Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 215

 

З.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 7 дугаар магадлалтай, З.Д-д холбогдох 191500530279 дугаартай эрүүгийн хэргийг Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Мөнхнарангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1960 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгэлгүй, Т овогт З.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн шинэс төрлийн 5м куб мод, 72-08 БУЛ улсын дугаартай, “Porter” загварын тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр улаан өнгийн цахилгаан /моторт/ хөрөө зэргийг шүүгдэгч З.Д-с албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн шинэс төрлийн 5м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр улаан өнгийн цахилгаан /моторт/ хөрөө шүүгдэгч З.Д-с гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, 72-08 БУЛ улсын дугаартай, “Porter” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч З.Д-д буцаан олгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Д, түүний өмгөөлөгч Д.Энхбаярын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Мөнхнаран бичсэн эсэргүүцэлдээ “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч З.Д нь эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авалгүй ойгоос 5м3 мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн 72-08 БУЛ улсын дугаартай, “Porter” загварын тээврийн хэрэгслийг ашиглан Булган аймгийн Орхон сумын нутаг “Хоргоны энгэр” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан прокурорын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн шинэс төрлийн 5м3 мод, 72-08 БУЛ улсын дугаартай, “Porter" загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч З.Д-с албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж “Porter” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч 3.Д-д буцаан олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан. Хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан байхад давж заалдахш шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсгийг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нотлогдож, тогтоогдсон. Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан З.Д-н өмчлөлийн тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөөг хурааж Улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин давж заалдах шатны “тээврийн хэрэгслийг буцаан олгох нь зүйтэй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй байна. Учир нь Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан, хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй” гэсэн байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр хэлсэн саналдаа “З.Д нь үйлдсэн хэрэг, эрүүгийн хариуцлагад ямар нэгэн маргаан байхгүй. Гагцхүү “Портер” машинаа өгөхгүй гэсэн гомдол гаргадаг. Шүүгдэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэсэн заалт байдаг. Гэтэл З.Д-н “Портер” машиныг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хохирлын хэмжээнээс давсан байна. Мөн тухайн тээврийн хэрэгслээр гэр бүлийн амьжиргаагаа залгуулдаг. Бодит хохирол болох 300,000 төгрөгийг хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж төлсөн тул заавал амьжиргааны эх үүсвэр болсон тээврийн хэрэгслийг нь улсын орлогод оруулах шаарлагагүй. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Мөнхнарангийн бичсэн эсэргүүцийг үндэслэн З.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

            Прокуророос З.Д-г 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг “Хонгорын энгэр” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, З.Д-н үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байхад хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн хэргийг буруу шийдвэрлэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх З.Д-н зөвшөөрөлгүйгээр бэлтгэн тээвэрлэсэн модны товарлаг байдал, чанарлаг шинжид анхаарал хандуулаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэгт заасан мод бэлтгэх ажиллагаа нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан огтлолтоор мод бэлтгэх ажиллагаа байх бөгөөд арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт гэсэн гурван төрөлтэй байхаар хуульчилжээ.

Харин ойгоос хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэх байдлаар түлээ бэлтгэх нь мод бэлтгэлд хамаарахгүй, улмаар хэрэглээний мод, түлээ гэсэн ойлголтуудыг ч Ойн тухай, Байгалийн баялгийг ашиглах тухай хуулиудад ч тус, тусад нь салангид авч үзсэнээс харвал зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэсэн ойлголтыг тайлбарлахдаа модны шинж чанар, түүнийг бэлтгэсэн арга, шаардагдах зөвшөөрлөөс хамааруулан ялгаатай авч үзэх шаардлагатай байна.

Ургаа мод огтолж, түүний үндсэн хэсгээс бэлтгэсэн хэрэглээний мод болон ойгоос хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэж бэлтгэсэн түлээ нь бэлтгэх, боловсруулах арга, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөрөө ялгаатай ойн бүтээгдэхүүнүүд болохыг тэмдэглэхийн зэрэгцээ бэлтгэх зөвшөөрлийн түвшин, ойн нөөц ашигласны төлбөрийн хэмжээгээр ч эрс ялгаатай болохыг харгалзаж зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн тохиолдолд нийгэмд учруулах хор аюулыг харгалзан тооцож гэмт хэрэг эсвэл зөрчлийн алинд хамааруулахыг шүүх шийдвэрлэх нь зүйтэй.

Аж ахуйн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, ойг бохирдуулж, улмаар ойн төлөв байдлыг доройтуулсан сөрөг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх нь аливаа үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд учруулж болох аюулын хэр хэмжээ нь түүнийг гэмт хэрэгт тооцох үндсэн шалгуур байх эрүүгийн эрх зүйн тулгуур зарчимд нийцнэ.

Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, хожуул, унанги, гишүү, мөчир цуглуулах, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар түлээний мод бэлтгэх нь ойн санд хор, хохирол учруулахгүйгээр үл барам ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад эерэгээр нөлөөлөх үйл ажиллагаа гэж үзэх учир З.Д-н түүсэн түлээний шинж байдал, түүнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг үзээд байгаль орчинд хортой нөлөөлсөн, экологийн тэнцлийг алдагдуулсан, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтэд саад учруулсан хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл үгүйсгэгдсэн байна гэж дүгнэхээр байна.

Ойн цэвэрлэгээний аргаар хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашиглавал төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх зохицуулалтыг ойн болон байгалийн нөөц ашиглах тухай өмнөх хууль тогтоомжуудад хэрэглэж байсан нь уг үйл ажиллагааг байгальд ашигтай гэж үзэж байсны нэг илрэл юм. Хэдийгээр З.Д-н зөвшөөрөлгүйгээр хууль бусаар унанги, гишүү түүж авсан үйлдэл нь хуулиар тогтоосон зөвшөөрлийн тогтолцоог үгүйсгэж эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн нь тогтоогдсон байх боловч энэхүү үйлдлийн улмаас байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Гэвч Ойн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 9.2-т иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зөвхөн зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй болохыг заасан.

Нийгэмд хор хохирол учруулахгүйн улмаас хууль, захиргааны хэм хэмжээний актаар хориглоогүй боловч зөвшөөрлийн үндсэн дээр явуулах, үйлдвэрлэл, үйл ажиллагааг иргэн, аж ахуй нэгж нь зөвшөөрөлгүй эрхэлвэл “зөрчил”-д тооцож хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан нь З.Д-н үйлдэлд хамаарахаар байна.

Хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчлахдаа хууль бусаар түүж бэлтгэсэн модны зориулалт, мод бэлтгэх зөвшөөрлийн түвшин, тус гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж зэргээс гадна гэмт хэрэгт тооцох хамгийн чухал шалгуур болох нийгмийн хор аюулыг харгалзан үзэхийг чухалчилсныг хоёр шатны шүүх харгалзан үзэхгүйгээр хуулийн зорилго, мөн чанарын бус зөвхөн хэл зүйн тайлбар хийж хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэлээ.

Иймд З.Д-н зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нөхцөл байдал, ойн санд учруулсан хохирлын хэр хэмжээ, зөрчлийн шинж чанарыг харгалзан прокурорын эсэргүүцлийг хүлээж авахаас татгалзаж, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, З.Д-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 7 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, З.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, З.Д-г цагаатгасугай.

2. Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                                                      ШҮҮГЧ                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН