Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 312/шш2026/00493

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 06 312/ШШ2026/00493

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар: *******, утас: *******, *******/-ыг хүсэлттэй,

Хүсэлтийн агуулга: Ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 15-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.*******

Гэрч П.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Д.******* нь 1987-1989 он хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн сүү, тосны заводод саальчинаар ажиллаж байсан. Тус заводод аав маань сүүний машинч, ээж маань цагаан идээ хийдэг байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажиллаж байсан архивын лавлагаа баримт олдохгүй, ажилласан жил тооцох боломжгүй байгаа тул Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд саальчинаар 1987 оноос 1989 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Д.*******гийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-3/, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, 1995 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 090570 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5-6/, Увс аймгийн архивын хэлтсийн лавлагаа /хх-7/, гэрчийн мэдүүлэг /хх-8-15/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Д.******* хүсэлтийн үндэслэлээ: ...Би 1987-1989 он хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн сүү, тосны заводод саальчнаар ажиллаж байсан. Тус заводод аав маань сүүний машинч, ээж маань цагаан идээ хийдэг байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажиллаж байсан архивын лавлагаа баримт олдохгүй, ажилласан жил тооцох боломжгүй байгаа тул ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэж тодорхойлсон.

2. Шүүхээс нотлох баримт бүрдүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хэрэгт нотлох баримт ирүүлээгүй болно.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр Д.*******гийн ажилласан байдал тогдоогдохгүй байна.

Тодруулбал, Д.Долгосүрэн: би Увс аймгийн Зүүнхангай сумын Шинэ зам нэгдлийн Цагааннуур, Үйлдвэр бригадад ажиллаж байсан гэж тайлбарласан боловч Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 09-ны 298 дугаар албан бичигт: Д.*******гийн Цагааннуур, Үйлдвэр бригадад 1987-1989 оны цалингийн баримтыг шүүн үзэхэд холбогдох баримт гаргаагүй гэсэн байна.

4. Гэрч Д.Даваасүрэн: ...би 1984-1990 он хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн сүү тосны заводод сарлаг сааж байсан. 1981 онд Д.Долгосүрэнгийн ах Д. гэрлэж, бэр нь болж очсон. Д.Долгосүрэн нь 1987-1989 онд аав, ээжийнхээ ажилд туслаж, сарлаг саадаг байсан ба 15 үнээ саадаг байсан. Надад хөдөлмөрийн дэвтэр байсан... гэх мэдүүлэг,

5. Гэрч Д.: Би Д.*******тэй 8, 10 дугаар ангийг хамт төгсөж байсан... 10 дугаар ангиа төгсөөд би өөрийнхөө нэр дээр үхэр авч, сааль сааж байсан, тэр үед надад хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн. Д.******* нь зуныхаа амралтаар аав, ээждээ туслаад сааль сааж байхыг нь мэднэ, яг өөрийнхөө нэр дээр сааль сааж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг,

6. Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Д.Долгосүрэнгийн хүсэлтийн шаардлага үндэслэл нотлогдохгүй байна.

7. Хүсэлт гаргагч Д.Долгосүрэн нь 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд нэгдэлд өөрийн нэр дээрээ 15 үнээ авч сааль сааж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар ямар нэгэн бичгийн баримтгүйгээс гадна, тухайн үед хамт төгсөж сааль сааж байсан гэрч Д., мөн бэр Д.Даваасүрэн нарт хөдөлмөрийн дэвтэр олгож байсан зэргээс үзэхэд Д.*******д хөдөлмөрийн дэвтэр олгоогүй байгаа нь эргэлзээтэй, мөн Зүүнхангай сумын архив шатаж байсан гэсэн боловч тэр талаарх баримт хэрэгт ирээгүй, өөрөө Увс аймгийн Зүүнхангай сумын Шинэ зам нэгдэл Цагааннуур, Үйлдвэр бригадад ажиллаж байсан гэж байгаа боловч тухайн бригададуудад ажиллаж байсан талаар нотлох баримтууд архиваас гараагүй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч Д.******* хүсэлтийн шаардлагаа нотлоогүй болно.

9. Иймд Д.*******г 1987 оноос 1989 он хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд саальчнаар ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар: *******/-г 1987 оноос 1989 он хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд саальчнаар ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА