Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 524

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн _________ овогт Б-н С-т холбогдох эрүүгийн _________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _______

 

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр сургуулийн гадна иргэн И.Хг зодож эрүүл мэндэд нь /биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний доод зовхины цус хуралт/ бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ:

“...Манай аавыг Х болон түүний найз нь нийлээд элдэв янзаар доромжилсон байсан. Тэгэхээр нь би манай аавыг яагаад тэгж хэлж байгаа юм бэ гэж хэлсэн. Хэрэг болдог өдрийн шөнийн 00:00 цагийн үед намайг өөрийнхөө дэлгүүр дээрээ дуудсан. Дэлгүүр рүү нь явж байх замд нь Х нь өөрийн найзтайгаа явж байхад нь таарахад намайг шууд цохисон. Тэгээд бид хоёр зодолдсон. Цохисны дараа миний гар хавдсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Сийн өгсөн:

            “...Би 3 сарын 26-нд тэмцээнд оролцох байсан. өмнөх өдрүүдэд бэлтгэл хийгээд 2 хоногийн нойр дутуу, их ядарсан байсан. Намайг Х дэлгүүр дээр ир гэхэд нь би зодолдох бодолгүй ярилцана гэж бодоод гэрээс гарсан. Тухайн үед манай аавд намайг янз бүрээр хэлсэн байхаар нь тэрийг Хгаас тодруулах гээд явсан юм. 2018 оны 03 сарын 23-нд БГД-20 хороо 19-р сургуулийн автобусны буудал дээр Хтай би таарах үедээ чихэвч зүүсэн байсан, Х намайг цохиод үсдээд дарсан. Х бид хоёр газар хамт унаад би дээр нь гарах үед А нь намайг араас боож татаж босгоод түлхсэн. Х, А нар нийлээд танай аав ээжрүү чинь хэлнэ, би чамайг ална булна гэхээр нь би инээгээд урагшлахад Х нүүрлүү цохисон. Үсдээд дарахад би өвдөглөөд суусан миний нүүрлүү хэд хэдэн удаа Х өшиглөсөн, би нүүрээ хаасан. Би газраас босож ирээд Хгийн нүүрлүү нь нэг удаа цохисон. Тухайн үед би гараа атгаад Хгийн нүүрлүү цохисон. Миний гарт чулуу байгаагүй. Х нүүрээ дараад доош 10 секунд суухад А надруу ирээд миний хөлрүү өшиглөж, нүдрүү цохисон. Миний зүүн нүднээс цус гарсан. А намайг 19-р сургууль руу түлхээд авч орсон. Тэр үед А намайг бас цохисон. А надруу чи харь зайл гээд миний араас хэсэг дагаж алхсан, Х Ариука гэж дуудахад А, Х нар яваад, би гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-36/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Л.Хгийн өгсөн:

            “...2018 оны 03 дугаар сарын 23-ны 23 цаг 20 минутын үед миний утсанд чат ирсэн. Чи миний аавыг юу гэсэн гэнээ гээд намайг хэл амаар доромжилсон юм, уулзаж байгаад ална гээд хараасан. Намайг хаана байна гэхээр нь би дэлгүүртээ байна хүрээд ир гэсэн. Би 00 цагт дэлгүүрээ хаачихаад Ариунтулгыг гэрт нь дөхүүлж өгөх гээд БГД-20 хороо 19-р сургуулийн зам дагуу явж байгаад Стэй таарсан. С манай дэлгүүр рүү ирж явсан юм байна лээ. Үгийн солиогүй шууд намайг цохисон. Бид хоёр зодолдоод А салгаад би утсаараа Сийн ээжрүү хэлэх гээд утсаа бариад зогсож байхад дахин зодолдоод А бид хоёрыг салгасан. С газар унаад босож ирэхдээ чулуу авч миний хамарлуу цохисон. А салгаад Сийг гэрлүү яв гэхэд намайг алаад өг гээд орилоод тэгээд гэрлүүгээ явсан. Би шууд аавыг дуудаад бид хоёр гэмтлийн эмнэлэг орж хамраа үзүүлсэн. Би тэр шөнөдөө цагдаагийн хэлтэст гомдлоо тэмдэглүүлсэн байсан..” гэх мэдүүлэг  /хх-н 13-14/,

            Мөрдөн байцаалтад гэрч Э.А-н өгсөн:

            “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ... Х дэлгүүрээ хаачихаад намайг хүргэж өгөх гээд дэлгүүрийн харалдаа гарцаар гараад 19-р сургууль руу явсан. С бид хоёрын урдаас гарч ирээд Хг шууд цохисон. Х С хоёр барьцалдаад авсан. Тэгээд би салгасан юм. Тэгтэл Х утсаа барьчихсан байхад С дахин ирээд цохисон. Х гар утсаа надад өгсөн, би Хгийн ээжтэй утсаар яриад эхэлж байхад С Хгийн хамарлуу цохисон, би утсыг халаасандаа хийчихээд Сийг салгаж аваад явуулах гэж үзсэн. С орилоод би цааш түлхээд хашааруу оруулсан, С та нарыг ална гээд хашгираад гэрлүүгээ орохгүй байсан. Тэр шөнөдөө Х хамраа тэгшлэж чадаагүй.

            С газар унаад босохдоо газраас чулуу авсан Хгийн хамарлуу гараараа саваад цохисон. Би тэр үед Хгийн гар утсаар ээжтэй нь ярих гээд хажуу талд нь зогсож байхад С газраас чулуу авсан юм. Тэгээд С Хгийн хамарлуу цохисоны дараа би Х доош болоод суусан, С чулуугаа хаяад цааш гүйснээ эргэж ирээд Хг цохих гэхэд нь би дундуур нь ороод Сийг аваад цааш 19-р сургуулийн хашааруу авч орсон. С орилоод хашгираад би та нарыг ална гээд намайг бас цохих гээд би Сийг боль гээд түлхсэн. С цааш явахдаа орилоод гэрийн гадаа хүрээд ир ална гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн __________ тоот: 

1. Х-н биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 20/,

 

Шүүгдэгч Б.Сийн хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 30/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 49, 54/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52/,

-Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 53/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр сургуулийн гадна иргэн И.Хг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Л.Хгийн “...2018 оны 03 дугаар сарын 23-ны 23 цаг 20 минутын үед миний утсанд чат ирсэн. Чи миний аавыг юу гэсэн гэнээ гээд намайг хэл амаар доромжилсон юм, уулзаж байгаад ална гээд хараасан. Намайг хаана байна гэхээр нь би дэлгүүртээ байна хүрээд ир гэсэн. Би 00 цагт дэлгүүрээ хаачихаад Ариунтулгыг гэрт нь дөхүүлж өгөх гээд БГД-20 хороо 19-р сургуулийн зам дагуу явж байгаад Стэй таарсан. С манай дэлгүүр рүү ирж явсан юм байна лээ. Үгийн солиогүй шууд намайг цохисон. ... С газар унаад босож ирэхдээ чулуу авч миний хамарлуу цохисон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Э.А-н “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ... С бид хоёрын урдаас гарч ирээд Хг шууд цохисон. ... Х утсаа барьчихсан байхад С дахин ирээд цохисон. Х гар утсаа надад өгсөн, би Хгийн ээжтэй утсаар яриад эхэлж байхад С Хгийн хамарлуу цохисон, би утсыг халаасандаа хийчихээд Сийг салгаж аваад явуулах гэж үзсэн. С орилоод би цааш түлхээд хашааруу оруулсан, С та нарыг ална гээд хашгираад гэрлүүгээ орохгүй байсан.

            С газар унаад босохдоо газраас чулуу авсан Хгийн хамарлуу гараараа саваад цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн 4353 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ст холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, байх тул шүүгдэгч Б.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч И.Х “...Ст гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст /хх-н 55/ гаргасан байх тул шүүгдэгч Б.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Б.Сийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч _________ овогт Б-н С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол билүүлээгүй нийтэд тустай ажлын 8 цагийн 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ст авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ