Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 745

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Улсын яллагч Р.Очирсүрэн,

Шүүгдэгч А....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Наран отго овогт д холбогдох 1808031740918 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

          Биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, лифтийн механик цахилгаанчин мэргэжилтэй, “...” ХХК-нд меканик ажилтай, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Наран отго овогт  /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

А....нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн ...тоотод хашаанд согтуурсан үедээ эхнэр Б....тэй оройтож согтуу ирлээ хэмээн маргалдаж улмаар толгойн хөлөн тус газруудад өшиглөх, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

- Хохирогч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 06 сарын 24-ний өдрөөс өмнө нөхөр бид хоёр хоорондоо муудалцсан байсан юм. Манайх миний төрсөн ээжийн хашаанд амьдардаг ба тухайн өдөр би гэртээ оролгүй ээжийнхээ гэрт хүүхдүүдтэйгээ цуг байсан юм. Орой манай найз ... ээжийн гэрт орж ирээд бид 2 юм ярилцаж байгаад ... шөнө 01 цагийн үед гэрлүүгээ явсан, би түүнийг гэрээсээ гаргаж өгөөд хашааныхаа хаалгыг хааж байтал манай нөхөр гэрээсээ гарч ирээд намайг гаднаас ирж байна гэж бодоод хаагуур тэнээд ирж байгаа юм гэснээ миний үснээс зулгааж чирээд миний нүүр хэсэг болох 2 талын хацар, дух, 2 нүдрүү гараа зангидаж байгаад цохисноо больчихоор нь би ээжийнхээ гэрлүү ортол араас дахиж орж ирээд миний нүүрлүү дахиж 2-3 удаа цохиод гараад явчихсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг. /хх 30-32 х/,

 

            - Шүүгдэгч А....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн үед эхнэр ...тэй маргалдсан ба тухайн үед эхнэр хашааны хаалганы тэнд пиво үнэртүүлсэн зогсож байхаар нь би “нялх нойтон хүүхэдтэй байж шөнө яагаад пиво уугаад байгаан” гэхэд яадгийн чи уугаад байхад би болдоггүй юм уу гээд уурласан. ...Тэгээд намайг үсдээд байхаар нь би түүний хацарнаас базаад алгадчихаад гэртээ орсон. Эхнэр ...гийн биед учирсан гэмтлийг би учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

            - Гэрч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 04 цагийн үед ... надруу залгаад намайг нөхөр зодчихлоо гээд ярьж байсан. Тэгээд өглөө нь 08 цагийн үед би ...гийн хашаанд яваад ороход ... өөдөөс нүүр нь тэр чигтээ хавдсан, 2 нүд болон зүүн гар нь хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,

            - Гэрч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найзынхаа байр түрээсэлдэг. ...манай байранд байсан. Манайд очий, би гэртээ ганцаараа байгаа гээд тэднийх рүү явах замдаа 2 пиво авсан. Пиво уугаад кино үзэж байсан. ...ын найз нь залгаад нэг пиво аваад манайд хүрээд ир гэсэн. Тэгээд очоод 3-лаа пивоо уугаад киногоо үзээд сууж байтал ... 00 орохоор гарсан. Орж ирэхгүй болохоор араас нь гартал эхнэртэйгээ маргалдаад зогсож байсан. Би очиж салгасан, удалгүй цагдаа ирсэн.  . ...” гэх мэдүүлэг /хх 36-37 х/,

- Шинжээчийн 7969 тоот дүгнэлт

1....гийн биед дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун шанаа, зүүн хацар, зулайн хуйх, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 39 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч А....ын хувийн байдлын талаарх нотлох баримтууд.Үүнд:

 

           - А....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53 х/

           - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 54 х/

           - Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 58 х/

           - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 59 х/

           - Гэрлэлтийн баталгааны хуулбар /хх 75 х/

            - Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 76 х/ зэрэг нотлох баримтуудыг мөн шинжлэн судлав.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх хууль зүйн дүгнэлт:

           А....нь эхнэр Б....г зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэх шүүгдэгчийн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон эсэхийг тус тус шалгахад үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой гэдгийг шалгуур болговол:

 

Б....гийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан нь А....түүнийг зодсоноос үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

 

А....хохирогчийг зодсон нь шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. А....хуулиар тогтоосон насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.  

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.-д ..., эхнэр, нөхөр ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

 

Шүүгдэгч А...., хохирогч Б.... хоёр гэр бүлийн баталгаатай, нэг гэр бүлд хамтран амьдардаг, дундаасаа 2 хүүхэдтэй болох нь тэдгээрийн өөрсдийн мэдүүлэг, гэрлэлтийн баталгааны хуулбар /хх 75 х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 76 х/ зэргээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А....ын эхнэр Б....гийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогч П.... эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлээгүй болох нь хавтаст хэргийн 6-7, 80, 81 дүгээр хуудсан дахь баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

            А....д холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ ахуйн хүрээнд үйлдэгдсэн, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.  

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Наран отго овогт ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А....ыг 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02  сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан А....д үүрэг болгосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А....д мэдэгдсүгэй.

 

           5.А....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ