Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 506

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ___ овогт Ч-н Б-т холбогдох ____________ дугаартай, эрүүгийн 1 хавтаст хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр М.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол” учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Бын өгсөн:

“...2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн үед охин Байгалийг сургуульд нь хүргэж өгөөд, харих замдаа цэрэгт хамт явж байсан Тулга гэх залуутай архи хувааж уугаад, оройн 18 цагийн үед БГД-н 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ харьсан. Эхнэр ажлаа тараад 20 цагийн үед ирсэн. Эхнэр архи уулаа гэж уурласан. Хэрэлдсэн би орон дээр дэр дэрлээд хэвтэж байгаад уг дэрээр 2-3 удаа цохисон. Мөн гарыг нь мушгисан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 18, 34-35/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч М.Агийн өгсөн:

            “...2018 оны 4 дүгээр сарын 13-ны оройн 20 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн. Нөхөр согтуу архи уусан унтаж байсан. Охин Б-д хоол хийж өгөөгүй байсан. Охиндоо хоол хийж өгөхгүй яасан юм бэ гэж хэлсэн. 2 хоног хоносон хоол халааж өгсөн шүү дээ гэж нөхөр хэлсэн. Чи гичий минь гадуур банзалдаж явж ирээд хоол хийж өгөхгүй, ах нар чинь архичин гэхээр нь би хүүхдийн хажууд дуугүй бай гэж хэлсэн чинь гэртээ би чанга дугарахад яадаг юм гэж хэлсэн шилэн хүзүү рүү баруун гараараа нэг удаа цохисон. Чамайг яасан ч яадаг юм би энэ гэрт хоол хийж хог шороог чинь цэвэрлэж байна гэж нөхөр хэлсэн. Тэгэхээр нь би чи эр хүний үүргээ биелүүлээ би гэртээ байж гэр орондоо байя гэж хэлэхэд надад гар хүрч зодсон. Гомдол санал байхгүй, би нөхөртэйгөө эвлэрсэн хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 11-12, 26-27/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн ___ тоот: 

1.4. М.Агийн биед тархи доргилт, дух, баруун хацар, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын язрал, цус хуралт, зүүн бугалга, шууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2.3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-н 15/,

 

            - Хохирогч М.Агийн Баянгол дүүргийн Прокурорын газарт гаргасан өргөдөл /хх-н 39/,

 

Шүүгдэгч Ч.Бын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 22/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 31/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ч.Бт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Ч.Бт 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр М.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ч.Бын “...Эхнэр ажлаа тараад 20 цагийн үед гэртээ ирсэн. Эхнэр архи уулаа гэж уурласан. Хэрэлдсэн би орон дээр дэр дэрлээд хэвтэж байгаад уг дэрээр 2-3 удаа цохисон. Мөн гарыг нь мушгисан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч М.Агийн “...2018 оны 4 дүгээр сарын 13-ны оройн 20 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн. Нөхөр согтуу архи уусан унтаж байсан. Охин Б-д хоол хийж өгөөгүй байсан. Охиндоо хоол хийж өгөхгүй яасан юм бэ гэж хэлсэн. 2 хоног хоносон хоол халааж өгсөн шүү дээ гэж нөхөр хэлсэн. Чи гичий минь гадуур банзалдаж явж ирээд хоол хийж өгөхгүй, ах нар чинь архичин гэхээр нь би хүүхдийн хажууд дуугүй бай гэж хэлсэн чинь гэртээ би чанга дугарахад яадаг юм гэж хэлсэн шилэн хүзүү рүү баруун гараараа нэг удаа цохисон. Чамайг яасан ч яадаг юм би энэ гэрт хоол хийж хог шороог чинь цэвэрлэж байна гэж нөхөр хэлсэн. Тэгэхээр нь би чи эр хүний үүргээ биелүүлээ би гэртээ байж гэр орондоо байя гэж хэлэхэд надад гар хүрч зодсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн 4912 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч М.А нь “...Гомдол санал байхгүй, би нөхөртэйгөө эвлэрсэн хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 11-12, 26-27/ хавтаст хэрэгт өгснийг харгалзан шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 480,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг тул торгуулийн ялыг 3 сарын дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч _________ овогт Ч-н Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Б-ыг 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Бын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ