Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 184/2016/01684/И |
Дугаар | 210/МА2017/01436 |
Огноо | 2017-06-23 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2017/01436
2017 06 23 | 1436 |
Ц.Болдын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2017/01062 дугаар шийдвэртэй Ц.Болдын нэхэмжлэлтэй хариуцагч С.Мандахт холбогдох
Үндэслэлгүйгээр олж авсан 4 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваа, харуицагч С.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Болдын нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Би У.Баттөмөртэй 2015 оны 6 дугаар сарын эхээр уулзахад дэрвэгэр жиргэрүү гэдэг байгалийн ховор ургамал түүж бэлтгэн экспортод гаргах ажлын санал тавьсан. У.Баттөмөр нь энэ ажлыг хийхэд тусгай зөвшөөрөлтэй Эгэл цагаан түрүү ХХК-ийн захирал С.Мандахтай харилцан тохиролцсон гэж хэлсэн. У.Баттөмөр нь зөвшөөрөл гаргуулах, ургамлыг түүж бэлтгэх ажлыг хариуцаж, миний зүгээс холбогдох зардлуудыг гаргахыг санал болгож, би зөвшөөрсөн. У.Баттөмөр болон С.Мандах нь хоорондоо тусгай зөвшөөрөл ашиглах гэрээг удахгүй хийх болно урьдчилгаа төлбөрийг эхнээс нь гаргаж өг гэснээр 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 1 700 000 төгрөгийг өөрийн данснаас гаргаж У.Баттөмөрт өгсөн. У.Баттөмөр тухайн үед С.Мандахтай тохироогүй тул дараа хийхээр 1 500 000 төгрөгийг өгч авалцан хоорондын хэлцэл-ийг хийсэн байдаг. Би У.Баттөмөрөөс ямар нэгэн баримт нэхсэний дагуу энэ хэлцлийг эх хувиар нь өгсөн юм. Үүний дараа У.Баттөмөрийг Сайншанд руу ажлаар явсан үед 2015 оны 8 дугаар сарын 15-нд С.Мандах 3 000 000 төгрөг өгөөч гэхээр нь би У.Баттөмөртэй холбогдож төлбөр өгөх эсэхийг асуухад тэрээр зөвшөөрсний дагуу дансаар С.Мандахад шилжүүлсэн. Энэ ажил нь бүтэлгүйтсэн ба У.Баттөмөр болон С.Мандах нарын хооронд хамтран ажиллах гэрээ хийгдээгүй байдаг. С.Мандах болон Ц.Болд нарын хооронд гэрээ хийгдээгүй, эрх зүйн харилцаа үүсээгүй тул С.Мандахаас 4 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Мандахын тайлбарт: Дэрвэгэр жиргэрүү ургамал бол их үнэтэй ургамал. У.Баттөмөр гэгч залуу надтай уулзахдаа миний ард нэг баян хятад хүн байгаа. Тэр хүн дэрвэгэр жиргэрүүгийн наймаа хийх санал болгосон. Хамтарч бизнес хийе, хэн хэндээ ашигтай ажиллая гэж гуйсан. Миний хувьд дэрвэгэр жиргэрүү ургамлыг хятад улсад худалдаж ашиг олох зорилготой байсан ба энэ талаар ч урьд нь хятадуудтай гэрээ хийсэн байсан. Би тусгай зөвшөөрөлтэй компанитай учир эдгээр хүмүүстэй хамтран ажиллаж 1 килограмм ургамал тутмаас 5000 төгрөгийг ашиг авч нийт 30 000 000 төгрөгийн орлого олно гэж тооцсон. Миний хувьд компанийн үйл ажиллагааг хариуцаж, эдгээр хүмүүс хөрөнгө оруулалт хийнэ гэж тохиролцсон. Байгаль орчны яам нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс эмийн ургамал түүх зөвшөөрлийг манай компанийн нэр дээр олгосон байхад У.Баттөмөр, Ц.Болд нар нь Сэлэнгэ болон Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс эмийн ургамал түүх зөвшөөрөл болгож хууль бусаар зассан байсан. Дараа нь миний гарын үсэг, компанийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс манай компанийн нэрээр төлсөн 24 000 000 төгрөгийн тэмдэгтийн хураамжаа буцаан авсан байсан. Ийнхүү манай компанийн тусгай зөвшөөрлийг зассаны улмаас тусгай зөвшөөрөл хүчингүй болж компанид их хэмжээний хохирол учирсан. Би У.Баттөмөрийг шалгаж байгаа эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул С.Мандахаас 4 500 000 төгрөг гаргуулах тухай Ц.Болдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.Болд давж заалдах гомдолдоо: Миний бие С.Мандах болон У.Баттөмөр нарын хоорондын яриа хэлцэл болон гэрээ байгуулах эсэх тохиролцоонд ямар нэгэн талаар оролцоогүй, "Тусгай зөвшөөрлийг ямар хугацаанд ашиглах, ашигласны төлбөрт хэдэн төгрөг төлөх болон тэдний хооронд байгуулагдах гэрээний нөхцөл"-ийн талаар тухайн үед мэдээгүй, мөн С.Мандахтай энэ талаар ямар ч яриа хэлцэл хийгээгүй. Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хариуцагчийн болон гэрч Д.Отгонбаатар, У.Баттөмөрийн мэдүүлэг зэргээр нотлогдоно. Түүнчлэн 4 500 000 төгрөгийг, 2015 оны 08-р сарын 11-ний өдөр 1 500 000 төгрөг, 2015 оны 08-р сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөгийг С.Мандахын 5029420857 тоот Хаан банкны дансаар шилжүүлэн өгсөн боловч У.Баттөмөр болон С.Мандах нарын хоорондын маргаанаас болж бидний хооронд бичгийн гэрээ хийгдээгүй, ургамлыг түүж бэлтгэх, экспортод гаргах ажил бүтэлгүйтсэн. У.Баттөмөр болон С.Мандах нарын хооронд бичгээр гэрээ хийлгэх үүднээс хариуцагчид 500 000 төгрөг шилжүүлсэн боловч бичгийн гэрээ хийгдээгүй, мөн тухайн ажил бүтэлгүйтсэн. Хариуцагч 4 500 000 төгрөгийг хүлээн авсан болон буцааж өгөөгүй гэдэгт маргаагүй. У.Баттөмөр болон С.Мандах нарын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүйгээр барахгүй, дэрвэргэрүү, жиргэрүү гэх ургамлыг түүж бэлтгэх, экспортод гаргах ажил бүтэлгүйтсэн тул Мандахаас 4 500 000 төгрөг шаардах эрхтэй гэж үзэж байна. С.Мандах болон гэрч У.Баттөмрийн тайлбар, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт зэргээс үзэхэд С.Мандах бид хоёрын хооронд дэрвэгэрүү, жиргэрүүг бэлтгэх, экспортлох болон тусгай зөвшөөрөл ашиглах талаар иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгч миний бие С.Мандахын өмнө гэрээ болон хэлцлийн дагуу төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, мөн У.Баттөмөр болон С.Мандах нарын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, тэдгээрийн тохиролцоо миний хүсэл зоригт нийцээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хариуцагч С.Мандахаас 4 500 000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд ингэхдээ 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтыг тусгайлан заагаагүйг энд дурдах нь зүйтэй. Гэтэл анхан шатны шүүх нэгэнт Иргэний хуулийн 492 дугаар зүйл болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийж буй бол 492 дугаар зүйлийг бүхэлд нь авч дүгнэх ёстой атал 492 дугаар зүйлийн 492.3 дах хэсгийг орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл болох С.Мандахын компанийн зөвшөөрлийг ашиглаж, хариуд нь төлбөр төлөхөөр тохирсон бөгөөд ингэхдээ тухайн тохиролцоогоо бичгээр гэрээ хийж баталгаажуулна ... уг гэрээг бичгээр хийлгэх үүднээс нэхэмжлэгч нь 4 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн ... харин энэхүү гэрээг бичгээр хийж баталгаажуулаагүй тул хариуцагчид шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж буйд дүгнэлт хийлгүй зөвхөн 492.1-д заасныг авч үзэж, нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд гэрээ, хэлцэл байгуулагдаагүй нөхцөл байдлыг авч үзэлгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Шүүх хариуцагчийн "...тантай хамтарч бизнес хийе, хэн хэндээ ашигтай ажиллая гэж гуйж ирж байсан..." гэх тайлбар, гэрч У.Баттөмөрийн "... эмийн ургамлыг бэлтгэж, экспортод махаар компанид нь хамтран ажиллаар тохиролцсон..." гэх зөрүүтэй тайлбарыг иш татаж дүгнэлт хийсэн. Гэвч гэрч У.Баттөмөр нь "...Ц.Болд тохиролцоонд оролцоогүй... тусгай зөвшөөрлийг нь ашигласны төлөө С.Мандахад 10 000 000 төгрөг өгөхөөр байсан..." гэх тайлбарыг авч хэлэлцэлгүй С.Мандах У.Баттөмөр нарыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзэж, Ц.Болдыг уг гэрээнд хамааруулан үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэв шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол энэхүү гэрээг бичгээр байгуулах буюу Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3, 196 дугаар зүйлийн 196.2-т заасан гэрээ байгуулсанд тооцно гэх хуулийн зохицуулалтыг зөрчиж үндэслэлээ тодорхойлжээ.
Анхан шатны шүүх уг асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж, үзэлгүйгээр хариуцагчийн зөрүүтэй тайлбарын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй болсон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Болдын нэхэмжлэлтэй С.Мандахт холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Ц.Болд нь хариуцагч С.Мандахт холбогдуулан үндэслэлгүйгээр олж авсан 4 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ 2015 оны 06 дугаар сард У.Баттөмөртэй уулзаж дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг түүж бэлтгэн экспортод гаргахад хамтран ажиллахаар тохиролцож, энэ талаар үйл ажиллагаа эрхэлдэг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны тусгай зөвшөөрөлтэй Эгэл цагаан түрүү ХХК-ийн захирал С.Мандахтай ярилцсаны дагуу түүнд урьдчилгаа төлбөр 1 500 000 төгрөг, 3 000 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч няцааж манай компанийн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс эмийн ургамал түүж бэлтгэх тусгай зөвшөөрлийг Сэлэнгэ, Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс эмийн ургамал түүх зөвшөөрөл болгож хууль бусаар зассан У.Баттөмөрийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж тус тус тайлбарлажээ.
Хэргийн 79-91 дүгээр талд авагдсан Дорнод аймгийн Прокурорын газраас ирүүлсэн баримтаас үзэхэд У.Баттөмөр нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Эгэл цагаан түрүү ХХК-д байгалийн ховор ургамал түүж, бэлтгэх эрх олгосон 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б.15.005 тоот зөвшөөрлийг засварлан хуурамчаар үйлдэж, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд Дорнод аймгийн Булган сумын нутгаас 10 орчим тонн дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн, 2015 оны 08 дугаар сард тусгай зөвшөөрөл гаргуулан авах зорилгоор бусдаар дамжуулан 17 500 000 төгрөгийн хээл хахууль өгсөн үйлдэлдээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа болох нь тогтоогдож байна.
Маргааны зүйл болсон 4 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримтад дээрх эрүүгийн хэрэг шууд хамааралтай биш боловч С.Мандах 4 500 000 төгрөгийг Ц.Болд, У.Баттөмөр нараас авах үндэслэл буюу талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийгдэж байсан эсэх, уг гэрээ байгуулагдах шатанд хохирол учруулсан эсэх, уг мөнгөн хөрөнгийг ямар зориулалтаар өгсөн, түүнийг буцаан өгөх хууль зүйн үүрэг хариуцагчид байгаа эсэх зэрэг хариуцагчийн татгалзалд хамааралтай үйл баримтын талаарх хэрэг шийдвэрлэгдэж байгаа гэж үзнэ. Өөрөөр хэлбэл У.Баттөмөрт холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэг тухайн маргаанд хамааралтай байж болохоор байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул Ц.Болдын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2017/01062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Болдын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Болдын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
А.МӨНХЗУЛ