Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 1198

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,                           

улсын яллагч Д.Уянга,

хохирогч Т.Отгонбаяр,

шүүгдэгч П.Л /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж овогт П.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0487 21348 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ж овогт П.Л, 1978 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 2-41 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:ХИ78042814/,

Шүүгдэгч П.Л нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 2-41 тоот орон сууцны хашаанд Т.Отгонбаяртай маргалдан, харилцан зодолдож, улмаар П.Л нь Т.Отгонбаярын биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч П.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Т.Отгонбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018.05.17-ны өглөө байж байтал Л-ийн эхнэр нь ирээд байрны мөнгөө нэхсэн. Бас гэрлийн мөнгө нэхсэн тэгэхээр нь би та нар яагаад тухай бүрт нь хэлдэггүй юм бэ гэхэд та нар зайл гэсэн тэгэхээр нь бид нар тэгье гэхэд Л орж ирээд намайг цохьсон. Одоо гомдолгүй” гэв.

Хохирогч Т.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өглөө гэртэй амарч байхад нийтийн байрны эзний эхнэр орж ирж байрны мөнгө нэхсэн ... Удаагүй байрны эзэн Л Отгонбаяраа гээд дуудахаар нь би хувцасаа өмсөөд тэдний амьдардаг байрны 2 давхарт очсон ... Л намайг заамдаж аваад миний футволкыг урчихаар нь яаж байна гээд өөдөөс нь заамдалцсан. Тэр үед бид 2 тэр 2 давхар байшингаас буугаад хашаан дотор Л толгой руу гараараа нилээн хэдэн удаа цохисон тэгэхээр нь би биеэ хамгаалаад бас өөдөөс нь цохисон гэхдээ би хаашаа нь цохисноо мэдэхгүй байна. Нэг мэдэхэд миний толгойноос дух руу цус урсаад ирсэн, тэгээд толгойгоо хагарсныг мэдсэн …” гэх мэдүүлэг. /хх19-20/,

Гэрч Д.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл байрны эзэн Отгонбаярыг чи муу пизда юу гээд байгаа юм бэ гээд заамдаж аваад манай нөхрийн фудволкыг урчихсан. Байрны эзэн залуу манай нөхөрлүү чамайг 1 цохьчихвол гай болно ш дээ гээд байн байн гараа далайгад чам шиг муу новш арчаагүй түрээсийн байраар амьдардаг гээд маш их хэл амаар доромжилсон ... Манай нөхөр байрны эзэн 2 хашаан дотор хоорондоо маргалдаад барьцалдаж аваад байрны эзэн манай нөхрийг  доош үсдэж дараад толгой руу нь цохиод байсан. Нэг мэдсэн нөхрийн толгойноос цус гарчихсан урсаж байсан. Тэгээд арай гэж салаад тэр 2 маргалдаад байж байхад байрны эзний эхнэр нь гэрээсээ гарч ирээд та нар ёстой яасан даварчихсан юм гээд орилж чарлаад намайг үсдсэн ... Эхнэр нь уг байранд бас түрээсээр амьдардаг охин зогсож байхад ирээд гэдэс рүү нь өшиглөчих шиг болсон тэр охин доошоо эвхрээд суугаад байсан, нөхөр нь эхнэрээ өөрөө гарч ирж салгасан. Манай нөхрийн толгой нь хагарсан, толгой нь нэг хэсэг өвдөөд  эм угаад явж байгаа…” гэх мэдүүлэг. /хх16-17/,

Гэрч П.Энх-Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... би гэрийн цонхоор харахад хашаан дотор 2 биенийхээ хувцаснаас зуураад нэг нэгнийхээ фудволкыг урчихсан барьцалдаад зогсож байгаад Отгонбаяр толгойгоороо манай нөхрийн эрүүн тус газар мөргөсөн…” гэх мэдүүлэг. /хх28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6410 дугаартай дүгнэлт:

  1. Т.Отгонбаярын биед зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний зулгаралт бүхий  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн баруун шууны түлэгдсэн шарх нь хэсэг газрын өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой  гэмтэл байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй./хх-12/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

          Яллагдагч П.Л мэдүүлэхдээ: “... Отгонбаяр манай байшингийн 2 давхарт гарч ирээд маргалдаад доош буугаад барьцалдаж авсан. Отгонбаяр миний фудволкыг татаад урчихсан. Тэгээд намайг мөргөхөд би толгойгоо өндийлгэхэд толгойгоо миний эрүүнд цохиод толгой нь хагарчихсан. Тэгээд би цагдаа дуудсан. Би тэр хүний биед огт гар хүрээгүй ...” гэх мэдүүлэг. /хх26-27/ зэргийг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч П.Л нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 2-41 тоот орон сууцны хашаанд Т.Отгонбаяртай маргалдан, харилцан зодолдож, улмаар П.Л нь Т.Отгонбаярын биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч П.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч П.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Л нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан, гэмт хэргийн улмаас учруулсан баримттай хохирлыг сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ж овогт П.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Л-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл П.Л-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР