| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Азжаргал |
| Хэргийн индекс | 2415002030239 |
| Дугаар | 2025/ДШМ/20 |
| Огноо | 2025-08-27 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/20
Г.Э*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.*******,
Шүүгдэгч Г.Э*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О*******, Ц.Г*******,
Хохирогч Б.М*******,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н******* нарыг оролцуулан
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч О.Одончимэг, шүүгч С.Ёндонсамбуу нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Э*******, түүний өмгөөлөгч Ц.Г*******, хохирогч Б.М******* нарын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Э*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Г******* овогт Гын Э*******, Булган аймгийн Т суманд 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, Булган аймаг Т сумын Ж 5 дугаар баг Ж 9 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт амьдардаг,
урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 27-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай анийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, 34 настай, эрэгтэй, / РД:ГЙ/.
Шүүгдэгч Г.Э******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Т сумын 5 дугаар багийн нутаг Жын 707 тоотод өөрийн хамтран амьдрагч Б.М*******тай маргалдан улмаар түүний зүүн бөөр хэсэгт зэвсэг хэрэглэн 1 удаа хутгалж хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас Г.Э*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Г******* овогт Гын Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Э*******ыг 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э*******д 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Э******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорьж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э*******аас эмчилгээний зардалд 8,223,845 /найман сая хоёр зуун хорин гурван мянга найман зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 1 тоот дансанд олгож,
Шүүгдэгч Г.Э******* нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27 см урттай модон иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Э*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.М******* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э*******ыг Б.М******* миний биед хүнд хохирол санаатай учруулсан буруутай гэж үзэн 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн.
Тухайн өдөр Г.Э******* намайг албаар хутгалаагүй, бид хоёр муудалцсан хэрэлдсэн зүйл байхгүй. Харин би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөл алдаад Э******* луу налж суугаад босоод ирэх үедээ гэмтэл авсан.
Энэ талаараа удаа дараа өгсөн мэдүүлэгтээ тодорхой хэлж байсан боловч миний мэдүүлгийг худлаа гэж үзэн Г.Э*******д ял шийтгэл өгсөнд гомдолтой байна. Тухайн үед Э*******ы ээжийнх нь хашаанд байх зуны байшинд бид хоёроос өөр хүн байгаагүй. Бид хоёр хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд Э******* хутгаар мах идээд сандал дээр сууж байсан. Би гал тогооны шүүгээн дээрээс гар арчих муу даавуу авчихаад эргээд ор луу очих замдаа хөл алдаад Э******* луу налж түүний өвөр дээр суугаад боссон. Энэ үед Э******* намайг барьж авахдаа хутгаараа хатгасан гэж бодож байна. Түүнээс биш намайг хутгаар хатгая гэж далайгаад ч юм уу, өөр бусад байдлаар санаатай гэмтэл учруулсан үйлдэл хийгээгүй тул Г.Э*******ыг буруутгасан зүйлчлэлийг хөнгөрүүлж, санамсар болгоомжгүйгээр гэмтэл учруулсан болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г******* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э*******ы өмгөөлөгчийн хувьд гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэсэн.
1. дугаартай шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “... Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Б.М******* нь шүүгдэгч Г.Э*******ы эсрэг хууль бус, зүй бус үйлдэл хийсэн, шүүгдэгч Г.Э*******ы бие, эрх чөлөөнд халдсан, ноцолдсон, зодолдсон гэх үйл баримт тогтоогдоогүй, хохирогч Б.М*******ын буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал нь үгүйсгэгдэж байна. ...” гэжээ. /ху-6/
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт буюу шүүгдэгч Г.Э*******ы сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.М*******ын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, 221 тоот шинжээчийн дүгнэлт зэргээс харахад 2024 оны 07 дугаар сарын 03-ны орой Г.Э*******, Б.М******* нарын дунд хэрүүл маргаан болоогүй, ямар нэгэн тэмцэл зодоон гараагүй байдаг.
Харин шүүгдэгч Г.Э*******ы мэдүүлэгт /1хх-ху-61/: Тэгээд байшинд орж иртэл түмпэнтэй мах болон хутга байхаар нь М******* бид хоёр хамт идсэн. Тэгээд М******* нь түрүүлээд босч гал тогооны шүүгээнээс алчуур авч гар болон амаа арчаад ор луу алхаж байхдаа миний хажуугаар гарах үед хөл алдаж миний өвөр дээр суусан. Тухайн үед би баруун гартаа хутга барьчихсан байж байгаад санамсаргүй байдлаар М*******ыг тэврэх үедээ нуруу хэсэг рүү нь хутгаар хатгасан байсан.
Хохирогч Б.М*******ын мэдүүлэгт /1хх-ху-22/: Тэгээд махаа идэж байгаад би босоод гал тогооны хэсгээс алчуур авчихаад эргээд суух гэж байгаад хөл алдаад Э*******ы өвөр дээр суучихсан тэр үедээ би хутгаар хатгуулчих шиг болоод ёооё гэж дуугарахад гаднаас У орж ирсэн. Тэгээд эмнэлэг рүү хүргүүлсэн гэж байдаг.
Тухайн үед Г.Э*******, Б.М******* нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд хохирогч хөл алдаад шүүгдэгч рүү унах, шүүгдэгч хохирогчийг барьж авах үедээ гартаа байсан хутгаараа зүсэх хатгах бүрэн боломжтой гэж үзэж байна.
Шүүгдэгч, хохирогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед тогтвортой мэдүүлэг өгсөөр байхад анхан шатны шүүх үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.
2. дугаартай шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт "...Шүүгдэгч Г.Э******* нь Б.М*******тай хэрүүл маргаан хийх явцдаа түүнийг нуруу хэсэг бөөрөнд хутгалсан үйлдлээ санаатай биш болгоомжгүй үйлдэл гэж маргаж мэдүүлдэг хэдий боловч шүүгдэгч Г.Э******* нь мах идэж байсан хутга нь гарт нь байсан гэдгийг мэдэж байсан, хутгатай гараараа бусдын биед халдахад хүний эрүүл мэндэд хохирол хор уршиг учирна гэдгийг энгийн ухамсрын түвшинд ойлгож ухамсарласан гэж үзэж байна.
Дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэж, шүүгдэгч Г.Э******* нь хамтран амьдрагч Б.М*******тай хэрүүл маргаан хийх явцдаа түүнийг нуруу хэсэгт /зүүн бөөр/ санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, эрүүл мэндэд нь хохирол учруулъя гэсэн санаа зорилго байгаагүй, хохирол хор уршигт зориуд хүргээгүй, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О*******ын гаргасан ЭХТА 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ....” гэжээ. /ху-7, 8/
Онолын хувьд авч үзвэл аливаа гэмт хэрэгт ямар нэгэн сэдэл зорилго заавал байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар гэмт хэргийн сэдэлт зорилго нь нотолбол зохих байдалд хамаардаг. Өөрөөр хэлбэл хэрэг учрал болох үед Г.Э******* ямар сэдэлт, зорилгоор Б.М*******ын биед гэмтэл учруулсныг тогтоох ёстой гэсэн үг.
244 тоот яллах дүгнэлт болон 99 тоот шийтгэх тогтоолд Г.Э*******ыг Б.М*******тай хэрүүл маргаан хийх явцдаа түүнийг хутгаар зүсэж хатгаж биед нь гэмтэл учруулсан гэж бичигдсэн боловч хэрүүл маргаан болсон гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддоггүй. Эсрэгээрээ Г.Э*******, Б.М******* нарын тогтвортой өгсөн мэдүүлгүүдэд бид хоёр хэрэлдэж маргалдаагүй, муудалцаагүй гэсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр ч үүнийгээ баталж мэдүүлсэн.
1-р хавтаст хэргийн 36, 40-р хуудсанд авагдсан Г.Уын гэрчээр өгсөн мэдүүлэг.. Г.Э*******, Г.У нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /1хх-ху-68/., Б.М*******, Г.У нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /1хх-ху-72/ зэргээр шүүгдэгч хохирогч нар тухайн үед хэрэлдэж маргалдаагүй болохыг давхар нотолдог болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э*******ы хохирогч Б.М*******ын биед гэмтэл учруулсан сэдэл зорилгыг үнэ зөв бодитой тогтоогоогүйд гомдолтой байна.
3. дугаартай шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “... Хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөгч нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв....” гэжээ.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтууд байдаг. Үүнд:
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э******* нь хохирогч Б.М*******ын биед хүнд хохирол санаатайгаар учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хайхрамжгүй хандсан байгаа болно. Эдгээрийг харгалзан үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Г.Э******* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Э******* миний бие гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 1 сарын хугацаатай хорих ял авсан.
Тэр өдөр Г.Э******* би хамтран амьдрагч Б.М*******ын биед санаатай гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй, бид хоёрын дунд хэрүүл маргаан болоогүй, болгоомжгүй үйлдлийнхээ улмаас хутгаар хатгасан.
Хэрэг гардаг өдөр наадмын талбай дээр шоу болж байх үед Б.М*******тай тааралдсан, бид хоёр согтууруулах ундаа уусан байсан тул амрахаар манай ээжийн хашаанд байдаг байшинд очсон. Тэгээд байшинд орж ирэхэд түмпэнтэй мах байсныг хараад бид хоёр хамт идсэн. Б.М******* түрүүлж босоод шүүгээнээс алчуур авч ам хамраа арчаад ор луу явж байхдаа хөл алдан миний өвөр дээр суусан. Тухайн үед би мах идээд баруун гартаа хутга барьчихсан байсан тул санамсаргүй байдлаар Б.М*******ыг барьж авах үедээ түүний нуруу хэсэг рүү хатгасан гэж үзэж байна.
Энэ талаар Г.Э******* би анхнаасаа үнэн зөв, тогтвортой мэдүүлэг өгч байсан. Бас хохирогч Б.М*******, гэрч Г.У нартай нүүрэлдүүлж өгсөн мэдүүлэгтээ ч хэлсэн. Хохирогч Б.М******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон гэрч нартай нүүрэлдүүлэх үед ч тодорхой ярьсан болох нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.
Г.Э******* би Б.М*******ын биед санаатайгаар гэмтэл учруулаагүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.
Прокурор Г.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогч Б.М*******ыг өнөөдрийн шүүх хуралдаанд ирж оролцож байгаад баяртай байна. Учир нь шүүгдэгчийн хувьд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хохирогчийн эрүүл мэндэд хутга ашиглаж хөнгөн гэмтэл учруулсан. Мөн 2024 оны 07дугаар сарын 03-ны өдөр хутга ашиглаж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг мөн хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлэг зэргээс авч үзээд нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэлт хийхэд шүүгдэгчийн хувьд зэвсгийн чанартай зүйл буюу хутга ашиглаж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Г.Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа шүүгдэгч болон хохирогч нарын хоорондын харилцаа зэргээс хохирогч анхны өгсөн мэдүүлгээс зөрүүтэй нөхцөл байдлаар удаа дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд мэдүүлсэн гэж үзэж байна. Уг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд ч гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хууль сануулсаны дараа хохирогч мэдүүлэг өгсөн. Гэхдээ хохирогчийн хувьд зөрүүтэй байдлаар буюу санахгүй байна, санаж байна. Санаж байгаагаар би хутган дээр унасан гэх мэт зөрүүтэй нөхцөл байдал явагдсан байна. Гэсэн хэдий ч хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна” гэв.
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Э*******д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3.Шүүгдэгч Г.Э******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Т сумын 5 дугаар багийн нутаг Жын 707 тоотод өөрийн хамтран амьдрагч Б.М*******тай маргалдан улмаар түүний зүүн бөөр хэсэгт зэвсэг хэрэглэн 1 удаа хутгалж хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:
-Хохирогч Б.М*******ын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “... Бид хоёр хоёулаа жаахан согтолтын байдалтай оройн 00 цагийн орчимд уулзсан. Улмаар Э*******ы ээжийнх нь хашаанд байх зуны байшинд хамт хонохоор болсон. Бид хоёрыг очиход чанасан мах, мөн хутга ил байсан. Тэгээд Э******* хутгаар мах идэж байсан. Би орон дээр сууж байсан. Согтолттой байсан учир нарийн санахгүй байна. Миний санаж байгаагаар ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй бөгөөд нэг мэдсэн чинь нуруунаас шингэн зүйл урсах шиг болсон. Тэгэхээр нь би гараараа барьж үзтэл гар цус болчихсон байсан. Тэгээд би биеэ хөнжлөөр ороогоод Э*******ы ээжийнд ороод Э******* намайг хутгаар хатгачих шиг боллоо, эмнэлэг явъя гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс намайг эмнэлэгт хүргэж, анхан шатны тусламж авсан” гэх мэдүүлэг /1 хх 16-17/,
-Гэрч Г.Уын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “ ...би 2024 оны 07 дугаар сарын 03-ны сумын наадмын орой 00 цагийн орчимд ээжийндээ ороод унтах гээд хэвтэж байсан. Тэгтэл зүүн талын байшин дотор Э******* ах эхнэртэйгээ муудалцаад байгаа юм уу гэмээр чанга чанга яриад байсан. М******* эгчийг ёооё гээд орилохоор нь юу болов гээд яваад ортол Э******* ах мах идэж байсан хутгаараа хатгачихлаа гээд сандраад сууж байсан” гэх мэдүүлэг /1 хх 36-38/,
-Сэжигтэн Г.Э*******ы 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “ ...2024 оны 07 дугаар сарын 03-ны орой М*******тай наадмын талбай дээр тааралдсан ба хамт явж байгаад аавынд очсон. Бид хоёр байшинд орж мах идэж байсан. Би найзуудтайгаа архи, согтууруулах унааны зүйл ихээр хэрэглэсэн байсан тул өөрийн хийж буй үйлдлийг мэдэхгүй, өөрийн гэсэн ухаангүй болтлоо согтсон байсан. Нэг сэртэл сумын эмнэлэг рүү машинтай явж байсан бөгөөд М******* хамт явж байсан. М*******ын нурууны ар хэсгээс нь цус гарч байсан тул юу болоод байгаа талаар асуухад намайг хутгаар хатгасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 хх 58-59/,
-Хохирогч Б.М*******, гэрч Б.О нарын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нүүрэлдэж өгсөн: “...гэрч Б.Оы “ер нь би болсон явдлын талаар үнэнг яръя. Э******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мах идэж байгаад гэнэт уурлаж улмаар хутга аваад миний нуруу хэсэг рүү хатгасан гэж М******* тухайн үед өөрөө ярьж хэлсэн. Миний эхний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Бас Э*******ыг гайгүй ял шийтгэл өгчих санаатай мэдүүлгээ өөрчлөх гэсэн боловч одоо бодоод байхад би өөрөө худал мэдүүлэг өгсөн хэрэгт орж ял шийтгэл авах юм шиг байна” гэх мэдүүлэг / 1 хх 76-77/
-2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 5 дахь заалт /дээрх гэмтлийн байршил болон өвчний түүх, хагалгааны тэмдэглэл зэргийг үндэслэхэд тухайн гэмтлийг хохирогч өөрөө өөртөө учруулах болон хутган дээр унах үед үүсэх боломжгүй гэмтэл байна/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
4.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн субьектив талын шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай байх чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн эсхүл хүсээгүй боловч хүнд хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Г.Э******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны орой хамтран амьдрагч Б.М*******ын зүүн бөөр хэсэгт зэвсэг хэрэглэн 1 удаа хутгалж хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь согтуу байснаар мөн тухайн үйл явдлыг сайн санахгүй байсан гэх мэдүүлгээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй юм. Харин шүүгдэгч Г.Э*******ы үйлдэл нь хохирогч Б.М*******ыг хутгалъя гэж хүсээгүй боловч тухайн хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд бус санаатай хэлбэр юм.
5.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Э*******ы гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, түүний гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
6.Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нь шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн тул гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөлүүлж өгнө үү гэх үндэслэлээр гомдол гаргасан боловч
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын шинж нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр шүүгдэгч Г.Э******* нь хохирогч Б.М*******ыг хутгаар хатгасан нөхцөлд хууль бус үйлдэл болохыг ухамсарласан бөгөөд тухайн үйлдлийн улмаас хохирол, хор уршигт хүрэхийг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр хохирогчид гэмтэл учруулсан болох нь нотлогдохгүй байх тул гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
7.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.
Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э*******ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял /5 - 10 жил хүртэл/-ыг буюу 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.
Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Э*******, түүний өмгөөлөгч Ц.Г*******, хохирогч Б.М******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э*******ы цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л. АРИУНЦЭЦЭГ
Л. ХИШИГДЭЛГЭР