Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/19

 

                                   Б.Э*******д холбогдох эрүүгийн

                                                   хэргийн тухай

 

      Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.А*******,

Яллагдагч Б.Э*******,

Яллагдагчийн өмгөөлөгч М.Т******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н******* нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнийн даргалж хийсэн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Г.А*******гийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б.Э*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, Б******* овогт Б*******ийн Э*******, Булган аймгийн С******* суманд 1989 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн С******* сумын И 5 дугаар багийн Ш тоотод оршин суух бүртгэлтэй, одоо У хотын Ч дүүргийн 4 дүгээр хороо 24 дүгээр байрны 73 тоотод оршин сууж байгаа, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

 

урьд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар: ГИ.

 

Яллагдагч Б.Э******* нь Булган аймгийн Х сумын Банзар 1 дүгээр багийн нутаг “А” гэх газрын ойгоос 2024 оны 09 дүгээр сарын 02-07-ны хооронд зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар, үр нийт 332 кг түүж бэлтгэн, Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэр рүү улсын дугаартай “Н” загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 32,834,800 төгрөгийн шууд хохирол учруулсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэсний дагуу нэмэгдүүлэн тооцоход нийт 164,174,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Булган аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Э*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүрсний бичлэг бүхий 4 ширхэг компакт дискийг хэргийн хамт хүргүүлж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.А******* шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяа нь эрүүгийн ******* дугаартай Б.Э*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн.

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцээд ******* дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь:

Шүүгдэгч Б.Э*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг урьд түүний гаргасан гомдлын дагуу Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 2025/ДШМ/12 дугаартай магадлал гаргасан байна. Үүнд:

Ингэхдээ тодорхойлох хэсэгт анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э*******н гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар судалсан нотлох баримуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Б.Э*******гийн гэмт буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын үрийг тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. ...шүүгдэгчээс 87,930,012 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн.

Харин шүүгдэгч Б.Э******* нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд “хуш модыг ганцаараа түүж, тээвэрлээгүй” гэх тайлбарыг гаргаж байх тул анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойн санд учруулсан 87,930,012 төгрөгийг сайн дураараа 3 жилийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн, улирлын шинж чанартай буюу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид жолоочоор ажилладаг зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, эрүүгийн хариуцлагыг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдохгүй байна хэмээн дүгнэж шүүгдэгч Б.Эрдэндалайгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Э******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн байхад анхан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэн яллагдагчид холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэн хэргийг прокурор буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” хэмээн хуульчилсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ" гэж хуульчилсан байх тул Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Яллагдагч Б.Э******* шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн хувьд өмнөх давж заалдах шатны шүүх хуралдаанаас  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Тухайн гэмт хэргийг шүүгдэгч ганцаараа үйлдээгүй хамтран үйлдсэн этгээдийнхээ гуйлтаар мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгч хэргийг ганцаараа дааж шийдвэрлүүлсэн. Гэтэл хохирлын хэмжээ маш их гарсан тул хэргийг үнэн зөв мэдүүлье гэж давж заалдах шатны шүүх хурал дээр үнэнээ хэлсэн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай бүхий л арга хэмжээг авах тухай хуулийн заалт байгаа. Гэтэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн этгээдүүдийн нэг нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчим тус хуулийн 1.4 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчим зөрчигдөхөд хүргэх тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх гомдол гаргаж байсан. Энэ байдлуудаас үзэхэд шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нь бүрэн дүүрэн нотлогдоогүй. Яагаад гэвэл анхан шатны шүүхээр энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан. Давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй үнэн зөв гарсан тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх яллагдагч Б.Э*******д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2.Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай захирамжаар “Яллагдагч Б.Э******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, эсхүл бусадтай хамтран үйлдсэн эсэх нь түүний гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд  чухал ач холбогдолтой бөгөөд дээрх асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэн тогтоох  боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх нь зүйтэй гэх” үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

4.Прокурор Г.А******* шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ “…давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Э******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн” байхад анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэн яллагдагчид холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэн хэргийг прокурор буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна гэсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгч Б.Э*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд “...Б.Э******* нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хуш модны самрыг ганцаараа түүж, тээвэрлээгүй...” гэх тайлбарыг гаргаж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байхын зэрэгцээ гэм буруугийн асуудал дээр маргаж байх тул анхан шатны шатны шүүхийн шийдвэрийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан тул яллагдагчийн өмгөөлөгч М.Т*******, яллагдагч Б.Э******* нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт”-ийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6.Яллагдагч Б.Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, эсхүл бусадтай хамтран үйлдсэн эсэхэд мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр анхан шатны шүүхээс Б.Э*******д холбогдох хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн гэж үзэхгүй.

 

Иймд нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/212 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АЗЖАРГАЛ

                                                ШҮҮГЧИД                           Л. ХИШИГДЭЛГЭР

                                                                                            Л. АРИУНЦЭЦЭГ