Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0405

 

 “Х о к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0299 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З-ын давж заалдах гомдлоор, “Х о к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0299 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17, 18 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х о к” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн “Х о к” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Х о к ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн NE-026155 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, “Х о к” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Тариат нэртэй 2395.03 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З давж заалдах гомдолдоо:  “...манай компани 2015 онд буюу хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох тухай Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт хүчин төгөлдөх байх үед өргөдөл гаргасан. Энэхүү өргөдлийг шийдвэрлэх ажиллагаа төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас өнөөдрийг хүрсэн бөгөөд Кадастрын даргын шийдвэр гарснаас хойш шат шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль тогтоогч хуульд өөрчлөлт оруулсан. Нэгэнт энэ нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Мөн шүүхээр хэргийг шийдэх явцад хуульд өөрчлөлт орсон нь иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хохироох үндэслэл болохгүй.  ...манай компанийн буруутай үйлдэл байхгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой гэж итгэж өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн итгэлийг хамгаалж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ёстой бөгөөд Кадастрын хэлтэс өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх үүрэгтэй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Х о к” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Тариат нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хүлээн авч, зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийсний үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас санал авахаар албан бичиг хүргүүлэхэд Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэж татгалзсан хариу ирүүлсэн тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, “...өргөдлийн талбай нь хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай давхцаагүй байхад Засаг дарга хуулийн үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд хариуцагчаас тухайн саналын хууль зүйн үндэслэлийг хянан шалгаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ёстой байсан, манай компани 2015 онд буюу хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгодог байсан Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр байх үед өргөдөл гаргасан ба төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хугацаа алдаж, улмаар энэ хугацаанд хуульд өөрчлөлт орсон, иймд тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах эрхтэй этгээд мөн, ...манай компанийн буруутай үйлдэл байхгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой гэж итгэж өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн "итгэлийг хамгаалж Кадастрын хэлтэс өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх үүрэгтэй” гэж маргасан байх бөгөөд анхан шатны шүүхээс “...Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, ...геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч шийдвэрлэхгүй болсон бөгөөд харин ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авч бүртгэн, сонгон шалгаруулалт зохион байгуулж, тусгай зөвшөөрөл олгохоор болсон тул аймгийн Засаг даргын саналыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосныг үндэслэн маргаан бүхий актыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгч компанийн зөрчигдсөн эрх сэргэхгүй, нэгэнт хүчингүй болсон зүйл, заалтыг буцаан хэрэглэж хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нь хууль буцаан хэрэглэх зохицуулалтад хамаарахгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Учир нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...” гэснээс үзвэл хэрэв Засаг дарга “дэмжихгүй” санал өгвөл хариуцагч тусгай зөвшөөрөл олгох боломжгүй бөгөөд Засаг даргын татгалзсан санал нь хуульд нийцсэн эсэхийг тухайн аймгийн Засаг дарга өөрөө хариуцаж тайлбарлахаас бус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, үнэлж, дүгнэх эрхийг хуулиар олгоогүй.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Тариат нэртэй газарт 2395.03 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн 07 дугаар саналыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Аймгийн Засаг даргын “дэмжихгүй” санал хүчингүй болсон нь шууд “дэмжсэн” санал гаргасантай адил нөхцөл байдлыг үүсгэхгүй төдийгүй нэхэмжлэгчийн эрхийг сэргээх, нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохыг даалгах үр дагавар үүсгэхгүй юм.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад Засаг даргын саналыг хянах бүрэн эрхийг хуулиар тухайлан олгоогүй, Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох, 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулагдаж, 19 дүгээр зүйл бүхэлдээ хүчингүй болж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд олгох хуулийн зохицуулалт хүчингүй болж, хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгох зарчим үйлчилж эхэлсэн учраас хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэх эрх зүйн харилцааг шүүхээс тогтоох боломжгүй, өргөдөл гаргасан этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.

4. Нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсон тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагавар үүсэх учиртай бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч “Х о к” ХХК-д анхнаасаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй байсан тул хууль ёсны итгэл хамгаалагдсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...хайгуулын тусгай зөвшөөрөл нь хөрөнгө гэж тооцогдож, үнэлэгддэг тул итгэл хамгаалах зарчмыг хэрэглэх боломжтой” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Хэдийгээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5[1] дахь заалтыг баримтлаагүй нь учир дутагдалтай байна. Тодруулбал хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэл нь аймгийн Засаг даргын “дэмжихгүй” санал бөгөөд энэ үндэслэлтэй холбогдуулан маргаан үүссэн учраас шүүхээс холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэмэлт, өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0299 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...18 дугаар зүйл ...” гэсний дараа “...19 дүгээр зүйлийн 19.5-д...” гэж нэмж, өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

 

 

       ШҮҮГЧ                                                                          Н.ХОНИНХҮҮ

         ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН

 


[1] Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5