, А.Т нарт эд хөрөнгийн эрхийг шилжүүлж өгвөл банкнаас зээл аваад төлбөрийг төлнө гэж итгэл төрүүлэн хуурч мэхэлж авсан нь “Миста” ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээний 1.5 дахь заалт /1хх 177-179/, хохирогч А.Т, Ж.С нарын /1хх 10-11/, хохирогч А.Тын /1хх 102-104/, гэрч Б.Х-ын /1хх 105-107/, гэрч Н.Н-ын мэдүүлгүүдээр давхар нотлогдоно.
2.Шүүгдэгч Х.У нь хөрөнгийг дээрх байдлаар шилжүүлж авсан ба махны үйлдвэрийн барилгын зураг төсөл байхгүйн улмаас банкнаас зээл авч чадаагүй гэж тайлбарладаг боловч зээл авах, авахаар хөөцөлдсөн гэх нь худал бөгөөд “Миста” ХХК-ийн эрхийг өөрийн нэр дээр 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авмагцаа тус компанийн хөрөнгө болох махны үйлдвэрийг “Новел Лизинг” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барьцаалж, 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд нийт 1,300,000,000 төгрөгийн зээл авсан боловч хохирогч нарт төлбөрийг төлөөгүй, зээл авсан бодит байдлаа хохирогч нараас нуун далдалж, бусад өр төлбөрөө төлсөн болох нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.У хохирогч нарын хөрөнгийг “Новел лизинг” ХХК-д барьцаалж мөнгө зээлсэн боловч уг мөнгийг хохирогч нарт өгөх мөнгө биш, бонд болохоос зээл биш гэж төөрөгдүүлэхийг оролдож, анхан шатны шүүх хурал дээр “би хөрөнгийн эзэн”, “би үнийг нь төлсөн”, “би шударга эзэмшигч” гэж хэлж буй нь Х.У-ийн гэмт хэргийн санаа зорилгыг тодорхой харуулах ба тэрээр “Новел лизинг” ХХК-аас авсан зээлийн мөнгөнөөс мах бэлтгэл, өөрийн бусад компани руу шилжүүлэх, тэдгээрийн өр төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл, ажилчдын цалин, зээл, зээлийн хүүгийн төлбөр, арматурын төлбөр, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн өр төлбөрийг дарахад зориулагдсан.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэж заасан ба анхан шатны шүүх тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр иргэн Ё.Эрдэнэхүүг тогтоосон нь хууль бус бөгөөд хохирогч нарын өмгөөлөгчдийн зүгээс “Миста” ХХК-ийн 60 хувийн хувьцааг хууль бусаар барьцаалсан тул иргэний хариуцагчаар тогтоох ёстой.
Учир нь, Ё.Э нь мөрдөн байцаалтын шатанд Х.У болон түүний “Глори кинг инвестмент” ХХК-д нэг ч төгрөг зээлээгүй мөртлөө зээлийн барьцаа нэрээр “Миста” ХХК-ийн 60 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг ба харин “Новел лизинг” ХХК нь Х.Уийн “Глори кинг инвестмент” ХХК-д зээлсэн зээл, хүүгийн төлбөр болох нийт 1,800,000,000 төгрөгийг Х.У-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 151 дүгээр захирамж, 30 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Налайх, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа.
Тус иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр дээрх зээлийн төлбөрийг маргаан бүхий барьцаа хөрөнгөөр төлөх шийдвэр гараагүй бөгөөд “Новел лизинг” ХХК зээл олгосон атал барьцааны гэрээг тус компанитай хийгээгүй, тус компанийн хувьцаа эзэмшигч Ё.Эрдэнэхүүтэй хийсэн нь хууль бус тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж чадаагүй юм.
Гэтэл “Новел лизинг” ХХК нь Х.Уээс 1,800,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу авахаар нэхэмжилж, мөн тус компанийн хувьцаа эзэмшигч Ё.Э нь “Миста” ХХК болон Х.Уийн “Глори кинг инвестмент” ХХК-ийн 60 хувийн хувьцааг давхар эзэмшиж байгааг шүүх анхаарна уу.
Түүгээр зогсохгүй шүүхийн шатанд шүүгдэгч Х.У нь маргаан бүхий хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглосон прокурорын шийдвэр хүчинтэй байхад “Новел лизинг” ХХК, Ё.Эрдэнэхүүтэй 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” гэж байгуулж “Миста” ХХК-ийн үлдэх 40 хувийн хувьцааг Ё.Э-д шилжүүлэх замаар маргаан бүхий хохирогч нарын хөрөнгийг нийт 3,100,000,000 төгрөгөөр үнэлэн худалдах гэрээ хийсэн.
Энэхүү гэрээний дагуу “Миста” ХХК-ийг бүхэлд нь 3,100,000,000 төгрөгөөр үнэлэн “Новел лизинг” ХХК-д шилжүүлснээр Х.Уийн “Новел лизинг” ХХК-аас зээлсэн 1,800,000,000 төгрөгийн өр төлбөрийг дарах, үлдэгдэл 1,300,000,000 төгрөгөөр хохирогч Ж.С, А.Т нарын хохирлыг мөн өөр хэргийн хохирогч Г.Нийн хохирлыг хүртэл төлж барагдуулах гэрээ хийж, дахин гэмт санаагаа хэрэгжүүлэхээр хохирогч нарын хөрөнгийн эрхийг 100 хувь бусдад шилжүүлэхээр улайрч байгааг шүүх онцгой анхаарч үзнэ үү /8хх-136-138х/.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар анхан шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч нарын хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн, шүүгдэгчийг цагаатгах талын гэх дараах нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлүүдэд анхаарч, дүгнэлт хийсэнгүй.
4.Шүүгдэгч Х.У нь “махны үйлдвэрийг худалдаж авах болсон гол шалтгаан нь гадаад улсад мах экспортлох зөвшөөрөл байсан, гэтэл уг зөвшөөрлийн хугацаа нь дууссан, хугацааг нь засварласан байсан” гэдэг нь мөн худал бөгөөд хохирогч Ж.С Х.Ут “Миста” ХХК-ийн бүх бичиг баримтыг хүлээлгэн өгсөн. Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны А/168 дугаар тушаалаар “Миста” ХХК-д мах экспортлох АА зөвшөөрлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл олгосон нь мөн тус тушаалаар “Монгол эко мах” ХХК-д олгосон зөвшөөрлийн хугацаа давхар нотолно.
5.Мөн Х.У “би үйлдвэрт 700,000,000 төгрөгийн засвар хийсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр одоогийн байдлаар 1,200,000,000 төгрөгийн засвар хийсэн тул би шударга эзэмшигч” гэж, мөн санхүүгийн анхан шатны ямар ч баримтгүй өөрийн гараар бичсэн цаасыг засвар хийсэн баримт хэрэгт өгсөн, эсхүл мөрдөгч баримтуудыг аваад өгөөгүй гэж худал мэдүүлдэг нь дараах баримтуудаар няцаагдсан.
Х.У засварын баримтуудыг мөрдөгч “Хийморь” оффис, эсхүл Налайхын үйлдвэрээс хурааж авсан гэж мэдүүлдэг бол мөрдөгч 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Х.Уийн орон сууц болон ажлын байранд үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд уг үзлэгээр хурааж авсан баримтуудыг мөрдөгч эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл үйлдэж, мөн буцаан өгсөн, Х.У “бүрэн бүтэн байна” гэж гарын үсэг зурж хүлээн авсан тэмдэглэл нотлогдсон. Алга болсон гэх баримтуудын талаар Х.У гомдол гаргаж шалгуулж байгаагүй.
Х.У нь анхнаасаа 300,000,000 төгрөгөөр засвар хийе, үнээ буулгаач гэсний дагуу 1,800,000,000 төгрөгөөс 1,500,000,000 төгрөг болгож зарсан, мөн “Миста” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед талууд тооцоо нийлж цахилгаан, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар нийт 20,000,000 төгрөг байгааг суутган тооцохоор тохиролцсон нь нотлогдсон /1хх 105-107, 111-113, 33-35/.
6.Х.У нь “Ж.С, А.Т нар шүүх дээр маргаантай байгаагаа нуусан, хятадуудад зарсан байсан, мэдсэн бол би анхнаасаа үйлдвэрийг авахгүй байсан” гэж мэдүүлдэг боловч гэрч Б.Х, Х.У-ийн мэдүүлэгт “шүүхийн маргаан байгаа талаараа хэлсэн, Ж.С, А.Т нар шүүхийн маргаанаа эцэслээд надтай гэрээ байгуулсан” гэж мэдүүлснээр анхнаасаа мэдэж байсан нь тодорхой болсон.
Мөн хохирогч А.Т болон Хятад улсын иргэд хоорондын асуудал бол тусдаа бөгөөд энэ нь Х.У “Миста” ХХК-ийн хувьцааг 100 хувь шилжүүлэн авахад, авсны дараа ч Х.Ут ямар нэг байдлаар саад болоогүй, Х.У өнөөдрийг хүртэл хохирогч нарын хөрөнгийг эзэмшиж ашиглаж байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ж.С, А.Т нарын өмгөөлөгч Ж.Оюунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамтран гомдол гаргасан болон энэ асуудлаар гомдол гаргаж байгаа хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг дэмжиж оролцож байна. Өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах гомдолтой холбоотой тайлбарыг бүгдийг нь хэллээ. Миний хувьд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үздэгийн хувьд хэд хэдэн зүйлийг нэмж хэлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Өмнө нь энэ гэмт хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр орсон бөгөөд аль аль нь гэм буруутайд тооцсон. Улсын дээд шүүхээс тухайн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл анхан шатны шүүхээс цагаатгасан тогтоол гарсан. Тэгэхээр өмнө нь гэмт хэрэг гэж үзсэн үйл баримтыг яагаад цагаатгаж орж ирсэн бэ гэх асуудал гарч байна. Анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ улсын яллагчийн яллах дүгнэлт хуульд нийцэхгүй гэх агуулгаар тайлбарласан. Гэвч өмгөөлөгч нарын зүгээс зөвхөн яллах дүгнэлтийн хүрээнд бус хэргийн хүрээнд шүүх хэргийг шийдэх ёстой байсан гэх байр суурьтай байгаа. Иргэний шүүх шиг нэхэмжлэлийн хэмжээгээр хязгаарлагдахгүй гэж үзэж байна. Одоогийн нөхцөл байдлын тухайд хохирогч нар шүүгдэгч Х.Ут эд хөрөнгөө алдаж, 6 жилийн хугацаа өнгөрсөн. Шүүгдэгчийн тухайд эсрэгээрээ энэ хугацаанд хохирогч нарын хөрөнгийг өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сүүлд нь бага зэрэг нэмэгдүүлсэн байдалтай байгаа. Хохирогч нарын өмнөөс ямар үйлийн үрээрээ Х.У гэх хүнтэй учирч өнөөдрийг хүртэл зовж байгаа юм бол гэж харамсаж юм. Хавтас хэрэгт авагдсан олон прокурорын хэрэгсэхгүй болсон тогтоол Х.Уийн хувьд бий. Үүнээс өмгөөлөгчийн хувьд юу гэж харж байна вэ гэхээр шүүгдэгч Х.У нэг үйлдлийн аргаар өөрийгөө хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө мөнгөтэй хүн гэж танилцуулж, урьдчилгаа хэдхэн төгрөг өгч бусдын эд хөрөнгийг авч, миний хөрөнгө гэж тайлбарлаад бусдад өгч, авдаг үйлдэл байна гэж харж байгаа. Нэг ёсондоо санхүүгийн сахилга батгүйгээс болж өрнөөс өрний хооронд орсон. Тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө түүний байгууллагад байна. Гэхдээ эдгээр нь өрнөөс өрний хооронд зарцуулагддаг. Нэг жишээ авахад “Хаан банк” ХК-аас 10 ширхэг ланд круйсер маркийн машин авч бүгдийг нь зарж дууссан хэдий ч өрийг нь төлөөгүй. Ингэж явсаар хамгийн сүүлд өөр асуудал үүсэхэд төлөөд дууссан юм шиг байна. Энэ талаар хавтаст хэрэгт байх “Хаан банк” ХК-ийн эдийн засагчаас авсан мэдүүлгээр нотлогддог. Өнөөдрийн бид амьдарч байгаа нийгмийн хувьд хүнээс нэг ширхэг талхыг ч үнэгүй авах боломжгүй нийгэм. Гэтэл Х.У бусдын эд хөрөнгөөр тоглодог үйлдлийн аргатай. Харамсалтай нь тухайн үйлдлүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад байхгүй болсоор хоёр, гурван үйлдэлтэй орж ирж байна. Хэргийг нэгэнт шүүх бүрэлдэхүүн бүхэлд нь хянаж үзэх учраас анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Өмнө нь анхан шатны шүүхээр ороход шүүгдэгч Х.Уийн байр байдал хохирлыг төлөхөө илэрхийлж байсан. Гэтэл одоо тийм байхаа больсон. Шүүх хуралдаанд өнгөрөхийн хэрээр Х.Уийн хэлж, ярьж буй үг өөрчлөгдсөн. Хүн аливаа зүйлд мэргэшдэг гэдэг шиг өнөөдөр шүүгдэгч Х.У мэргэшээд орж ирж байна. Би анхан шатны шүүх хуралдаанд гайхаж байсан. Хүний өмч хөрөнгийг авчхаад би өөрөө хохирч байна хэмээн тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл хохирогч нар намайг залилсан гэж эрүүл ухаантай хүн ойлгохооргүй зүйлийг тайлбарлаж байна. Өөрийгөө гэм буруугүй болгохын тулд маш их хэмжээний тайлбар хэлдэг. Эдгээр нь өмнөх өмгөөлөгч нарын дурдсанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддоггүй. Монгол улсын хууль эрх зүйн систем хүнийг хохирсон дээр нь хохироож хаяхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Шударга ёс гэж байдаг бол өнөөдөр хохирогч нарын хохирол ямар нэгэн байдлаар барагдах ёстой. Гэвч энэ асуудал иргэд хоорондын гэрээ хэлцлийн асуудал биш. Ийм учраас өмнө нь тайлбар хэлсэн өмгөөлөгч нарын гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ж.С, А.Т нарын өмгөөлөгч А.Энхгэрэл давж заалдах гомдолдоо: “...Улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг бүрэн дэмжиж оролцож байна.Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, хохирогчийн эрх ашгийг ноцтой хохироож хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн .хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэжээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Х.У нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг дүгнэж шийдвэрлэх юм. Гэтэл прокуророос тодорхойлсон гэмт хэргийн шинж бүрэн нотлогдохгүй байна гэх агуулгаар хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1, 34.5 дугаар зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус ноцтой зөрчиж, зөвхөн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийг бүхэлд нь тал бүрээс нь бүрэн дүүрэн тогтоож, тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг ямар үйлдлийн шинжээр үйлдсэнийг тогтоож шийдвэрлэх ёстой.
Х.Уийн залилах үйлдэл олон хэв шинжтэй бөгөөд түүний бусдад учруулж байгаа хууль бус үйлдэл ар араасаа хуулийн байгууллагад шалгагдаж байгаа мэдээлэл хэрэгт баримтаар авагдаж байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. Гэмт хэрэг нь идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.
Гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэн, нийгмийн эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан, субъектийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн бүрэн ухамсарлагдсан, ямагт идэвхтэй үйлдэл, бодол, сэтгэхүйгээр илэрдэг зан үйл байдаг.
Х.У нь 2017 оны 09 дүгээр сард махны үйлдвэрийг өөрийн эзэмшил, ашиглалтдаа авч, 1 жилийн хугацаанд ашиглан шунахай сэдлийн үндсэн үүссэн гэмт санаагаа гүйцэлдүүлэх зорилгоор 1 жилийн хугацаанд олж авсан итгэлийг урвуулан ашиглаж байгаа буюу прокуророос тодорхойлсон гэмт хэргийг шинжийг тодорхойлсныг буруутгах боломжгүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх “яллах дүгнэлтэд хуурч, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэж байх бөгөөд уг шинжүүд нь тодорхой хууль зүйн ойлголтуудыг илэрхийлэх ба урьдын ямар харилцаа хамаарал байсан талаар яллах дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийж тусгаагүй” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна.
Гэтэл анхан шатны шүүх Х.Уийн махны үйлдвэр ажиллуулдаг байсан, өөрөө зар тавиад, махны үйлдвэр хайж байсан гэх бусад нотлох баримтаар тогтоогддоггүй, зохиомол мэдүүлгийг хэргийг шийдвэрлэх гол нотлох баримт болгосон нь ойлгомжгүй.
Мөн анхан шатны тогтоолд махны үйлдвэрээ алдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч цаашид хэрхэн эрх ашгаа хамгаалж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар шүүхийн шийдвэрт дурдахгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй.
Шүүгдэгч Х.У нь хохирогч нарын эд хөрөнгөө бусдад худалдах хүсэл эрмэлзэл дээр үндэслэн худалдах худалдан авах гэрээ байгуулан итгүүлж, группийн захирал, махны бизнесийг хийх хангалттай туршлагатай, бэлэн 700,000,000 төгрөгтэй гэж зориуд зохиомол байдал бий болгож, өөрийн их хэмжээний өр төлбөрийг нууж, хохирогч нарыг төөрөгдөлд оруулсан ба хохирогч нар гэрээний төлбөрийг төлнө хэмээн итгэж, эрхээ сайн дураараа өмчлөлийн зүйлээ шилжүүлсэн нь залилах гэмт хэргийг шинжийг бүрэн агуулж байхад гэмт хэргийн шинжийг зөвтгөн тодорхойлж хэргийг шийдвэрлэх хууль зүйн бүрэн боломжтой гэж үзэж байна.
Цагаатгах тогтоолын 38 дугаар талд шүүхийн дүгнэлт бий. Цагаатгах тогтоолын дүгнэж байгаа хэсэг болон хэргийг шийдвэрлэж байгаа хэсэг эцсийн эцэст хоёр өгүүлбэр байдаг. Бүхэлд нь харж үзэхэд хууль зүйн талаас ямар нотлох баримтыг нь үндэслэлтэй гэж үзээд цагаатгаж байгаа талаар тусгаагүй. Цагаатгах тогтоолын 38 дугаар талд шүүх яагаад Эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж үзсэн бэ гэхээр шүүгдэгч гэмт хэргийг үйлдсэн санаа зорилгыг тайлбарлахдаа залилах гэмт хэргийн шинжүүдийг дурдаж, “шүүгдэгчийн хувьд гэмт хэргээ үйлдэж эхлэхээс өмнө төрсөн байх ёстой” гэж тайлбарласан. Энэ өгүүлбэрээр гэмт хэргийн бүрдэл буюу санаа зорилгыг буруу тайлбарласан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Мөн “агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг алыг нь хууль ёсны хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй” хэмээн шүүхийг тайлбарлаж байгаа. Гэтэл шүүх өөрөө уг үүргээ биелүүлж чадсангүй хэмээн үзэж байна. Энэ дүгнэлтийн араас шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.У “2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс би өөрийн фейсбүүк хуудсанд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулж болох том үл хөдлөх хөрөнгө худалдаж авна, үнийн дүнд бартер оролцуулна хэмээн өөрийн дугаарыг тавьж, зар оруулсан” гэх мэдүүлгийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож дүгнэн цагаатгасан. Гэтэл уг хэрэг 2021 онд шүүхэд ирсэн. 2-3 удаагийн шүүх хуралдаан болсон талаар өмгөөлөгч нар тайлбарласан. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанд явагдсан. Уг шүүх хуралдаан 5 өдрийн турш үргэлжилсэн. Шүүгдэгч Х.У эцсийн хэлсэн тайлбартаа “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, одоо энэ махны үйлдвэрийг чинь өгчихье” гэж ярьж байсан. Гэтэл шүүгдэгч Х.У өнөөдрийг шүүх хуралдаанд “би өөрөө хохирсон” гэж тайлбарлаж байна. Шүүхийн үнэлж байгаа 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зарыг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс цагаатгах талын нотлох баримтыг үнэлсэнгүй гэж Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Улсын дээд шүүх шүүгдэгч талын ярьсан баримтад хууль зүйн дүгнэлт хий гэж хэргийг буцаасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй, хавтаст хэрэгт дугаарлагдаагүй баримт болон аман тайлбарыг үндэслэж цагаатгах тогтоол гаргасан нь туйлын харамсалтай байна. Дараагийн анхан шатны дүгнэлтэд “түүнчлэн яллах дүгнэлтэд хуурч, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан гэсэн байх бөгөөд уг шинжүүд нь тодорхой хууль зүйн ойлголтуудыг илэрхийлэх ба урьдын ямар харилцаа хамаарал байсан талаар яллах дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийж тусгаагүй” гэсэн. Урьдын харилцааны явцад бий болсон итгэл гэдэг нь Х.У 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр махны үйлдвэрийг өөрийн эзэмшил, ашиглалтдаа аваад тасралтгүй 1 жилийн хугацаанд ашигласан. Хохирогч нарын эд хөрөнгөө худалдах хүсэлтэд тулгуурлаж байгаад 2018 онд гэрээ байгуулж, өмчлөх эрхийг нь шилжүүлж авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 100,000,000 гаруй төгрөг төлсөн. Нийт 270,000,000 гаруй төгрөг төлсөн. Энэ нь нийт хохирлын 20 хувийг эзэлж байгаа. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авах эрхтэй” хэмээн заасан. Шүүгдэгч Х.У үйлдвэрийг шударгаар олж авсан этгээд мөн эсэхийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар зөвхөн яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн үйлдлийн шинжийг тодорхойлох байдлаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар залилах гэмт хэргийг үйлдсэн эсэхийг дүгнэх ёстой хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэтэл прокурорын гаргасан гэмт хэргийн шинжийг тодорхойлж байгаа байдлаар энэ гэмт хэрэг үйлдэгдээгүй байна гэж цагаатгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ё.Э-ийн өмгөөлөгч А.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нарын өмгөөлөгч нараас гаргасан тайлбартай холбогдуулж хэд хэдэн зүйлийг хэлэх нь зүйтэй. “Новель лизинг” ХХК-аас 1,300,000,000 төгрөгийг авсан боловч өгөөгүй байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж гомдол гаргасан байна. Мэдэхгүйдээ энэ мэтээр гомдол гаргаж байна гэж миний зүгээс үзэхгүй байна. Шүүгдэгч Х.У “Новель лизинг” ХХК-аас мөнгө аваагүй. Хавтаст хэрэгт энэ талаарх баримт байгаа. “Новель лизинг” ХХК “Глори кинг инвестмент” ХХК-тай зөвхөн зээлдэх, зээлдүүлэх харилцаа үүсгэж, мөнгийг “Глори кинг инвестмент” ХХК-нд өгч байгаа. Х.У гэх этгээд мөнгө зээл авчхаад өгөхгүй байгаа мэтээр тайлбарлаж байна. Яагаад энэ талаар дурдаж байна вэ гэвэл анх хохирогч нараас худалдах, худалдан авах гэрээний нэг тал А.Т, Ж.С бөгөөд нөгөө талд нь Х.У гэх иргэн байгаа шүү дээ. Ялгаатай этгээдүүд байхад хооронд нь хольж тайлбарлаж байна. Буруутгах байр суурь дээр тайлбарлаж байгааг ойлгохгүй. Тухайн хэлж байгаа үндэслэл нь хууль зүйн хувьд боломжгүй. Мөн н.Э-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь буруу гэж тайлбарлаж байна. Яагаад буруу болж таарч байгаа юм бэ. Улсын дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаахдаа н.Э-г оролцуулаагүй байгаа нь буруу гэх дүгнэлтийг хийсэн. Анхан шатны шүүхээс энэ хэрэг Улсын дээд шүүхээс буцаж ирсний дараа 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүсэлт гаргасныг үндэслэлтэй байна гэж үзээд иргэний нэхэмжлэгчээр тогтоосон шүү дээ. Уг шүүгчийн захирамжтай маргасан зүйл огт байгаагүй. Хэргийг эцэслэн шийдсэний дараа ийм асуудал гарч ирж байгаа нь үндэслэлгүй. Иргэний нэхэмжлэгчээр тодорхойлогдож орж байгаа нь “Глори кинг инвестмент” ХХК болон “Новель лизинг” ХХК нарын хооронд зээл авсантай холбоотой асуудал. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тодорхой асуудал учирч, цар тахалтай холбоотой нөхцөл байдал тулгарсан. Махны үйл ажиллагаа эрхэлж байсныг нь манай талаас төлөөлөгч очиж үзсэн талаарх баримт болон өөрсдийнх нь хэлсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт бий. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэж байна гэх нэрээр зээл авсан. “Глори кинг инвестмент” ХХК зээлээ төлж чадахгүй байсан учраас зээлийн үнийн дүнгээ нэмүүлэх санал тавьсан. Үүнд нь үүргийн гүйцэтгэлийг нэмүүлж хангуулах зорилготой “Миста” XXК-ийн 60 хувийн хувьцааг манай талд эзэмшүүлэхээр шилжүүлж өгсөн. Тухайн үед шүүгдэгч Х.У 100 хувь өмчлөгч болсон байсан. Өөрөөр хэлбэл “Миста” XXК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч зээлийн гэрээний үүргээ хангуулах нөхцөлтэйгөөр манай талд шилжиж орж ирсэн үйлдлийг хуурамч, хууль бус эсхүл хүчин төгөлдөр хэлцэлтэй холбоотой үүссэн харилцаа гэдэгтэй холбоотой маргаан гаргасан тохиолдол огт байхгүй. Үүнийг дүгнэж, эцэслэсэн ямар нэгэн шийдвэр огт байхгүй. 1 жилийн хугацаанд ашигласан, урьдын харилцаанд бий болсон итгэлийг ашиглаж залилсан мэтээр тайлбарлаж байна. Төлбөр төлнө гэх нөхцөлтэй махны үйл ажиллагаа эрхэлнэ гэж хэлээд харилцан тохирсон. Үйл ажиллагаа эрхэлж байх хугацаанд манай талаас очиж, цааш үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж үзээд зээл олгосон. Үүний дараагаар цар тахалтай холбоотой нөхцөл байдал гарч ганц Х.У гэлтгүй, дэлхийн бүх бизнес эрхлэгчид нөлөөлсөн. Гэтэл ийм нөхцөл байдалд өртсөн байгаатай холбогдуулан гэмт хэрэг гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэдгийг би Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоол буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 25 дахь хэсгийг тайлбарлах тухай тогтоолын тайлбар хэсгийн 1.1 болон 1.2-т заасан нотолбол зохих байдлын дагуу шалгавал зохих зүйлсийг нэг бүрчлэн тогтоосон байна гэж үзэж байгаа. Урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Анхан шатны шүүх хуралдааны шатнаас энэхүү хэрэгт оролцсон. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхтэй холбоотой хүсэлт байхгүй гэж бүгд хурлаа хийлгэсэн шүү дээ. Одоо зарим зүйлсийг дутуу үнэлсэн гэх асуудал ярьж байгаа нь үндэслэлгүй гэж харж байна. Гэмт хэргийн сэдэл, санаа зорилго байхгүй байсан нь үнэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, Улсын дээд шүүхийн тогтоолд заасан тогтоолын дагуу гарсан. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Х.Уийн өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийн тухайн нэг анхаарах зүйл бий. Уг хэрэг Улсын дээд шүүх хүртэл явж, Улсын дээд шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаар тогтоолоор дүгнэгдэж, анхан шатны шүүхэд ирж хэлэлцэгдсэн. Улсын дээд шүүхийн тогтоолд маш тодорхой хэд хэдэн зүйлсийг дүгнэж, буцаасан. Үүний нэг нь “мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанаар” гэж байгаа. Тэгэхээр анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдал агуулсан харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна хэмээн дүгнэсэн. Хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал гэдэг нь анхан шатны шүүхээс Х.Ут шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тогтоол болон түүнийг хэвээр үлдээсэн магадлал юм. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд тодорхой тогтоогдоогүй байхад харилцан зөрүүтэй хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв үнэлж, дүгнэн шийдвэрлэж чадаагүй гэж дүгнэсэн. Мөн “шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй гэх зарим цагаатгах нотлох баримтыг шүүх хэрхэн үгүйсгэж, няцаасан талаараа дүгнэлт хийгээгүй орхигдуулсан явдал нь шүүгдэгч Х.Уийн үйлдсэн гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм бурууг эргэлзээгүйгээр нотолсон гэж үзэхэд хангалтгүйгээс гадна” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг хийсэнтэй холбоотойгоор анхан шатны шүүхэд хэрэг ирж, хурал болж, цагаатгах тогтоол гарсан. Үүнийг давж заалдах шатны шүүх процесс талаас нь болон Улсын дээд шүүх дүгнэсэн талаас нь тал бүрээс нь нягт дүгнэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдол, тайлбартай холбоотой тайлбараа хэлье. Анх уулзахдаа 700,000,000 төгрөг байгаа, үл хөдлөх хөрөнгөөр төлнө гэж хохирогч нарыг залилсан гэх асуудлыг ихэнх өмгөөлөгч нар гомдолдоо дурдаж байна. Үүнийг залруулж хэлэх нь зүйтэй. Зарим өмгөөлөгч нарын гомдолд 2017 оны 07 дугаар сард анх зарын дагуу уулзаж байгаа үйл баримтын талаар хэргийн оролцогч нар огт маргахгүй. Уулзсанаас 1 жил, 2 сарын дараа буюу 2018 оны 09 дүгээр сард гэрээ байгуулсан. Энэ хооронд ямар үйл баримт болсон бэ гэдгийг бүхэлд нь тайлбарлахгүйгээр дарж хаячхаад анх уулзаад тайлбарлаж байсан тайлбарыг гэрээ байгуулсан үе болох 1 жил, 2 сарын дараа үүссэн байсан нөхцөл байдалтай холбож, тэр үед тайлбарлаж байсан мэтээр давж заалдах гомдлын агуулгыг хэргийн үйл баримтаас гажуудуулж, өөрт ашигтай байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохын тулд, бодит нөхцөл байдлыг гуйвуулсан гомдлын агуулга явж байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн онцгойлон анхаарах нь зүйтэй. Мөн анх ярьж гэрээг байгуулахдаа мөнгө төлбөртэй байсан ба бодит байдлаа нуусан байна лээ хэмээн тайлбар хэлж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан “Хаан банк” ХК-ийн тодорхойлолтоор 440,000,000 төгрөг бэлэн байгаа гэсэн баримт бий. Мөн шүүгдэгч Х.Уийн хамаарал бүхий компаниудад 2017 оны 07 дугаар сарын байдлаар 440,000,000 төгрөг орж гарч байсан буюу цар тахлаас өмнө байгууллагуудын үйл ажиллагаа нь хэвийн нөхцөл байдалтай байсан нь харагддаг. Үүнийг хавтаст хэрэгт үзлэгээр баталгаажуулсан. Мөн улсын яллагчийн эсэргүүцэлд 2,000,000,000-3,000,000,000 төгрөг шүүгдэгч Х.Уийн дансаар эргэлдэж байгаа боловч мөнгө төлөөгүй хэмээн дурдсан. Энэ үйл баримт нь цаг хугацааны хувьд гэрээ байгуулахаас өмнө буюу 2017, 2018 болох цар тахал үүсээгүй байх үе. Зөвхөн Х.Уийн иргэний дансаар биш, түүний хамаарал бүхий компаниудын үйл ажиллагаа хэвийн хэмжээнд явж байсан, түүнд орлого олох нөхцөл байдал бодитой байсан байдлыг 2018 оны 07 дугаар сард мөнгө байсан атлаа төлөөгүй гэх агуулга руу гулсуулж тайлбарлаж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гомдлын агуулга гэж харагдаж байна. Шүүх бүрэлдэхүүнийг хэргийн материалтай бүрэн танилцах нөхцөл байдал хумигдмал байх гэх агуулгаар гомдлын агуулгыг гаргаж байгаад харамсаж байна. Анх уулзаад гэрээ байгуулаагүй, 1 жил, 2 сарын дараа гэрээ байгуулж байгааг өмгөөлөгч нар тайлбарладаг. А.Т гэх этгээд гэрээ байгуулаагүй байж, уулзсаны дараа компанийн хувьцааг шилжүүлж өгөөгүй байх үедээ 30,000,000 төгрөг, өөрийнхөө хоёр үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж, 15,000,000 төгрөг тус тус гэрээ байгуулаагүй, маргаан нь Улсын дээд шүүхэд эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад урьдчилаад Х.Уээс өөрсдийн санаачилгаар, удаа дараалан мөнгө авч байсан талаарх үйл баримт бий. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан. Энэ талаар н.Хосбаяр гэх гэрчийн мэдүүлэг, Х.Уийн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан А.Т болон Ж.С нарын энэ тухай асуултад хариулсан хариултаар тогтоогддог. Өөрсдөө гэрээ байгуулаагүй, хувьцаа шилжүүлээгүй байж удаа дараа, урьдчилан мөнгө авч байгаа байдал нь яаж шүүгдэгч Х.У тухайн харилцааг урвуулан ашигласан гэх шалтгаан болох юм бэ. Харин Х.Ут итгэл төрүүлж, урьдчилаад мөнгө авч байгаа үйл баримт нь нөгөө талдаа тайлбарлагдаж байна. Гэтэл үүнийг Х.У нэг жилийн хугацаанд ашиглаж байхдаа итгэл төрүүлж авсан мэтээр тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй. Мөн нотлох баримтаар бүхэлдээ үгүйсгэгдэн няцаагдаж байгаа. Уг маргааны тухайд хувьцаатай холбоотой. А.Т, Ж.С, н.Н нарын хооронд хэзээ эцэслэгдэж шийдвэрлэгдсэн гэдгийг харахад цаг хугацааны хувьд 2018 оны 9 дүгээр сар байдаг. А.Т-ын гомдолд бичигдсэн байсан. 2018 оны 07 дугаар сард А.Т гадаадад байж байгаад ирсэн. Орж ирээд 2 сарын дараа Улсын дээд шүүх дээрх маргаан нь өрнөнө. Түүнд Х.У-тэй байгуулсан гэрээг Улсын дээд шүүхэд харуулж байгаад хувьцаатай холбоотой маргаан дээр эвлэрч байна гэж хэлж, Улсын дээд шүүхэд ийм байдлаар итгэл төрүүлж, уг гэрээг эвлэрлийн гэрээний хавсралт болгож хавсаргаад түүнийг нь Улсын дээд шүүх үндэслэж дүгнэсэн. Ингэж маргааныг эвлэрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ гэрээгээр залилсан гэх гэрээгээ Улсын дээд шүүхэд харуулсан. Улсын дээд шүүхээс дүгнэлт хийхдээ эвлэрч байгааг дурдаад хавсралтаар бүх нөхцөл байдлыг дурдаж, шийдвэрлэсэн. Уг маргаан нь 2018 оны 09 дүгээр сард дуусаж, хувьцааг шилжүүлж өгөх боломж бүрдсэн. Тэр хүртэл энэ хоёр маргасаар байсан. Учир нь шилжүүлж өгч болохгүй. 1 жил, 2 сарын хугацаанд хувьцаагаа шилжүүлж өгөхгүй, ашиглалтад нь итгэл, үнэмшил төрүүлж, урьдчилаад мөнгө авчхаад шилжүүлэхгүй байсан үндсэн шалтгаан нь Улсын дээд шүүхэд маргаан байсан буюу хувьцааг шилжүүлэх боломжтой байсан. Энэ үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэг мөр, эргэлзээгүй тодорхой болсон. Гэтэл 1 жил, 2 сарын хугацаанд өрнөж байгаа энэ асуудлыг буцаагаад давж заалдах шатны гомдолд Х.У энэ харилцааг ашиглаад залилах гэмт хэрэг үйлдсэн гэж тайлбарлаж байна. Үүнийг хүлээж авах боломжгүй. Бодит байдалтай нийцэхгүй буюу үндэслэлгүй гомдлын агуулга байна. Мөн засвар хийгээд явж гэж хүлээлгэж өгсөн, мөн Х.Ут зарна гэх итгэл үнэмшил төрүүлсэн учраас эргэлзээгүй засвар оруулсан байна. Их хэмжээний засвар оруулсан. Дунд нь шилжүүлж өгөхгүй, тамга тэмдэг хаана байгаа нь тодорхойгүй байсан учраас гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүссэн. Тэр хэрвээ гэрээ буцах юм бол танайд хийсэн засварын хохирлыг бүрэлд нь төлнө гэдгийг шүүх хуралдааны танхимд байгаа хохирогч Ж.С баталгаа гаргаж, гарын үсгээ зурсан. Өөрийн гарын үсэг мөн эсэхтэй холбоотой маргадаггүй. Тухайн баталгаа нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд гэрч н.Х-ын мэдүүлгээр тогтоогддог. 1 жил, 2 сарын хугацаанд үргэлжилсэн процесс, хэргийн үйл баримт, нөхцөл байдал итгэлийг нь урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болох ёсгүй. Мөн 1,800,000,000 төгрөг гэх зар дээрээс харж тохирох гэтэл засвар хийнэ гэж хэлээд 300,000,000 төгрөгийг багасгаж, 1,500,000,000 төгрөгийн хэмжээнд гэрээ хийсэн. Засварын мөнгө огт хамаа байхгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ нь бодит байдалд өөр. 1,800,000,000 төгрөгийг үнэтэй байна, авахгүй гэж хэлсэн учраас багасгаж байгаа үнэ. Үнэтэй байна гэж хэлээд 1,500,000,000 төгрөг болгосныг засварын үнэтэй холбож тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь хоёр өөр асуудал бий. Мөн банкнаас зээл аваад төлбөрийг төлнө гэж хэлчхээд залилсан гэж гомдол гаргаж байна. 1 жил, 2 сарын өмнө шүүгдэгчийн компанийн үйл ажиллагаа хэвийн байсан. Байгууллагын дансанд 440,000,000 төгрөг байсан. Хувьцаагаа шилжүүлж өгөхгүй Улсын дээд шүүхэд маргаантай байсан учраас 1 жил, 2 сарын хугацаа өнгөрсөн. Талууд гэрээ байгуулсан үед санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал сайн байгаагүй. Үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавьж зээл авах тухай асуудал талуудын хооронд яригдсан. Үүнийг үгүйсгэхгүй. Шүүгдэгчийн зүгээс үл хөдлөх хөрөнгийг банканд барьцаанд тавих гэтэл ямар барилгын зураг, ямар зөвшөөрлөөр баригдсан бэ гэх асуудлыг барьцаанд үнэлэх гэж байгаа байгууллага шаардсан. “Хаан банк” ХК болон “Төрийн банк” ХК нарт очиж удаа дараа зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгийг тавих гэтэл үл хөдлөхтэй холбоотой баримтуудыг шаардсан. Эдгээр баримтуудыг нь хохирогч болох А.Т болон Ж.С нараас асуухад олддоггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үүнийг архивын төвөөс гаргуулах ажиллагаа хийгдсэн боловч уг барилгын зураг манайд байхгүй гэх албан тоот ирсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан. Одоог хүртэл үл хөдлөх хөрөнгийн ямар зөвшөөрөл, зураг төсөл, улсын комиссын актын үндсэн дээр баригдсан нь тодорхойгүй. Ямар норм, дүрмийг хангасан барилга барих вэ гэх барилгын зураг өнөөдрийг хүртэл байхгүй. Өөрөөр хэлбэл үүнтэй холбоотой үндсэн баримтууд өнөөдрийг хүртэл хавтаст хэрэгт байхгүй. Үүнтэй холбоотойгоор зээлийн барьцаанд тавих ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх талаар тайлбарласан. Үүнийг гэрч н.Хосбаяр хоёр удаагийн шүүх хуралдааны тайлбараараа баталдаг. “Үнэлүүлэхэд 100,000,000 төгрөг гэсэн учраас ямар ч боломжгүй юм байна гэж үзсэн” хэмээн мэдүүлсэн байдаг. Хэрвээ хохирогч нарт дараах баримтууд байсан бол өнөөдрийг хүртэл гаргаж өгөх байсан. Баримтын эх сурвалжаа заах, шүүхийн журмаар эсхүл мөрдөн шалгах ажиллагааны журмаар гаргуулах бүрэн боломжтой байсан. Энэ мэтээр хүндрэл үүссэн учраас бодит байдалтай нийцүүлж, үнэн зөв тайлбарлахгүй бол болохгүй. Учир нь хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс зээлийн барьцаанд огт тавиагүй, тавих санаа зорилго байгаагүй хэмээн тайлбарлаж байна. “Новель лизинг” ХХК-нд “Миста” XXК-ийн хувьцааг барьцаанд тавьж, 1,300,000,000 төгрөгийн зээл авсан, түүнээсээ төлбөрийн төлөх боломжтой байхад төлөөгүй, тийм учраас залилах гэмт хэрэг, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт чадаагүй гэх гомдлын агуулгыг хохирогч талаас тайлбарлаж байна. Шүүгдэгч Х.Уийн махны үйлдвэрийг үйл ажиллагааны хувьд санхүүжүүлнэ гэж санхүүжүүлсэн. Ийм байдлаар нэр бүхий иргэдтэй зээлийн гэрээ байгуулж, түүнийгээ бонд хэлбэрээр “Новель лизинг” ХХК-нд махны чиглэлийн үйл ажиллагааг нь сайжруулах зорилгоор олгож, түүнд нь “Новель лизинг” ХХК-ийн зүгээс хяналт тавьсан үйл баримт бий. н.Анар, н.Эрдэнэхүү нар хэрэгт ямар зориулалтаар зээл олгосон болон яагаад уг зээлийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотой мэдүүлэг өгсөн. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй, доголдол, саатал үүсэж, энэ нь Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдэгдэж, төлөгдөөгүй хүү нэмэгдэж, нийт өндөр дүн гарч шийдэгдсэн үйл баримт бий. Энэ үед тодорхой дүнгээр төлсөн. Мөнгө орж ирсэнтэй холбогдуулан А.Т, Ж.С нарт тодорхой дүнгээр мөнгө төлсөн. Гэвч тэр нь хохирол төлөх зорилгоор бус байгууллагын үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгө рүү орж байгаа бөгөөд түүнд нь цаад байгууллага хяналт тавьж байгаа учраас зориулалтын дагуу ашиглаж буй үйл баримт бий. Мөн хохирогч талаас энэ хэрэгт процессын ноцтой алдаа гарсан учраас анхан шатны цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэх агуулга ярьж байна. Өөрөөр хэлбэл н.Эрдэнэхүүг иргэний хариуцагчаар татах ёстой байтал иргэний нэхэмжлэгчээр татсан гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ нь үндэслэлгүй. Нэлээдгүй маргааны үндэслэл болж буй асуудал байна. Ж.С болон А.Т нарыг залилсан үйлдэлд үйлдвэр залилсан, хувьцаа залилсан гэж үзсэн. Гэтэл ийм гэмт хэрэг огт байхгүй. Тийм байдлаар тодорхойлж оруулж ирээгүй. Өөрөөр хэлбэл улсын яллагч анхнаасаа эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан тогтоол, шүүхэд ирүүлэхдээ үйлдсэн яллах дүгнэлтүүдийн үндсэн шинж чанар нь анхан шатны шүүхийн дүгнэж байгаа асуудал буюу гэрээ байгуулж, иргэний эрх зүйн харилцаанд оролцсон, тодорхой хэмжээнд хэрэгжсэн, хэрэгжиж байх явцад үлдэгдэл төлбөрийг өгөхгүй залилаад байна буюу үлдэгдэл мөнгийг залилсан байна гэх агуулгаар яллах дүгнэлтээ үйлдсэн. Үүнийг мөрдөн байцаалтын шат, шүүхийн шатанд хохирогч болон хохирогч нарын өмгөөлөгч нар бүхэлдээ дэмжиж ирсэн. Юу залилуулсан гэхэд би энэ гэрээний үлдэгдэл төлбөрийг авч чадаагүй, мөнгөөр залилуулсан гэж хохирогч талаас оролцсон. Өмгөөлөгч нарын хувьд бүхэлдээ мөрдөн байцаалтын шатнаас оролцсон. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч тухайн үед гомдол, санал гаргаагүй. Хэргийг ийм байдлаар шүүхэд авчирчхаад давж заалдах шатны шүүхэд бид нар мөнгө залилуулаагүй, үйлдвэр, газар, үл хөдлөх хөрөнгө, хувьцаа залилуулсан юм байна гэж тайлбарлаж, иргэний нэхэмжлэгчийг иргэний хариуцагчаар татах ёстой байж хэмээн гомдол гаргаж, улсын яллагчийн яллах дүгнэлтэд тодорхойлогдоогүй агуулгаар процессын алдаа байна гэж гомдол гаргасан нь бүхэлдээ үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтуудад нийцэхгүй гомдол байна. Хэрвээ үйлдвэр, үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, газар залилуулсан байна гэж байгаа бол өөр асуудал. Шүүх улсын яллагчаас үйлдэж оруулж ирсэн яллах дүгнэлтийн хүрээнд буюу тухайн хэргийн хүрээнд шийднэ. Улсын яллагч яллах дүгнэлтээрээ үлдэгдэл төлбөр, мөнгийг өгөөгүй залилсан байна, тэр үеэс гэнэт залилах санаа төржээ гэх байдлаар дүгнэсэн байхад түүнийх нь эсрэг шүүхийн зүгээс улсын яллагчийг буруу тодорхойлсон байна, энэ хэргийн тухайд үйлдвэр залилсан байна, яллах дүгнэлтийг ямар ч түвшинд залруулахгүй, шийтгэх тогтоолоороо залруулна гэж үзээд шийдэх хууль, эрх зүйн орчин огт байхгүй. Тиймээс хохирогч талаас уг нөхцөл байдлыг дараах байдлаар тайлбарлаж байгаа нь бүхэлдээ үндэслэлгүй. Мөн АА зөвшөөрөлтэй холбоотой асуудлын талаар нэр бүхий өмгөөлөгч нар дурддаг. Хэргийн үйл баримтын тухайд АА асуудлыг тойрсон гол асуудлын тухайд Х.У махны чиглэлийн үйл ажиллагааг 2016 оноос хойш явуулсан ба “Глори кинг инвестмент” ХХК-ийн нэр дээр мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл 2016 онд авч үл хөдлөх хөрөнгө түрээсэлж явж байсан боловч ашиг муутай, цаашид үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, үйлдвэр хэрэгтэй болсон учраас зараас хайсан үйл баримт бий. Энэ зорилгодоо нийцүүлж, заавал АА зөвшөөрөлтэй байвал дахин энэ зөвшөөрлийг авахаар материал бүрдүүлэх шаардлагагүй учраас хохирогч нарын АА зөвшөөрөлтэй гэж үзүүлсэн үйлдвэрийг худалдан авах хүсэлтэй байсан. Хавтаст хэргийн материалд А5-ын хэмжээтэй канондсон АА зөвшөөрлийн баримт бий. Уг зөвшөөрлийг хуулбар хэвээр өгсөн бөгөөд түүнийг хүчинтэй хэмээн үзэж цааш явсан. Гэтэл тухайн зөвшөөрөл нь хугацаа нь дууссан буюу хүчингүй болсон байсан. Ингэснээр махны чиглэлийн үйл ажиллагаа явуулах санаа зорилго бүхэлдээ нурсан. Шүүх хуралдааны явцад хоёр тал мэтгэлцдэг. 2025 онд энэ хэргийг шийдэхэд “Монгол эко мах” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг нотариатаар батлуулсан хувилбараа гаргаж ирж, түүнийгээ тайлбарласан. Гэтэл бодит байдалд тухайн зөвшөөрөл нь “Миста” XXК-ийн зөвшөөрөл биш. “Монгол эко мах” ХХК-ийн тусгай зөвшөөрөл. Өөрөөр хэлбэл тухайн компанийн тусгай зөвшөөрлөөр өмнөх хүчингүй болсон баримтыг зөвтгөж тайлбарлах гэж оролдсон. Гэвч үүнийг зөвтгөж хүлээж авах боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд хохирогч гэж хэнийг хэлэх талаар хуульчилсан. Бид шүүх хуралдааны явцад А.Т хохирогч биш, түүнийг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол хуульд нийцэхгүй, үндэслэлгүй байна, А.Т хэрхэн хохирсон талаар үндэслэл бүхий тогтоогоогүй хэмээн маргасан. Учир нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т эзэмшил хууль ёсоор, хуулийн дагуу үүснэ гэж заасан. Түүнээс хулгайлах, хууран мэхлэх, дээрэмдэх, залилах, үндэслэлгүй хөрөнгөжих байдлаар буюу хууль ёсны бус аргаар эзэмшил үүсэхгүй. Түүнийг хууль ёсны хүрээнд зөвтгөх боломжгүй. Яагаад үүнийг тайлбарлаж байна вэ гэхээр хэрэгт 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 187 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол авагдсан. Уг тогтоолоор А.Т нь бодит байдалд Ж.С, н.Наранбаатар, Х.Уийг залилж, уг үйлдлийн өмнө Бүгд найрамдах Хятад ард улсын нэр бүхий иргэдийг залилж, үйлдвэрийн хувьцааг танайд 1,100,000,000 төгрөгөөр шилжүүлж өгнө гэж хэлээд, 2,000,000,000 орчим төгрөгийг авч, түүнийхээ 400,000,000 төгрөгийг Ж.С болон н.Батбаатар хоёрт тус бүр 200,000,000 төгрөг хийсэн. Өөрөөр хэлбэл өөрийнх нь мөнгө биш гэсэн үг. Бүгд найрамдах Хятад ард улсын иргэдийн мөнгөөр 400,000,000 төгрөгийг төлж, “Миста” XXК-ийн хувьцааг авсан. Тэр нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаагаар А.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан. Үүнд А.Тын зүгээс гомдол гаргадаггүй. Өнөөдрийг хүртэл уг прокурорын тогтоол хүчин төгөлдөр байгаа. Учир нь А.Тын зүгээс гомдол гаргах юм бол цаашаа шүүх рүү явна. Прокурорын шатанд эцэслэгдэн шийдвэрлэгдсэн хууль зүйн үр дагаврын хувьд залилах гэмт хэрэг үйлдэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна, А.Т Бүгд найрамдах Хятад ард улсын иргэдийг залилсан байна хэмээн дүгнэсэн. Энэ тогтоолын үндэслэлээр Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т заасан хууль ёсны эзэмшил А.Т-т үүсээгүй. Тиймээс хохирогч А.Т-ыг хувьцаа эзэмшигч, хохирогч гэж тогтоох хууль зүйн үндэслэлгүй. Г.Н-ийн хэрэг дээр амины орон сууцыг шилжүүлэн авч залилсан гэж улсын яллагч яллах дүгнэлтэд нэг талыг барьж үйлдсэн. Гэтэл бодит байдалд “Дарцаг” ноёд ХХК, “Юү Эл Эн Ти” ХХК нар арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. “Дарцаг” ноёд ХХК нь Г.Н-той хамаарал бүхий компани бөгөөд өөрөө хүлээн зөвшөөрч арматурын төлбөрт хаусыг бартер хэлбэрээр төлье гэх байдлаар шилжүүлсэн. Түүнээс шүүгдэгч Х.У Г.Н-той эрх зүйн харилцаанд оролцоогүй. Мөн Г.Н-той “Юү Эл Эн Ти” ХХК эрх зүйн харилцаанд оролцоогүй. Үндсэн харилцаа буюу иргэний эрх зүйн харилцааг нь хүлээн зөвшөөрөөд гэмт хэргийн үйл баримтаас салгачхаад зөвхөн хаусыг залилсан мэтээр үйл баримтыг тасдаж, дүгнэлт хийх боломжгүй. Тиймээс энэхүү үйл баримтыг ямар үндэслэлээр хаусыг шилжүүлэх нөхцөл байдал үүссэн гэх цаад үндсэн шалтгааныг бүхэлд нь дүгнээгүй нь учир дутагдалтай болсон. Анхан шатны шүүхээс энэ талаарх дүгнэлтийг зөв хийсэн. Нөгөө талдаа өмнө нь дурдсан хоёр хуулийн этгээдийн хооронд хийгдсэн гэрээний хүрээнд Х.Уийн зүгээс буюу “Юү Эл Эн Ти” ХХК-ийн зүгээс “Дарцаг ноёд” ХХК -нд 111,471,480 төгрөгийн арматур нийлүүлсэн. Түүнийг нь “Дарцаг ноёд” ХХК хүлээн аваад ашигласан. Өөрөөр хэлбэл өөрийнхөө барилгад ашигласан гэсэн үг. Гэхдээ Г.Н-т арматур аваагүй. Учир нь түүнд арматур ашиглах шаардлага байгаагүй. “Дарцаг ноёд” ХХК барилга барьж байсан учраас гэрээний дагуу хүлээж авсан. Огт арматур нийлүүлэхгүйгээр хүний хаусыг дангаар нь залилсан нөхцөл байдал хэрэгжсэн мэтээр холбогдох үйл баримтуудыг дүгнэхгүй байгаа нь учир дутагдалтай. Иргэний эрх зүйн харилцааг дүгнээгүй учир дутагдалтай байсан талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэсэн. Т.Баярцэцэг өмгөөлөгчийн тайлбарт хоёр өөр байгууллагын үйл ажиллагааг дүгнэсэн мэтээр тайлбар хэлсэн. Үүнтэй холбоотой залруулж тайлбар хэлэх нь зүйтэй. Шүүх техникийн шинжтэй алдаа гаргаж “Дарцаг ноёд” ХХК-ийг “Эн Ти Эм” ХХК хэмээн бичсэн байсан. Годолдоо энэ талаар тайлбарлаагүй орхисон. Хавтас хэрэгт “Дарцаг ноёд” ХХК болон “Юү Эл Эн Ти” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ болон түүнтэй холбоотой үйл баримтууд бий. Үүнийг давж заалдах шатны шүүх залруулж, өөрчлөлт оруулах боломжтой. Мөн хохирогч талаас шүүгдэгчийг өөрийгөө их хэмжээний хөрөнгө орлоготой хэмээн итгүүлж, “Чингис хаан банк” ХХК-нд баталгаа гаргах гэж байгаа мэтээр ойлгуулсан хэмээн тайлбарлаж байгаа. Гэтэл анхнаасаа ийм асуудал яриагүй. Бүгд найрамдах Хятад ард улсаас арматур нийлүүлж ирж чадна гэж хэлсэн учраас гэрээ хийсэн гэх асуудал Г.Н-той холбоотой асуудал дээр яригддаг. 20,000,000 төгрөгийн тухайд 18 хоногийн дараа шилжүүлсэн учраас залилан бөгөөд тэр дор нь шилжүүлсэн байсан бол залилан биш байсан мэтээр тайлбарлаж байна. 18 хоногийн зааг ялгаагаар залилах гэмт хэргийн агуулга, шинж тодорхойлогдох ёстой мэт агуулга яригдаж байгаа нь үндэслэлгүй. 20,000,000 төгрөг орж ирсэн даруй арматурын төлбөр орж ирж байна хэмээн ойлгосон. Нэгэнт орж ирсэн төлбөр учраас хэрхэн зарцуулах вэ гэдэг нь өөр асуудал. Харин гэрээний маргаан үүсэж, буцаан шилжүүлэх шаардлага үүсэхэд нь 20,000,000 төгрөгийг 18 хоногийн дараа шилжүүлсэн. 53,000,000 төгрөгөө шилжүүлчхээд түүндээ тохирсон хэмжээний арматур шилжүүлэх ёстой байтал 20,000,000 төгрөг шилжүүлчхээд 53,000,000 төгрөгийн арматур нэхэхэд маргаан гарна. Үүнээс болж 20,000,000 төгрөгийг нь буцаан шилжүүлэхэд манай шилжүүлснийг ашиглаж байна, өөр зүйлд ашигласан гэж үзээд 18 хоногийн дараа буцаан шилжүүлж байгаа боловч гэж хэлээд өөрөөр тайлбарлаж байна. Сүүлд нь маргаан үүсэхэд ямар ч хамаагүй аргаар шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг нь буцаан шилжүүлсэн үйл баримт. Гэтэл жижиг тоглолт маягийн гомдлын агуулга нь учир дутагдалтай бөгөөд үндэслэлгүй байна. А.Т, Ж.С нар иргэний эрх зүйн журмаар явах боломжтой. Учир нь байгуулсан гэрээ одоог хүртэл хүчинтэй байгаа. Гэмт хэрэг гэж үзээд эрүүгээр явсан. Аль нэг талдаа цуцалсан талаар мэдэгдээгүй. Тиймээс уг гэрээ А.Т болон Ж.С нарт хэдэн зуу дахин давуу байдал үүсгэсэн. Уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах юм бол түүний эрх зүйн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу үйлдвэр, газар, хувьцаагаа буцаан авах эсхүл үлдэгдэл мөнгөө алдангитай нь авах эрх бий. Үүнийг гэмт хэрэг мөн гэх агуулгаар хэт их нэг талыг баримталж, туйлширч явуулснаар бид нар хуралдаж байна. Анхан шатны шүүх талуудын мэтгэлцэж байгаа байдал болон хэрэгт авагдсан нотлох баримт, Улсын дээд шүүхийн дүгнэсэн тогтоолд үндэслэж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн. Тийм учраас хохирогч талаас гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй. Мөрдөгчөөс цар тахалтай холбоотой нөхцөл байдлын дараа шүүгдэгч Х.Уийн бүх хөрөнгийг барьсан. Мөн бүх хүүхдүүдийн дансыг хязгаарласан. Тэдгээр хүүхдүүд энэ хэрэгт ямар буруутай юм бэ. Ямар шалтгаан байгаа учраас уг хүүхдүүд энэ хэрэгт холбогдолтой дансаараа хохирох ёстой юм бэ. Бүх авлагатай хүмүүсийг мөрдөгч нэг нэгээр нь дуудсан. Гомдол гарга хэмээн ятгасан. Буцаагаад төлбөр төлье, байгаа зүйлээ борлуулъя, хохирогч нарын төлбөрийг төлье гэж хэлэхээр бүгдийг нь барьж, битүүмжилсэн. Шүүгдэгч Х.У хүнд замыг туулж ирсэн. Гомдол бүхэлдээ үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Х.Уийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт гурван шалтгаанаар гэм буруутай гэж үзэж яллах дүгнэлт хийж ирүүлсэн. Хохирогч А.Т, Ж.С нараас үйлдвэрийг худалдаж аваад мөнгөө өгөлгүй, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Үүний дараа н.Очирсүхийг залилсан гэх асуудал гарч ирдэг. Үүний талаар Л.Намнансүрэн өмгөөлөгч тайлбарласан. Гэтэл н.Очирсүх намайг н.Даваахүү гэх хүн залилсан гэж өргөдөл Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар өгсөн. Гэтэл мөрдөгч Х.У н.О-ийг залилсан байна гэж шалгадаг. Сүүлдээ анхан шатны шүүхэд Х.У буруутан болж ирсэн. Гэтэл н.Даваахүү н.Очирсүхдээ нөгөө төлбөрийг нь төлөөд хоёулаа алга болсон. Үүнийг цагаатгахаас өөр ямар ч арга байхгүй. Г.Нийн асуудлын хувьд хоёр аж ахуй нэгж хоорондоо гэрээ хийсэн бөгөөд үл хөдлөх хөрөнгө аж ахуй нэгжийн нэр дээр шилжсэн шүү дээ. Их хэмжээний арматур нийлүүлэх тухай асуудал биш. 79,000,000 төгрөгийн арматур нийлүүлэх ёстой байсан. Биелэгдэж боломжтой хэлцэл байсан. Гэтэл “Дарцаг ноёд” ХХК-ийн зүгээс мөнгөө өгч байсан боловч 53,000,000 төгрөг төлөх ёстой байтал 23,000,000 төгрөг шилжүүлчхээд мөнгөө шилжүүлэхээ зогсоосон. Тэгэхээр шүүгдэгч талаас арматур авах боломжгүй болсон. Мөрдөгч үүнтэй холбоотой өөр байгууллагыг шалгасан. Түүнд н.Баатар нь ирээд “Х.У надаас арматур авдаг, надаас зээлээр авна гэж хэлж үзсэн, гэвч би зөвшөөрөөгүй” хэмээн мэдүүлсэн. Тиймээс шүүгдэгч Х.У арматур авч бусдад нийлүүлдэг болох нь тогтоогдсон. Г.Н хувьцаа эзэмшигч байж болно. Гэхдээ гэрээ хоёр аж ахуй нэгжийн хооронд байгуулагдсан. Хэн нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж, цаашид биелүүлэх боломжгүй болсон гэрээ вэ гэдэгтэй холбоотой дүгнэлт хийгээгүй. Зөвхөн залилсан гэж үзээд байдаг. Гэтэл “Дарцаг ноёд” ХХК болон Г.Нт нарын хооронд ямар харилцаа байсан юм бэ. Яагаад Г.Н өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг байгууллагын нэрийн өмнөөс тавих болсон шалтгааныг олж өгнө үү гэхэд “Дарцаг ноёд” ХХК-аас нэг ч хүнийг асууж шалгаагүй. Үүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Тийм байж шүүгдэгчийг Г.Н-ийг залилсан байна гэж үзсээр байдаг. Анхан шатны шүүхэд н.Ганбат шүүгч шийдэхээс өмнө н.Батболор шүүгч хэргийг шийдэж байсан. Ингэхдээ 60 хоногийн хугацаа өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааг явуулж, А.Т гэх хүн Налайхад өөр Хятад иргэдийг залилсан ба үйлдвэрээ Х.У-т зарсан юм биш үү, үүнийг шалгах талаар хугацаа өгсөн. Г.Н хохирогч мөн эсэх, яагаад хоёр аж ахуй нэгжүүдийн асуудал байхад Г.Нт хохирогч хэмээн орж ирж байна вэ, үүнтэй холбоотой шалга гэхэд ямар нэгэн ажиллагаа огт хийгдээгүй. Хохирогч Ж.С үйлдвэрт ямар нэгэн засвар хийгээгүй, хийх ч шаардлага байгаагүй, шууд орж ажлаа явуулсан хэмээн тайлбарладаг. Гэтэл хавтаст хэрэгт фото зургийн нотлох баримт, гэрч н.Э нарын мэдүүлэг байдаг. Хохирогч нар 2009 онд үйлдвэрээ байгуулчхаад 3-4 жил ажиллуулсан. 2013 онд өөрсдөө мэргэжлийн биш байсан учраас ажиллуулж чадахаа байсан. Энэ талаар өөрсдийнх нь өгсөн мэдүүлэг бий. 2013 онд А.Т худалдаж авахаар болж, Хятад иргэдээс авсан 400,000,000 төгрөгөө Ж.С, н.Наранбаатарт өгч, хувьцааг авсан. Үүний дараа маргаан үүсэж, 2017 он болсон ба үүний дараа үйлдвэр шүүгдэгч Х.Ут ирсэн. Өөрөөр хэлбэл 4 жил гаруй ажиллаагүй үйлдвэр байсан. Түүнийг нь мандаг байсан н.Энхболд гэх этгээд гэрчийн мэдүүлэг өгсөн. Мэдүүлэхдээ 800,000 төгрөгөөр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг бусдад барьцаалж амьдарч байсан хэмээн мэдүүлсэн. Хохирогч А.Т гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2013 онд “Миста” XXК-ийг н.Наранбаатар нартай ярилцаж худалдаж авахаар болсон, 400,000,000 төгрөг өгөөд 2017 оны 08 дугаар сард 1,500,000,000 төгрөгөөр зарахаар болж, хяналтыг нь шилжүүлж өгөөд явсан ба үүний дараа маргаан үргэлжилсээр 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улсын дээд шүүхэд гэрээ байгуулж эвлэрсэн” хэмээн мэдүүлсэн. Дахин түүний өөр мэдүүлэгт “шүүгдэгч Х.У үйл ажиллагаа явуулахын тулд заавал засвар хийх ёстой, учир нь үйлчилгээний стандартыг хангахгүй, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсан” гэж хэлсэн. Гэрч н.Батбаатар “засвар хийхгүй бол болохгүй” гэж мэдүүлсэн. Ж.С “та нар засвар үйлчилгээ хийж бай, хэрвээ манайх өөр хүмүүст зарах болбол та нарыг хохироохгүй, завсар үйлчилгээ хийсэн мөнгийг бүхэлд нь гаргаж өгнө” гэж мэдүүлсэн. Анхны шүүх хуралдаанд засвар хийсэн мөнгөө өгөөд үйлдвэрээ ав гэхэд тэгье гэж хэлж байсан ч сүүлдээ юу ч өгөхгүй гэж маргаан үүсэж мэтгэлцээн явсан. Анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Хохирогчийн нэр бүхий өмгөөлөгч энэ хэрэгтэй хамт шийдэгдээгүй байсан бол хэрхэн шийдэгдэх байсныг хэлж мэдэхгүй хэмээн тайлбарласан. Үнэн шүү дээ. Энэ хэрэгт элдэв зүйлс чирч ирээгүй байсан бол цагдаа ч хүлээж авахгүй. Учир нь иргэний эрх зүйн харилцаа байгаа учраас иргэний журмаараа яв гэж хэлэх байсан. А.Тын хувьд шүүх хуралдаанд үнэхээр эрүүгээр зүтгүүлсэн гэж хэлдэг. Бид нарын зүгээс сайн зүтгүүлсэн байна гэж ярьдаг. Хэрвээ Г.Нт иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах юм бол нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ. Учир нь “Дарцаг ноёд” ХХК болон “Юү Эл Эн Ти” ХХК нарын хооронд хэрэгжсэн хамтран ажиллах гэрээ. Миний зүгээс анхан шатны шүүхийг үндэслэлтэй, хавтаст хэргийн хүрээнд дүгнэж, үндэслэлтэй шийдсэн байна гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Х.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн өмгөөлөгч нарын тайлбарыг дэмжиж байна. Үйлдвэрийн ажиллагааг хариуцсан захирал хүний хувьд он сар өдөр, тоо хэмжээ, цаг хугацаа, газар байрлалтай холбоотой бүх зүйл дээр эхнээс нь өнөөдрийг хүртэл ямар ч маргаангүйгээр ижил тайлбарыг хэлсэн. Зөрүүтэй зүйл огт байхгүй. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээд хохирогч талаас Х.У юм л бол худал хэлж, дандаа тайлбараа өөрчилдөг хэмээн тайлбарлаж байна. Гэрч, яллагдагч, шүүгдэгчийн хувиар өгсөн бүх мэдүүлэг зөрүүгүй. Үүнийг дурдах нь зүйтэй. Хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хамгийн анх хэлсэн мэдүүлэг, цаг хугацаа, гомдол зэрэгт өмнө нь яригдаж байгаагүй асуудлууд их байна. Энэ талаар манай өмгөөлөгч нар тайлбарласан. Үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг бид 1 жил, 2 сарын өмнө Х.Ут өгөөд ашиглалт үйлчилгээнд өгсөн ба түүнээс нь намайг маш их хэмжээний ашиг олсон хэмээн тайлбарлаж байна. Гэтэл тийм биш талаар Ж.С, А,А.Т, н.Энхболд нар мэдэж байгаа. Тухайн газарт 3-4 жил тог цахилгаангүй учраас үйлдвэрийн хоёр давхарт яндан гаргаж амьдарч байсан хүн бол н.Энхболд. Уг хүн мэдүүлэгтээ “энэ үйлдвэр тоногдсон, би аргаа бараад цалингүй байсан учраас хамгийн сүүлийн авч явах боломжтой байсан гүзээний машиныг 800,000 төгрөгийн барьцаанд тавьсан, миний хоёр дүү мөнгөтэй мөн хэрэгтэй гэж үзэж байвал очоод авчих” гэж мэдүүлсэн. Би түүнийг нь 805-ын хойноос очиж, 1,000,000 төгрөг төлж, гүзээний машиныг авч байсан. Хохирогч талаас Х.У байнгын худал зүйл хэлдэг, түүний амаар хэргийг шүүсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл ингэж Монгол улсын шүүхийг гуйвуулж болохгүй. Би шүүгдэж байгаа хүн. Миний амнаас хавтаст хэрэгт ороогүй баримтгүй, нотолгоогүй зүйл гараагүй бөгөөд цаашдаа ч гарахгүй. Миний тайлбартай холбоотой бүх баримт хавтаст хэрэгт бий. Үйлдвэрийг миний авч байсан үеийн зураг нь бий. Өөрөөр хэлбэл өмнөх болон дараах байдлын үйлдвэрийн зураг байдаг. Тийм байхад эмэгтэй хүний нүүр будсан мэтээр засвар хийсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл би сан, дээвэр, шил, цонхыг бүгдийг нь сольсон. Ханыг нь будаж янзалсан. Хөргүүрүүд нь бүгд тоногдсон байсан учраас бүгдийг нь засварласан. 5 дугаар зоорины хэсэг анх хоосон байсан. Одоо “Монгол сендвич” ХХК-аар 182,000,000 төгрөгийн ганц хөлдөөгч хийлгэсэн. Би өнөөдрийн байдлаар Ж.С, А.Т нарт цувуулж, 310,700,000 төгрөг өгсөн. Гэтэл Х.У зөвхөн амаараа хэлдэг бөгөөд хүснэгт өөрийн гараар бичиж өгсөн мэтээр тайлбарлаж байна. Тухайн хүснэгт дээр нь байгаа мөнгөн дүн нь өөрсдийн эзэмшлийн банкны дансаар орсон. Мөрдөгч н.Хатанболд шөнө 22 цаг болоход утасдаж байсан. Ингэхдээ мөнгө авч ир гэж хэлдэг. Манай нөхөр лүү залгаж “нялх биетэй, жирэмсэн эхнэрийг чинь аваачиж хорилоо шүү” гэж хэлдэг. Төрсний дараа нэг сартай хүүхэдтэй хүнийг өдөржингөө хүлээлгэсэн. Яг тэр үед мөнгө аваачиж өгсөн талаарх баримт хэрэгт байгаа. Тэгэхээр миний ярьсантай холбоотой бүх баримт хавтаст хэрэгт байгаа. Хохирогч талаас барилгын зураг өгсөн гэж тайлбарладаг. Хавтаст хэрэгт өгсөн барилгын зураг нь би өөрөө 25,000,000 төгрөгөөр Барилгын технологийн коллежийн тэнд байрлах барилгын зургийн компаниар өөрөө хийлгэсэн. Архиваас барилгын зургийг шүүлгэсэн боловч байхгүй байсан учраас үйлдвэрлэлийн процессыг бүрэн бүтэн авч явахын тулд өөрөө хийлгэсэн. Хохирогч талаас надад бүх бичиг баримтыг өгсөн гэж тайлбарласан. Гэтэл бид 8 төрлийн зөвшөөрөл авсан. 1 жил хоёр сарын дараа тамга, компанийн гэрчилгээ, үл хөдлөхийн гэрчилгээ болон газрын гэрчилгээ өгсөн. Өөр ямар ч бичиг баримт өгөөгүй. Үе шаттай шалгалтаар орсны дүнд 8 гэрчилгээг олгодог. Эдгээр гэрчилгээг авахын тулд надад үйлдвэрийг өгсөн гэх цаг хугацаанд засвар хийсээр байсан. Би хохирогч нарт итгэсэн учраас 1 жил, 2 сарын хугацаанд нэг ширхэг бичиг баримт аваагүй засвараа хийж байсан. Итгэж засвар хийсэн хүн нь би. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт бий. Тухайн 8 төрлийн зөвшөөрөл бүрдэж байж, 8 төрлийн үйл ажиллагаа бүрэн хүчээрээ ажиллах ёстой. Гэтэл уг 8 төрлийн зөвшөөрлийн хамгийн сүүлийн зөвшөөрөл нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Зөвхөн сүүлийн хоёр зөвшөөрлийг харахад хангалттай. Түүнээс даруй 20 хоногийн дараа цар тахал гарсан. Бүх бичиг баримт болсон учраас одоо л ажиллуулж өрөө дарна гэж бодож байхад цар тахалтай нүүр тулсан. Цагдаа, шүүхээс намайг 2019 оны 04 дүгээр сараас эхлэн дуудсан. Энэ үеэс эхлэн надтай холбоотой бүх дансыг хаасан. Энэ үеэс эхлэн миний болон миний байгууллагын дансны 5,000,000 төгрөгөөс дээш гүйлгээ бүрийг шүүж, Х.Ут танай байгууллагад өртэй юу, танайхаас ийм хэмжээний мөнгө орсон байна гэж утасдаж асуудаг. Өргүй гэж хэлэхэд нь утсаа тасалдаг байсан. Бид нар харилцан хамтарч ажилладаг хэмээн хариулахад үнэхээр өргүй биз дээ, хэрэв өртэй бол гаргаж өгье хэмээн лавлаж асуудаг байсан. Бизнес нэр хүнд дээр явдаг. Монгол улсын үндсэн хуульд 22 төрлийн халамжийн мөнгө ордог дансыг хааж болохгүй гэх заалт байдаг. Түүний нэг нь хүүхдийн мөнгө ордог данс. Гэтэл миний 5 хүүхдийн дансыг хаасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан гэж үзэж байна. 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэр бүхий Хятадууд ирж, намайг үйлдвэрээс хөөсөн асуудал гарсан. Ингэж А.Т гэх этгээд Хятад ард улсын иргэдэд надад зарахаас 4 жилийн өмнө төлбөрийг бүхэлд нь авч зарсан үйл баримт байгаа гэдгийг ойлгосон. Тийм учраас би өөрийгөө хохирсон гэж тайлбарласан. Тухайн Хятад улсын иргэд нь бид нарт шилжүүлж өгөхгүй байсан юм гэж тайлбарласан. 2019 он хүртэл би танай үйлдвэрийг шилжүүлж өгнө, би засвар хийж байгаа хэмээн тайлбарласан байсан. Өөрөөр миний засвар хийж байсан 1 жил, 2 сарын хугацааг цаад хүмүүстээ би засвар хийж байгаа мэтээр тайлбарлаж байсан. Тиймээс надаар үйлдвэрийг засвар хийлгэж аваад надад шилжүүлэхгүй гэх санаа зорилготой байсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Учир нь үйлдвэрийг Ж.С, А,А.Т нар зүгээр өгчхөөгүй. 1 жил, 2 сарын хугацаанд өөрийн шударга хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө засаж, янзалсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Тиймээс цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос Х.У-ийг үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Миста” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.С, А.Т нараас Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миста” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, 2,011 метр квадрат талбайтай, мал нядлах, махны анхан шатны боловсруулалт хийх болон хадгалах зоорьтой үйлдвэрийн зориулалттай 2 давхар байгууламж, 12,699 метр квадрат талбайтай газрыг компанийн хамт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,500,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцон худалдан авсан боловч хуурч, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төлбөрийг бүрэн төлөлгүй, 1,597,118,064 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
-хохирогч Г.Нт “өөрийгөө Бүгд Найрамдах Хятад Ард улсаас барилгын арматур төмөр оруулж ирдэг, түүнд 717,240,000 төгрөгийн үнэ бүхий 417 тонн барилгын арматур төмөр худалдан борлуулна” гэж итгэл төрүүлэн хуурч, Г.Нийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянгол ам, 7 дугаар хэсэг гудамжны 242/19 тоотод байрлах 317,639,400 төгрөгийн үнэ бүхий 154.4 метр квадрат талбайтай 2 давхар амины орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөртөө шилжүүлэн авсан,
мөн Г.Ноос 75,107,889 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 29, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус тус дансаар шилжүүлэн авч түүнд 111,471,480 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг хүлээлгэн өгч, үлдэгдэл арматур төмрийг нийлүүлээгүй, уг амины орон сууцыг бусдаас авсан зээлийн төлбөрт шилжүүлэн өгч, бодит байдлыг нуух замаар, гэрээгээр халхавчлан бусдыг төөрөгдөлд оруулан, 281,275,809 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
-“Глори кинг инвестмэнт групп” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон махан бүтээгдэхүүн экспортлох тусгай зөвшөөрөлгүй атлаа “Бүгд Найрамдах Хятад Ард улс руу адууны мах экспортолно” гэж Ө.Даваахүүд ойлгуулан, түүгээр дамжуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аз Очир импекс групп” ХХК-ийн захирал Ж.Очирсүхийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 25, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ө.Д-р дамжуулан 75,000,000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
1. Анхан шатны шүүх Х.У-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтүүд нь учир дутагдалтай байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3-т “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгахаар тус тус хуульчилсан.
Тодруулбал, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд болсон үйл явдлын бодит байдал, гэмт хэрэг үйлдсэн гэх хүний үйлдэл, үйл хөдлөлийн гадаад илрэл болон түүндээ хандаж байгаа сэтгэл зүйн хандлага, мөн хохирсон гэх хүний хариу үйлдлийн илрэл зэрэг хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтооход шаардагдах баримтат мэдээллийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, нарийвчлан тогтоолгүйгээр анхан шатны шүүх хэт ерөнхий, хийсвэр дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээс харилцан нэгнийгээ няцаасан нотлох баримтуудын аль нэгийг нь үнэлэхдээ нөгөөг нь үгүйсгэж буй үндэслэлээ тодорхойлж, хэргийн үйл баримтыг нягт нямбай, үнэн бодитой сэргээн тогтоох үүргээ хангалттай биелүүлэхгүйгээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглэжээ.
Нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, шүүхийн шийдвэрийн үндэслэл тодорхойгүй байх, үүнийгээ тайлбарлахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болговол шүүгдэгч, хохирогч болон хэргийн оролцогчдын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрх хөндөгдөх эрсдэлтэй.
Анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд, хэргийн үйл баримттай холбоотой яллах үндэслэл болгож буй хохирогч Х.А.Т: “...2018.09.27-ны өдөр үйлдвэрийн бүрэн эрхийг Х.У-т шилжүүлсэн. .. 2018.12.31-ний өдрийг дуусахад төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч та нар энэ хугацаанд амжиж төлж чадахгүй гэж хэлээд гэрээгээ 2019.01.31-ний өдрийг хүртэл сунгасан. ..Х.У нь миний мэдэхээр 2018 онд мах бэлтгээд түүнийгээ БНХАУ-руу гаргаж чадсан. ...Харин 2019 онд үйлдвэрлэл явуулсан эсэхийг мэдэхгүй байна. Тус үйлдвэрийг хүлээлгэн өгөхдөө үнэлгээ хийгдээгүй. ...С-ийн яриагаар Х.У нь махны экспортноос ойролцоогоор 2-3 тэрбум төгрөгийн авлагатай гэж байсан. ..Тухайн хүн нь надад учруулсан хохирлоо бага багаар төлж байгаа. ../1хх 87-88/,
хохирогч А.Т дахин өгсөн: “...Х.У нь албан ёсоор 2018.09.26-ны өдөр гэрээ хийж өөрийн нэр дээр махны үйлдвэрийг шилжүүлж авсан. Тухайн үед Н, С нар үнийг тохиролцсон. Харин надтай бол хувь эзэмших талаар тохиролцоод би бичиг баримт дээр 50 хувь гэж тохиролцсон боловч бодит байдал дээр 40 хувийг эзэмшээд гарах мөнгийг хувааж авахаар тохиролцсон. Би гэрээг хийгдэхээс өмнө урьдчилгаа 30.000.000 төгрөгийг бэлнээр, түүний дараа цагдаа дээр ирээд 2019.06.01-ний өдөр 8.600.000 төгрөгийг тус тус авсан. .. Х..Х.У нь анх үйлдвэрийг өөрийн нэр дээрээ шилжүүлж аваад банканд барьцаанд тавиад үлдэгдэл мөнгийг нь шууд өгнө гэж хэлж байсан. Тэгээд 2018 оны 09 сард А.Т бид нарын маргаан дуусаад нэрийг нь шилжүүлж өгсөн. Харин Х.У нь 2018 оны 12 сард багтааж өгөх ёстой мөнгөний 70 орчим хувийг төлнө. Хэрвээ төлбөрийг бүрэн төлж дуусгаж чадахгүй бол 2019.03.15-ны өдөр эцсийн байдлаар төлж дуусгана гэж ярилцаж тохиролцоод гэрээ хийсэн. Гэрээн дээр энэ бүгдийг тусгасан байгаа...” /3хх 135-136/,
хохирогч А.Т: “...би 2013 оны сүүл орчмоор Миста ХХК-г Наранбаатар гэх хүнтэй ярилцаж байгаад худалдаж авахаар тохирсон юм. Тэгээд гэрээний заалтын дагуу 400 сая төгрөгийг шилжүүлчхээд байж байтал 2014 онд шүлхий өвчний улмаас хориг тавигдаж махны үйлдвэр ажиллуулах ямар нэгэн боломжгүй болсон. Тэгээд би тус жилээ ямар нэгэн төлбөр мөнгө төлөлгүй явж байгаад тэрнээс хойш махны үйлдвэрлэл хийлгүй байж байгаад 2017 оны 08 сард Наранбаатар, Сэргэлэн нар над дээр ирээд Х.У гэх хүн худалдаж авах санал тавьсан. Тэгээд 1.5 тэрбум төгрөгөөр зарахаар болоод үйлдвэрийн хяналтыг шилжүүлж өгөөд явж байсан. Түүнээс хойш Наранбаатартай шүүхээр явсаар цаг хугацаа өнгөрч 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Иргэний хэргийн дээд шүүхийн шийдвэр гарч эвлэрээд 1.5 тэрбум төгрөгийг 950.000.000 төгрөг болон 550.000.000 төгрөгөөр тус тус хувааж авахаар тохирсон. Тэгээд Х.У худалдаж авахдаа үйлдвэрийг банкны барьцаанд тавьж зээл аваад түүгээрээ бид нарт өгөх ёстой мөнгөө өгөхөөр тохирч гэрээ хийгээд биднээс Миста ХХК-ын хувьдаа болон эзэмших эрхийг шилжүүлж авсан. Тэгээд түүнээс хойш надад нийт 80.000.000 төгрөгийг өгсөн. ...энэ хүн манай компанид 2017 оны 08 сараас эхлээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэр хүртэл манай найз Энхболд компани дээр менежер хийгээд сууж байсан. ...Х.У нь үйл ажиллагаа явуулахын тулд заавал завсар үйлчилгээ хийх ёстой. Учир нь үйлчилгээний стандартыг хангахгүй, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй. Миний мэдэхээр 2018 оны 12 сард мах нөөцөлчихсөн мэргэжлийн хяналтын газраас дарамт шахалт ирээд байна гэж хэлэхээр нь би түүнийг зохицуулж өгсөн. Харин Сэргэлэнгийн яриагаар Х.У нь махны экспортоос ойролцоогоор 2-оос 3 тэрбум төгрөгийн авлага байгаа гэж хэлж байсан...” /1хх 102-104/,
хохирогч Ж.С: “...би Наранбат гэх зуучлагч хүнд өөрийн объектыг зарж борлуулахаар захисан, тэгтэл Наранбат нь надад Х.У гэх хүнийг олж өгсөн. Тухайн үедээ тэр хүнтэй уулзалдаад 1,5 тэрбум төгрөгөөр зарахаар болоод гэрээ хийхэд урьдчилгаа болгож 90 сая төгрөг 10 хоногийн дотор өгнө. Харин үлдэгдэл мөнгийг нь 2018.12.25-ны өдрийн дотор банканд барьцаанд тавиад зээл аваад өгнө, тэгээд мөнгө хүрэлцэхгүй бол үлдэгдлийг 2019.03.15-ны өдөр өгнө гэж ярилцаж тохиролцоод гэрээ хийсэн. Тэгээд 2019.03.14-ний өдөр надтай ирж уулзалдаад хугацаа хойшлуулах шаардлагатай байгаа талаар надад хэлээд би хугацааг зөвлөлдөж байгаад 2019.04.15-ны өдрийг хүртэл сунгасан. ...Х.У нь 2017 оноос хойш үйлдвэрт байнгын үйл ажиллагаа явуулж байгаа.
Гэрээ хийснээс 7 хоногийн дотор 90.000.000 төгрөгийг бид нарт өгөөд 2018.12.15-ны өдрийн дотор нийт мөнгийг өгнө. Хэрвээ үлдэгдэл мөнгийг өгөх боломжгүй тохиолдолд 2019.03.15-ны дотор өр төлбөрийг төлж барагдуулж дуусгана гэж хэлсэн. Тухайн хүмүүс надад үйлдвэрийг авахаас өмнө 5.000.000 төгрөг, авсны дараа 40.000.000 төгрөг, цагдаад өргөдөл гаргаснаас хойш 60.000.000 төгрөгийг өгсөн. /1хх 92-95/,
хохирогч Ж.С дахин өгсөн: “...Би гэрээ хийгдэхээс өмнө урьдчилгаа мөнгө гэж ямар нэгэн байдлаар огт аваагүй. Харин 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн нэр дээрх 2 ширхэг гараашийг захиран зарцуулах эрхтэйгээр нотариатын гэрээг хийж Х.Ут хийж өгөөд 5 сая төгрөгийг зээлж аваад түүнийгээ гэрээ хийгдсэн учраас үйлдвэрийн төлбөрт суутгасан. Түүний дараа 2018 оны 11 сарын 07-ны өдөр дансаар 10.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөг дансаар авсан. Түүний дараа 2019 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр 6.000.000 төгрөгийг тус тус авсан. Харин цагдаад хандсаны дараа 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөг бэлнээр, 2019 оны 09 сард 50.000.000 төгрөгийг тус тус дансаар авсан. ...анх ярихдаа надад 700 сая орчим төгрөг надад бэлэн байна. Харин үлдсэн мөнгийг бол би үйлдвэрийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад банканд барьцаанд тавиад үлдэгдэл мөнгийг нь шууд өгнө гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ ингэж болохгүй гэдэг зүйлийг яриад хэсэг хугацаанд явсан боловч 2018 оны 9 сард над дээр ирээд одоо үйлдвэрийг барьцаанд тавихад бүх зүйл болчихсон байгаа. Тийм учраас та хоёр нэрээ над руу шилжүүлээд өгчих 7 хоногийн дотор үйлдвэрийн төлбөрт надад 90.000.000 төгрөг 2018 оны 12 сард багтааж өгөх ёстой мөнгөний 70 орчим хувийг төлнө. Хэрвээ төлбөрийг бүрэн төлж дуусгаж чадахгүй бол 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эцсийн байдлаар төлж дуусна гэж ярилцаж тохиролцож гэрээ хийсэн. Гэрээнд бүх зүйлийг тусгасан байгаа...” /3хх 132-133/,
гэрч Н.Н: “....Би 2009 онд С гэх өөрийн найзтайгаа нийлээд “Миста” ХХК-ийг анх барьж байгуулсан юм. Тэгээд 2013 оныг хүртэл мах боловсруулж байгаад мэргэжлийн бус хүмүүс үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа учраас өөр хүнд зарахаар шийдээд анх А.Т гэх хүнд тус үйлдвэрийг 1 тэрбум төгрөгөөр зарахаар тохиролцоод урьдчилгаа 400.000.000 төгрөгийг аваад Батбаатар гэх хүний нэр дээр байсан 50 хувийн хувьцааг А.Т-ын нэр рүү шилжүүлсэн. Гэтэл А.Т нь гэрээнд заасны дагуу үлдэгдэл мөнгөө төлөхгүй байсан учраас Х.У гэх хүнд зарахаар болчихсон. Тэгээд тус үйлдвэрийг 2017 оны 12 сард хүлээлгэж өгөөд бичиг баримтын асуудлын улмаас тус үйлдвэрийг Х.У-т албан ёсоор шилжүүлж өгч чадахгүй байж байгаад 2018.09.26-ны өдөр тус үйлдвэрийг худалдах, худалдан авах гэрээгээр 1,5 тэрбум төгрөгөөр бусад руу шилжүүлсэн юм. Тэгээд Х.У нь компанийн хувьцааг өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлж авч байж хөрөнгө оруулалт татна, тийм учраас бүтнээр нь шилжүүлж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу гэрээ хийгээд эцсийн байдлаар 2019.03.15-ны өдрийн дотор төлбөрийг ямар нэгэн үлдэгдэлгүйгээр төлж дуусгахаар тохиролцсон юм... ...Тухайн үед Х.У нь БНХАУ-аас хөрөнгө оруулалт авна, мөн банкнаас зээл аваад төлчихнө, эсвэл би өөрөө үүнийг бусад бизнесээр төлж барагдуулах боломжтой гэж хэлдэг байсан...” /1хх 120-121/,
гэрч Б.Х /Х.Уийн нөхөр/: “...2017 оны 08 сард С, Н, А.Т, өмгөөлөгч бид нар бүгдээрээ нийлж уулзалдаад компанийг худалдаж, худалдан авах гэрээ хэрхэн хийх талаар ярихад 1,8 тэрбум төгрөгөөр үнэлж байгаа гэж хэлэхээр нь би дээр дурдсан эвдрэлүүд байгаа, эдгээр эвдрэлүүдийг 300 орчим сая төгрөгт шийдвэрлэх боломжтой, тийм учраас үнийг 1,5 тэрбум төгрөг болгоё гэж тохиролцсон бөгөөд хувьцааны талаар хоорондоо ярилцахад урьдчилгаа 30 орчим өгсний дараа компанийг шууд шилжүүлж өгнө. Харин үлдэгдэл төлбөрийг хугацаа тохиролцоод хийж өгч болно гэсэн асуудал яригдсан. Тухайн уулзалт тарсны дараа А.Т компани тамга тэмдэг, гэрчилгээг эзэмшиж байсан гэх хүн буцаж өрөөнд орж ирээд яаралтай 150 сая төгрөг хэрэгтэй байна хүнд мөнгө өгөх шаардлагатай байгаа өгчих, маргааш тамга тэмдгээ авч ирээд компанийг шилжүүлээд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаширлаад нөгөө хүмүүс чинь мэдэж байгаа юу, эхнэртэйгээ ярилцаад эргээд хариу өгье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь би өөрийн эхнэрийг эмнэлгээс гаргаад явж байхад над руу ойр ойрхон залгаад байсан. Тэр үед манай эхнэр надаас асуухаар нь би болсон асуудлын талаар хэлэхэд юу ч болоогүй байхад мөнгөө битгий хий гэж хэлсэн. Тэр өдрийнхөө орой 80 сая төгрөг өгчих гэж хэлсэн. Маргааш нь бүүр 50 сая төгрөг өгчих гэж ярихаар нь би зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөгийг өгтөл А.Т гэх хүн утсаа аваад яриад байсан боловч надтай ирж уулзахгүй байсан. Тэгээд энэ байдал үргэлжилж явсаар компанийг албан ёсоор 2018.09.26-ны өдөр өөрийн эхнэр Х.У-ийн нэр дээр шилжүүлж авсан.
Бид хоёрт 2017 оны 7 сард үйлдвэртэй болохоор төлвөлчихсөн хайж байх үед 700 гаруй сая төгрөг байсан бөгөөд үүний 300 сая төгрөг нь бэлнээр үлдэгдэл нь үл хөдлөх хөрөнгөөр байсан. .... Миний эхнэр бид хоёр тус үйлдвэрийг өөрсдийн нэр дээр шилжүүлж аваад хувь болон банкнаас зээл авахаар тохирчихсон байсан бөгөөд компанийг шилжүүлэх процесс жил тойрч удсаар байгаад ийм асуудал үүсчихсэн. Мөн БНХАУ-аас хөрөнгө оруулагч ирсэн бөгөөд компанийг захиран зарцуулах эрх мэдэл байхгүй байсан учраас мөнгө олж чадаагүй. ...2017 оны 12 сард 20 хоног орчим ажиллаад цааш ажиллах боломжгүй болоод зогссон, тэр үедээ 1 зоорийг ашиглалтад оруулаад мах хадгалсан боловч эрчим хүчнийхэн тог салгачихсан. Тухайн үйлдвэр дээр ямар нэгэн үнэлгээ хийлгэсэн асуудал байхгүй. Гэхдээ Төрийн банкнаас зээл судалж байх явцад 158 сая төгрөгөөр үнэлэгдсэн. Тухайн үед Энхболд, нярав Одончимэг, өмгөөлөгч, бид нар байлцаж байгаад тоног төхөөрөмжүүдийг тоо ширхгээр хүлээлцэж авсан. Яг тэр үед цахилгаан байхгүй байсан учраас тоног төхөөрөмжүүдийг огт ажиллуулж чадаагүй...” /1хх 105-107/,
гэрч Б.Х дахин: “...2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарыг хүртэл үйл ажиллагаа явуулсан бөгөөд түүнээс хойш Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын газраас манай үйл ажиллагааг зогсоосон. Түүнээс хойш үргэлжлүүлэн засвар хийж байгаад 2018 оны 10 сараас 2019 оны 01 сарын дунд хүртэл ажиллаад дахин зогсолт хийгээд дахин засвар хийгээд 2019 оны 8 сараас одоог хүртэл үйл ажиллагаа явагдаж байгаа... Х.У бид хоёр үйлдвэрийг авснаас хойш А.Т, С нарт 210 сая төгрөг өгсөн. Харин үлдэгдлээ өгч чадахгүй байгаа... ...Үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө болон засварын мөнгө гаргаж авах шаардлагатай болоод барьцаанд тавьсан... Тухайн үед 2017 онд бэлнээр 570 сая төгрөгийг өгөөд үлдэгдлийг нь Голомт банкнаас зээл гаргуулахаар А.Т, С нартай тохиролцсон байсан. Эргэлтийн хөрөнгө гаргуулж авахаар материал бэлдсэн боловч түүнийгээ өгөөгүй учир нь Мист ХХК-ийн гэрчилгээ зэрэг нь ирэхгүй байсан...” /1хх 109-110/,
гэрч Н.Б: “...Тухайн үед мөнгөө бүтнээр нь хүлээж аваагүй учраас Наранбаатар бид хоёр явж очоод Б.Хосбаярт үйлдвэрийн ерөнхий байдлыг харуулж танилцуулаад хүлээлгэсэн өгсөн. Тухайн үедээ бол акт үйлдсэн асуудал байхгүй. Гэхдээ байсан эд зүйлсийн жагсаалтыг гаргаж гарын үсэг зурсан байгаа... ...Тухайн үед нэг бүрчлэн үйл ажиллагааг шалгаж үзээгүй миний ойлгосноор бол урьдчилсан байдлаар үйлдвэрийн хүлээлгэж өгч байгаа гэж ойлгоод ямар нэгэн албан ёсны бичиг баримт үйлдээгүй. Б.Хосбаяр нь шаардлагатай тоног төхөөрөмжийг өөрсдөө нэмж авчирна гэж байсан. Би тус үйлдвэрийг тасралтгүй тогтмол ажиллуулсан үед 1 сард 2-оос 3 сая төгрөг цахилгааны төлбөр өгч байсан. Ажиллагаагүй үедээ 200.000 орчим төгрөг тушааж байсан байх...” /1хх 118-119/,
гэрч Н.Н: “....Би 2009 онд Сэргэлэн гэх өөрийн найзтайгаа нийлээд “Миста” ХХК-ийг анх барьж байгуулсан юм. Тэгээд 2013 оныг хүртэл мах боловсруулж байгаад мэргэжлийн бус хүмүүс үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа учраас өөр хүнд зарахаар шийдээд анх А.Т гэх хүнд тус үйлдвэрийг 1 тэрбум төгрөгөөр зарахаар тохиролцоод урьдчилгаа 400.000.000 төгрөгийг аваад Батбаатар гэх хүний нэр дээр байсан 50 хувийн хувьцааг А.Тын нэр рүү шилжүүлсэн. Гэтэл А.Т нь гэрээнд заасны дагуу үлдэгдэл мөнгөө төлөхгүй байсан учраас Х.У гэх хүнд зарахаар болчихсон. Тэгээд тус үйлдвэрийг 2017 оны 12 сард хүлээлгэж өгөөд бичиг баримтын асуудлын улмаас тус үйлдвэрийг Х.Ут албан ёсоор шилжүүлж өгч чадахгүй байж байгаад 2018.09.26-ны өдөр тус үйлдвэрийг худалдах, худалдан авах гэрээгээр 1,5 тэрбум төгрөгөөр бусад руу шилжүүлсэн юм. Тэгээд Х.У нь компанийн хувьцааг өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлж авч байж хөрөнгө оруулалт татна, тийм учраас бүтнээр нь шилжүүлж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу гэрээ хийгээд эцсийн байдлаар 2019.03.15-ны өдрийн дотор төлбөрийг ямар нэгэн үлдэгдэлгүйгээр төлж дуусгахаар тохиролцсон юм... ...Тухайн үед Х.У нь БНХАУ-аас хөрөнгө оруулалт авна, мөн банкнаас зээл аваад төлчихнө, эсвэл би өөрөө үүнийг бусад бизнесээр төлж барагдуулах боломжтой гэж хэлдэг байсан...” /1хх 120-121/,
гэрч Д.Э: “...Би Миста ХХК-г 2015 оноос эхлээд дотор нь амьдарч харж хандаад явдаг байсан. ...амьдарч байх хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй. Би 2017 оны 09 cap орчимд Х.У, Хосбаяр нарт хүлээлгэж өгсөн шиг санаж байна. Нарийн он сарыг бол мэдэхгүй байна. ...Би Х.Уийг харснаас биш яг тулж харьцаж үзсэн асуудал бол байхгүй. Харин Хосбаяр гэх залууд бол үйлдвэрийн эд зүйлсийг нэг бүрчлэн хүлээлгэж өгсөн...миний санаж байгаагаар 1 давхарт байрлах 4 ширхэг хөргөгчийн 1 ширхэг нь ажиллаж байсан, мөн 2 давхарт байрлах мах тайрагч болон 5 тонн хэмжээтэй хөлдөөгч зэрэг ажиллаж байсан. Харин бусад бүх зүйл огт ажиллагаагүй болчихсон байсан. Ажиллаж байгаа гэж яриад байгаа 3 ширхэг зүйлийг залгаж хүлээлгэж өгсөн, харин бусад эд зүйлсийн хувьд огт ажиллахгүй угаасаа эвдэрчихсэн байсан...” /2хх 70-71/,
гэрч Ё.Э: “...Новел лизинг ХХКаас албан ёсоор “Глори кинг инвестмент групп” ХХК-ийн захирал Х.У нь 2018.11.12-ны өдөр гэрээ байгуулж түүнээс хойш 1,000,000,000 төгрөг хүртэлх зээлийг нэг сарын 2,39 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд тухайн үед манай байгууллагаас зээлийг олгосон графикийг харахад 2018.12.11-ний өдрөөс 2019.09.06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 16 удаагийн гүйлгээгээр 1,300,000,000 төгрөгийг олгосон байна. Гэхдээ уг мөнгийг олгож байх хугацаанд 2019.02.20-ны өдөр дахин гэрээ хийж нэг сарын 2.89 хувийн хүүтэйгээр дахин 300.000.000 төгрөг хүртэлх мөнгөн дүнг нэмж авч болохуйц зээлийн гэрээ дахиж байгуулаад нийт дүнгээр 1.300.000.000 төгрөгийг Хаан банкны 5069308832 дугаарын дансанд олгосон байна. Гэтэл Х.У нь уг хугацаанд 2019.08.20-ны өдөр 110,844,555 төгрөгийг хүүний төлөлт байдлаар хийснээс өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй. Миста ХХК-ийн хувьд тус Глори кинг инвестмент групп ХХК-д зээл олгоход зээлийн барьцаа болгож үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг барьцаа байдлаар авсан. ...зээлийн сарын хүүний төлөлт байхгүй мөн зээлийн нийт үнийн дүн өсөөд байсан учраас нэмэлт барьцаа шаардахад ямар нэгэн барьцаалах хөрөнгө байхгүй гэж яригдсан учраас тус компанийн 60 хувийг шилжүүлж авахаар болсон. ...зарим хэсэг нь зээлийг дарахад мөн зарим хэсэг нь тус Глори кинг инвестмент групп ХХК-ийн үндсэн үйл ажиллагаанд зориулж түүхий эд бүтээгдэхүүн авна гэж хэлж гаргуулсан мөнгөн дүнгүүд бол байгаа. Миний мэдэхээр 400.000.000 орчим төгрөг нь мах махан түүхий эдийг авахад зориулсан байх ёстой. ...манай байгууллага Мист ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг үндэслэж барьцаа олгосон. Тухайн байгууллагын зээл хүссэн шийдвэрийг үндэслээд миний бие нь өөрөө Х.Уийн хамт Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах махны үйлдвэр дээр очиж танилцаад барьцаа хөрөнгөн дээр үндэслээд зээл олгосон. Анх зээл авахдаа махны чиглэлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийж бэлтгэх гэж байгаа талаар надад хэлсэн. Намайг очиход нэлээдгүй олон хүн үйлдвэрт мах боловсруулаад үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байсан... Тухайн үедээ манай байгууллагын 20-30 тонн орчим хэмжээтэй ачдаг хөргөгчтэй Volvo автомашинаар нэг удаа хүргэлт хийж байсан...” /2хх 74-75/,
гэрч Я.Г: “...Новел лизинг ХХК нь фейсбүүкийн Mongolian Financial Exchange цахим хуудсанд мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид эргэлтийн хөрөнгийн санхүүжилт авна гэсэн утгатай зар тавигдсан байсан. Түүний дагуу би утсаар Новел лизинг ХХК-тай холбогдоход тодорхой хугацаанд мөнгөө ашиглуулаад хүүтэй нь буцаагаад ав харин ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд Новел лизинг ХХК нь 100 хувь батлан дааж барагдуулна гэсний үндсэн дээр Х.У гэх хүнтэй уулзалгүйгээр шууд Новел Лизинг ХХК-ийн гаргаж өгсөн гэрээний дагуу Глори Кинг Инестмент ХХК-ийн хаан банкны 5069308838 дугаарын данс руу 20.000.000 төгрөгийг 91 хоногийн хугацаатай 1 жилийн 19 хувийн хүүтэй гэрээ хийсэн даруйдаа шилжүүлсэн. ... би өөрийн мөнгийг бүрэн бүтэн хүүгийн хамт буцааж авсан. Би энэ байдлаар нэлээдгүй хэдэн удаа мөнгө зээлдүүлээд буцаагаад авч байсан...” /2хх 82-83/,
гэрч С.Д: “...Новел лизинг ХХК нь фейсбүүк цахим орчинд махны санхүүжилт тодорхой хугацаатай мөнгө зээлээд хүүгийн хамт буцааж аваарай гэсэн утгатай зар тавьсан байсан. Түүний дагуу утсаар Новел лизинг ХХК-тай холбогдоход тодорхой хугацаанд мөнгө ашиглуулаад хүүтэй нь буцаагаад ав. Харин ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд Новел Лизинг ХХК нь 100 хувь батлан дааж барагдуулна гэсний үндсэн дээр Х.У гэх хүнтэй уулзахгүйгээр шууд Новел лизинг ХХК-ийн гаргаж өгсөн гэрээний дагуу Глори Кинг Инвестмент ХХК-ын хаан банкны 5069308838 дугаарын данс руу 40.000.000 төгрөгийг 91 хоногийн хугацаатай 1 жилийн 19 хувийн хүүтэй гэрээ хийсэн даруйдаа шилжүүлсэн. Би өөрийн мөнгийг бүрэн бүтэн хүүгийн хамт буцаан авсан. Би нэлээд хэдэн удаа мөнгө зээлдүүлээд буцаагаад авч байсан...” /2хх 84-85/,
гэрч Ц.З: “...би Х.У гэх хүнийг танина. Энэ хүн нь Увс аймгийн харьяат бөгөөд 2019 онд мах бэлтгэн нийлүүлэх зорилгоор танилцаж байсан. ...Би өөрийн найз Мижиддоржийн махыг 2019 оны 01 сарын эхээр дамжуулж аваад Х.Ут өгсөн. Гэхдээ Х.У нь тооцоог бүтэн хийлгүйгээр увуулж цувуулж өгөөд дууссан. Миний одоо санаж байгаагаар бол 40.000.000 төгрөг орчим хэмжээний үнийн дүнтэй 8-аас 9 тонн орчим хэмжээтэй хонь, ямааны махыг хольж өгсөн. ...махыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зам дагуу замын урд талдаа байрлах 2 давхар байгууламжид буулгасан...” /2хх 97-98/,
гэрч Т.Э : “...2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 04 сарыг хүртэл хугацаанд өөрийнх нь ажиллуулдаг гэх махны үйлдвэрт гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тухайн үед ямар учиртай мөнгө шилжүүлсэн талаар сайн санахгүй байна. Миний хувьд Х.Уийн эсрэг талын Налайх дүүрэгт байрлах махны үйлдвэрийг түрээсэлж мах бэлтгэдэг байсан. бөгөөд Х.У надтай хамтарч ажиллах санал тавихад нь би тус компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан... Тухайн үед намайг гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад үед Х.У нь БНХАУ-ын иргэдтэй гэрээ хийчихсэн байсан бөгөөд тус Х.Уийн үйлдвэр тэдгээр хүмүүс нь 25 тонн мах бэлтгэж боловсруулаад түүнийгээ өөрсдөө ачаад аваад явсан. Гэхдээ яг ямар компаниар дамжуулж тус махыг хилээр гаргасан талаар надад мэдэх зүйл байхгүй. Мөн намайг эсрэг талд нь ажиллаж байх үед 2018 оны 12 сард Х.Уийн компани 11 тонн мах бэлтгэчихсэн байсан. БНХАУ-руу мах экспортод гаргаа гэж байх үед хамт квотдоо оруулаад ачаад өгөөч гэж хэлэхээр нь квотдоо багтааж махыг нь ачиж өгсөн. ..Би Экор эрүүл Монгол мах ХХК-ийн нэрээр нийт 25 тонн махыг гаргасан. Үүнээс 11 тонн махыг Х.Уийн үйлдвэр бэлтгээд мөнгөө авсан. Тухайн үед тус үйлдвэрийг БНХАУ-ын иргэд эзэмшдэг байсан. ...миний ажиллаж байх хугацаанд тус компани нь нийт 25 тонн махыг бэлтгэсэн. Намайг анх очиход тухайн үйлдвэр нь ямар нэгэн махны чиглэлээр үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй байсан. Тиймээс би үйлдвэрээс нь мөнгө гаргуулаад нийт 80 сая орчим төгрөгөөр тоног төхөөрөмж, гадна болон дотор засалд зарцуулсан...” /2хх 102-103/,
гэрч Б.М: “...Хаан банкны 00000000000 тоот дансанд 2019 оны 09 сарын 07-ны өдөр 00000000 тоот данснаас орж ирсэн 71,600,000 төгрөг нь 2019 оны 06 сарын орчим Х.У нь надаас 2018 онд үйлдвэрлэгдсэн Лексус-570 загварын шаргал өнгөтэй автомашиныг нэр шилжүүлэлгүйгээр зогсоох байдлаар барьцаалж 65,000,000 төгрөгийг зээлж авсан. Түүний хүү болон алдангид тооцож уг мөнгийг миний данс руу шилжүүлж машинаа авч байсан юм. ...Х.Уийг мах худалдаж авч байхыг бол харж байсан. Учир нь надад Налайх дүүрэгт байрлах үйлдвэрээ үзүүлж мах авч боловсруулаад түүнээс олсон ашгаараа өрөө төлнө гэж хэлээд надаас мах авахаар 100 орчим сая төгрөг авсан...” /2хх 112-113/,
Н.Г.Нтой холбоотой хэрэгт:
Дарцагт Ноёд групп ХХК болон Юу Эл Эн Ти нарын хооронд байгуулсан барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ /5хх 167-170/,
Юу Эл Энд Эн Ти ХХК-ны захирал Х.У нь Дарцаг ноёд ХХК-д хандсан албан бичиг: “...Дарцагт Ноёд групп ХХК болон Юу Эл Эн Ти нарын хооронд байгуулсан барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээг цуцалж байгаатай холбогдуулан үлдэгдэл төлбөр болох 36.363.591 төгрөгийг манай ХХК-ний голомт банкны 0000000 тоот дансанд шилжүүлсний дараа бид бартерд авсан СХД-н 22-р хороо Баянголын ам 7-р хэсэг гудамж 242/19 тоот хаягт байршилтай хувийн орон сууны үл хөдлөхийн гэрчилгээг Дарцагт Ноёд ХХК-д хүлээлгэн өгнө /5хх 192-193/,
Арматур нийлүүлэлтийн тооцоо нийлсэн акт /5хх 194-196/, Дарцагт Ноёд ХХК-ээс бартерд авсан гэх Х.Уийн үл хөдлөх хөрөнгөд үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 201-204/,
хохирогч Г.Н: “...Х.У манайх арматур төмөр нийлүүлж болно гэхээр нь хэчнээн тонныг нийлүүлэх үү гэхэд 5-10 мянган тонныг л оруулж ирж нийлүүлж чадна. Харин бартераар солилцох журмаар үнийн дүнгийн 30-40 хувьд нь оролцуулна гэж тохироод салсан. Дараа нь өөрсдийн ажилтан нартай Хоймор Оффист байрлах Удвалын компанид очиж гэрээ байгуулсан. Тэр гэрээн дээр 420 тонн арматур төмрийг авахаар тусгасан нийт үнийн дүн нь 717.240.000 төгрөг болохоор болж төмрөө авч нийлүүлж эхлэхээр үнийн дүнгийн 67 хувийг бэлнээр өгөөд, үлдэгдэл 33.4 хувьд нь бартер оролцуулж үнийн дүнгээс хасуулахаар тохиролцон хаусаа өгье гэсэн. Тэгээд ажил эхлэх үеэр эхний ээлжид 40 тонн төмөр авах захиалга өгөөд үүний 67 хувь ойролцоогоор 48 сая төгрөгийг Удвалын Юу Эл Энд Ти гэх ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Тэгээд 4-5 хоногийн дараагаар арматур төмрөө хүлээн авсан бөгөөд 14 хоногийн дараа дараагийн захиалга өгч 25 сая төгрөгийг мөн дээрх компанийн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш огт манайх төмөр авч чадахгүй болсон Х.У рүү ярихад Хятадад байна би урдаас төмөр захиалчихсан байгаа ирэхээр нь өгнөө хүлээж бай гэхээр итгээд хүлээхэд ирээгүй сарын дараа гэхэд уг арматур төмөр ирэхгүй байсан учраас манай компани өөр газраас төмөр нийлүүлж авсан.
...Х.У манайх нийт арматур төмрийн захиалгынхаа 30 хувьд нь бартер оруулах боломжтой гэхээр нь хаусаа бартерт өгчихнө гэж бодоод арматур худалдах худалдан авах гэрээ байгуулж байгууллагын тамга тэмдэг дарж баталгаажуулсан байдаг. Одоо хаусаа буцааж авмаар байна гэхээр өөр хүнд зарчихсан байсан. Би мөнгийг чинь 3 сарын 15 гэхэд барагдуулна гэж хэлээд Сүхбаатар дүүрэгт гар бичмэл үйлдүүлж 20 сая төгрөг авсан байдаг бөгөөд яг одоогоор нийт 176 орчим сая төгрөгийн үлдэгдэл байна..." /5хх 230-231/,
гэрч Ц.Ц: “...Миний бие 2019 онд "Юу Эл Энд Ти" ххк-д менежер албан тушаал хашиж байхад ерөнхий захирал Х.У нь Г.Н гэх хүнтэй өөрийн албан өрөөндөө уулзалт хийж манай найз байгаа юмаа барилга барих гэж байгаа гэнээ тэгээд манайхаас арматур төмөр худалдах, худалдан авах талаар ирж надтай тохиролцлоо. Чи энэ хүнтэй яриарай тэгээд уулзаж очоод бартерт манайд шилжүүлэн өгөх хаусыг нь очоод үзээд гэрээ байгуулна шүү гэхээр нь Г.Н гэх хүний 0000000 дугаарын утсаар нь холбогдоод манай захирал Х.У тантай холбогдоод бартерын хаусыг чинь үзээд гэрээ байгуулчих гэсэн юмаа гэхэд би завгүй байна гэж хойшлуулсаар байгаад гэрээг 7 хоногийн дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хархорин худалдааны төвийн хажууд байрлах нотариатын газар уулзаж Худалдах худалдан авах гэрээ байгуулан миний нэр дээр хаусыг шилжүүлэн итгэмжлэх хийж өгсөн. Тэгээд би удалгүй өөр ажил эрхлэх зорилгоор 10 сард ажлаасаа гарсан.
Манай компани арматур төмрийн худалдаа эрхэлдэг байсан. Би өөрөө очиж байсан. Бугат хотын арматур гээд БНХАУ-аас оруулж ирдэг худалдаачидтай уулзаж бөөнөөр нь арматур авч авах газарт нь нийлүүлдэг байсан. ...Би өөрөө очиж үзсэн. Тухайн үед тэр хаус гээд байгаа барилга нь гүйцэтгэл муутай 50 хувьтай байсан. Тэгсэн мөртлөө гэрчилгээ гарчихсан байсан. Би хэрэв захирлын оронд нь байсан бол ийм хаусыг бартерт бодож авахгүй байх байсан. Хаалга, цонхгүй, дутуу баригдсан барилга байсан. Гэхдээ би энэ байгууллагад ажилдаг ажилтны хувьд захирлууд хоорондоо шийдэж тохиролцсон зүйл дээр гээд дуугүй байж чадахгүй Х.У захиралд энэ хаусны гүйцэтгэл болон хийц хийцийн талаар хэлэхэд би Г.Нийг сайн танина найзууд болохоор тусалж байгаа юм гэхээр нь за гээд өнгөрсөн. Тухайн үед манай захирал Х.У гадагшаа явсан учраас миний нэр дээр итгэмжлэлийг хийсэн юм. Захирал Х.У өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэхэд Г.Н өөрөө хүлээлгээд байсан учраас захирал гадагшаа явчихсан... ...гэрээний нөхцөлийн хувьд 30% нь бартерт, 70% нь бэлэн мөнгө төлөөд арматур төмөр нийлүүлнэ гэж байсан. Тэр гэрээ байгуулагдсаны дараа Х.У арматур төмөр нийлүүлдэг байсан. Дараа нь Х.У Г.Н хэлсэндээ байхгүй мөнгөө өгөхгүй сунжраад байхаар нь би мөнгийг нь шилжүүлсэн гэж хэлж байсан...” /6хх 12-13/,
гэрч Б.Б: “...Хаусыг нь 2020 оны 02 дугаар сард Мөнхтэмүүлэн гэх хүнтэй хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нотариатын газарт очиж "худалдах худалдан авах гэрээг байгуулж өөрийн төрсөн охин М.Шинэцэцэгийн нэр дээр гаргуулан авч үл хөдлөх бүртгэлийн газарт материалаа бүрдүүлэн өгч Шинэцэцэгийн нэр дээр гаргуулан авсан. Энэ тухай миний төрсөн охин Шинэцэцэг юу ч мэдэхгүй. Учир Мөнхтэмүүлэнд 2018 оноос хойш Хаан банкны өөрийн 00000000000 тоот өөрийн охин Шинэцэцэг бид 2-ын хамтын данснаас Мөнхтэмүүлэнд нийт 100 гаруй сая төгрөгийг зээлсэн байсан ба 2020 оны 02 дугаар сард зээлсэн мөнгөө нэхэхэд Мөнхтэмүүлэн би танд өрөндөө бодож Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар Баянголын аманд байрлах 2 давхар хаусыг өгнө гэхээр нь өөрийн охиныхоо нэр дээр шилжүүлэн авсан...” /6хх 21-22/,
гэрч Б.Мөнхтэмүүлэн: “...Би Х.У гэх хүнийг танина. 2019 оны сүүлээр Х.У гэх хүн миний найз охин Шинэбаярын аав Мэндсайхан миний таньдаг хүн мөнгө зээлээч гээд байна чи мөнгө зээлэх үү гэхээр нь анх уулзаж байсан. Тэгээд Х.У надтай уулзаад Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гээд дагуулж яваад үзүүлж харуулж байсан. Тэгээд 60.000.000 төгрөгийг Х.У бэлнээр 15 хоногийн хугацаатай аваад өгч хугацаандаа өгсөн. Тэгээд дараа нь 2019 оны сүүлээр санагдаж надтай ЧД-ийн "Найман шарга" худалдааны төвийн гадна ганцаараа ирж уулзаад мөнгө зээлээч гэхээр нь 120.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай нотариатын газарт очиж зээлийн гэрээ байгуулаад бэлнээр өгсөн. Тэгээд дараа нь би мөнгөө нэхэхэд өгөхгүй болохоор очиж уулзахад надад нэг хаус байгаа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Найрамдал зуслан явах замд байгаа гэхээр нь уг хаусны гэрчилгээг Хосбаяр гэх нөхрийнх нь нэр дээрээс шилжүүлэн авсан. Миний хувьд Х.Уээс авах ёстой байсан 120.000.000 төгрөгт бодож авсан. ... Одоо хаус нь Шинэцэцэг гэх манай талийгаач найз охин М.Шинэбаярын дүүгийн нэр дээр байгаа байх гэж бодож байна. Миний хувьд 2018 оноос эхлэн Байгалмаа эгчээс 100 гаруй сая төгрөгийг зээлж байсан мөнгөндөө бодож Х.Уийн нөхөр Х-с шилжүүлэн авсан Хаусыг дүү Шинэцэцэгийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Энэ мөнгөний асуудлыг Шинэцэцэг мэдэхгүй Байгалмаа эгч бид 2-ын дунд өр зээл байсан учраас нэхэхээр нь би дүүгийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Х.У нь миний өөрийн хаус одоо манай нөхөр Х-ын нэр дээр байгаа юмаа гэж хэлээд нөхөртэй чи “худалдах худалдан авах гэрээ байгуулаад” өрөндөө бодоод авчих гэхээр нь тухайн хаусыг нөхөртэй нь хамт нотариатын газраар гэрээ байгуулан өөрийнхөө нэр дээр болгож авчхаад давхар Байгалмаа эгчид би өртэй байсан учраас өрөндөө Байгалмаа эгчийн охин Шинэцэцэгт шилжүүлэн өгсөн. Түүнээс энэ хаус ямар нэгэн маргаантай гэдэг талаар огт мэдээгүй...” /6хх 25-26/ зэрэг мэдүүлэг, нотлох баримтуудыг хэрхэн, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа шийдвэртээ тодорхой заагаагүй, үйлдэл тус бүрийг ямар нотлох баримтаар үгүйсгэсэн нь тодорхойгүй, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, үйлдэл тус бүр дээр ялгаа заагтайгаар нарийвчлан дүгнэлт хийгээгүй нь хэргийн бодит байдал, Х.У-ийн үйлдэл, санаа зорилготой нийцээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийн цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заасныг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл, шүүх Х.У-ийн хохирогч Ж.С, А.Т нараас Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миста” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, 2,011 метр квадрат талбайтай, мал нядлах, махны анхан шатны боловсруулалт хийх болон хадгалах зоорьтой үйлдвэрийн зориулалттай 2 давхар байгууламж, 12,699 метр квадрат талбайтай газрыг компанийн хамт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,500,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцон худалдан авсан боловч хуурч, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төлбөрийг бүрэн төлөлгүй, 1,597,118,064 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
-хохирогч Г.Нт “өөрийгөө Бүгд Найрамдах Хятад Ард улсаас барилгын арматур төмөр оруулж ирдэг, түүнд 717,240,000 төгрөгийн үнэ бүхий 417 тонн барилгын арматур төмөр худалдан борлуулна” гэж итгэл төрүүлэн хуурч, Г.Нийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянгол ам, 7 дугаар хэсэг гудамжны 242/19 тоотод байрлах 317,639,400 төгрөгийн үнэ бүхий 154.4 метр квадрат талбайтай 2 давхар амины орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөртөө шилжүүлэн авсан,
мөн Г.Ноос 75,107,889 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 29, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус тус дансаар шилжүүлэн авч түүнд 111,471,480 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг хүлээлгэн өгч, үлдэгдэл арматур төмрийг нийлүүлээгүй, уг амины орон сууцыг бусдаас авсан зээлийн төлбөрт шилжүүлэн өгч, бодит байдлыг нуух замаар, гэрээгээр халхавчлан бусдыг төөрөгдөлд оруулан, 281,275,809 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан үйлдлүүдийг нотолж буй хохирогч нарын удаа дараагийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр /үйлдэл тус бүрийг няцааж, үгүйсгээгүй/ хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Х.Ут холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинж, удаа дараагийн үйлдэл тус бүрийн шинжид нь дүгнэлт өгөх нь зүйтэй.
Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, цагаатгагдсан этгээд нарын мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.
Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор буюу шүүгдэгчийн гэм буруутай эсэх үйл явдалтай холбогдсон шууд ба шууд бус нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдал, үйлдэл тус бүрийг нягтлан шалгаагүй, аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр дан ганц гэм буруугүйд тооцох зарчимд тулгуурлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийг бодит байдал, үйл баримтад нийцээгүй байна.
Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.
2. Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах нь шүүхийн үүрэг юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.
Дээрх үндэслэл, шалгуурын дагуу давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг бүхэлд нь дүгнэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг зөрчиж, анхан шатны шүүх Х.Ут холбогдох хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэж шүүхийн тогтоол гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасан ноцтой зөрчил гаргажээ.
Тодруулбал, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг даргалагч шүүгчээр ерөнхий шүүгч Б.Батболорыг томилж, /9хх 207/ улмаар 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/2366 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногоор хойшлуулж, зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгаж шийдвэрлэжээ. /шүүгч Б.Батболор/ 11хх 36-43
Дээрх шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/1900 дүгээр шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны товыг тогтоосон байна.
Гэтэл уг хэргийн даргалагч шүүгчээр шүүгч И.Ганбатыг томилсон ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй, түүнчлэн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааны тов тогтоох шүүгчийн захирамжид Х.У-т холбогдох хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан гэх боловч хэргийн арын хавтаст шүүгч И.Ганбатад тухайн хэргийг хуваарилсан гэх дардас дарагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл ерөнхий шүүгчийн захирамжаар даргалагч шүүгч И.Ганбатыг томилсон, түүнийг албажуулсан захирамж хэрэгт авагдаагүй шүүхийн тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлд заасан “Шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй байх” 34.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон бол өөр шүүгч томилж, шүүх хуралдааныг эхнээс нь явуулна. ...” гэж заасныг, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасан “...шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.
Иймд дээрх хууль бус бүрэлдэхүүнээр шүүхийн тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул дээрх үндэслэлүүдийн хүрээнд прокурор Б.Энхбатын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Ж.С, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан, С.Ганзул, хохирогч Г.Нийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, хохирогч А.Т, хохирогч Ж.С, А.Т нарын өмгөөлөгч Ж.Оюунболд, Л.Цэндсүрэн, А.Энхгэрэл нарын гаргасан “Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий эсэргүүцэл, давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хангаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ЦТ/1395 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Х.Ут урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ЦТ/1395 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Прокурор Б.Энхбатын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцэл, хохирогч Ж.С, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан, С.Ганзул, хохирогч Г.Нийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, хохирогч А.Т, хохирогч Ж.С, А.Т нарын өмгөөлөгч Ж.Оюунболд, Л.Цэндсүрэн, А.Энхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хангасугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ