Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/956

 

 

  2025            08             12                                         2025/ДШМ/956

 

М.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч М.Б,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1466 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2305013111429 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М.Б, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, хүүхдийн хамт 00 дүүргийн 0 дугаар хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч 00 дүүргийн 0 дүгээр хороо, 00 тоотод түр оршин суудаг, /РД:0000000/,

Шүүгдэгчийн урьд холбогдсон хэрэг:

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 447 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хүнд ялд хөнгөн ялыг багтааж нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1013 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ял шийтгэгдэж, ялыг нэмж нэгтгэн 900,000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан хувийн байдалтай.

Шүүгдэгч М.Б нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Н-тай үл ялиг зүйлээр шалтаглан муудалцаж, түүний эзэмшлийн Оппо А35 загварын гар утас, гар утасны хавтас, Хаан банкны виза карт зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 348,660 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ТБД андуудын орчим үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж таарамжгүй харилцааны явцад хохирогч Ц.О-гийн нүүрэн тус газар гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун үүдэн 1-р шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) cap 20 (хорь) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 cap 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 cap 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нь 1 (нэг) жил 1 cap (нэг) 20 (хорь) хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2025 оны 05 сарын сарын 27-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 (тав) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-аас шинжээчийн ажлын хөлс буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 19,800 (арван ес мянган найман зуу) төгрөгийг гаргуулж хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-нд олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баас 240,000 (хоёр зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Намжилд олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч М.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн буруугаас болж хэрэг хийсэндээ харамсаж байна. ..Би 2009 онд эхнэр Б.П гэр бүл болж амьдралаа эхлүүлж 2015 онд хүү Б.Э мэндэлсэн. Тус онд эхнэр минь төрөхийн хүндрэлээр бурханы оронд одсон. Үүнээс хойш миний эмээ, аав ээж нар бас бурханы оронд одсон. Миний бие хүү Б.Э-тэй хамт амьдардаг бөгөөд бага ангид сурдаг. Мөн дүү нар болох М.Б, М.Б нар нь миний хүүг хардаг. Миний бага дүү М.Б уушгины хүнд өвчтэй дунд дүү М.Б нь ганцаараа ажил хийж 2 дүүгээ асардаг. ..Миний бие бусдад учруулсан хохирлоо барагдуулах болно. Иймд эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн. Үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон. Үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан Эрүүгийн хариуцлага тохирсон байна хэмээн прокурорын зүгээс үзэж байна. Учир нь М.Б өмнө нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт 3 удаа, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 1 удаа тус тус холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шинж, хувийн байдал зэргийг харгалзан ялыг оногдуулах хуулийн заалттай. Энэ заалтад заасны дагуу ялыг оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, оролцогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

1. Шүүгдэгч М.Б нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Н-тай үл ялиг зүйлээр шалтаглан муудалцаж, түүний эзэмшлийн Оппо А35 загварын гар утас, гар утасны хавтас, Хаан банкны виза карт зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 348,660 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч М.Н: “...Зүс таних М.Б гэдэг залуу ирээд надтай 1 шил архи хувааж уусан.. ..Тэгээд М.Б “утсаа өгчих нэг яриад өгье” гэхээр нь би утсаа өгтөл аваад зугтаачихсан. ...” гэх мэдүүлэг /1хх 116-118/,

хохирогч М.Н-р таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 122-125/, хохирогч М.Нямсамбуугийн гар утсанд хийсэн үнэлгээ /1хх 141-142/,

шүүгдэгч М.Б яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Дамно ХХК-ний гаргасан дүгнэлт, Г.Намжил гэх  хүний хохирлыг барагдуулна. ...М.Н-ийн утсыг авснаа хүлээн зөвшөөрч байна. ..” гэх мэдүүлэг /1хх 165-166/, зэрэг баримтуудаар,

2. 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ТБД андуудын орчим үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж таарамжгүй харилцааны явцад хохирогч Ц.О-гийн нүүрэн тус газар гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун үүдэн 1-р шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Дуудлага лавлагааны хуудас /1хх 03/, хохирогч Ц.О-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл: Шүд хугарсан байдлыг харуулсан гэрэл зураг /1хх 13-14/,

хохирогч Ц.О: “...Би 2024.08.18-ны өдөр найз Алтаншагайтай хамт архи уугаад сууж байхад Алтаншагай утсаар нэг найзтайгаа маргалдаад яриад байсан. ...Тэгээд нэг мэдсэн хажууд танихгүй эрэгтэй ирчихсэн байсан. ..Тэгээд миний шүд рүү цохиод зугтаасан. ..Миний үүдэн шүд хугарсан. ...” гэх мэдүүлэг /1хх 15/,

хохирогч Ц.О-гийн биед хийсэн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024.09.03-ны өдрийн 11445 дугаартай: “...Ц.Огийн биед баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ..” гэх дүгнэлт /1хх 18-19/,

гэрч Д.А: “...Би 2024.08.18-ны орой машиндаа найз Ц.От-эй хамт архи уусан. ..Тэгээд над руу М.Б /шүүгдэгч/ гэх эрэгтэй “rttr Pororo” гэх хаягнаас залгаад “гэр хүрээд ирээч” гэх хэлэхээр нь амжихгүй ээ найзтайгаа сууж байна гэж хэлсэн. ...Тэгээд хаана сууж байгаа юм гэхээр нь ТБД андуудад сууж байна гэж хэлсэн чинь заза гээд утсаа тасалсан. ..Тэгээд байж байтал М.Б /шүүгдэгч/ ирээд Ц.О-г /хохирогч/ машинаас буулгаад  Ц.О-гийн нүүрэн тус газар нь 1 удаа цохиод зугтаагаад явсан. ...”гэх мэдүүлэг /1хх 24/,

шүүгдэгч М.Б яллагдагчаар: “...Би Алтаншагайтай утсаар яриад хаана байгаа юм бэ гэхэд “ТБД” андуудад сууж байна гэж хэлсэн. ...Тэгээд очиход Алтаншагайгийн найз гэх эрэгтэй намайг “голомтыг чинь самарна” гэж хэлэхээр нь би шүд нь тус газар нь гараараа 3 удаа цохиод зугтаачихсан юм. ...” /1хх 44-45/ гэх мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд М.Б-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч М.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь  хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан байх ба шүүгдэгч нь гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

4. Шүүгдэгч М.Б “...ял хөнгөрүүлж өгнө үү.” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар, 20 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 сар 20 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил, 1 сар, 20 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нь удаа дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын” эсрэг гэмт хэрэг үйлдэж энэ байдалдаа огт дүгнэлт хийлгүйгээр дахин “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын” эсрэг гэмт хэрэг, “Өмчлөх” эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, засрал хүмүүжил олоогүй, хуулийг удаа дараа зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэрэгт тус тус тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, “ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

5. Шүүгдэгч нь бага насны хүүхдийн хамт амьдардаг талаар мэдүүлсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс “хүүхдийн асуудал дээр холбогдох газарт хандан хүүхдийн асран хамгаалагч томилох” эсэх талаар асуухад “миний хүүхдийг дүү маань харж байгаа тул асран хамгаалагч томилох шаардлагагүй” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа дурдсан болохыг тэмдэглэж байна.

6. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно:

1.1. таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг” эдэлсэн бол хугацааны өмнө тэнссэн суллагдах боломжит нөхцөл байдал бий болдог.

Дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан “... засарч хүмүүжсэнээ зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо харуулсан...” гэдгийг ялтан ял эдлэх хугацаандаа хорих ангийн дотоод журам, дэглэмийн шаардлагыг хэрхэн сахин биелүүлж байсны дотор /авсан шагнал урамшуулал, гаргасан зөрчил дутагдал, эзэмшсэн мэдлэг, боловсрол, бусадтай харьцах харьцаа, хүмүүжлийн нөлөө/  түүний хувийн байдал, зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн ангилал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээтэй харьцуулан прокурорын санал дүгнэлтийг харгалзан шүүх ялтанг хугацаанаас өмнө тэнсэн суллах боломжтойг дурдав.

Дээрх үндэслэлүүдээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1466 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч М.Б-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1466 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ