Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 161

 

“С-Э т” ХХК-ийн гомдолтой,

СБД-ийн НДХ-ийн УБ-ид холбогдох

зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:           Ч.Тунгалаг

Шүүгчид:                         Г.Банзрагч

                                         Б.Мөнхтуяа

                                         Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль болохыг тогтоолгох,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0056 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 164 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номинцэцэг нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0056 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С-Э т” ХХК-ийн “СБД-ийн НДХ-ийн УБ- Д.Баярхүүгийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай 13,467,500 /арван гурван сая дөрвөн зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 82 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагч “С-Э т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номинцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гомдол гаргагч болон хариуцагч нарын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ”-гээр нийт 37,337,153 төгрөгийн өглөгийг гомдол гаргагч бүрэн хүлээн зөвшөөрснөөр Нийгмийн даатгалын тухай хуульд заасан даатгуулагчийн шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Дээрх гэрээ нь цаг хугацааны хувьд маргаж байгаа захиргааны актыг гаргаж, гомдол гаргагчийн ашиг сонирхлыг хөндөж буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсний дараа байгуулагдсан бөгөөд маргаж буй захиргааны акттай холбогдолгүй, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын иргэний эрх зүйд хамаарах тусдаа гэрээний харилцаа юм. Гэтэл энэхүү гэрээг үндэслэж гомдол гаргагчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлон маргаан бүхий акт гаргасныг зөв гэж үзэх нь учир дутагдалтай. Шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болсон энэ гэрээ нь цаг хугацааны хувьд маргаж буй захиргааны актаас хойш гарсан байхад яагаад хууль зүйн үндэслэл болгосныг ойлгохгүй байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд маргаж буй актыг хариуцагчаас хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан байх тул үндэслэлтэй эсэхээс үл хамааран Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус гэж үзэхгүй гэжээ. Нийгмийн даатгалын УБ- нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.15-д зааснаар Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих гэсэн зөрчлийг хянан шийдвэрлэх, шийтгэл оногдуулах эрх бүхий боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэжээ. Гэтэл хариуцагч гомдол гаргагчийг 2014-2017 оны хооронд үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс 2017 онд үүссэн 7,645,000 төгрөгийн өрийг төлөхгүй хуримтлуулсан гэж үзээд шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийг хэрэглэхдээ зөрчлийг 2017 оны 1 сарын 1-нээс гэж тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

5. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-д “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. Гэтэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс үргэлжилсэн зөрчлийг шалган тогтоож, шийдвэрлэсэн тул энэ заалт хамаарахгүй гэж үзсэн. Үргэлжилсэн зөрчил гэдгийг Зөрчлийн тухай хуулиар тодорхойлоогүй, харин тус хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэснээс үзэхэд тус хуулийн 10.17-д заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй гэх үйлдэл нь шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл боловч хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2017 оны 7 сарын 1-нээс хойших үйлдэлд зөрчил гэж үзэх юм. Гэтэл хариуцагч гомдол гаргагчийг үргэлжилсэн зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх харилцаанд энэ хуулийг хэрэглэж байгаа нь хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн гэж үзэх үндэстэй. Эрх зүйн мэдлэггүй иргэний хувьд ч энэ нь илт хууль бус гэж харагдах илэрхий алдаатай, ноцтой хор уршиг бүхий гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, илэрхий алдаа гэдгийг Зөрчлийн тухай хууль 2017 оны 7 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байхад 2017 оныг бүхэлд нь хамааруулан зөрчил гэж үзсэн, ноцтой хор уршиг бүхий алдаа гэдэгт хуулиар эрх олгогдсон этгээд эрхээ өөрийн үзэмжээр хэрэглэж иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж байгааг шүүх зөвтгөн шийдвэрлэснээс харж болно.

6. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

8. Гомдол гаргагч “С-Э т” ХХК нь Нийгмийн даатгалын УБ-ид холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль болохыг тогтоолгох гомдлын шаардлага гаргасан бөгөөд уг шийтгэлийн хуудсаар “2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр 13,467,500 төгрөгийн төлбөр тогтоожээ.

9. Хариуцагчаас “шийтгэлийн хуудаст гомдол гаргах хугацаа дууссан, 5 хоногт прокурорт гомдол гаргах байсан” гэж, гомдол гаргагчаас “эрх зүйн байдлыг хүндрүүлсэн хуулийг хэрэглэж илт алдаа гаргасан, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй байсан” гэж тус тус маргажээ.

10. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /2017 оны 05 сарын 11-ний өдрийн хуулиар/ “Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол шимтгэлийг тооцсон алдангийн хамт нөхөн төлүүлж хүнийг хоёр нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгж тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаас үзэхэд, нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүйг зөрчлийн бүрдэл болохоор зохицуулж, шимтгэлийг алдангийн хамт төлүүлж, торгуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байна.

11. Иймээс гомдол гаргагчийн “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх шимтгэлийн алдангийн хамт төлөхийг зөвшөөрч байна, харин торгуулийг зөвшөөрөхгүй, хэрэв торгууль оногдуулах бол 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд торгох байтал бүтэн жилээр тооцсон нь илэрхий алдаатай, эрх зүйн байдлыг хүндрүүлсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй, хуулийн дээрх заалтаар торгуулийг шимтгэл төлөөгүй хугацаанаас үл хамааран оногдуулахаар байна.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүх тухайн захиргааны актыг гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэх ба энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг шийтгэлийн хуудсыг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан, уг зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтийг энэхүү маргаанд хэрэглэхгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэ алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж зааснаар гомдол гаргагч нь хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөх үүрэгтэй.

13. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол захиргааны акт илт хууль бус байх” тохиолдлыг заасан, энэ тохиолдолд УБ-ийн 2018 оны 13 дугаар шийтгэлийн хуудсыг илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэхгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэжээ.

14. Харин 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ”-г нотлох баримтаар үнэлж, анхан шатны шүүхээс “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулж байснаар ...нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүргээ 2014 оноос хойш биелүүлж байгаагүй нь тогтоогдож байсан” гэж дүгнэсэн нь буруу. Гэвч энэ үйл баримт нь захиргааны актын үндэслэл болоогүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй алдаа байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0056 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 164 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ч.ТУНГАЛАГ

         ШҮҮГЧ                                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ