Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 1053

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн би “Ц*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дүгээр захирамжийн “Ц*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц*******” ХХК-ийн захирал Б.Т******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ц******* ХХК нь Батлан хамгаалах яамны захиалгаар “К*******” ХХК-ийн гүйцэтгэж буй 301 айлын орон сууцнаас тэргүүн ээлжинд тагтны хамт 45.3 м.кв талбайтай, тагт нь 3.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц авахыг “К*******” ХХК нь хүлээн зөвшөөрсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“Ц*******” ХХК нь “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дүгээр захирамжийн “Ц*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ц*******” ХХК-ийн захирал Б.Т******* болон гуравдагч этгээд “К*******” ХХК-ийн захирал Д.Ч******* нар нь дараах байдлаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсны үндсэн дээр “Ц*******” ХХК-ийн захирал Б.Т******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. 

“Ц*******” ХХК-ийн захирал Б.Т******* болон гуравдагч этгээд “К*******” ХХК-ийн захирал Д.Ч******* нар нь эвлэрлийн гэрээндээ: 

1. Гуравдагч этгээд “К*******” ХХК нь нэхэмжлэгч “Ц*******” ХХК-д маргаан бүхий газар дээр баригдаж буй 301 айлын /Батлан хамгаалах яамны захиалгаар/ орон сууцнаас тэргүүн ээлжинд тагтны хамт 45.3 м.кв талбайтай, тагт нь 3.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хүлээлгэж өгөхийг хүлээн зөвшөөрч,

2. Нэхэмжлэгч “Ц*******” ХХК нь Батлан хамгаалах яамны захиалгаар “К*******” ХХК-ийн гүйцэтгэж буй 301 айлын орон сууцнаас дээр дурдсан 2 өрөө орон сууцыг авахыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,

3. “К*******” ХХК нь эвлэрлийн гэрээнд дурдсан 2 өрөө орон сууцыг тэргүүн ээлжинд “Ц*******” ХХК-д хүлээлгэн өгөхөөр,

4. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч “Ц*******” ХХК-ийн захирал Б.Т******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах эрхтэй”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Ц*******” ХХК-ийн захирал Б.Т******* нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг “Ц*******” ХХК-ийн захирал Б.Т******* болон гуравдагч этгээд “К*******” ХХК-ийн захирал Д.Ч******* нарт тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно. Харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурьдах нь зүйтэй

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “К*******” ХХК нь нэхэмжлэгч “Ц*******” ХХК-д маргаан бүхий газар дээр баригдаж буй 301 айлын /Батлан хамгаалах яамны захиалгаар/ орон сууцнаас тэргүүн ээлжинд тагтны хамт 45.3 м.кв талбайтай, тагт нь 3.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хүлээлгэж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч “Ц*******” ХХК нь “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дүгээр захирамжийн “Ц*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй. 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ц.БАТСҮРЭН